А.Болдсайхан: Гадаадын сэтгүүлчид танай тамирчид нэртэй мундаг цаначид уу гэж асууж байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

Зиндаа.мн сайт “Аяны дөрөө” булангийнхаа энэ удаагийн зочноор “Пёнчан-2018” Өвлийн олимпийг сурвалжилсан “ТВ5” телевизийн сэтгүүлч А.Болдсайхантай уулзаж аян замын сониноос нь хуваалцлаа.

СОЛОНГОСЧУУД ЮМХАНААР ЮМ ХИЙЖ СУРСАН АРД ТҮМЭН ЮМ

-Пёнчаны Олимпийн үеэр цаг агаар ямар байв?

-Эхний долоо хоногт хүйтэн, байнга шуурсан.  Тэмцээн, уралдаан болсон газар далайн төвшнөөс дээшээ 700 метрийн өндөрт юм билээ. Харин сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байсан. Цаг агаараас шалтгаалж хуваарьт тэмцээнүүд олон удаа хойшилсон. Спортын битүү ордонд болдог мөсний тэмцээнүүд Каннам хотод, Пёнчанд цанын төрлийн тэмцээнүүд болсон. Энэ хоёр хот хоорондоо цаг орчим явах зайтай. 

-Пёнчан хот олимпийн наадам зохион байгуулах эрх авахын тулд хэдэн удаа өрсөлдсөн гэдэг билээ?

-Гурван удаа. Эрх авч чадахгүй байсан гол шалтгаан уулын хүчтэй салхи. Зогсоо зайгүй салхилдаг учраас  тамирчдын амжилт, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзээд байсан бололтой.

-Ямар аргаар салхины хүчийг багасгасан юм бол?

-Тусгай зориулалтын хаалт, төхөөрөмжүүдээр тоноглосон гэсэн. Ингэж л тамирчдын аюулгүй байдлыг хангасан юм билээ.

-Солонгосчууд  Өвлийн Олимп зохион байгуулахын тулд их бэлтгэжээ гэсэн зүйл анзаарагдав уу?

- Өндөр хөгжилтэй, дээр нь 1988 онд зуны Олимп, мөн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулчихсан туршлагатай улс. Нэг зүйл анзаарагдсан. Солонгосчууд юмханаар юм хийж сурсан ард түмэн юм билээ. Тэнд баригдсан цөөн хэдэн цэнгэлдэх хүрээлэнгээс бусад байгууламжийг Олимпийн наадам, Паралимп дууссаны дараа буцаагаад буулгачихна гэж байсан.

- Рио-де-Жанейрогийн Зуны олимпийн наадамд зориулж барьсан том цэнгэлдэх хүрээлэнгүүд хог, новшиндоо дарагдсан тухай мэдээлэл гарч байсан?

-Тийм. Дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж, олон сая хүнийг цуглуулж байсан том цэнгэлдэх хүрээлэнгүүд өнөөдөр хогондоо дарагдаж, эзэнгүйдсэн гэхээр харамсалтай шүү дээ. Солонгосчууд Бразилчуудын энэ алдааг давтахыг хүсээгүй бололтой. Энэ бүхнийг тооцсон байх.

-Олон орны хэвлэлийнхэн, сэтгүүлчид ямар байранд байрлав?

- Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах орчин, Хэвлэлийн бага хурал хийдэг заал танхим нь майхан. Ариун цэврийн байгууламж нь мөн чингэлэг. Ер нь, бүтээн байгуулалтдаа хахаж цацсан их хөрөнгө зарцуулаагүй, авсаархан гэхдээ хэн бүхэнд гологдохооргүйгээр зохион байгуулж чадсан байсан. Сайн дурынхныг их оролцуулсан. Зохион байгуулалт сайтай, тэмцээний цаг хуваарилалт бүгд яг таг.

- Өвлийн спортын битүү ордны талбайн мөс хиймэл байх?

-Тийм. Хиймэл мөс л дөө. Би мөсөн  талбай дээр нь очиж үзсэн. Тэмцээний дараа машин гарч ирээд усалчихдаг. Усыг нь дороос хөргөж хөлдөөдөг бололтой юм билээ.

МОНГОЛЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙГ ГАЙХАЖ БАЙСАН

-Та бүхэн тэмцээнүүдийг  шууд дамжуулахын хажуугаар алдартай тамирчид, аялагч жуулчид, үзэгчдээс ярилцлага авч, Олимпийн наадмын сонин хачнаас дуулгаад тун чиг завгүй ажиллаж байсан?

- Манай телевиз гурван сувгаар зэрэг явуулсан учраас Олимпийн ихэнх тоглолтыг үзүүлж чадсан. Олимпийн наадамд оролцсон Норвегийн таван алтан медальт тамирчин, Солонгосын шорт трекийн багийнхан гээд од болсон тамирчнаас ярилцлага авсан. Албан ёсны эрхтэй учраас ямар ч төрлийн тэмцээн рүү орох давуу талтай. Монголоос телевизийн сэтгүүлч гэвэл би.  Бас гэрэл зурагчин Харцага, Ганбат, сэтгүүлч Отгонцагаан, Отгонбаатар нар очсон.

-Олимпийн тэр том цэнгэлдэх хүрээлэнгүүдийг хараад юу гэж бодогдов?

-Өвлийн олимпийн наадамд  оролцож байсан ахмад тамирчинтай Олимпийн үеэр уулзсан.

Тухайн үед  Өвлийн спортын тэмцээнүүд  гадаа задгай талбайд зохион байгуулагддаг байсан. Одоо цаг үе, хөгжлөө дагаад тэшүүрийн төрөл нь  Өвлийн битүү ордонд зохион байгуулагдах болсон. Ийм тохиолдолд тамирчдад нөлөөлдөг гадаад орчны салхи зэрэг байхгүй болоод уг тамирчин өөрт байж болох авьяас чадвараа дээд хэмжээнд нь хүртэл гаргадаг юм байна.  Монголчууд  дэлхийн  хэмжээнд өрсөлдье гэвэл яах аргагүй Өвлийн спортын битүү ордон шаардлагатай гэж өгүүлж байлаа. Үнэн л дээ.

-Өвлийн олимпийн наадамд амжилттай оролцсон  тамирчид манайтай л адилхан уур амьсгалтай улсынх байх юм. Гэтэл манайд өвлийн спорт хөгждөггүй?

- Харин тийм. Скандинавын орнууд Норвеги, Финланд, Швед, тэгээд Швейцар, Дани гэх мэт. Ингээд бодохоор манайханд боломж байх шиг. Төр засгаас  жаахан дэмжлэг л хэрэгтэй.

-Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тухай ярилцъя. Монголчууд  хэр очсон бэ?  

-Монголоос олимпийн наадам үзэхээр очсон олон хүнтэй тааралдсан. Байгууллага, хамт олноороо их ирсэн. Дээр нь, Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас ч очсон байна билээ.

-Манай улсын хоёр  тамирчин уралдсан. Мэдээж нутгийнхаа тамирчдыг дэмжсэн байх?

-Битүүний өдөр, Шинийн нэгний  өдрүүдэд манай хоёр тамирчин уралдсан. Монголоос ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчид  цанын уралдаан болсон талбайд дүүрэн байсан гэхэд болно.

-Тийм олуулаа очиход эндээс виз хүндрэлгүй гаргаж өгсөн  байх, асуув уу?

- Солонгосын Элчин сайдын яамнаас Олимп үзэх тасалбараа захиалаад авчихсан Монгол иргэдэд  визийг  богино, хугацаанд хурдан гаргаж өгч байсан юм билээ. Энэ ч нөлөөлсөн байх. Эрдэнэт үйлдвэрээс гэхэд олуулаа ирсэн. Мөн аяллын компаниудын шугамаар ч олон хүн очсон.

-Тэнд байгаа Монголчууд ямар зохион байгуулалттай очиж байна вэ?

-Солонгост амьдардаг Монгол залуус нийлээд аяллын зохион байгуулалтад нутаг нэгтнүүдээ оруулсан байсан. Жуулчны зориулалттай дөрвөн автобус  бэлтгээд цахимаар зар тараасан. Пёнчан Сөүлээсээ нэлээд зайтай юм билээ. Олуулаа болохоор унаа, хоол унд, байрлах байрны зардал  нэг хүнд хямдхан тусдаг юм байна. Нэг автобусанд 60 хүн гэхээр 240-үүлээ болно. Тэд нар дээр Монголоос очсон хүмүүс нэмэгдэнэ.  

-Монголын хөгжөөн дэмжигчдийн тухай яриагаа үргэлжлүүлье?

