ДУРСАМЖ ХӨРӨГ: Эргэж Монголдоо төрнө...

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

 “Зиндаа” сэтгүүлийн №10/510 дугаар дугаарын “Гарьд магнай” буланд энэ удаа Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат агсныг онцолж байна. Түүний бөхийн замнал бол энэ орчлонг бардаж биш, бярдаж туулсан бахдам түүх билээ. Хээгүй, хэнэггүй, хүүхэд шиг төрхгүй аваргын минь босоо заяа Монголдоо дахин төрөх болтугай.


Мөнхгүй орчлонд Мөнхбат аваргын суудал эзгүйрч, зүүний магнай зэлээ эвхсэн тал мэт ханхайрлаа. Эр бор харцага энэхэн замбуудаа элин халихдаа ямархан суу алдраар нисэх тэнгэрээ хийдгийн баталгаа болж амьдарсан хайртай аварга минь өнөөдөр алга аа...

“Аат аварга” гэх алдар сууг нэрнийхээ өмнө дархлан үлдээж, тив дэлхийд дуурсган мөнхөлсөн Жигжидийн Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Хадан хошуу гэдэг газарт Д.Чанцал гэх хүний арав дахь хүүхэд болон мэндэлжээ. Аваргыг төрүүлэхдээ ээж Д.Хажид нь ихэд ядарч, хүүхдээ хөхүүлэх ч тэнхэлгүй болтлоо туйлдсан тул төрөөд удаагүй улаан цурав амьтныг ээжийнх нь гурав дахь ах Жигжид “Би хүн хийж авна” гээд өвөртлөөд давхичихсан гэдэг юм. Тэр үед аваргын ээж ахдаа хандан “Ах минь ядарсан цагтаа хүүгээр минь морио ойртуулж байгаарай” гэж захиад үхрийн эврэн угж өгөөд явуулжээ. Ингэж Чанцалын хөвүүн Жигжидийн Мөнхбат гэгдэх болсон түүхтэй.

Энэ нэр хожим нь дэлхийн дэвжээнээ цуурайтаж, Монголын нэрийн хуудас болно чинээ тухайн үедээ хэн санах билээ. Түүгээр ч зогсохгүй, түүний багад “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэж хүртэл дөгөөдөг байж. Тун чиг төрхгүй хүүхэд байсны шинж л дээ. Ямар сайндаа арван нас хүрээгүй байхдаа аавынхаа нуусан архийг авч ууж согтоод бууцан дээр өнхөрч унаад, муу аав нь юу ч хэлэхгүй хараад зогсож байсан гэдэг. Өөрөө энэ тухайгаа ярихдаа “Би хүүхэд байхдаа нүгэлтэй амьтан байсан юм” гэсэн нь бий.

Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь яггүй барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ. Тайж гаралтай лам болох Тангад гэж хүнээр бөхийн эрдэм заалгасан гэдэг юм билээ. Гэвч үеийнхээ хүүхдүүдэд толгой дараалан ойчдог байсан нь урамгүй байж. Өөрөө бөхөд аргагүй хорхойтойн хүчинд л шантралгүй барилдсаар байж дээ. Долдугаар ангид байхад нь улс, аймгийн цолтнууд оролцсон тойргийн барилдаан болж, энэ барилдаанд улсын начин Г.Бат-Эрдэнэтэй хоёр цаг гаруй ноцолдоод хаялцаж чадаагүй байна. Ингээд долдугаар ангийн хүүхдэд “шоглуулсан” улсын начин ичсэндээ барилдаанаа хаяад явчихжээ. Улмаар Ж.Мөнхбат 17 настайдаа сумандаа барилдаж, аймгийн заан Дагватай үзүүр, түрүү булаалдсанаар бөх болох зам нэгэнт тодорчээ.

Ж.Мөнхбат 1960 онд Эрдэнэсант сумандаа түрүүлж, сумын заан цол хүртсэн байдаг. Тэр үед 18 настай байж. Харин түүний дараа жил буюу 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн тойргийн барилдаанд босоо түрүүлж 19 насандаа Монгол Улсын заан хэмээх цолыг хүртсэн. Уг нь бол тухайн спартакиадад түрүүлээд улсын арслан цол авах байсан гэдэг юм билээ. Учир нь түүний өмнөхөн жил бүх ард түмний спартакиадад түрүүлсэн бөхөд арслан цол өгнө гээд журам гарчихсан байж. Гэтэл улсын цолгүй нэг бухан хүзүүтэй нөхөр ирээд түрүүлчихээр нь улсын заан цол өгчихсөн хэрэг.

