Г.Эрхэмбаяр: Би дээд хоёр, доод хоёр үетэйгээ барилдчихсан азтай хүн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

“Зиндаа” сэтгүүл Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Гарьд магнай” буланг тогтмол эрхлэн явуулахаар болсон билээ. Энэ удаагийн эрхэм зочноор Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр уригдаж байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул юм.

 


-Монгол түмний хүндлэлийг хүлээсэн эрхэм аваргатай ярилцах болсондоо баяртай байна. Баяр наадам дөхсөн энэ үед бяр хүч тэгширч, бэлтгэл ханаж байна уу?

-Сайхаан. Олон жил улсын наадмын дэвжээндээ одтой сайн барилдлаа. Энэ жил ч ялгаагүй түмэн олноо баясгаж, сайхан барилдаан үзүүлэх зорилготой л бэлтгэлээ базааж байна даа.

-Та гал ахалж гарч байгаа юу. Ямар бөхчүүдтэй гал болдог вэ?

-Гал ахлаад таван жил болж байна. Улсын арслан болсноосоо хойш аймгийнхаа болон “Аврагч” спорт хорооныхоо бөхчүүдийг авч гарч байгаа.

-Нутгаас нь том цолтон төрөхөөр дагаад сайн бөхчүүд төрдөг бололтой юм билээ. Танай нутгаас цолонд хүрэх залуу бөхчүүд хэр олон байна даа?

-Сэлэнгэ аймаг бол бөхийн сайхан удамтай нутаг. Улсын наадмын түрүү олон жил тасалдсан л болохоос Сэлэнгэ бөхгүй нутаг биш л дээ. Тэр бөхчүүдийнхээ залгамж халаа болж, улсын цолтой, тэр дундаа том цолтой бөх олноор төрөх магадлалтай байгаа. Улсын харцага Н.Жаргалбаяр, өндөр Ч.Баянмөнх, Б.Одгэрэл гурвыг өндөр цол авах байх гэж харж явдаг. Харин аймгийн арслан Н.Баярбаатар, Э.Тулга, Б.Уугандаваа, аймгийн заан С.Оргилбаатар нарыг улсын цолонд хүрчих болов уу гэж найдаж байна.

-Таны бөх болох гараа яаж эхэлсэн бэ. Удамд тань бөх хүн байсан уу?

-Аав маань сумын заан цолтой, жүдо, самбо бөхөөр барилддаг хүн байлаа. Ээжийн талаас бол төрсөн дүү нь аймгийн арслан цолтой хүн байдаг. Мөн улсын заан Ц.Баярсайхан бид хоёр үеэлүүд. Тийм болохоор аав, ээж минь намайг барилдахыг их дэмжсэн. Увс аймгийн Малчин сумын харьяат Улсын начин Мижиддорж багш дээрээ гуравдугаар ангид байхаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлснээр бөх болох сонирхол, суурь тавигдсан гэж хэлж болно доо.

-Та Ж.Мөнхбат аваргаас тахим авч, начин болж байсан. Тэр үеийнхээ тухай дурсахгүй юу?

-1997 онд Цэнд-Аюуш заан намайг Ж.Мөнхбат аваргын сургуульд оюутан болгосон. Аав л намайг бөх болгочих санаатай Цэнд- Аюуш заанд хандсан шиг байгаа юм. Мэргэжлийн бөх болох гараа бол тэгж эхэлсэн. Ж.Мөнхбат аваргаараа бөхийн эрдэм заалгасан азтай хүн дээ, би. Ингээд 2003 онд Ж.Мөнхбат аваргаар тав давж, начин цол хүртсэн. Тэр үед аварга миний талаар “Алсдаа начингаар тогтохгүй том бөх болно” гэж захиж байсан юм билээ. Аварга хүний нөмөр нөөлөг, буян заяа гэдэг агуу. Тэр том Халхын аваргын буян заяаг дааж, том цол авсандаа баярлаж, сүсэлж явдаг.

-Та бөхийн жудаг, соёлыг ямар бөхчүүдээс сурч мэдэж байв?

