Монгол үндэсний бөхийн түүхэнд Завхан аймгийн алдартай бөх олон төрөн гарсан байдаг. Идэр сумын уугуул Урт гарт Маамын Лхагва арслан, Тосонцэнгэл сумын харьяат “Цэргийн” хэмээх Шагж арслан, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, гарьд М.Баяржавхланг залгамжлан гарч ирсэн бөх гэвээс Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба юм. Тэрбээр 3авхан аймгийн Их- Уул суманд Батнасангийн хүү болон 1985 оны үхэр жил төржээ. Хөдөөгийн хүүхдүүдийн л адил эмнэг хангалтай ноцолдож, үе тэнгийнхэнтэйгээ барилдаж өссөн нэгэн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш , дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.
2003 оноос “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр барилдахаар дугуйланд орж, бэлтгэл хийж эхэлсэн. Түүний анхны дасгалжуулагч нь Гавьяат тамирчин, дасгалжуулагч ах дүү Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нар. Тэд бол олимп, дэлхийн аваргууд төрүүлсэн ясны дасгалжуулагчид гэдгийг монголын ард түмэн мэднэ. Чөлөөт бөхийн “А” үсгийг зааж, 3-4 жил ягштал бэлтгэл хийлгэсэн нь өнөөдөр түүнийг Монгол үндэсний бөхийн оргил цолуудын нэгийг хүртэхэд хүргэсэн нь дамжиггүй юм. Аажмаар үндэсний бөхөөр хичээллэж, зүлэг ногоон дэвжээнээ хөл тавьж, Бөхийн өргөөнд томчуудын аманд гарч эхэлсэн гэдэг. “Багш нарынхаа буянаар өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ” гэж тэр даруухан өгүүлнэ.
Улсын гарьд “том” Сүхбат агсныг барилдааны төрх, унасан ч давсан ч инээж байдгийг нь Гончигдамба дууриасан мэт бөх. Түүнийг хүн чанар сайтай гэх нь ч бий. Үнэний ортой юм билээ.
Монголын чөлөөт бөхийн хүнд жинг дэлхий, олимпод олон жил төлөөлсөн Чулуунбатын бэлтгэл хангагч хийгээд “ноолуулаад” зогсч байснаас нь энэ бүхэн их тодорхой харагдана. Б.Гончигдамба анх удаа улсын баяр наадамд 2006 онд зодоглож нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн заан Б.Эрдэнэбаярт өвдөг шороодсон нь томоохон сургамж болжээ. 2007 онд аймгийнхаа баяр наадамд барилдсан 128 бөхөөс долоо даван түрүүлж аймгийн арслан цол авсан юм. 2008 оны улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Ч.Булганхүүг давж гурвын даваанд уулсын начин И.Ёндонсамбууд өвдөглөсөн. 2009 оны улсын баяр наадмын нэгийн даваанд 3эвсэгт хүчний 014 дүгээр ангийн бөх Б.Золбоотыг давж хоёрын даваанд аймгийн арслан Л.Нямбаярт, 2010 оны улсын баяр наадмын нэгийн даваанд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Н.Балданжунайг давж хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнд унажээ. 2011 онд аймгийнхаа баяр наадамд зодоглож хүчит 256 бөхөөс долоо давж үзүүрлэсэн. 2011 оны улсын баяр наадмын нэгийн даваанд Баянгол дүүргийн М.Эрдэнэбаатар, хоёрын даваанд Ховд аймгийн начин Ж.Пүрэвжав, гурвын даваанд улсын харцага М.Дармаабазар, дөрвийн даваанд улсын начин Ду.Батбаяр, тавын даваанд аймгийн арслан А.Алтанхуягийг давж, зургаагийн давaанд улсын заан Б.Сайнбаярт унаж Монгол Улсын Начин цолыг 26 насандаа хүртсэн юм.
ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ГАРЬД ЦОЛОНД ХҮРЭВ
Улсын Начин цол зарим бөхөд амжилтын дээд хэмжээ болдог бол Гончигдамбад амжилтынх нь эхлэл байсан юм. Жилдээ ганц болдог төрийнхөө наадамд үзүүрлэнэ гэдэг хэн бүхэнд, бөх болгонд заяадаг хувь тавилан биш ээ. Наадамд үзүүрлэсэн, түрүүлсэн бөхийн нутгийн ард түмэн баярлаж, нутгийнх нь уулс дайвалзаж, нуур, гол нь цалгидаг юм гэсэн. Гончигдамба үзүүрлэсэн тэр жил Завхан нутгийн уулс дайвалзаж, нуур, гол нь цалгисан байж таараа. Монгол хүний үг билигдэлтэй л байдаг хойно.
2012 оны улсын баяр наадмын нэгийн даваанд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх Ц.Баатархүүг, хоёрын даваанд аймгийн арслан Т.Гүрсоронзонг, гурвын даваанд аймгийн арслан Б.Батдорж, дөрвийн даваанд улсын харцага Т.Амартүвшин, тавын даваанд харцага А.Цацавширийг давж зургаагийн даваанд улсын харцага О.Бат-Оршиход унаж Өсөх идэр чимэг нэмсэн билээ. 2013 оны улсын баяр наадмын нэгийн даваанд Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангийн бөх И.Цанадоржоор, хоёрын даваанд Увс аймгийн начин Ж.Гансүх, гурвын даваанд Архангай аймгийн арслан У.Батгэрэл, дөрвийн даваанд улсын начин П.Ганхүү, тавын даваанд улсын начин Б.Пүрэвсайхантай тунаж, зургаагийн даваанд улсын начин Э.Энхбат, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давж есийн даваанд улсын аварга Эрхэмбаярт унаж үзүүрлэсэн бөгөөд Гарьд цолыг 28 насандаа хүртсэн юм.
Тэр жилүүдэд Завханы “Завхан” дэвжээг өөрчлөн “Даян” дэвжээ болгож монгол түмний шүншигт хайрхан Отгонтэнгэрийн ойролцоо Даян уул хавьцаа Завханы бөхчүүд бэлтгэл юугаа базаасан гэдэг юм. Төрийнхөө наадамд түрүүлээд тэр зундаа Завхан аймгийнхаа 90 жилийн ойд барилдаж хүчит 256 бөхөөс найм давж түрүүлжээ. Б.Гончигдамбa гарьд Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдaaанд дөрөв давж тавын даваанд Өвөрхангай аймгийн заан Д.Цэвэлсодномд унаж байсан удаатай.
Сүхбаатар аймгийнхан Магалжаваар, Архангайнхан Санжаадамбаар, Увсын Ганбатаар нэг хэсэг “өвчилсөн” шиг Завханы хүүхэд багачууд хэсэг зууртаа гарьд Гончигдамба шиг бөх болох хүслээр жигүүрлэсэн юм. Одоо ч энэ хүслийн жигүүр цуцаагүй гэдэгт итгэнэм.
ЭРХЭМБАЯР АВАРГЫГ ЗАВХАНЫХ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ
Түүнийг ингэж тодорхойлж болно. Өөрөө ч энэ тухай ярьдаг. Б.Гончигдамба зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер цолтой. Гарьд Б.Гончигдамба: Манай нутаг уул, ус тэгширсэн сайхан орон. Богд Очирваань хайрхан маань дүнхийж байдаг сэрүүн хангай. Бид чинь Очирваань хайрхандаа сүслэн залбирч, уулынхаа ивээлд явцгаадаг хүмүүс. Бөхчүүд маань ч ялгаагүй. Г.Эрхэмбаяр аваргын аав, ээж манай Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Тийм болохоор нутгийн аваргатайгаа үзүүр, түрүү булаалдсан гэж бодож байгаа.