Үнэндээ улсын наадамд ч зодоглож үзээгүй, сумын заан цолтой, хэний ч танихгүй жаахан хүүхдэд шууд улсын арслан цол өгчих нь арай л хэтийдчих мэт санагдсан ч байж мэднэ. Ж.Мөнхбат аварга хожим нь энэ талаар тун дурамжхан дурсаж “Тэр үед би улсын наадамд улсын арслан цолтой барилдах байсан юм. Тэгсэн бол ам хүртэл өөрөөр авах байлаа шүү дээ” гэж харамссан байдаг.

Харамсахын учир бий. Тэрбээр спартакиадын дараахан болсон улсын наадмаар зургаагийн даваанд Дорнодын Дугарсүрэн зааныг амлаж аваад уначихсан юм. Дугарсүрэн гуай 1951 онд улсын начин болсон, тухайн үед 41 настай харимал бөх байж л дээ. Ж.Мөнхбат тавын даваанд улсын арслан Эрдэнэ-Очирыг унагаад, зургаагийн даваанд улсын начин Дугарсүрэн, Цэрэн, Зундуй гурваас ам авах болжээ. Гэтэл Дугарсүрэн гуай түүн рүү хүрч ирээд “Ах нь цол аваад 10 жил боллоо. Энэ жил зургаа давбал заан болох юм байна. Чи миний хүүтэй адилхан хүн. Ахыгаа битгий аваарай” хэмээн гуйж. Ингээд ам авах асарт очоод “Наад гурвынхаа аль нэгийг нь тавьчих” гэж хэлээд буцтал Жамъяан аварга дуудаад “Хүүхээ, ам авна гэдэг чинь нэр цохохын нэр юм шүү дээ” гэсэн байна. Тэгэхээр нь “За за тэгвэл Дугарсүрэнг нь тавьчих даа” гээд гарч барилдаад ойчсон түүхтэй юм гэнэ лээ. Энэ барилдааны нууцыг өнөөдөр хэн ч тайлахаасаа өнгөрчээ. Хашир заан залуу бөхийг үнэхээр аваад залчихсан уу, эсвэл залуу хүний гэнэн, зөөлөн хоёр нь дийлчихсэн үү гэдгийг таашгүй.

Удаах жил нь манай хүн бас л гурвын даваанд амлаж авсан бөхдөө уначихсан юм. Өмнөговийн Манлайжав гуай тэгэхэд нэг, хоёрын даваанд учраагаа унагаад босгохдоо хоёр мөрөн дээрээс нь сэгсэрч босгоод байх юм гэнэ. “Унагасан хүнээ сэгсэрч босгодог яасан бяртай хүн бэ. Энийг авч намайг сэгсэрч босгохыг нь харъя” гээд гурвын даваад амлаад авчихжээ. Ингээд барилдаж байх явцдаа Ж.Мөнхбат аварга хоёр гараа газар тулчихжээ. Өнөө үедсэн бол ид аатай, цуутай, араншинтай гарч ирж байсан бөх гэдэг утгаараа “Ойчоогүй” хэмээн захалж, хөлийн цэцүүдтэй зууралдаж болох л байв. Гэвч “Адгуус амьтанд л дөрвөн хөл байдаг болохоос дөрвөн хөлтэй бөх гэж байдаггүй юм. Болсон, болсон” гэж хэлээд тахимаа өгчээ.

Харин 1963 он түүний хувьд үндэсний бөх төдийгүй чөлөөт бөхөд амжилт гаргасан жил байв. Цагаан сарын барилдаанд түрүүлж, тэр зундаа Ардын хувьсгалын 42 жилийн ойн их баяр наадамд босоо түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Ийнхүү 22 настайдаа улсад анх удаа түрүүлэхэд тухайн жил үзүүрт үлдэж унасан У.Мижиддорж арслангаас “Та орхиж тун дийлсэнгүй юу” гэж бөхчүүд асууж. Үүнд У.Мижиддорж гуай толгой сэгсэрч “Би энэ жил Бээжин, Жамц, Чойжилсүрэн нарын гурван арсланг дараалан орхилоо. Цаадахын чинь барилдах ухааныг барагтай эрдэмтэн гүйцээн тооцоолоход бэрх. Халз өмнөөс нь өрөөд байгаа баруунд биш, зүүн ташаанд ганцхан дайраад л явчихлаа. Яагаад ч дийлсэнгүй дээ” гэж хариулжээ.

