Шүлхий тархсан сургаар махны ченжүүд БАЯРЛАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Zindaa.mn сайт “Дуулиан” булангийнхаа энэ удаагийн дугаараар  манай улсын 11 аймгийг хамран дэгдээд байгаа малын гоц халдварт шүлхий өвчний талаар онцолж байна. Бид энэ булангаараа бодит байдлыг олон өнцгөөс өгүүлэхийг хичээдэг бөгөөд ямар нэгэн байр суурь илэрхийлж, үнэлэлт, өгч, дүгнэлт хийдэггүй юм.

Улаанбаатарын хаяанд шүлхий гарсан нь

Жил бүр  зүүн гурван аймагт голчлон гардаг байсан малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил бараг  Монгол орныг бүхлээр нь хамрах дөхөөд байна. Өнгөрсөн  оны намар шүлхий өвчин  Улаанбаатар хоттой хаяа дэрлэж  намаржсан. Хөл хорио тогтоож байж тархалтыг зогсоосон. Тухайн үед вакцины чанарын асуудал хөндөгдсөн ч тэгсхийгээд намжсан удаатай. Халдвар үүссэн гол шалтгаан нь малчин, мал бүхий иргэний буруутай үйлдлээс болсон  гэж үзсэн юм.

Шүлхийн вакцин хийлгэсэн малчны хотонд шүлхийтэй малтай иргэн айлсч бууснаас  хоёр дүүрэгт гарсан. Ийм явдлаас сургамж авч, хаширсан нийслэлийн удирдлагууд мал бүхий иргэдийг ирэх тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн ногоон бүсээс гаргахаар ажиллаж байгаа юм. Нэг талаараа Улаанбаатарыг алсуураа тойроод бүсэлчихсэн шүлхий ороод ирэх вий гэхээс сэргийлсэн хэрэг гэж ч болохоор.  Улаанбаатарын хаяанд шүлхий гарсан шалтгаан ердөө л шүлхийтэй малтай айл шүлхийгийн  вакцин хийлгэсэн малтай иргэдтэй ойр, айлсч бууснаас л үүдэлтэй гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа. Хувь хүний хариуцлага, мэргэжлийн байгууллагын хараа хяналт.....

Шүлхий аймгуудад хүрээгээ тэлэв

Өдөр  ирэх тусам шүлхий өвчин дэгдсэн аймгийн тоо нэмэгдэх бололтой. Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Булган, Төв, Сүхбаатар, Орхон, Дорнод, Архангай зэрэг  11 аймгийн 27 суманд шүлхий өвчний 30 голомт бүртгэгдлээ.

2018он гарсаар шүлхийгээр 4400 орчим мал өвчилж, түүнээс 3200 малыг устгасан мэдээлэл гарч байсан бол эл тоо нэмэгдсээр Архангай аймагт гэхэд шүлхий  гарч 100 орчим үхэр устгалд оруулахаар болжээ. Шүлхий гарсан аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож тодорхой цэг постуудад хяналт тавьдаг. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, хүн, малын эмнэлгийн ажилтнууд гээд олон хүний хүч, маш их хөрөнгө зарсан үйл ажиллагаа болдог нь  нууц биш.

Шүлхийгээр өвчилсөн малыг яадаг вэ?

Өвчилсөн малыг устгалд оруулж, булшилдаг. Дараа нь халдваргүйжүүлэлт хийдэг. Вакциныг Монголд үйлдвэрлэдгүй. ОХУ-аас эхний ээлжийн 500 мянган тун вакциныг голомттой   аймгууд руу тусгай машинд тээвэрлүүлэн илгээсэн.

Шүлхий тусаагүй эрүүл малыг вакцинжуулж байгаа. Нийт хоёр саятун вакцин худалдан авах гэрээг хойд хөрштэй байгуулсан юм байна. Өмнө нь, тендер зарлаж компаниуд сонгон оруулж ирдэг байсан. Энэ удаа цаг хугацааны хувьд ч давчуу болсонтой холбоотой бололтой. Зарим мал шүлхий туссан байхад яагаад устгалд оруулаагүй вэ гэсэн асуулт гардаг. Мал өөрийн дархлаагаараа эрүүлжих тохиолдол  байдагтай мэргэжлийн хүмүүс үүнийг холбон тайлбарлаж байгаа юм. Хүмүүс хөл хорионд ордог. Улаанбаатар хотын Морин даваанд өнгөрсөн жилийн намар шүлхий өвчний голомт илэрч хөл хорио тогтооход иргэд яаж бухимдаж, ажил, хичээл сургуульдаа явж чадахгүй бухимдаж байлаа даа.