Би наадмын бэлтгэлд гарахаас өмнө гээд өнгөрсөн хавар Хайрхандаа хэрэг болгон очиж, ууландаа гарч мөргөсөн. Уг нь өнгөрсөн жил явъя гэж бодож байсан ч амжаагүй. Тэгээд зургаагийн даваанд уначихаад “хэрвээ хайрхандаа очсон бол” гэж бодогдож, бас харуусал төрж байлаа. Тийм болохоор тэрхүү сэтгэлээ цэгцлэхийн тулд очоод ирсэн” гэж ярьсан байдаг.
Ууландаа сүлд нь оршдог хүн байдаг юм гэнэ лээ, тэр лав Гончиндамба гарьд болов уу гэсэн бодол хаа нэгхэн хаврын салхи мэт сэтгэлд хүүгдэг юм. Ерөөлтэй бөх бөлгөө.
АРВАН НАЧИНТАЙ СУМЫН ГАРЬД
Хотод ирээд хэдэн сар болсны дараа нутаг руугаа буцах зайлшгүй шаардлага гараад. Аав маань хөлөө бэртээчихээд намайг дуудуулахгүй юу. Тэгээд багшдаа хэлсэн. Багш маань “Чи бөх болъё л гэж бодож байгаа бол ирэх намар буцаад ирээрэй” гэсэндээ. Намар нь буцаад ирсэн. Буцаж ирэхдээ багшийндаа амьдарсан. Гурван жил багшийнхаа хажууд амьдарсан хүн дээ би гэж ярьдаг.
Тэрбээр, манай сум арав гаруй улсын начинтай. Хамгийн ойр нь 2007 онд Б.Бадамдорж ах, 2008 онд Ж.Оргил улсын начин болсон. Үүнээс өмнө 1992 онд Г.Бат-Амгалан ах начин болж байсан. Намайг начин цол авахын өмнө нутаг усныхан маань “Манай сумаас начин цолтой бөх тасраагүй юм. Миний дүү сайхан барилдаж, начин болох хэрэгтэй” гэж урам хайрлаж байсан. Одоо ч гэсэн манай суманд сайхан барилдах залуу олон бий” гэж хүүрнэж байсан.
Д.Гончигдамба чөлөөт бөхийн спортоор анхлан хичээллэсэн ч үндэсний бөхийн том цолд хүрэх том мөрөөдөлтэй байсан. Одоо бодох нь ээ, начин болчихоод их баярлаж билээ. Алтанхуяг арслан миний тахимдах мэхэнд яалт ч үгүй орчихсон л доо. Хүн ер нь сэтгэлийн амьтан. Яасан гэхээр 90 жилийн ойн өмнөхөн Отгонтэнгэр хайрханы тахилга болсон юм .Тахилгад зориулсан барилдаанд би түрүүлчихсэн. Тэгэхэд их олон хүн надад “Отгонтэнгэрийнхээ тахилгад түрүүллээ, мориор бол багтраа чинь арилж байна” гэж хэлсэн. Бас захисан. Үнэн үг болов уу. Ийм үг сонссон хүн чинь зорилго руугаа нэг алхам бусдаас түрүүлж алхчихсан байдаг юм болов уу гэж санадаг. Нутгийнхан маань их ирлэж өгсөн шиг” хэмээн уярангуй өгүүлсэн нь бий. Ийм л нэгэн Гарьд Монгол бөхийн түүхийг бичилцэж, бичиж, бас оршоосоор явнам.
Нийтлэлч Д.Дамдиндорж
"Зиндаа" сэтгүүлийн 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэв
Сэтгэгдэл ( 2 )
Гоё нийтлэл байна,Нутгийн дүүг наадамд дээгүүр харж байгаа шүү,
ДҮҮ ГАРЬД ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР ТҮРҮҮЛЭЭРЭЙ. ДЭЭЛИЙН ЧИНЬ ЗАХЫГ МУШГИЛЦАНА АА АМЖИЛТ ХҮСЬЕ. ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.