Анхны их сургуулийн түүхэн замнал

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

ӨМНӨТГӨЛ БОЛГОН ӨГҮҮЛЭХ НЬ

Ардын төр засаг мандаж шинэ Монгол улс байгуулагдаад 20 жил өнгөрсний дараа буюу 1941 онд эх орны хөгжлийн шаардлагаар анхны их сургуультай болох зорилго тавигдсан боловч цаг үеийн байдлаас шалтгаалаад тэр жилдээ байгуулж чадсангүй. Байр байшин, лабораторийн тоног төхөөрөмж, багаж сэлт, багш сурагч, ном сурах бичиг ч байсангүй. Энэ бол том бэрхшээл байжээ. Гэвч төрийн дэмжлэгээр ирэх жил нь буюу 1942 онд Монголын ууган их сургууль (МУИС) Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байсан тэр хүнд үед байгуулагдаж гал голомтоо дэгжээн бадраасан нь Монгол улсын эрдэм боловсрол, мандал бадралын түүхнээ цоо шинэ үеийг нээсэн бүлгээ. Оросын нэр цуутай олон эрдэмтэн тус сургуулийн профессор, доцентоор ажиллаж, улмаар тэднийг орлохуйц мэдлэг эрдэмтэй Монгол багш нар гарч ирснээр их сургуулийн боловсон хүчний бодлого хэрэгжиж эхэлжээ. Дундад эртнийх шиг чухам л хөмөрсөн тогоон дотор байж, холыг харах, ихийг сонсох боломжгүй дэлхийн хөгжлөөс асар хол хаягдаж хоцорсон бөглүү ядуу орныг хөгжил дэвшлийн өндөрлөг өөд суга татан гаргахад МУИС үлэмж их гавьяа байгуулсныг эдүгээ 75 жилийн босгон дээрээс бахархан ярихын учир тус сургуулийн түүхэн замналын талаар бяцхан оршил бичиж байгаа хэрэг болой. Эх орноо өдий олон жил нуруун дээрээ үүрэлцэж яваа энэ сургуулийн цаглашгүй их гавьяаг төр засгаас өндөр үнэлж 1957 оны аравдугаар сарын 5-ны БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МУИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 15 жилийнх нь ойгоор шагнасан түүхтэй. Түүнээс инагш 60 жил улиран оджээ. МУИС нь тус улсын их, дээд сургуулийн “Загалмайлсан эцэг” нь учир Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор МАХН-ын Төв Хороо, АИХ- ын Тэргүүлэгчид, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хорооны үүрд хадгалагдах туг, дипломоор шагнасан ажгуу. Далан таван жилийг туулсан ариун бөгөөд арвин замналтай МУИС-ийн түүхэн зам мөр, хөгжил дэвшлийн тухай энэхүү бичил тэмдэглэлийн товч оршлыг үүгээр өндөрлөсүгэй.

 



 

ГОЛОМТОО БАДРААВ


Дээр өгүүлсэнчлэн 1942 онд Монголын ууган их сургууль байгуулагдаж эрдэм ухааны гэрэл илчээ түгээж Хойд хөршийн ач тусаар Орос маягийн соёл, сургууль болон ер нь Орос маягийн амьдралын дэг журмаар амьсгалж, хөгжиж эхэлжээ. Тэр цагт манайх долоон жилийн хэдэн сургууль, арван жилийн цөөвтөр сургуультай, дунд мэргэжлийн цөөн албан хаагчтай тун ч ядмагхан байсан нь үнэн болой. Ийм эгзэгтэй үед Их сургууль байгуулагдсан нь том дэвшил байлаа. Энэ үйлсэд маршал Чойбалсангийн төрийн ухаан, оролцоо их нөлөөлсөн, бас Зөвлөлт улсын зөвлөмж тусламж их байсан гэдгийг МУИС- ийг 17 жил удирдаж, ректороор нь ажиллаж асан Н.Содном гуай “Монгол улсын у н и в е р с и т е т ” номондоо онцлон дурджээ. Эрхүү хотод Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, өндөр б о л о в с р о л т о й Ю.Цэдэнбал ч маршалын санал с а н а а ч л а г ы г халуунаар дэмжсэн нь тодорхой. Монголын түүхнээ тодхон мөрөө үлдээсэн МАХН- ын аравдугаар их хурлаас (1940 оны арванхоёрдугаар сарын 6) Улаанбаатарт их сургууль байгуулах тогтоол гарсан нь анхны их сургуулийн тухай угтал чимээ, урамтай сайхан мэдээ байлаа. Энэхүү тогтоолоос цөөн заалтыг иш татъя. Тус улсын дотроо анх дугаар дээд сургууль болох улсын университетийг зоотехник, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлгийн гурван анги бүхийгээр Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд тус Улаанбаатар хотноо байгуулсугай. Улсын университетийг нээх явдалд бэлтгэх зорилгоор Ардыг гэгээрүүлэх яаман (нөхөр Машлай)-д үүрэг болгох нь: - Университетийн бэлтгэл курсыг дунд сургуулийн бэлтгэл бүхий хүмүүсээр байгуулж 31 оны (40 он) есдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаатайгаар нэгдүгээр сарын 15-наас хожимдуулалгүй хичээллүүлсүгэй.

