С.Сүхбаатар: “Нарны домог”-ийн хөгжмийн зохиолын хувьд Лувсаншарав гуай иргэний зориг гаргасан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч  Д.Лувсаншаравын хөгжим эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг “Нарны домог” ардын бүжгийн жүжиг тайзнаа амилаад 30 дахь хавартайгаа золгож буй.   Тус бүжгэн жүжиг энэ сарын 16,17-нд Монголын Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглогдох юм. Алунгоо эхийн домогт сургаальд тулгуурлан бүтээгдсэн тус бүжгэн жүжгийг анхлан санаачлагч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай “Нарны домог”-ийн үүх түүхээс хуваалцлаа.


-“Нарны домог” бүжгэн жүжиг театрын тайзнаа тавигдсанаасаа хойш гучин жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Одоогоос гучин жилийн өмнө социалист нийгмийн үед үндэстний эв нэгдлийг харуулсан түүхэн уран бүтээл театрын тайзнаа тавигдана гэдэг хэцүү баймаар юм?

-Тийм ээ. 1988 онд Монгол үндэсний ардын бүжгэн жүжиг бий болж. Тэр үе таны хэлдгээр социализмын үе шүү дээ. Гэтэл би бас тэр үед ЗХУ буюу ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийн найруулагч, бүжиг дэглээчийн ангийг төгсөж, Европын урлагийн түүхэн судлалтай танилцсан. Тэр үед буюу наяад жилийн хугацаанд Монгол үндэстний их хаад, хатдын тухай түүхэн уламжлалт зан заншлыг тодорхойлсон уран бүтээлийг хийхгүй болчихсон юм болдоо, гэдэг бодол орж ирсэн. Хоёрдугаарт,  Итали, Франц зэрэг улс орнууд, Оросууд ч тэр түүхэн хаад, хатдынхаа тухай, үндэсний урлаг дээрээ тулгуурлаж, уран бүтээл туурвиж байгааг хараад, Монгол туургатны эв нэгдэл, эрх чөлөөний тухай ямар нэг уран бүтээл хиймээр санагдсан. Ингээд л зориглож, Лхагвасүрэн ахаар цомнолыг нь бичүүлсэн. 1988 онд тайзнаа тавигдсан болохоос биш бичигдсэн он нь 1986 он юм. Тухайн үед Соёлын яамны Уран сайхны зөвлөлөөр олон удаа орж шүүмжлүүлж, зөвшөөрөгдөхгүй их удсан. 1988 онд сая нэг юм зөвшөөрөхөд, Жамцын Бадраа гуай надад, “Миний хүү Үндэснийхээ урлагт сайхан уран бүтээл оруулж ирж том гавьяа байгууллаа. Баярлалаа, баяр хүргэе чамд...” гэж хэлж байсан юм. Энэ ардын бүжгэн жүжгээр дамжуулж, гэр бүлийн эв нэгдэл, Монголын эв нэгдэл, Дэлхийн эв нэгдэл... цаашлаад байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулахыг зорьсон бүтээл байгаа юм. Монголын анхны Ардын бүжгэн жүжиг юм шүү дээ.


-Хөгжмийн зохиолчоор Шаравын Лувсаншарав гуайг яагаад сонгох болсон юм бэ?

-Уг нь бол хэд хэдэн хөгжмийн зохиолчийг нэрийг сонгочихоод байсан юм. Харин Лувсаншарав гуай иргэний зориг гаргасан хүн. Бусад нь харин айчихсан. Аргагүй л дээ. Социализмын үед түүхэн, үндэсний үзэлтэй уран бүтээл хийхийг тэр бүр зориглодоггүй байлаа шүү дээ. Үндсэрхэг үзэл гаргалаа гэдэг шалтгаан зааж хичнээн сайхан уран бүтээлч хэлмэгдэж байсныг Монголын ард түмэн мэднэ.

-“Нарны домог”-ийг бүтээснээр танд болон таны хойшдын уран бүтээлд ямар өөрчлөлтийг авч ирсэн бол?