Үүнээс хойш дэвжээ нь хэлтийдэггүй юм бол хазайхаа больсон гэдэг юм. Ид байх үедээ засуулдаа “Малгай тэгшхэн бариад, тугны тэнд очиж бай. Би нутгийг нь харуулж өгчихөөд очлоо” гэж хэлээд, төд удалгүй учраагаа даваад хэлснээрээ дэвээд ирдэг байж.

Ж.Мөнхбат аварга улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн начинг 2-3 удаа амлаад хаячихсан юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор зургаагийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “Чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч байна гэнэ дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлэхэд Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан хүрч ирээд, Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд “Ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд яваад өгсөн гэдэг.

Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойд мөн түрүүлчихээд бөхчүүдтэй тойрч суугаад айраг ууж байхдаа “Богдхан уулын ард нь ч, өвөрт нь ч түрүүллээ. Намайг унагах амьтан гарч ирээсэй, сүүлийн үед унаж үзсэнгүй. Унаж үзэх юмсан. Унана гэж яадаг юм бэ” хэмээн аархаж байжээ. Аархал нь түүнд зохино ч гэж янзын байсан гэдэг.

Ааг, омог нь түүнд алдаа гэхээсээ илүү амжилт, ухаарлыг авчирсан нь үнэн. Ж.Мөнхбат аварга улсын цол авсны дараа нэг үе дээлээ хөөргөчихөөд ханхалзаж явдаг байсан гэнэ. Түүнийг хараад дургүйцсэн бөхчүүд “Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч” гэдэг байж. Харин хариуд нь “Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормойгоор орж байгаагаас цээж Энхтайвны гүүр давж, бөгс нь ард талд нь үлдчихээд байгаа юм. Та нар унахаа мэд, би давахаа мэдье” гэх мэтээр үнэнхүү аат аварга гэдгээ бага залуугаасаа эхлэн таниулж иржээ.

Үүнээс хойших бөхийн замнал хийгээд амжилтыг бөх сонирхогчид андахгүй. Улсад тавантаа түрүүлж, улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягг итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга гэж цоллуулах болсон юм.

Ж.Мөнхбат аварга зөвхөн ааг омог, бяр тэнхээгээрээ барилддаггүй, харин ч ухаан зарж, уран мэх сэдэж барилддаг гэдгээрээ цууд гарсан байдаг. Түүнээс “Бөх хүнд бяр их чухал. Таныг мөн ч бяртай байсан гэх юм билээ” гэж асуухад “Мянган бяртай байгаад яахав дээ. Мэх, хурд гэж аугаа зүйл байдаг байхгүй юу” гэж хариулна. Түүний үед дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Цэрэн нараас гадна аварга Ч.Бээжин, арслан Л.Сосорбарам, Б.Эрдэнэ-Очир гээд үлэмж хүчтэнүүд барилдаж байсан тул өрсөлдөгчдөө давахын тулд дан ганц бяртай байхаас гадна асар их ухаантай байх хэрэгтэй болдог байж дээ. Ямар сайндаа л Ж.Мөнхбат аварга маань “Би үеийнхээ аварга, арслангуудтай хамт бэлтгэл хийхдээ нэг зүйл анзаарсан. Хоёр мундаг хүн хамт бэлтгэл хийхээр хоёр биенийхээ бэлтгэлийг үрчихдэг юм. Тийм болохоор хоёулаа түрүүлнэ гэсэн хоёр хүн хамт бэлтгэл хийх юм бол яагаад ч бүтэхгүй” гэж ухаан уралдуулж суухав.

Мөн нарийхан бургастай бэлтгэл хийдэг байсан нь тухайн үедээ нүд орой дээр гармаар хачин жигтэй харагддаг байж. “Яагаад л хүнтэй биш, бургастай ноцолдоод байдаг юм дээ” гээд шоолохоор өмнөөс нь “Мэхээ давтаж байна аа” гэж товч хариулна. Харин хожмоо нас өндөр гарсан хойноо энэхүү бургастай бэлтгэлийнхээ нууцыг задалжээ. “Бургас зоочихоод үзүүрээс нь барихаар хаашаа л бол хаашаа нахилзаад байдаг. Өөрийн бие бургас руу очихоор үзүүрийг нь барьчихсан юм чинь бургас өөрчлөгдөнө өө дөө. Тэр дагуу нь мэхийг хийхээр даацтай л болдог байхгүй юу. Бургас чинь тийм нарийн учиртай эд байгаа юм. Хүнийг зүгээр зогсч байхад нь очоод мэх хийдэггүй биз дээ” гэж чухам л ой тойнд буутал тайлбарласан байдаг. Тиймээс Ж.Мөнхбат агсан барилдахдаа ухаан бяраа үнэнхүү уралдуулж, мэхийг төгс эзэмшиж байж хийдэг байсан нь илт.

