Үндэсний их, дээд сургуулиудад ялгавартай бодлого, төрийн дэмжлэг хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

Их, дээд сургуулиудын тоо хэт олширч, тэд нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлээр голдуу боловсон хүчин бэлдэх болсонд шүүмжлэлтэй хандах нь олонтоо дуулддаг. Тийм ч учраас сүүлийн үеийн ажлын заруудад гадаадад их, дээд сургууль төгссөн хүнийг ажилд авна гэсэн тодотгол давамгай харагдах болжээ. Энэ нь нэг талаас Монголд гадаадад дээд боловсрол эзэмшсэн боловсон хүчний тоо ихссэнтэй холбоотой ч, нөгөөтэйгүүр ажил олгогчид нь хүртэл үндэсний их, дээд сургууль төгсөгчдөө үл тоомсорлох болсны учир юу вэ гэдэгт анхаарал хандуулах цаг болсныг сануулж байна. Тэд үндэсний их, дээд сургуулийнхаа чадавх, бэлтгэж буй боловсон хүчнийх нь чанар чансааг мэдэхгүйдээ ингэж байна уу? Эсвэл “манай их, дээд сургуулиуд бүтэхгүй” гэсэн нийтлэг дам ойлголтоор л ийнхүү хандаад байна уу? Энэ бүх асуултад хариулт авахын тулд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн нарийн заалтууд руу хандаж тэнд юу бичигдсэнийг харцгаая.

Монгол Улсын Их хурлаас “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” /2014-2024 он/ хэмээх баримт бичгийг батлан гаргаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Уг баримт бичигт “Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэж онцлон заасныг энд дурдах хэрэгтэй юм. Тэгвэл нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх гэж буй боловсролын салбар нь өнөөдөр ямар нөхцөл байдалд оршин тогтнож байна вэ? Тэр тусмаа Монгол Улсыг хөгжилд хөтлөн авч явах үүрэг хүлээсэн дээд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан төрийн бодлого, үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байна уу, үгүй юу? Төрөөс энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийвэл зохих вэ гэдгийг энд өгүүлэхийг зорилоо.

Өнөөгийн их, дээд сургуулиудын дийлэнх нь нийгмийн голдуу чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэсэн хэвээр, зар сурталчилгаа явуулан сургалтын төлбөрийн орлогоо нэмэгдүүлэхэд л түлхүү анхаарч ирсэн бодит байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Бодлогын баримт бичгийн 3.6-д “Дээд болон мэргэжлийн боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ” гэсэн заалт хэр сайн хэрэгжиж байгааг илтгэх бэлэн тоо баримтыг хэвлэлийн хуудаснаас олж харахад нэн бэрх ажээ. Ийм мэдээлэл олдсонгүй.

Хэдий тийм ч, өнөөгийн их, дээд сургуулиуд дотор сайн сургууль цөөнгүй бий гэдэгт бичигч бивээр итгэдэг. Сайнд тооцогдох цөөн сургуулиудаас Монголын анхны их сургууль МУИС-ийг энд онцлохыг хүсч байна. Монгол Улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх анхны суурийг 75 жилийн тэртээ анх тавьж, үе үеийн сэхээтнүүд, эрдэмтэн мэргэдийг төрүүлсээр ирсэн тус сургуулийн хувьд бусад сургуулиудтай харьцуулшгүй өөр түвшнийх гэдгийг энд тодотгоё. МУИС- ийн хувьд гадаад оронд эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтэд олонтой, оюутнуудынх нь амжилт ч тив дэлхийд дуурьсан танигдаж буй тул нэр хүнд нь олон улсын түвшинд өссөөр байна. Тэдний амжилтын түүх, хийж буй судалгаа, гадаадын их, дээд сургуулиудад ахисан түвшний боловсрол эзэмшсэн оюутан судлаачдын тоо, зочин профессор, судлаачаар гадаадын их, дээд сургуулиудад ажилласан туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн өгүүлэл, ишлэлийн тоо зэрэг чухал үзүүлэлтүүд нь үндэсний их сургуулиараа бахархан омогших сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Ууган их сургууль маань сүүлийн жилүүдэд либерал арт тогтолцоог сургалтын системдээ нэвтрүүлж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд орохыг зорин ажиллаж буй баримт сэлтээс үзэхэд ч, 2016 онд дэвшүүлсэн Стратегийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зорилтдоо амжилт олж буй нь илт. Энэ нь Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийн 4.12.-т заасан “Дээд болон мэргэжлийн боловсролын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, олон улсын сургалтын хөтөлбөр, боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд нэн чухал алхам болсон. Хэдийгээр цоо шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд бэрхшээл учирч буй ч цаг хугацааны явцад жигдэрч, багш нар нь ч, оюутнууд нь ч чөлөөт сонголтыг эрхэмлэсэн энэхүү системд дасан зохицож, сонголт хийх чадавхтай болох нь гарцаагүй юм.