-“Нарны домог” маань бол томоохон хувьсгал юм. Өнөөдрийн улс төрчид 1990 онд хувьсгал хийснээр Монголчууд өвөг дээдсээ, үүх түүхээ чөлөөтэй ярьдаг, Чингис хаан гэж чанга дуугардаг болсон гэж яриад байдаг. Үгүй л дээ. Тэднээс өмнө “Нарны домог”-ийн уран бүтээлчид бид хувьсгал хийчихсэн байхгүй юу. Тэгээд л Цагаан морин жилийн хувьсгал гарч, бид өвөг дээдсээ, түүхээ ярих эрх чөлөөтэй болсон. Төрийнхөө есөн цагаан тугийг улс нь залж чадахаа больсон үед “Монгол бөхийн дуулал” гэдэг бүжгийн жүжиг дээрээ есөн цагаан тугийг тахиж байгааг гаргаж байлаа. Ингэлээ гээд зэмлүүлж, дараа нь магтуулж байсандаа баярладаг. Мөн “Чингисийн алтан ураг” бүжгэн жүжигтээ догшин хар сүлд хар тугаа тахиж буйгаар оруулсан. Тэгээд бас л зэмлүүлж, сайшаагдаж байсан. Энэ хоёр бүжгэн жүжгийг хийсний дараа Монголын төр Есөн хөлт цагаан тугаа ордондоо заллаа. Мөн дөрвөн ерөнхийлөгчийн сонгуулиар эв нэгдлийн тухай дөрвүүлээ ярьсан байдаг юм. Хамгийн наад захын жишээ бол “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж Н.Энхбаяр сонгуулийнхаа уриа болгож байж. Саяхан гэхэд Ардчилсан намынхан эв эеийн бэлгэдэл таван сумыг багцлан намынхаа сонгуульд ашиглаж байх жишээтэй.  “Нарны домог” хүүхэд төдгүй том хүний сэтгэл оюуны дуулал болсон бүтээл. Араасаа түүхэн болон үндэсний сэдэвтэй маш олон бүтээл дагуулсан даа. Үндэсний баяр наадмын нээлтийн тоглолтын тэр том бүтээл хүртэл “Нарны домог”-ийн дүү юм.

-Гучин жил гэдэг урт хугацаа, цаашдаа "Нарны домог" бүжгэн жүжиг хэр урт хугацаанд тоглогдох бол?

-Миний бүтээл болгон давтагдашгүй өвөрмөц шинж чанартай. Монгол үндэстний эв эеийн гүн ухаан нэвт шингэсэн үндэсний түүхэн бүжгийн жүжиг юм. Дэлхий нийтэд Монгол үндэстний өвөг дээдэс гэж хэн бэ, өнөөдрийн цаг үеийнхэн түүхээ хэрхэн манаж ирсэн бэ гэдгийг харуулсан бүтээл. Өрөөр хэлбэл , “Нарны домог”-оор Монголчуудын түүх дэлхийн түүхийн хуудас­наа хар бараанаар бичигдэж сэтгэгдэн бодогдож байсан тэр олон жилийн хуучин сэт­гэлгээг эвдэж, үндэс угсааны­хаа бахархам түүх, үнэн дүр төрхийг Монголдоо ч, дэлхийн үзэгчдэд ч бүжгийн хэлээр хэлээд өгчихсөн хэрэг л дээ. Тиймээс Монголчуудын түүхэн хугацаа хэдий болтол үргэлжилнэ, төдий чинээ урт настай бүтээл гэж ойлгож болно.

Ер нь "Нарны домог" Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжгээр бид эв эеийг дэлхий нийтэд тунхагласан юм шүү гэдгийг л хэлье.


 

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.90.28) 2018 оны 03 сарын 19

”Нарны домог” 30 жилийн үүх түүхэй энэхүү бүтээл нь үнэхээрэл Монголчууд бидний өв соёлыг тод томруун харуулсанаараа гайхалтай юм.

0  |  0
zochin(66.181.161.81) 2018 оны 03 сарын 13

Ynen shyy neeree l suragch bhdaa narnii domgiig yzej blaa daraa ni l ardchilal ene terees ..... esun hult tug ene teriig yxsen de

0  |  0
Top