Тэрээр ид барилдаж явах үедээ ердөө 73 килограмм л жинтэй байжээ. “Ж.Мөнхбат бодын шагайн адил онцгой лагс биетэй, царайлаг хайрын бурхан, одоо цагт бол супермэн явдаг байлаа. Тэр булиа эрд бурхан тэнгэр агуу их хүч тэнхээ, их оюун ухаан, зүс царай хайрласан тул эхнэр хүүхнүүд өөрсдөө эргүүлж, эмс охид атаархан гүйдэг байв” хэмээн нэгэн бөх сонирхогч бичсэн нь оргүй биш ээ.

Үндэсний бөхөд Ж.Мөнхбат Top of Formаваргын маань үлдээсэн орон зайг үгээр илэрхийлж, үзгээр тоймлох аргагүй том. Бөхтэй холбоотой үлгэр домог бүхэн Жигжидийн гэж эхэлж, Мөнхбат гэж төгсөнө. Хамгийн содон нэгэн домгийг уншигчидтайгаа хуваалцъя. Ихэнх нь энэ түүхийг мэднэ дээ. “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэх алдарт үгээ тэрээр тухайн үеийн цуутай аварга Дарийн Дамдингийн өөдөөс хэлсэн юм. Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяр. Туул гол үерлэснээс болж наадам хэд хоног хойшилж, улмаар Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж дуусгасан гэнэ. Д.Дамдин аварга дөрвийн давааны ам авчихаад хэзээ барилдахыг хүлээж байж. Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан С.Бат-Өлзийг амлаж аваад дагуулаад яваад байсан гэнэ. Өөрт нь “Чамайг авсан” гэж хэлээгүй энд тэнд хүмүүстэй уулзаад яваад байж. Тэгсэн Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй их хүлээлгэсэн юм байх. Дарга цэрэггүй бүгд л ууртай байж. Д.Дамдин аварга хүртэл уурлаж Мөөеө аваргыг шавдуултал өөдөөс нь “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэж аархжээ.

Мөн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед “За муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл амлаад хаячих” гэж хэлж байж. Өөр хүнсэн бол амалж аваад, амаар нь шороо үмхүүлж, ууцаар нь зүлэг арчих байсан биз. Даанч цаадах нь ааг омгоо шагай шиг цацсан ч адуу шиг хураагаад ирж чадах Ж.Мөнхбат аварга учраас хэн ч “Амныхаа зоргоор аархлаа” гэж үл бодно. Нэгэн цагийг эзлэнхэн төрсөн “Хоёр Мөнх”-ийн домог олон зууныг гэтлэх нь дамжиггүй. Яагаад гэвэл, тэр хоёрын түүх хорьдугаар зууныг эрхшээж, өдгөө хорин нэгдүгээр зууныг догдлуулан эзэмдэж байна. “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд л сүсэглэж ярих нь холгүй түмэн олон Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрын тэр жилийн барилдааныг хэзээ ч мартдаггүй. Тэр жилийн наадмын түрүү хэн хэн нь биш байтал, тэдний л тухай ярьсаар, дурссаар байх нь хачин. Үнээ саалгадаггүй хоёр Мөнхдөө хачин их хайртай учраас тэр.

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрын харилцааны талаар хэвлэлд янз бүрээр л бичдэг. Ж.Мөнхбат аварга “Баянаа бид хоёр ардын төрийнхөө баяр наадмаар түрүүлэхсэн гэж бие биенээ хурцалж байсан нь барилдааны тэмцэл юм. Түүнийг бөхийн зарим хорхойтнууд дэвэргэж хов живийн хутгуур болгодог. Муу үг модон улаатай гэдэг бузар цус л даа” гэж байсансан.