- Цанын уралдаан болж буй талбайн хоёр тал тэр чигээрээ монголчууд. Тэдний маань хоёр тамирчнаа дэмжиж, уухайлж байгаа нь сүртэй. Миний хажууд байсан гадаадын сэтгүүлчид гайхаад байсан.

-Юу гэх юм бэ?

-Танай Монголын мундаг, алдартай тамирчин  ирсэн юм уу гэж.

-Чи  юу гэв?

- Тийм алдартай тамирчид биш ээ. Гэхдээ эхний 50 тамирчин дотор уралдах байхаа гэсэн. Танай хөгжөөн дэмжигчид чинь ямар мундаг юм бэ л гэцгээгээд.

-Бусад орны хөгжөөн дэмжигчдийн тухайд?

-Мэдээж хэрэг, дэлхийд алдартай тамирчидтай улсын иргэд нутгийнхаа тамирчныг дэмжилгүй яахав. Гэхдээ л Монголын хөгжөөн дэмжигчид үнэхээр онцгой байсан. Цанын гүйлтийн тэмцээн болсон талбайн хоёр талын эгнээ тэр чигээрээ улаан, цэнхэр өнгөөр хосолсон. Цагаан сарын үе таарсан болоод тэр юм уу Монголчууд маань үндэсний хувцсаараа гоёчихсон. Үнэхээр сайхан санагдсан шүү. Хоёр  тамирчин маань түрүүлчихсэн юм шиг л.

ХОЙД СОЛОНГОСЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД БУСДЫН АНХААРЛЫГ ИХ ТАТСАН 

-Нэгэнт хөгжөөн дэмжигчдийн тухай ярьсных Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүдийн тухай сонирхмоор байна л даа. Пёнчаны наадмын нэг  содон үзэгдэл нь яах аргагүй Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид шүү дээ?

- Маш сонирхолтой.  Шорт трекийн багийн тэмцээний үеэр  хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид дээр сонирхож очлоо. Сайн дурынхан хамаагүй ойртуулахгүй юм билээ. 60 хөгжөөн дэмжигч байсан. Ер нь, ордонд болсон тэмцээн уралдаан дуусангуут тэнд байсан бүх л хэвлэл мэдээллийнхэн хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид дээр очоод зургийг нь аваад, бичлэг хийгээд. Хөгжөөн дэмжигчдийнхээ дөрвөн талд  дөрвөн эрэгтэй суучихсан. Хянаад байгаа бололтой. Хамгийн урд нэг эмэгтэй сууна.

Тэр эмэгтэй ямар хөдөлгөөн хийнэ, бусад нь дагаж хөдөлнө. Жагсаалаар алхаж гараад автобусандаа суугаад явна, жагсаалаараа ордонд орж ирээд сууна. Гар далласан хүмүүс рүү инээмсэглэж даллаад найрсаг л бүсгүйчүүд харагдсан.

-Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдээс  дутахгүй анхааралд байсан нь ОХУ-ын баг тамирчид. Олон улсын олимпийн хорооны туган дор орсон ч Орос хүний омогшил байх шиг?

- Мэдээж эх орных нь далбаа намирч, төрийн дуулал нь эгшиглэхгүй болохоор ямар ч тамирчинд хүнд тусах нь ойлгомжтой. Уран гулгалтын тэмцээнд түрүүлсэн Загитова, мөнгөн медаль авсан  Евгения Медведева нарыг харахад л ямаршуухан хүнд, гунигтай байгаа нь шууд мэдрэгдсэн. Оросын олон тамирчнаас ярилцлага авсан. Олон улсын олимпийн хорооны туган дор орж байгаа тухайгаа ярих тун дургүй. Нэг зүйл анзаарагдсан нь ямар ч  олимп, наадам болсон Оросууд, бид нар хамгийн хүчтэй өрсөлдөгч, хамгийн хүчтэй баг, тамирчид байдаг шүү гэдгийг харуулах юм шүү  гэсэн омогшил л  мэдрэгдэж байсан. Үүнийгээ мэдүүлэх гэж ирсэн. Манай улс нэгдүгээр тамирчдаа зарим төрөлд явуулаагүй ч бид нар медаль авсаар байна гэсэн Орос хүний бардам занг анзаарлаа.   