-Суралцах тухайд дээд, доод үеэсээ сурна. Гэхдээ дээд үеийнхээ аварга, арслан заануудаас илүүтэй үлгэр дуурайлал авдаг. Би чинь дээшээгээ хоёр үе, доошоогоо хоёр үеийнхэнтэйгээ барилдчихсан азтай хүн. Өмнөх үеийнхэнтэй барилддаг байх үед сайхан байж дээ. Одоо үеийнхэн муудчихаад байгаа гэсэн үг бас биш л дээ. Гэхдээ тухайн үе, он цагийнх нь төлөв байдал арай өөр байж дээ гэж надад бодогддог.

-Тухайлбал?

-Харцага, гарьд цолнууд гараагүй байхад уламжлалаа дагаад их сайхан байж дээ гэж бодогддог. Бөхийн спорт гэдэг залуу насны л юм. Тухайн цаг хугацаандаа сайхан барилдаж байгаад жамаараа хасагдаж, шинэ үе нь залгамжлан гарч ирдэг. Гэтэл энэ шинэ цолны эрэмбээс болоод бие биенээ хүндлэх байдал дутмаг болсон юм уу гэж эмзэглэдэг.

-Цол хоорондын ялгаа зааг багасаад уу?

-Тийм. Өмнө нь бол начин, зааны хооронд маш том зай байлаа шүү дээ. Би гэхэд начнаас заан болох гэж их л мөрөөддөг, бодоход ч хол санагддаг байлаа. Харин одоо тэр зай бөхчүүдэд ойрхон санагдах болж. Энэ нь магадгүй улсын начин гэдэг цолны үнэ хүндийг бууруулаад байх шиг. Миний хувийн бодол л доо.

-Та улсын начин цолтойгоор олон жил барилдсан учраас тэр цолондоо маш их хайртай байх?

-Өө, тэгэлгүй яахав. Монгол Улсын начин гэдэг цолыг үнэхээр хүч хөдөлмөрөө шавхаж, хөлсөө урсгаж байж авсан. Гэтэл зүгээр нэг тохиолдлоор зургаа давчихсан хүүхэд ирээд, өмнө гарчихаар нэг их таатай санагддаггүй л юм билээ.

-Дээшээ хоёр үе, доошоо хоёр үеийнхэнтэйгээ барилдсан гэдгээ тодруулахгүй юу?

-Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аваргын үед барилдаж байсан. Түүний дараа зургаан залуу зааны үе буюу А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд ид шуугиулж байсан үед барилдаж л байсан. Одоо А.Санжаадамба, С.Мөнхбат аваргатай барилдаж байна. Эд чинь миний доод талын үе юм шүү дээ. Мөн 1990-ээд оныхон буюу Э.Оюунболд арслангийн үеийнхэнтэй ч сайхан барилдаад явж байна.

-Аав тань хүүгээ улсын аварга болно гэж төсөөлж байсан болов уу?

-За даа, миний муу аав ч аварга болно гэж мөрөөдөөгүй ээ, зүгээр. Гэхдээ улсын цолонд хүрчих байх гэж бол харж байсан. Амьд сэрүүн байхад нь улсын цолонд хүрчих хэмжээнд яригддаг байлаа. Тэр жил улсын цолонд хүрэх бөхийн тааварт багтсаныг аав олж уншчихаад, их горьдож харж байсан юм билээ, зайлуул. Надад зориулж мөнгөн аяга аваад хүлээж байсан. 2002 онд шүү дээ. Би аатай ч, бяртай ч, бэлтгэл тэгширсэн сайхан л жил байсан. Гэвч начны даваанд Ч.Даваадорж харцагад унасан. Тэр үед би түүнээс илүү цолтой бөхчүүдийг давдаг, Ч.Даваадорж ах ч тухайн үед нэлээн харимал болчихсон байсан үе шүү дээ, уг нь. Төрийн наадмын ногоон дэвжээ хатуу гэдгийг тэгэхэд ёстой нэг ой тойндоо ортол ойлгож билээ. Надад их зүйлийг ухааруулж өгсөн наадам бол тэр. Үнэхээр хэцүү байсан. Зааланд барилддаг шигээ санаж, төрийн наадамд барилдаад унасандаа том сургамж авсан даа.