Үнэхээр энэ хоёр бөхөд эрийн жудаг, бөхийн зангараг, ааг омог, бяр тэнхээ тэгш заяажээ. Мөнхбат байгаагүй бол Баянмөнх гэж үгүй, Баянмөнх байгаагүй бол Мөнхбат гэж үгүй. Бие биедээ бууж өгч байгаагүй учраас, түмнийхээ өмнө өөр өөрийнхөөрөө үнэн байсан учраас цагийг эзэлсэн хэрэг. Бараа бараагаа харалцаж, нэг нэгнийхээ өмнө хөндөлсөн дүүхэлзэж асан хоёр уулын нэг нь өнөөдөр алга. Цагийн хатуу, жамын хатуу гэж энэ. Хэдэн жилийн өмнө Баянмөнх аварга нэг залуу бөхөд унаж байгааг үзэж суусан Мөнхбат аваргын нүдэнд нулимс цийлэгнэн “Аргагүй хүчинд автагдах гэдэг хэцүү юм” гэж амандаа сулхан хэлж байхыг гэргий Тамир нь харж, сонсчээ. “Юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм харамссан, хайрласан гунигтай өнгө тэнд байхыг би мэдэрсэн” гэж ярьжээ. Тэгвэл Х.Баянмөнх аварга Мөнхбат аваргыг нэгийн даваанд унахад “Би үнэхээр эвгүй байдалд орсон. Мөнхбат аваргыг унахыг хараад бөхийнхөө дэвжээн дээр анх удаа айсан. Би өөр хүнтэй барилдаж явтал нүдний буланд Мөнхбат аваргатай адилхан хүн унах шиг болоход зог тусаад хартал аварга босч ирж байсан. Тэгэхэд би их эвгүй байдалд орж итгэл алдарч, учраа бөхөө арай гэж л давсан” гэж өгүүлсэн байдаг.

Алаггүй ногоон дэвжээн дээрээ арслан бар шиг үзэлцэж явсан хоёр их аваргын нэгнийгээ гэж өмөрч буй сэтгэлийн хилийг одоо хэн торгоох вэ... Хэн хэнийгээ бэхлэн бөхөлж байсан хоёр утасны нэг нь тасрах шиг хөндүүрхэн, эмзэгхэн орчлонд одоо хэн аархаж, бяралхах болж байна вэ... Ийм л энгүй их хүчтэн дэлхийн цээжинд, тэр дундаа зүрхэнд нь үдлээд буцлаа. Монгол минь дэлхийн зүрх гэвэл, Мөнхбат аварга маань тэр зүрхний аархаж цохилсон лугшилт нь байжээ. Олимпийн дэвжээнээс эх орондоо анхны медалийг авчирсан түүхэн гавьяа түүнийх юм. Ж.Мөнхбат аварга улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медаль авчирч байсан тамирчин. Дэлхийн аваргын хүрэл, Олимпийн наадмын мөнгөн медаль нь монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган нь гэдгээрээ түүхэнд тод бичигдэн үлдсэн юм.

Түүний дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг нь төр засаг, ард түмнээс өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга билээ. Энэ орчлонг бардаж биш, бярдаж туулахын ид хав байлаа, тэр. Эр бор харцага энэхэн замбуудаа элин халихдаа ямархан суу алдраар нисэх тэнгэрээ хийдгийн баталгаа нь байлаа, тэр.

Мөнхгүй орчлонд Мөнхбат аваргын суудал эзгүйрч, зүүний магнай зэлээ эвхсэн тал шиг ханхайрлаа. Гэвч тэр тэнд дэвсээр л яваа байх даа. Хэнэггүй, хээгүй, хүүхэд шиг төрхгүйтэж л суугаа байх аа. “Хэцсс, энд надтай бяр дүйх хүн лав алга. Эргэж Монголдоо төрнө” гэчихсэн л, аль хэдийн ааг бяраа ил галын түүдэг шиг өрдчихсөн л суугаа байх даа, эвий муу аварга минь.

БАРИЛДААНЫ ТОВЧООН

-1961оны Улсын баяр наадамд 6 давж идэр шаламгай чимэг

-1962 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Л.Сосорбарамд унаж 2-р байр эзэлжээ.

-1962 оны Улсын баяр наадамд 3 давж, 4-ийн даваанд Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавт өвдөг шорооджээ.