Шүлхийн вакцин чанаргүй юу?

“Сүүлийн жилүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт малчдын малыг байнга вакцинжуулж байгаа. Гэвч шүлхий тасралтгүй гарсаар. Энэ бол  вакцин чанаргүйг илтгэнэ. Нэг шалгуур нь ийм. Нөгөөтэйгүүр лабораторийн шинжилгээгээр шалгадаг.

Гэхдээ Монголд шүлхийн вакцины чанартай эсэхийг шалгадаг, тодруулдаг шаардлагад нийцсэн очрин үеийн  лаборатори байхгүй” гэж зарим мэргэжлийн хүн хэлсэн байдаг. Тийм ч биз, үгүй ч биз.. Манай улсад 2000 оноос хойш  шүлхий өвчин бараг тасралтгүй гарчээ. 2017 онд гэхэд шүлхийгээс болж 451 удаа хөл хорио тогтоосон тухай мэдээлэл байна. Урьдчилсан сэргийлэх вакцин хийсэн тохиолдолд 6-9 сарын хугацаанд халдвар тархаахгүй байх ёстой ч ойр ойрохон шүлхий дэгдлээ гэх яриа ниссээр. Ямар учиртай вэ. 2017 онд дөрвөн сая тун  вакциныг  найман сая гаруй толгой малд хийсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сар дуустал шүлхий гарахгүй  гэсэн тооцоолол ч хийсэн гэдэг. Гэвч Монгол Улс 60 сая хол давсан мал сүрэгтэй шүү дээ.  Хачирхалтай нь, шүлхийгээс сэргийлэх вакциныг өөрсдөө үйлдвэрлэдгүй.  

Малчид ба цагаан зээр

Вакцины чанар муу эсвэл орон нутагт вакциныг хүлээлгэж өгөөд орхидог. Мэргэжлийн малын эмч хийсэн эсэх, хугацаа нь дууссан байсан уу, малчид бүгд малаа вакцинд хамруулсан уу гээд олон асуулт гардаг.Шүлхийн вакцин хийж байгаа, малыг  вакцинжуулж буй систем өөрөө буруу  байна гэх шүүмжлэл ч гардаг. Ойр  ойрхон малыг нь вакцинжуулаад байхад зүүн аймгуудад яагаад шүлхий гараад байдаг вэ. Үүнийг шууд утгаар  вакцины чанартай холбох нь бас өрөөсгөл. Сүхбаатар, Дорнод аймаг бол цагаан зээрийн өлгий нутаг. Цагаан  зээрийн бэлчээрт хил хязгаар гэж байхгүй. Шүлхий өвчний гол тараагчаар цагаан  зээрийг нэрлэх нь  бий. Хээрийн зэрлэг амьтныг вакцинжуулах тухай ойлголт байхгүй.

Дээр нь Хэнтий аймгийн Хэрлэнбаянулааны отрын бүс нутагт  говийн аймгуудаас мал сүргээ шүлхийн вакцинд хамруулаагүй малчид ирдгээс шүлхий дэгдэх  хоёр дахь шалтгаан болдог гэдэг. Шүлхий өвчин зүүнээс баруун тийш шилжсэнийг цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнтэй холбон мэргэжлийн хяналтын байгууллагаас тайлбарласан байсан. Малчид шүлхийн хориотой бүсийг мэдсээр байж бэлчээр, өвс, ус сайтай гээд мал сүргээ оруулаад шүлхийн вирусын халдвар авхуулах хариуцлагагүй тохиолдол ч гардаг байна. Шүлхийн голомтод мал бэлчээх бүү хэл тэнд байгаа гол, горхи, худгаас уг нь малаа услахгүй л байх ёстой юм билээ.