Үндэсний их сургууль маань гадаадын их, дээд сургуулиудын хүрсэн түвшинд ойртон очихын тулд өөрсдийн хүч, боломжийг дайчлан чадах бүхнээ хийж байна. Төрөөс жаахан л дэмжээд өгөх юм бол, бид дэлхийн болоод Азийн шилдэг сургуулиудын эгнээнээс Монголынхоо их сургуулийн нэрийг олж харах тэр өдөр холгүй байна. Үүний тулд нэн тэргүүнд үндэсний их, дээд сургуулиуддаа эрэмбэ тогтоож, шилдэгт багтсан цөөн сургуулиуддаа чиглэсэн ялгавартай бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлага нэн чухлаар тавигдаж байна. Үндэсний хэмжээнд эхний 5-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулиудаа төрөөс бодлогоор дэмжиж байж л 7.13. дахь “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн байна” гэсэн зорилтоо бид хэрэгжүүлэж чадах болно.

Төрөөс тусад нь төсөв гаргах боломжгүй байдаг юмаа гэхэд, бодлогын баримт бичгийн 3.16- д заасан “Дээд боловсролын байгууллагын судалгааны үйл ажиллагааг дэмжинэ” хэмээх заалтаа хэрэгжүүлэхэд л том дэмжлэг болох билээ. Хэрвээ уг заалтыг бодитойгоор хэрэгжүүлээд эхлэх юм бол, төрийн байгууллагуудын зөвлөх үйлчилгээнд зарцуулдаг хөрөнгө мөнгө гадагш урсахаа больж, төрийн бодлого шийдвэр гаргахдаа үндэсний их, дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачдынхаа чадавхийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм.

Тухайлбал, МУИС-ийн эрдэмтэн судлаачид гадаадын олон улсын том байгууллагуудын өргөн цар хүрээ бүхий судалгааг нэр төртэй хийж гүйцэтгэдэг атлаа, Монголын төрийн байгууллагуудын захиалгат судалгааг хийж чадахгүй гэвэл хэн ч итгэхгүй билээ. Иймд үндэсний томоохон их, дээд сургуулиуддаа судалгааны тусгай даалгавар өгч, бодлогын шийдэл гаргуулдаг болох тэр цагийг ойртуулахын төлөө төр засаг нь ч, бодлого шийдвэр гаргадаг УИХ нь ч онцгой анхаарах цаг болжээ.

Бид хэдий болтол төсвийн өчнөөн сая, тэрбум төгрөгийг гадаадын компани, аж ахуйн нэгж, хуулийн фирмүүдэд төлсөөр байх юм бэ? Үндэсний эрдэмтэн судлаачид маань тив, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөөр байтал, бид өөрсдөө үндэснийхээ хэмжээнд мэдлэг чадварыг нь үнэлж чадахгүй хэвээр байх юм бол Монголын тархи гадагш урссаар л байх болно.

Төр нь дэмжихгүй, зөвхөн бизнесийн удирдлага, эрх зүй, гадаад хэл зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн боловсрол олгодог хувийн сургуулиудтай адил тэгш хандаж, ижил түвшний бодлогыг улсын их, дээд сургуулиудад тулгаад байвал Азийн шилдэг сургуулиудын тоонд багтах зорилт хэрэгжинэ гэдэгт итгэхэд бэрх.