-1963 онд 9 даван түрүүлж, улсын арслан цол

-1964 онд 9 даван түрүүлж, улам нэмэх чимэг

-1965 онд 9 даван түрүүлж, Улсын аварга цол

-1966 онд 9 даван түрүүлж Дархан аварга цол

-1967 онд 9 даван түрүүлэхэд чимэг олгоогүй

-1968 онд 7 давж, олныг баясуулагч чимэг

-1969 онд 7 давж хаялцаагүй удсан тул хасагдаж чимэг олгоогүй

-1970 онд Олимпийн наадамд оролцсон тул барилдаагүй

-1971 онд 6 давж, бат нягт чимэг

-1972 онд 8 даван үзүүрлэж, далай даян чимэг

-1973 онд 7 давж, даяар дуурсагдах чимэг

-1974 онд 9 даван түрүүлж, баяр наадмын манлай чимэг

-1975 онд 8 даван үзүүрлэж, түмнээс төгөлдөр чимэг

-1975 оны Монголын бүх ард түмний 5-р спартикиадад 30-26 давсан амжилтаар 3-р байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг

-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй

-1977 онд 7 давж, өнөд баясгалант чимэг -1978 онд 8 даван үзүүрлэж, далай дайчин чимэг

-1979 онд 7 давж, бүхнээ дурсгалт чимэг

-1980 онд 8 даван үзүүрлэж, манлайн баясгалант чимэг

-1981 онд 7 давж, үлэмж бадрахчимэг

-1983 онд 7 давж, тод сонин үзэсгэлэнт чимэг

-1984 онд 4 давж, 5-ын даваанд Улсын арслан Сосорбарамд өвдөг шороодов.

-1985 онд 6 давж, бат нягт чимэг -1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давж аймгийн начин Ж.Даваажав, аймгийн арслан Б.Жавхлантөгс, улсын начин Ц.Дамдин, аймгийн арслан Д.Адъяатөмөр, залуу бөх Р.Гансүх, аймгийн арслан Х.Амараа нарт цол ахиулах боломж олгожээ. -1994 онд 6 давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.

-1995, 1996, 1998, 1999, 2001, 2002, 2003 онуудад тус бүр 4 давж аймгийн арслан Г.Өсөхбаяр, аймгийн арслан Г.Эрдэнэбат, аймгийн арслан П.Моломжамц, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, аймгийн заан Д.Нямхүү, аймгийн арслан Л.Отгонбаяр, аймгийн арслан Г.Эрхэмбаяр нарыгулсын цолны босго алхуулж өгчээ.

-1997 онд нэг давж Увсын залуу бөх(цэрэг) Данзандаржаад -2006 онд хоёр давж улсын начин Б.Бадам-Очирт өвдөг шороодож барилдаанаа өндөрлөжээ.

-1982, 1992, 1993, 2000, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй. Үүнээс гадна аймгийнхаа 40, 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж, 50 жилийн баяр наадамд үзүүрлэжээ. Нэгдэлчдийн өдөр, Цагаан сарын барилдаанд 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онд түрүүлж 1966, 1975, 1978 онд үзүүрлэжээ.

Нийтлэлч Д.Дамдинжав

"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт вангийнхан(66.181.160.99) 2024 оны 11 сарын 21

гайхамшиг

0  |  0
Төвв(150.129.142.91) 2020 оны 05 сарын 13

1963 1964 1965 1966 1967 1974 онуудад түлүүлсэн нийт 6 удаа босоо түрүүлжээ

0  |  0
Munkhuu(202.9.43.127) 2019 оны 09 сарын 02

6 turuulj 4 uzuureljee

0  |  0
Зочин(202.55.188.39) 2019 оны 08 сарын 29

Нэг түрүү дутуу юм биш үү.6 түрүүлсэн гэдэг биз дээ

0  |  0
Агуу агуу(122.201.21.118) 2019 оны 08 сарын 28

Халхын агуу их аврага минь монголдоо эргэж төрөөрөй та минь

0  |  0
jargal(103.9.90.3) 2022 оны 10 сарын 03

gaihaltai

2  |  0
ezen (66.181.161.87) 2019 оны 08 сарын 29

saihan huniig magtalguil yahav gehdee tuuh uneneeree bh ystoi ter unagah bi yaraagui bhad unah chi yundaa yarsiin gdeg ugiig namhai avarga helsen bdag aa bas hugshin borguud gj helseniin daraa batsuuri avarga avch davsan bdag shu

1  |  2
Иргэн(64.119.23.144) 2019 оны 08 сарын 28

Энэ их хүний тухай өгүүлэмж тун ч гайхамшигтай санагдлаа?! Тэр чигээрээ л гавъяат үйлчийн эзэн байждээ?! Аврага аврагаараа л төрдөгч бас аврагаахаа л төгсдөг юм байна?!

1  |  0
Top