Хорио цээрийн дэглэм зөрчвөл торгоно  

Нэгэнт тогтоосон хорио цээрийн дэглэмийг  зөрчих тохиолдол гардаг. Ингэвэл ямар арга хэмжээ авах вэ. Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр байгаа ажээ. Улаанбаатар хот болон аймгуудын төвүүд  рүү орох замын  постууд дээр алив халдварт өвчин гарсан үед ариутгал хийх нь заавал хийгдэх ажил сахих ёстой дэг журам. Харин үүнийг зөрчих нь байж боломжгүй зүйл. Шүлхийн хорио цээрийн дэглэх зөрчсөн иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу  150 мянган төгрөг, аж ахуйн нэгж албан байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгох юм байна.

Өнөөдрийн байдлаар хэдэн зөрчил гарч, хэдэн хүн арга хэмжээ авхуулсан тухайд тодорхой нарийвчилсан мэдээлэл байхгүй ч хорио цээртэй бүсээр мал нууцаар  тууварлахыг оролдох зэрэг зөрчил гарч байгаа ажээ. Ийм тохиолдол Дундговь аймагт гэхэд хэд хэд бүртгэгдсэн гэнэ. Шүлхийн голомт тогтоогдсон газруудын постууд дээр цагдаагийнхан байнга ажиллаж байгаа юм.

Халдвартай голомтод вакцин хийдэггүй гэв үү?

Ийм байр суурийг Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох илэрхийлэв. Тэрбээр, шүлхий гараагүй аймгуудынхаа мал сүргийг хамгаалах хэрэгтэ. Шүлхий гарсан аймгуудын мал сүргийг зөнд нь орхих нь зүйтэй гэх байдлаар ярьжээ. Түүний ярианаас товчилбол “Шүлхийн голомтод вакцин хэрэглэж болохгүй. Ийм ажил хийж байгаа хүн  гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаагүй. Шоронд явах ёстой гэж манай багш нар хэлдэг байсан. Вирус тархсан бүс нутгийг тодорхой хүрээнд орхих  хэрэгтэй. Вакцин, ариутгал, хамгаалалтын, хорио цээрийн дэглэмийн зардал хэмнэнэ.

 Эрүүл бүсээ хамгаалвал яасан юм бэ” гэж байна. Мөн баруун аймгуудад мялзан, шлхийн вакцин шахдаг гэдгийг ч хэлж байлаа. Эрүүл, голомттой, шүлхийн сэжигтэй бүс гэхчлэн дөрөв ангилдаг. Үүнээс сэжигтэй бүсийн мал сүргийг   вакцинжуулдаг гэх нь ч бий.

Шүлхийг улстөржүүлсэн нь

Шүлхий өвчнийг сүрхий улстөржүүлэх ч шинжтэй болоод явчихлаа. Нэг л жишээ дурдая. Булган аймгаас УИХ-д сонгогдсон өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Зам,  тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ж.Бат-Эрдэнийг Булган аймагт шүлхийн вирустэй  өвс тарааснаас болж, тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин тархсан гэсэн мэдээллийг цахимаар тараагаад хэд хонолоо.

Булган аймагт өвөлжилт хүндэрч, 11 сум зудын байдалтай болж, 11300 мал хорогдож, аймгийн эдийн засгийн гол тулгуур хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулж, малчдын амьдралд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гаргасан мэдэгдэлдээ дурдсан байлаа. Тэрбээр, тойргийнхоо сонгогчид, малчдад туслах зорилгоор  “Малчдад туслах аян”-ыг санаачилж, өвөлжилт хүндэрсэн сумдад 2000 боодол өвс, 10 тонн уурагт тэжээлийг хүргүүлсэн нь ийнхүү “хардагдахад” хүргэжээ.

Шүлхий махны үнийг өсгөж, экспортод нөлөөлөх үү?

