Эдийн засагт асч буй гэрэл гэгээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

Манай нийгэм, эдийн засгаас бүтэлтэй зүйл харахад бэрх цаг хугацааны зангилаан дээр бид амьдарч байгаа бөгөөд дандаа сүүдэртэй талаас нь хараад байвал гэрэл гэгээг олж харахад тун бэрх. Тэгэхээр энэ удаад гэрэл гэгээтэй талаас нь харж, бодит байдал хаашаа эргэж байгааг зөвхөн эдийн засаг талаас нь авч үзье. Эдийн засаг бол гарцаагүй улс орон, айл өрхийн нэгэн тулгуур үзүүлэлт учраас тэр.

Улаан гэрэл асаад урт хугацааг туулсан эдийн засагт ногоон гэрэл асч буй дохиог хаа хаанаа өгч байна. Өнгөрөгч 2015 онд хоёр хувьд хүрч уруудсан эдийн засаг маань юутай ч хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 3.8 хувийн бодит өсөлтөөс ахиж байгааг шинжээчид хэлсэн. Харин оны өмнө гаргаж байсан мэргэжлийн байгууллагуудын таамаг төсөөллөөс харъя.

Тэгвэл Азийн хөгжлийн банк 2018 онд манай эдийн засгийг гурван хувьтай байна хэмээн өмнөх жилийн мөн үед төсөөлсөн. Харин манай шинжээчид улсын төсөвтөө 4.2 хувьд хүрнэ гэж буулгасан. Гэтэл салбарын мэргэжилтнүүд 5-6 хувьд хүрэх таамаглал дэвшүүлсэн нь нэг их зөрөхгүй байх магадлалтай нь сайшаалтай. Манай улсын эдийн засгийн өсөлт уналт нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас ихээхэн хамааралтай. Дэлхийн зах зээл дээр  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байвал манай эдийн засаг тэр хэрээр өсч байдаг нь хууль. 2012 онд манай эдийн засаг 17 хувьд хүрсэн нь ч нүүрсний экспорт өндөр байж үнэ гайгүй өссөнийх. Мөн зэсийн үнэ өндөр байсан нь ч үүнд нөлөөлсөн. Манай улс төсвийн орлогынхоо нэг их наяд гаруй төгрөгийг уул уурхайн салбараас олохоор төсөвтөө суулгаж өгсөн.

Өнгөрөгч нэгдүгээр сард Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20.01 тонн алт худалдан авсан билээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн дүн юм. Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Өчигдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Алтны холбоо болон алт олборлогч 130 орчим ААН-ийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тэдэнтэй аль болох ойлголцож ажиллана, Та бүхэн Монгол банкинд алтаа сайн тушааж байгаарай хэмээн уриалсан нь ч санаандгүй хэрэг биш. Энэ мэт зүйлээс харвал алтны нийлүүлэлт гайгүй байх төлөвтэй. Яахав, үнийн огцом бууралт явагдахгүй ч савлагаа байна гэсэн таамаглал бий. Одоогийн байдлаар гэхэд дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн сар өсөлттэй ч багахан хэлбэлзэл байсныг эс тооцвол дажгүй. Харин ирэх 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болж, олборлолт өсөх хандлага ажиглагдсан хэвээр байгааг дуулгасан.

Дэлхийн банкнаас зэсийн үнийг 2018 онд буурна гэж төсөөлсөн. Гэхдээ коксжих нүүрсний ханш энэ онд 125 ам.доллар хүрч өснө, үүнээс илүү өсөх магадлалтай гэсэн мэдээлэл нь зэсийн үнийн бага зэргийн бууралтыг нөхөөд гарчихна дамжиггүй. Бидэнд алдагдаад байсан нэг чухал зүйл гэвэл валютын нөөц тун багасч дундарсан байсан ч өнгөрөгч сарын байдлаар гадаад валютын нөөц 3.2 тэрбумд хүрсэн нь валютын ханшийг бага атугай буулгаж чадаж байна. Энэ хэрээр Монгол төгрөгийн худалдан авах чадвар нэг хувиар өссөн гээд сайн тал бий.  

Нөгөө талаас манай мэргэжлийн багийнхан, шинжээчид гол төлөв “Эдийн засаг сайжирна, аажимдаа бүр сайн болно” гэдгийг тал талаас хэлж байгаа. Гэхдээ энэ бүх сайн таамаг, эерэг ирээдүйг бий болгохын тулд өөрсдөөс шалтгаалах олон зүйл байгааг ч хэлсэн. Нэн тэргүүнд мөнгөний бодлогоо сайтар барьж ажиллах, валютын ханшаа хазаарлаж, нөөцийг нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг сануулж байгаа. Мөн нэг том асуудал бол ОУВС-тайгаа ойлголцож ажиллах нь юу юунаас чухал гэдгийг санууллаа. Манай улс нь томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болдог учраас гадаад орчинд эрх зүйн орчноос эхлээд нэр хүндээ хүртэл сайжруулах шаардлага бий. Европын холбооны чиглэлд хар дансанд бүртгүүлээд нэрээ хасуулсан тал нь ч эргээд бидэнд өгч буй маш том эдийн засгийн дэмжлэг юм.

Энэ мэт манай эдийн засагт асч буй гэрэл гэгээ чамгүй олон байгааг дурдахад таатай байна.

Яахав, барилгын салбарт байгаа сөрөг үзэгдэл, мөнгөний нийлүүлэлт, гадны хөрөнгө оруулалт өсөх гэх зэрэг эерэг үзүүлэлтийг дагаад инфляц өсдөг сөрөг тал байдгийг нуух юун. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч болзошгүй хүндрэлийг ч давхар тооцоход илүүдэх юун. Энэ бүх бодлогоо ямар нэг улстөржилтгүйгээр шийдээд явахаар гарц байгааг шинжээчид сануулсаар байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top