Улаанбаатар хотын хэд хэдэн цэгт “Сити тойлет” буюу нийтийн бие засах газрыг сүр дуулиантайхан байгуулж байсан цааш, саяхан. Гэвч өнөөдөр ажилладаг нь гарын хуруунд багтахаар цөөхөн. Нэг бүрийг нь 63 сая төгрөгийн өртгөөр босгосон гэж тооцвол нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгө бараг “үхмэл”-д тооцогдоод байгаа. Дуртай газраараа автозам хөндлөн гардаг, тааралдсан газраа нус цэрээ нийж, морь хардаг хөдөөх Монгол занг бага ч болов хүрээжүүлэхэд Нийтийн бие засах газрын нэмэр их л юмсан.
Гээд зориулалтаар нь ашиглаж чадахгүй байхаар хашаа, байшингийн буланд морь харсаар байхаас яахав. Эл явдал даамжирч өнгөрсөн жилийн Улаанбаатар марафон гүйлтийн үеэр гадаадын хоёр нөхөр хотын захиргааны байрны өмнө морь харж цахимд од болж байв шүү. Бид төрөлх хотдоо хүний сэтгэлээр эзний ээлээр хандахгүй бол гадныхан яалаа гэж амархан өөриймсөх билээ. Нийтийн бие засах газрын байршлаас бүх зүйл эхэлнэ. Хөл хөдөлгөөн ихтэй Улсын боловсролын их сургууль, 100 айл, баруун, зүүн дөрвөн зам, 120 мянгат гэх мэт газарт болж байгаа юм. Бас байршлаа олоогүй газрууд ч бий. Бүр албан байгууллагын хашаан дотор “Сити тойлет” морилж орхисон тухай албаны хүн хэлж байна. Баянхошуунд, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хороолол бараадуулж “Сити тойлет” барих ямар шаардлага, ямар ашиг сонирхол хэнд байсан юм бэ. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй бил үү.
2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хашаа, байшингийн өнцөгт морь хардаг, гудамжинд нус, цэрээ эрээ цээргүй нийдэг , гарцгүй газраар зам хөндлөн туучдаг нөхдийг 10 нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан. Чухамхуу яг таг хэрэгжээд байгаа нь хэн торгоод байгааг мэдэхгүй.
Гудамжинд шээдэггүй байхын тулд ухамсарын дээр нийтийн бие засах газар нь зохимжтой газартаа, хүртээмжтэй байх ёстой. Нийслэл хотын хэмжээнд 21 “Сити тойлет” барьжээ. Харин эсрэгээрээ ашиглах биш Нийтийн бие засах газраа агуулах болгочихсон тохиолдол ч бий. Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх “Сити тойлет”-д хүнсний ногоогоо хураадаг байсан зөрчлийг илрүүлж дуулиан болж байв.
100 айлын Сити тойлет ажилладаг боловч оройн цагаар ойр орчмын жижиглэнгийн бараа худалдаалдаг зарим иргэн, хайрцагтай бараагаа оруулж, хурааж л байгаа харагддаг. Энэ мэтээр Сити тойлет-ийг агуулх гэж андуурсаар байх уу. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар нийтийн бие засах газруудын үйл ажиллагааг нийслэл хотын тохижилт үйлчилгээний газарт хариуцуулахаар болсон. Эхний удаа 21 сити тойлетыг бүрэн ажиллуулах юм байна. Хоёр бие засах газар нь албан байгууллагын хашаанд, 11 нь тун боломжийн байршилтай газар байгуулагдсан ажээ. Яг өнөөдөрт дүрэм, журмаар нь ажиллуулахгүй бол нийтийн бие засах газар уу, агуулах уу гэдэг нь ялгагдахааргүй шахам байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
ZARJ BAIGAA ZAGSAA HONUULDAG BAIJ
TOMOOHON BAISHIN DOTOR BAIGUULVAL AGUULAH BOLHOOS SERHIILNE
Хотын захиргаа нийтийн бие засах газрын талаар анхаарах цаг болсон. Яагаад гэвэл банк, дэлгүүр гээд үйлчилгээний нилээд газрууд бие засах газраар нийтэд үйлчилдэггүй. Хэдэн цагаар банкинд очерьлож зогсоход өндөр настан хүмүүс бие засах газарт орох гэхээр ”нийтэд үйлчлэхгүй” , ”засвартай” нэрээр үйлчилдэггүй. Иймд анхааралдаа авч шийдэх цаг болсон биш үү?
Чингэлтэй дүүргийн 17 р хороонд байгаа бол БАЯН СЭЛЭНГЭ д л ашигтай байхдаа.