Улаанбаатар хотоос алсуур гарсан ч гэсэн шүлхий өвчний уршиг эргээд хүнсний асуудал болж хувирч  байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол ажил, том зорилгын нэг нь иргэдээ эрүүл хүнсээр хангах, хүн далайд гарцтай Монгол орноо хүнсний  эх орон болгох зорилго. Тийм ч биелэшгүй мөрөөдөл уг нь биш юм. Шүлхий өвчин цаг үргэлж гараад дэгдээд байхгүй. Өдгөөгийн нөхцөл байдал хавар, удаалаад ирэх зуны улиралд Улаанбаатарт махны үнэ тэнгэрт хадах вий гэсэн болгоомжлолыг иргэдэд төрүүлээд байгаад шалтгаан оршино. Махны чнежүүд малчид, хэрэглэгч хоёрын дундаас ашиг олж “зоолно” гэсэн үг. Улаанбаатарчуудын махны гол хэрэглээг хангадаг Архангай, Дорнод, Сүхбаатар, Төв аймагт шүлхий гарсан нь иргэдийг ийнхүү болгоомжлоход хүргэсэн  ч байх магадлалтай.  Шүлхийн долоон төрлийн вирус байдгаас  манай улсад А.О хүрээний виурс тархсан аж.

О хүрээний вирус  нь хор хөнөөл ихтэй гэнэ. Түүнчлэн жил бүр бэлтгэдэг  нөөцийн махны сураг тасарсан. Малчид бус махны ченжүүд энэ хавар, ирэх зун Улаанбаатарчуудад өндөр үнээр мах худалдаж “баяжих”  боломжийг алга үрчин хүлээж байж ч мэдэх. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүлхий өвчин дэгдсэн талаар мэдээллэх тухайд болгоомжтой хандах ёстой талаар зарим албаныхан хэлж байна.. Манай өмнөд хөршид шүлхий өвчин гарч л байдаг  бидэн шиг сүржигнээд байдаггүй юм гэж ярих иргэнтэй ч тааралдаж байв. Салбарын яамны мэдээллээр 2017 онд  Гаалийн ерөнхий газрын мэдээгээр  ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн экспорт хийсэн  тухай дурджээ. Энэ нь өмнөх таван  жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ долоо дахин нэмэгдсэн. Өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах махан бүтээгдэхүүний хувьд 2000 кг-ийг экспортлоод байна.  Шүлхий өвчний эргэн тойрны мэдээллээс товчлон хүргэхэд ийм байна.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Handa(172.58.56.114) 2018 оны 03 сарын 13

Tuhain jild garsan shulhiin virus.s shinjilgee avch baij tuhain jiliin vaktsinig shineer gargaj avdag gesen bna (google..). Manaih zugeer orosin zah zeeles hezee uildverlegdsen hamagui vaktsin higed baina. Chanargui vaktsin gej yarilgui ene jild garsan shulhii uvchnihe virusig shinjilj baij shine vaktsina gargaj avna gesen bna shude.

0  |  0
MGL(202.179.24.48) 2018 оны 03 сарын 06

Ene Monos emiin uildwer вагцин xiij chadadgui yumuu tegwel mongoliin neg ch kompani

0  |  0
иргэн(139.5.217.192) 2018 оны 03 сарын 06

Малын чанар эрүүл мэндийг орхигдуулаж,зөвхөн тоо толгой хөөцөлдөж,мал эмнэлгийг хувьчлах нэрээр үндсэндээ устгаж,мал эрүүлжүүлэх тарилга туулгын ажил хяналтгүй орхигдсоноос шүлхий өвчин үндсэндээ улсын хэмжээнд хяналтгүй алдагдаж,махны ченжүүд магнайгаа хагартал баярлаж кг мах арван мянгад хүрч байна гэж харамсаж байнадаа.

0  |  0
санаа(112.72.8.90) 2018 оны 03 сарын 06

Манай мал аж ахуйн ахмадууд, малын эм зүйч нар Тагнуулын газрыг шүлхийний асуудлыг анхааралдаа авахыг маш их хүсэж бичиж байсан даа. Даан ч тэднийг хуучин коммунистууд шалгарсан манлай зах зээлийн нийгмийг заналхийллээ гээд нохой хуцсаны дайтай бодсон доо

0  |  0
mongol hun bn (202.179.24.199) 2018 оны 03 сарын 06

ene bol hujaa bolon erguu hden shunalin har pysaanuudiin hj bga ajil urdn hzeech ingej bgaagui ene bol hujaa nar mongoliig suiruuleh nuuts uil ajilgaa

0  |  0
Top