-Орос, Германы хоккейн багийн тоглолтыг үзэв үү?

-Үзсэн, үзсэн. Оросын хоккейчид их биерхүү. Хаалгач нь бас том. Бие  том хүмүүс хоккейн хувцас хэрэглэл өмсөхөөрөө бүр ч сүртэй болчих юм. Зарим хоккейчдоос ярилцлага авсан. Би 180 см өндөр. Тэгээд дээшээ харсан гээд бод л доо. Хаалгачийн хувьд гоол алдах нь ховор мундаг юм гэсэн.

-Олимпийн үйл явдлын тухайд ийм байж. Сөүл ч юм уу томоохон хотуудад Өвлийн олимпийн уур  амьсгал хэр мэдрэгдэв?

- Сөүл бас бус хотуудаар сурвалжлагаар явсан. Олимпийн уур амьсгал тэгтлээ мэдэгдээгүй. Энгийн ажил, амьдралын өдрүүд  л үргэлжилсэн. Олимп болж байна гээд бөөн чимэглэл,  хаа сайгүй бэлэг дурсгалын зүйл худалддаг. Солонгост тийм биш байлаа. Хаа нэгхэн дэлгүүрт олимптой  холбоотой бэлэг дурсгалын зүйл худалдах жишээтэй. Харин Олимпийн хотхондоо бол өөр л дөө.

-Танай ТВ-5телевизийн шууд дамжуулсан хэд дэх Олимп вэ?

- Анх “Афин-2004”, 2006 онд Турины Өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны Олимп, 2010 онд Ванкуверын Өвлийн олимп, 2012 оны Лондонгийн Зуны олимп, Паралимп, 2014 онд Сочигийн Өвлийн олимп, сая Пёнчаны олимпийг шууд дамжуулсан. Дээр нь, Дэлхийн хөлбөмбөгийн аварга, бусад спортын Дэлхийн аваргын тэмцээнүүд  Азийн наадам, Олимп гээд нийт 40 гаруй  том наадам, тэмцээнийг манай телевиз шууд дамжуулжээ.

-Чамтай хамт явсан зураглаач Жаргалсайхан танай телевизийн дамжуулсан бүх олимпийн зураглаачаар явсан байх шүү?

-Жагаа ах маань дөрвөн олимпийг зурагласан. “Бээжин”, “Ванкувер”, “Лондон”, “Пёнчан”-ы өвлийн олимп.

-Олимп,томоохон тэмцээнийг шууд дамжуулахад маш олон хүний хүч хөдөлмөр ордог нь тодорхой?

- Пёнчаны Өвлийн олимпийг гурван хүн сурвалжлаад явж байгаа харагдсан ч энд Монголд маш  өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байдаг. Найруулагч, зураглаач, инженер техникийн ажилтнууд, арын албаныхан, санхүүгийнхэн, гадаад харилцааныхан гээд 40-өөд хүнтэй баг ажиллаж Өвлийн олимпийг дамжууллаа. Тасралтгүй 16 хоног өглөөний 08.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл ажилласан. Дээр нь, манай тайлбарлагч, зочид нэмэгдэнэ.

-Тайлбарлагч гэснээс  танай телевизээр уран гулгалтын тэмцээнийг тайлбарласан эмэгтэйг үзэгчид нэлээд үнэлсэн байсан?

-Дэлгэрмаа гэж эмэгтэй ажилласан. Манай улсад өвлийн спорт сайн хөгжөөгүй учраас тайлбарлагчийн хувьд хүндрэлтэй шүү дээ. Уран гулгалт балеттай хосолдог, үүсэлтэй ч гэдэг. Дэлгэрмаа балетчин хүн бололтой юм билээ. Мөн уран гулгалтыг маш сайн үздэг, судалдаг, сонирхдог гэсэн.  

Д.Дамдиндорж

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(108.92.148.34) 2018 оны 03 сарын 19

Zailuuldaa jaahan yum uzeed soju uugaad irsen bol boloo boloo

0  |  0
b(103.26.193.191) 2018 оны 03 сарын 16

2 тамирчныг дагаж 20 дарга явсан гэсэн үнэн үү?

0  |  0
k(202.21.109.5) 2018 оны 03 сарын 16

hiimel mos hehe

0  |  0
G(103.229.122.247) 2018 оны 03 сарын 16

Saihan gazar vzjee

0  |  0
Top