Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Дорнод аймгийн Тамсагбулгийн талд нефть гарсантай холбогдуулан, өөрийнхөө дээлэнд газрын тос түрхснээс хойш 21 жил өнгөрчээ. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг л ерөөсөн байх.
Өнгөрсөн хугацаанд татварын татаасаар иргэд харьцангуй хямд үнэтэй шатахуун хэрэглэж иржээ. Тухайлбал дэлхийн зах зээл дээр үнэ хямд байхад онцгой татвараар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөхөөр онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авсан юм. Гэхдээ манайд Газрын тосны үйлдвэр барих санаачлага гардаг ч Далхан-Уул аймгаас эхлээд хаа сайгүй барих шийдвэр гаргадаг гэмтэй. 2016 оны хоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарсныг мэдэгдэж байв. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барих шийдвэр гаргасан бөгөөд 2016 ондоо багтааж үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ гэж байлаа. Энэ бүхэн танил амлалт.
Газрын тосны үйлдвэрийн сураг
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаж ирэх дөрөвдүгээр сард эхлэхээр болов. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан төслийн танилцуулгаас үзэхэд жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай, автобензин 95/98, дизель түлш, ахуйн болон авто тээврийн шингэрүүлсэн хий, битум, мазут бусад дагалдах химийн нэгдлүүд гэсэн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ дотоодын олборлож буй түүхий газрын тосыг түшиглэхээр төлөвлөжээ.
Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах үйлдвэр бүрэн ашиглалтад орвол Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувиар нэмэгдүүлж, 1.2 тэрбум ам.долларын валютыг дотооддоо үлдээж чадна гэж бодлого тодорхойлогчид үзэж, тооцож байна. Техник эдийн засгийн үндэслэл гарсан, эхний хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Энэ эрчээрээ явбал 2020 оны үест Монгол Улсын Газрын тосны үйлдвэрээ байгуулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын гавьяа түүхэнд тодоор тэмдэглэгдэнэ. Нэлээд бодитой тооцоо судалгаатай биелэвэл биелэхээр зүйл. Улстөрчдийн лобби, шатахуун импортлогчдын шахалтад ороод зогсоочихгүй бол.
Хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага
Хуучин, шинэ он дамжаад нефть импортлогчид Засгийн газартай муур, хулгана болж тоглов. Онцгой албан татвартай холбоотой асуудал. Шатахууны зохиомол хомсдол бий болгож, иргэдийг бухимдуулснаар асуудал эхэлсэн.
Засгийн газар шийдэлд хүрч Онцгой албан татварыг зарим төрлийн шатахуун дээр буулгасан юм. Засгийн газрын хуралдаанаас “АИ-92”, “А-80” бензиний онцгой албан татварыг тэглэх шийдэлд хүрснээр шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж үзсэн ч импортчлогчид бас л мэхэлсэн. Тэд өмнө нь Үнийн зөвлөлийнхөнтэй хэлцэлд хүрч, шатахууныхаа үнийг нэмэхгүй хүлээе гэсэн ч зохиомол хомсдол үүсгэж Засгийн газрыг шахаанд оруулсан юм. Аргаа барсан иргэд Роснефтиэс 100 ширхэг шатахуун түгээх станц оруулж, ирье хэмээн үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцэж байв. Төрийн албаны төлөөлөл очиж нөхцөл байдалтай нь танилцах гэхээр үнэхээр зохиомол хомсдол үүсгэсэн эсэхийг нь шалгах гэвэл үүднээсээ буцаадаг шатахуун импортлогчид. Манай улс шатахууны тухайд 100 хувь гадаадаас “хараат”. Тэр тусмаа ОХУ-аас. Засгийн газар евро стандартын бензин, дизель түлш, “АИ-95”, “А-98” бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээж шийдвэрлэж байлаа. Эндээс ард түмэн хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага шиг хөөрхийлөлтэй дүр зурагт хувилж байгаа юм. Шатахууны үнийг дагаж өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буухгүй.
Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь ард түмэнд хэрэгтэй боловч импортлогчдод ашиггүй гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буураад байхад манайд эсрэгээрээ байдаг. Шинэ он гараад газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна. Тос тосолгооны материалын үнийг литр тутамд 100-120 төгрөгөөр нэмжээ.
Одоогоор шатахууны үнэ тогтвортой байгаа ч газар тариалангийн ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор ирэх сард нийлүүлэх шатахууныхаа үнийг нэмнэ гэдгээ Роснефть компаниас манай импортлогч компаниудад мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Газрын тосны үйлдвэртэй болоход импортлогчид дургүй байх нь аргагүй. Орлогоосоо хуваалцах болно. Шатахууны үнэ дээр тоглолт хийж Засгийн газарт шахалт, дарамт үзүүлж элдэв нэмэгдэл мөнгө авах боломж хаагдана.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 5 )
ENERGGUI YUM
АНХНААСАА ХИЙНЭ ГЭЖ БАРДАМ ДУГАРСАН. ЭНЭ АЖИЛ НЭГ ЮМ ДУУЛГАНА ШҮҮ
Mongoldoo hiihed mongol humuusiin huls huch heregtei
Uildber barihad irgediin sain duriin ajil hereg blbl ochij ajillahad belen bn
Uildveree hurdan bariarai. Une holsgui ajillaj ogch bolno shuu.