Гэтэл чухам МУИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нарын уйгагүй хүчин чармайлтаар л Монголд дээд боловсролын тогтолцоо бий болон төлөвшиж, улмаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх зам тавигдаж ирсэн билээ.

Иймд үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг бодлого тодорхойлогчид нэн тэргүүнд анхааралдаа авч, дээд боловсролын талаар баримтлах бодлогодоо тодорхой ахиц дэвшил гаргахгүй бол оройтох нь ээ. Үндэсний их, дээд сургуулиудад чиглэсэн ялгавартай бодлого, төрийн дэмжлэг хэрэгтэй байна. 

О.МӨНХБАТ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛДЭЭ ЗОРИУЛААД МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭХ ЮМ БОЛ “ДЭЛХИЙН ТҮВШИН” ГЭЖ ЯРИХ БОЛОМЖГҮЙ


Монгол Улс Боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгээ батлан гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Монголоос Азийн тэргүүлэх 100 их сургуулийн эгнээнд 4 их, дээд сургуулиа оруулна хэмээн зорьж байна. Энэ зорилт хэрэгжих боломж нөхцөл ямар байна вэ?

Бодлогын баримт бичиг батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө гэхээр зүйл үнэндээ алга байна. Багшлах боловсон хүчин, эрдэм шинжилгээ судалгааны чанар чансааны хувьд МУИС улсдаа тэргүүлнэ. Элсэгчдийн хувьд ч хамгийн шилдгүүд нь орж ирдэг. Төрөөс сайхан зорилтууд тавина. Гэвч яг үнэндээ “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг шиг МУИС үндэсний тэргүүлэгч их сургуулийн хувьд, энэ зорилтыг хамгийн түрүүнд ханган биелүүлэхийн төлөө өөрийнхөө боломж бололцооны хүрээнд чармайж байна. Төрөөс дээд боловсролыг дэмжих тал дээр бол маш “ядруу”. Тэгээд ч УИХ болон бусад шийдвэр гаргах түвшинд хувийн их, дээд сургуулиудын эзэд сууж байгаа цагт үндэсний их, дээд сургуулиудаа дэмжих бодлого гарах найдвар бага. Тэд аль болох улсын сургуулиудыг унагааж өөрсдийнхөө түвшинд аваачих гэж л үзнэ шүү дээ.

Яагаад?

Эдийн засаг, санхүүгийн чадал дорой манай улсын хувьд бүх их дээд сургуулиудаа жигд дэмжээд явах боломжгүй. Бодит байдал дээр Монгол Улсын тэргүүлэх их сургууль гэх юм бол гарын таван хуруунд л багтана. Уг нь улсын гэгддэг энэ хэдэн сургуулиудыг бөмбийлгөж байж, эд нар чинь араасаа тэр хувийн сургуулиудаа чирэх ёстой юм. Гэтэл сонирхлын зөрчилд идэгдсэн шийдвэр гаргагчид аль болох доош татаж байна. Их сургууль гэсэн том нэрийн дор социализмын үеийн муухан ТМС-ээс илүүгүй сургалт явуулж байна. Уул нь эрх зүйн хувьд МУИС-ийн статусыг бататгасан хууль батлаад, эсвэл болдоггүй юм бол Их сургуулийн тухай хууль батлаад тавих шалгуур шаардлагыг нь чангатгаад, чадалтай чадвартайг нь хөрөнгө санхүүжилт, бодлогоор дэмжээд явбал болмоор санагддаг.

Их, дээд сургуулиудын тоо, чанар гээд асуудлууд бас байгаа?