-Үүнээсээ болж дахин барилдахгүй гэж шийдэж байсан гэж үнэн үү?

-Ч.Даваадорж ахад уначихаад “Ерөөсөө больё” гэдэг шийдвэр бүр гаргачихсан байсан юм. Нэгд, аавыгаа баярлуулж чадаагүйдээ их гутарсан. Хоёрт, аавынхаа эмчилгээний зардалд нэмэр болж, ажил олж хийе гээд бүр шийдчихсэн байлаа. Тэр шөнөө нойргүй шахуу хонож, өөртөө уур хүрээд, гомдоод болдоггүй. Аавд минь хоёр сарын л нас үлдсэн гэдэг эмнэлгийн дүгнэлт гарчихсан байсан. Түүнд л шаналаад байхгүй юу даа. Харин маргааш нь Эбэ багш (Улсын харцага Г.Элбэгийг ингэж дууддаг аж) уяачдын наадамд дагуулж очиж, би үзүүрлэснээр сэтгэл овоо засагдсан. Удалгүй Зүүнхараа хот байгуулагдсаны 50 жилийн ой боллоо. Тэр наадамд И.Доржсамбуу гарьд, Б.Бумбаяр заан гээд бараг 20-иод улсын цолтой бөх очсон. Тухайн үед би аймгийн начин цолтой. Аавыгаа эмнэлэгт сахиж байхдаа наадмын талбай ойрхон болохоор гүйж очоод барилдчихаад буцаж ирдэг байлаа. Аав телевизээр миний барилдааныг харна гээд л үлдэнэ. Ингээд би тэр наадамд тунасаар яваад түрүүлсэн. Ингэж нэг аавыгаа баярлуулж билээ. Өөрөө ч их баярласан. Хойтон жил нь начин болохдоо би тэгж их баярлаагүй, хачин шүү. Хүмүүс баярлаад уйлаад гүйж байхад, би гомдоод дотроо уйлж байсан. “Энэ жил ингээд начин цолоо өгөх байсан юм бол ноднин өгөхгүй яав” гэж ногоон дэвжээндээ гоморхож байлаа. Гэхдээ Монгол Улсын төрийн наадамд түрүүлж, аавынхаа нэр алдрыг дуудуулж явах хувьтай л байж. /уртаар санаа алдав/

-Барилдаан бүрийнхээ өмнө аавынхаа өгсөн мөнгөн аяганаас цай амсаад гардаг гэж сонссон. Тийм учиртай байх нь ээ?

-Барилдахдаа аавдаа, ээждээ, нутгийнхаа уул усанд залбираад л гардаг. Эцэг эхээ шүтдэггүй монгол хүн гэж байхгүй. Би дээрээ хоёр ах, хоёр эгч, нэг дүүтэй хүн. Гэхдээ аав надад илүү ойр, их хайртай байж дээ. Би ч аавыгаа баярлуулах гэж л бодож барилддаг хүүхэд явлаа. Муу аавыгаа амьд сэрүүнд нь улсын цолонд хүрч чадаагүйдээ л харамсдаг юм.

-Та начин цолтойгоор олон жил барилдсан. Аварга болох бэлтгэл, сэтгэлзүй хэр байсан юм бол оо?

-Би бараг тийм юм бодож байгаагүй дээ. Намайг харин Эбэ багш, Ц.Баярсайхан заан их үнэлдэг байсан. И.Доржсамбуу гарьд бол бүр намайг том цолонд хүрнэ гэж шууд хэлнэ. Магадгүй намайг начин байхад олон удаа барилдаад үзчихсэн учраас ерөнхий таамаг, багцаа байсан шиг байгаа юм. Нөгөө талаар том цолтой бөхчүүдэд бөх таних нүд бас бий. Би өөрөө бол улсын наадамд түрүүлнэ, арслан, аварга болно гэж мөрөөдөж ч зүрхэлдэггүй байлаа. Миний ганц бодож мөрөөддөг явсан цол бол Монгол Улсын заан цол. Сүүлдээ бүр тав давж чадахгүй, зургаа давж чадахгүй болохоороо харцага цол мөрөөддөг байлаа шүү дээ. /хөхрөв/

-Түрүүлээд арслан болсны дараа бол аваргын тухай бодол орж ирсэн биз дээ?

-Аа, тэр бол баараггүй. Арслан болсны дараа аварга болох тухай мөрөөдөх биш, бүр тодорхой зорилго маань болсон. Начин байхад аварга гэж мөрөөдөх, арслан болчихоод аварга болно гэж бодох хоёр шал өөр. Арслан болсны дараа нутгийнхан маань ч их дэмжсэн. Их олон хүний хүсэл, зорилго байсан учраас биелсэн хэрэг.

-Сэлэнгэ нутгаас хэдэн жилийн дараа авсан түрүү байв?

-Боохой Данзан гуай 1933 онд урт гарт Маамын Лхагваа гуайтай үзүүр түрүүнд үлдэж, ес даван үзүүрлэснээр улсын арслан болсон. Түүнээс хойш Сэлэнгэ аймгаас улсын заан, улсын начин төрж байсан болохоос түрүүлж, үзүүрлэсэн удаагүй. Ингээд 78 жилийн дараа би үзүүрлэж, хоёр дахь арслан болсон. Боохой Данзан гуайг арслан болсон яг тэр түүхэн агшныг үзсэн хүн өнөөдөр их цөөхөн байх аа. Тэгэхээр би нутаг усныхандаа тэр торгон сайхан агшинг үзүүлсэндээ их баяртай явдаг.

-Аварга болсон жилийн хамгийн хүнд барилдаан аль нь байсан бэ?

-Одоо ер нь хүнд барилдаан гэж нэг ч байхгүй болсон. Энэ залуучууд бүгд л бэлтгэл сургуулилт системийн дагуу хийж байна. Багш дасгалжуулагч нар асар их мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон байна. Тиймд тэр нь амархан, энэ нь хэцүү гэх юм ерөөсөө байхгүй.

-Та тавын даваанд ер нь улсын цолтой бөх амлаад байх шиг харагддаг. Ямар нэг учир байна уу?

-Би өөрөө цол авах гэж нэлээн юм болсон. Тиймд цолны даваанд том цолтой бөхчүүдэд амлагдахын хэцүүг маш сайн мэднэ. Гэхдээ залуу бөхчүүдэд сургамж өгч байсандаа ч зүгээр гэж сүүлд бодох болсон. Цолны даваанд унаж, бүдэрч үзсэн хүн их төлөвшдөг, улсын цолны босго, үнэ цэнийг их ойлгодог болдог юм байна. Хатуу хүтүүг нь үзээд, давж туулаад авсан хүн тэр цолны хүндэтгэл, хайр, учир утгыг дааж явдаг юм байна даа гэж анзаардаг.

-Таны барилдааны онцлог юу вэ. Хүмүүс ярих нь таны хав дөрвөлжин цээжинд хамаг учир бий гэх юм?

-Бэлтгэл сургуулилтын л ач гавьяа. Эбэ багш намайг маш их бэлтгэл хийлгүүлдэг байсан. Аав ээжээс заяасан бие, ачаалал даах чадвар нь арай өөр байсан юм болов уу.

-Ямар мэхээр хамгийн олон давж байсан бэ?

-Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг мэх гэж байхгүй дээ. Би уг нь сайн хонгоддог, тэр мэхээ их давтдаг байсан. Гэхдээ үндэсний бөхийнхөө дүрэмтэй уялдуулж, бэлтгэл сургуулилтаа хийх болсноор жин их нэмсэн. Би чинь хөл авчихдаг, хонгоддог, суйлдаг байлаа. Гэтэл 150 кг жинтэй болчихоор чинь хонгодоод, эсвэл хөл аваад байж чадахгүй.

-Аварга хүний хувьд үндэсний бөхийн өөрчлөлт, шинэчлэлтүүдэд хэрхэн ханддаг вэ?