Одоогийн байдлаар их, дээд сургууль гэсэн нэртэй маш олон сургууль байна. Дээд боловсрол либеральчлагдаж, нийтийн шинжтэй болж байгаа өнөө үед олон хүн дээд боловсролтой болохыг хүсэж, зах зээлийн хуулиар эрэлтээ дагаад нийлүүлэлт өсөх нь мэдээж. Гэхдээ бид чанар, өрсөлдөөний асуудлыг орхигдуулаад байна. Дээр нь улстөрчид, намууд даарин дээр нь давс үрнэ гэгчээр сонгууль дөхөөд ирэхээр баахан тэтгэлэг, зээл тарааж байна. Сургуульд орно гэсэн бүхэнд зээл тусламж олгоод түүгээр нь чанар муутай сургуулиудаа санхүүжүүлээд битүү цагирагт оруулж байна. Төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэж, чадавхжуулах, чанаржуулах гэсэн төрийн бодлого нэг хэсэг явсан ч удаагүй. Анх Ё.Отгонбаяр сайдын үед Улаанбаатар их сургууль, Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэсэн. Энэ бол зөв алхам байлаа. Гэтэл 2015 онд Улаанбаатар сургуулийг бие даасан сургууль болгоно гээд Засгийн газрын тогтоолоор тусгаарласан. Дөнгөж саяхан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тогтоол гаргаж мөн л худалдааг МУИС- иас салгаад Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль байгуулчихлаа. Бид нар энэ Техникумын түвшний сургуулиудыг Их сургуулийн түвшинд хүргэх гэж зургаан жил хөрөнгө хүч зарсан. Байр, сууц болон багшлах хүчинг чадавхжуулах гээд өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэдний оюутнуудад хичээл зааж, дипломоо өгч байсан. Тэднийхээс их сургуульд ирсэн багш нарыг нь цалинжуулсан. Гэтэл гэнэт ерөнхий сайдын хүсэл зорилгоор ийм шийд гарч байна гэдэг чинь манай дээд боловсролын тогтолцоо дампуурлын ирмэгт ирснийг л харуулж байна. Дээр нь сургалтын төлбөр тогтоох, томилгоо зэрэгт төрийн оролцоо хэтэрхий болж байна.

Энэ дампуурсан байдлаас хэрхэн гарах вэ? Гадаад орнуудад тэргүүлэх их, дээд сургуулиудаа дэмждэг ямар сайн туршлага байдаг юм бол?

Жишээлбэл, ОХУ гэхэд их сургуулиудаа ангилж МУИС-тай адил тэргүүлэх хоёр их сургуулиа дэмжиж байна. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Петербургийн их сургуульд улсаас нь тусдаа төсөв гаргаж өгдөг болсон. БНХАУ бол их, дээд сургуулиудаа дотооддоо эрэмбэлж эхний 50-100 их, дээд сургуульдаа төсвийн санхүүжилт өгдөг. БНСУ-д чанартай 50 сургуулиа “Солонгосын уураг тархи” гэсэн бодлогын дор дэмждэг. Тэгээд л тэд нар чинь Азийн шилдэг рүү ороод ирж байна. Одоо бүр дэлхийд орж ирж байна шүү дээ. Гэтэл манайд бүгдэд нь яг адилхан бодлого хэрэгжүүлээд “Та нар үхэж болохгүй, гэхдээ бас амьдраад сэхэлзэж болохгүй” гээд амь тариа хийгээд л явж байгаа. Энэ байдлаараа удаан үргэлжлэх юм бол дээд боловсролын систем тэр чигээрээ дампуурна. Үнэндээ бол манай МУИС-ийг төгссөн хүмүүс л сайн байж гэмээнэ бусад нь чирэгдэж явдаг. Манайд дэмжлэг үзүүлэхгүй, бусадтай ижил түвшинд байлгаад байвал бүгдээрээ адилхан шалбааганд унана биз дээ. Төр засаг үүнд анхаарч, их дээд сургуулиуддаа эрэмбэ тогтоогоод, бодлогоор дэмжих цаг хэдийнээ болсон. Шинээр байгуулагдах засгийн газар үүнд онцгой анхаарч, урт удаан хугацаанд хэрэгжих бодлогын шинэчлэлт хийгээсэй гэж хүсч байна.