-Уламжлалт зан заншил, өв соёлоороо их оролдоод, өөрчлөөд баймааргүй санагддаг. Цаг үеэ дагаад хөгжилгүй л яахав. Гэхдээ учиртай, бодолтой хандах ёстой гэж би боддог. Орчин үеийн бөхийн спортод хүн чанар, жудгийн тухай ойлголт хойно тавигдах болжээ. Таныг хүч бяраасаа гадна жудгаараа барилддаг бөх гэж их ам сайтай байдаг?

Дээд үеийнхэнтэйгээ барилдаж, гарыг нь даахгүй ч гэсэн хамт бэлтгэл сургуулилт хийж явсны үр шим юм. Тэднийхээ сургаал номлолоор явсны л ач буян гэж бодож явдаг даа.

-Таны давуу тал гэвэл юуг нэрлэх вэ?

-Тэвчээр. Ер нь тэвчээртэй шүү.

-Тэгвэл сул тал...?

-Одоо болтол бодоод явдаг нэг сул тал бий. Гэр бүлээ л их орхигдуулах юм. Энэ олон жил бэлтгэл сургуулилтаа таслахгүй, ингэж их хүчин чармайлт гаргасны маань цаана гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаанаасаа л хумсалсан гэсэн үг шүү дээ. Ханьтайгаа нийлээд 16 жил болж байна. Энэ 16 жил бол яг л барилдаж, бэлтгэл сургуулилт хийж байсан үе. Тиймээс энэ бүхнийг минь ойлгож, даван туулж, түшиж тулсан ханьдаа маш их баярлаж явдгаа хэлье. Одоо олон жил барилдах биш, гэр бүлдээ гаргаагүй цаг хугацаагаа нөхнө гэж бодож явна.

-Тэгвэл энэ таны засагдах сул тал юм байна шүү дээ?

-Одоо засна даа. /инээнэ/ Ер нь барилдана, бэлтгэл хийнэ гэдгийн цаана золиос явж байдаг юм шүү. Спортоор хичээллэж буй залуучуудынхаа гэр бүлд хандаж хэлэхэд хань ижилдээ жаахан уучлалтыг үзүүлж, ойлгож байх юм бол амжилт үзүүлэх том шалтаг, шалтгаан тэр гэж аварга хүний хувьд зөвлөж байна. Тиймээс цаг завыг нь гаргаж өгч байгаарай.

-Үнэхээр л олон талын дэмжлэг хэрэгтэй. Таны хувьд амжилт үзүүлэхэд Сэлэнгэ нутгийнхны дэмжлэг их нөлөөлсөн биз?

-Сэлэнгэ аймгаас сүүлийн жилүүдэд аймаг, улсын цолтой бөх олноор төрж байгаа нь орон нутгийн удирдлага, нутгийн зөвлөл сайн ажилласантай холбоотой. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээг байгуулагдсанаас хойш улсын цолтой бөх ихэрлэж төрж байсан ч удаатай. Үүнд нутгийн зөвлөлийн дарга Р.Содхүү, одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, нутгийн зөвлөлийн гишүүд, нутгаараа овоглож бизнес хийж байгаа залуучуудын оролцоо маш их. Тэр бүх хүнд Сэлэнгэ аймгийн бөхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Та ер нь амжилтад хүрэх хамгийн гол жор юу гэж боддог вэ?

-Амжилтад хүрэх жор. Ёстой сонин асуулт байна. Би иймэрхүү үг хэллэгэндээ их муу хүн шүү дээ. Гэхдээ наад санааг чинь илэрхийлэх нэг үгийг би мэдэх юм байна шүү.

-Ямар үг вэ?