ИХ СУРГУУЛИЙН 800 ОРЧИМ БАГШ, ПРОФЕССОРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОЖ АВАХ БОЛОМЖ БҮРДСЭН

МУИС өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд боловсролын чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

Бид МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй хийлээ. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хувьд зүй тогтол болсон Либерал арт буюу чөлөөт боловсролын тогтолцоог МУИС оруулж ирсэн. Энэ бол Монгол Улсын дээд боловсролын системд хамгийн анх орж ирсэн шинэ туршлага л даа. Чөлөөт боловсролын тогтолцооны гол утга санаа нь нэгдүгээрт нь олон талын мэдлэг, ур чадварыг оюутанд эзэмшүүлж, хөрвөх, өрсөлдөх өндөр чадвартай, боддог сэтгэдэг, нийгмийн хариуцлагатай, идэвхтэй иргэн бэлдэх, хоёрдугаарт, оюутны чадвар чадавх, хүсэл сонирхолтой нь нийцүүлж сонголтыг аль болох чөлөөтэй хангаж өгөх, гуравдугаарт, багш нарын дунд эрүүл өрсөлдөөнийг дэмжих зорилготой. Өнөөдөр ганц мэргэжил, ганц шинжлэх ухааны хүрээнд дагнаж ажиллах бус салбар дундын, шинжлэх ухааны уулзвар зааг дээр бэлтгэгдсэн хүн амжилтанд хүрдэг орчин нөхцөл бий болж байгаа бөгөөд либерал арт боловсрол үүнд зорьдог. Мөн урьд нь оюутнууд нэг мэргэжилд хашигдаад нэг тэнхимийн хэдэн багшаас л үйлчилгээ авдаг байсан бол одоо их сургуулийн 800 орчим багш, профессорын үйлчилгээг сонгож авах боломж бүрдсэн. МУИС дээр бол энэ практик хэрэгжээд дөрвөн жил болж байна. Одоо яг энэ системээр суралцсан хүүхдүүд 2018 оны хавар төгсөнө.

Хөтөлбөрийн гол амин сүнс нь юу вэ?

Оюутны хөтөлбөрийн шинэчлэлт хийхдээ бид ямар боловсон хүчин бэлдэх ёстой вэ гэдгээ эхлээд гаргаж ирэх ёстой. Үүний тулд хэд хэдэн шалгуурыг харьцуулж үзнэ. Их, дээд сургуулиуд ихэвчлэн хөдөлмөрийн зах зээлтэйгээ холбож авч үзэх ёстой гэдэг. Энэ бол үнэн. Гэхдээ Монголын хөдөлмөрийн зах зээл бол нэлээн хоцрогдсон зах зээл. Хэрвээ бид хөдөлмөрийн зах зээлдээ зориулаад мэргэжилтэн бэлдэх юм бол “дэлхийн түвшин” ярих боломжгүй. Тэгэхээр бид “Тухайн мэргэжил бүрийн хувьд дэлхийн түвшинд ямар мэргэжилтэн шаардлагатай байна? Тэр хүмүүс ямар мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхыг шаардаж байгаа вэ?” гэдэгт гол анхаарлаа хандуулсан. Америк, Европ, Азийн томоохон их сургуулиудыг харьцуулан судалж үзэхэд, нэгдүгээрт боловсролын систем бол сууриасаа эхэлж байгааг олж харсан. Тэр сууриа тодорхойлохын тулд, бид ямар хүн бэлдэх гээд байгаа юм бэ гэдэг асуултад эхлээд хариулах ёстой. Их сургуулиудын гол зорилго бол бүх талаар хөгжсөн нийгмийн идэвхтэй иргэн бэлдэх хэрэгтэй болж байгаа юм.

ЕБС-иудаас ямар хүүхдүүд ирж байгаа вэ?

Дунд боловсролын тогтолцоонд байгаа алдаа мадаг гэвэл юуг хэлэх вэ? Нэг эрсдэлтэй зүйл гэвэл, манай зарим ЕБС-иуд гүнзгийрүүлсэн гэдэг нэрээр хүүхдийг ганцхан төрлийн шинжлэх ухаанаар балбаад байна. Жишээлбэл, математикийн гүнзгийрүүлсэн анги төгссөн хүүхдүүд гэхэд математик үзсээр байгаад хүнтэй ч ярьж чаддаггүй, өөрийгөө ч танилцуулж мэддэггүй, яахав тоо сайн боддог, ийм л хүүхдүүд ирээд байна. Ер нь ахлах сургууль их сургуулийн хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангахад анхаарах цаг болсныг энэ бүхэн харуулж байгаа юм.