-“Зовсны эцэст жаргана”. Хүмүүс бол заавал зовох ёстой ч юм шиг сонин үг гэж жаахан таагүй ойлгодог юм билээ. Харин тамирчдын хувьд тун оносон үг. Бөх хүн заавал хөлсөө гоожуулж, зовж байж өрсөлдөгчөө хаядаг байхгүй юу. Түүнээс биш, толгойдоо тоо бодоод, ямар нэг геометрийн юм уу, химийн аргаар тэр хүнийг хаяна гэж байхгүй шүү дээ. Заавал хөлсөө гоожуулж, тэр хүнээс илүү их бэлтгэл хийж байж, ур ухаанаа дайчилж хөвчилж байж өрсөлдөгчөө хаяна. Бөх хүнд ганцхан биеийн хүч, бяр хангалтгүй. Бяраа сорихоос гадна ухаанаа уралдуулж, тэвчээрээ шавхаж, жудгаа сахиж барилддаг учиртай юм.

-Бөх хүн, тэр тусмаа аварга хүний бахархал, үлдээх өв гэвэл юуг нэрлэх вэ?

-Би бүх ах дүү нарынхаа амьдрал ахуйг огцом өөд нь татаж чадаагүй ч гэсэн үр удамдаа бол үлдээх өвтэй хүн гэж боддог юм. Манай удамд тийм аварга бөх байсан юм гэнэ лээ гээд үеийн үед л ярина шүү дээ. Ургийн бичиг гэдгийг цаасан дээр бичсэнээс илүү санаанд нь хадаж өгч байгаа хэрэг. Энэ бүхнээс хожим үр удмаа цус ойртолт гэх мэт олон зүйлээс хамгаалах юм байна шүү гэж бодогддог юм.

-Нээрээ тийм байна шүү?

-Тийм шүү дээ. Жишээ нь, манай аавын талд Босоо Шагдар, Ээж Нанзад гэдэг бөхчүүд байсан. Завханы Баянхайрхан сумынхан өнөө хүртэл “Ээж Нанзад гээд сайхан том бөх байсан юм гэнэ лээ” гээд ярьдаг. Ураг төрлүүд нь бие биенээ андахгүй. Андуурахын ч аргагүй. Би түүн шиг сайхан дархлааг удамдаа бий болгож байгаа гэж бодож, дотроо баяртай явдаг юм.

-Үнэхээр сайхан ярилцсан танд баярлалаа. Таныг бөхийн цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

-Үндэснийхээ спортын талаарх их түүхийг түгээж байгаа танай сэтгүүлийн хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Д.Дамдинжав

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхам...........(103.212.117.232) 2019 оны 04 сарын 22

сайхан мэдээлэл байна.

0  |  0
Зочин(66.181.189.95) 2018 оны 03 сарын 03

Энхэмбаяр аварга бол Хотгойд хун даа, хун оорий эцгийн торсон талаараа явна шуу Дээ, Босоо Шагдар арслан бол Хотгойд хун, Ховсголийн Цэцэрлэг, Цагаануулын хун, Боохой Данзан гуай басХовсголийн хун юм байна л даа хоорхий

0  |  0
Зочин(103.26.194.37) 2018 оны 03 сарын 03

Яах ч аргагүй Сэлэнгэ нутгийн аварга. Сайхан монгол эрсийн нэг.Аз жаргал сайн сайхэнг хүсье .

0  |  0
trtr(103.229.122.95) 2018 оны 03 сарын 03

saihan avarga.

0  |  0
Demb(27.123.214.118) 2018 оны 03 сарын 02

Boohoi danzan avarga bol eejiihee gedsend selenge aimagt ochij tursun hun. Eej ni bol huvsgul aimgiih gej manai 92 nastai uvuu huuchilj baisan ym.

0  |  0
3(62.148.1.58) 2018 оны 03 сарын 02

Mundag buh

0  |  0
buh sudlaach(66.181.161.48) 2018 оны 03 сарын 02

Bosoo Shagdar arslan bol Huvsgul aimgiin Tsetserleg sumin hun baisan shuu

0  |  0
цужэ(183.81.171.3) 2019 оны 04 сарын 23

босоо шагдарын хүүхэд бол дамдин аврага. ээжин нанзадын хүүхэд бол бадамсэрээжид арслан юм гэж ярьдаг байсан. гочигдамбын зураг буур жамьянгийн залуухан зураг их адилхан шүү

0  |  1
Top