Гэтэл МУИС-ийн төгсөгчид өөр түвшинтэй байх ёстой биз дээ?

Нийгмийн идэвхтэй иргэн байх ёстой. Энэ нь тодорхой мэргэжлийн өндөр ур чадвартай, шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, нийгмийн хариуцлага бүхий бүтээлч, сэтгэлгээ нь задарсан, дэлхий нийтийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөг хүн байх ёстой гэсэн үг юм. Үүнтэйгээ уялдуулж бид хөтөлбөрийн шинэчлэлтээ эхэлсэн. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд элсэж байгаа оюутан урьд нь нэг л мэргэжилд элсдэг байсан. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр аль бүрэлдэхүүн сургуульд орсноосоо үл хамаараад дээд боловсролын ерөнхий суурь хичээлийг үзнэ. Энэ хичээл бол найман чиглэлийн 80 гаруй хичээлээс оюутан өөрийнхөө эзэмших гэж байгаа мэргэжил, хүсэл зориг, ажил хөдөлмөрийн карьераа бодож үзээд 36 кредит хичээлийг сонгож үзнэ. Эдгээр хичээлүүд нь оюутны цаашид сонгох мэргэжлийн хөтөлбөр, хос болон хавсарга мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэг ур чадварыг олгоно. Зарим сургуулийн хувьд, ялангуяа Инженерийн сургууль гэх мэт мэргэжлийн сургуулиуд дээр бол үзэх цаг нь 30 кредит, Шинжлэх ухааны сургууль дээр бол 36 кредит ч гэдэг юм уу. Тэгэхээр оюутнуудын мэргэжил сонгох үйл ажиллагааг нэгдүгээр түвшинээ төгсөхөд нь хийх боломжоор хангасан. Оюутнууд их сургуульд жил сурсан багц цагийн тоо, кредитийн дүнгийн голч, ЭЕШ өгсөн дүн, ЕБС төгссөн аттестатын дундаж гэсэн дөрвөн үзүүлэлтээр жагсаад мэргэжлээ сонгоно. Үнэхээр амжилттай сайн сурч байгаа оюутнууд тухайн бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд байгаа 20- 30 мэргэжлээс хүссэн мэргэжлээ сонгох боломжтой юм.

Та МУИС-ийн төгсөгч үү?

Би МУИС-ийн докторантурыг 1999 онд төгссөн. Сургуульдаа тасралтгүй 26 дахь жилдээ багшилж байна. Багш, тэнхмийн эрхлэгч, хүрээлэнгийн захирал, проректор гээд бүх л шатанд ажиллаж, эрдмийн зөвлөл, удирдах зөвлөлд сонгогдож байлаа.

МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн босгон дээр хамт олондоо болон үе үеийн төгсөгчид, оюутнууд, эрдэмтэн багш нартаа хандаж хэлэх таны үг?

Ном эрдмийн арвин их амжилт буян, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж МУИС-ийн оюутан Монголын ирээдүй гэж өндөрлөе дөө.

Баярлалаа. Таны эрдэм судалгааны ажилд амжилт хүсье.

Ц.Оюунчимэг

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.173) 2018 оны 03 сарын 10

Ер нь бичсэн зүйл маш үнэн, зөв байна.Манай улсын их дээд сургуульд зэрэглэл тогтоох хэрэгтэй. Нөгөө талаас боловсролын яамны сайд нарыг олон сольж тэд нар нь их сургуулийн удирлагыг ойр ойрхон өөрчилж байгаагаас гаргасан шийдвэр хэрэгждэггүй, төлөвлөсөн ажил үр дүнд хүрэхгүй байна. Манай улсад хэдхэн чанартай сургууль байхад хангалттай, нөгөө талаас элсэгчдэд ч өндөр шаардлага тавих хэрэгтэй. Бүгдээрээ дээд мэргэжилтэй болох албагүй шүү дээ

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 03 сарын 10

манайд таван дээд сургууль байхад хангалттай

0  |  0
Top