Тус улсын дотор анхдугаар дээд сургууль болох улсын университетийг байгуулах ажилд өдий төдий бэрхшээлүүд гарч болзошгүйг харгалзан бүх яамд ба албан газруудаас тус сургуулийн сурагчдыг сонгон олж элсүүлэх явдалд оролцож, Ардыг гэгээрүүлэх яаманд зохистой тусламж үзүүлэхийг үүрэг болгосугай!

Ийнхүү тогтоол тушаал нь бүтэн жилийн өмнө гарснаар эрдэм оюуны их өргөө МУИС-ийн гал голомт 1942 оны аравдугаар сарын 5-нд асан бадарчээ. Хэдийгээр дайны хүнд бэрх цаг үе байсан ч Орос, Монгол хоёр улс их сургууль байгуулах шийдвэр зорилтоо биелүүлж чадсан нь бахархалтай явдал бөлгөө. Ардын гэгээрлийн яамны сайд Т.Машлай сургуулийн анхны хичээлийн жилийн төсвийг 445.588 төгрөгөөр батлуулан авчээ. АГЯ-нд зөвлөхөөр ажиллаж асан А.В.Русаков гэгч орос хүн сургууль байгуулахад чухал үүрэг гүйцэтгэв. Их сургуульд тэнцэх элсэгчид тун ч дутагдаж байлаа. Анхны аравдугаар анги төгссөн арваад хүүхэд дэндүү цөөн. Иймд бэлтгэл анги байгуулж, орос хэл төсөөлөх 100-гаад хүнийг алба ажлаас нь чөлөөлөн бэлтгэл ангид элсүүлж ес, аравдугаар ангийн хичээлийг Улаанбаатар дахь Зөвлөлтийн дунд сургуулийн багш нараар голдуу заалгаж байв. Тэднээс 57 хүн төгсөж их сургуульд орох болзол хангав. Бас дунд сургуульд олон жил багшилсан мэргэжилдээ сайн, орос хэл төсөөлдөг хэсэг хүмүүсийг элсүүлэх болов. Тийнхүү хамж шимсээр байгаад анхны гурван факультетэд 93 хүн элсэн суралцжээ.

ИХЭНХ НЬ ЭСЭРГҮҮНИЙ ҮР САД


Орос хэл төсөөлдөг, хагас заримдаа ойлгодог, орос багш нарын аргаар заасан хичээлийг ойлгодог, орос сурах бичгийг унших чадвартай хүмүүс Монголчуудын дотроос зөвхөн буриадууд л байв. Тэрхүү анхны оюутнуудын 70-90 хувь нь буриад хөвгүүд охид байлаа. Тэд нар л МУИС-ийн анхны элсэлтийг хангаж, сургууль нээж хичээл эхлүүлэх боломжийг олгожээ. Буриадууд бол XX зуунд Монголд нүүж ирээд шинэ Монголын үүсэл хөгжилд мартагдашгүй нөлөө үзүүлсэн ачтан билээ. Чухамдаа ХХ зууны хөгжлийг удирдсан багш нар нь буриад ах дүү нар байсныг талархан дурсах учиртай юмаа. Хүн эмнэлгийн факультетэд 34 оюутны арав нь ЗХУ-ын иргэн, мал эмнэлгийн 18-ын нэг нь ЗХУ-ынх, тоо физикийн 23 хүний гурав нь мөн л ЗХУ-ын иргэн байв. Түүнээс гадна олон оюутан нь хэлмэгдэж үгүй болсон эрдэм номтой Монголын сэхээтнүүдийн үр сад байлаа. Чухамдаа ихэнх нь “эсэргүүний” хүүхдүүд байсан гэх.

ШИНЭ БАЙРАНД ОРОВ

1943 оны тавдугаар сарын 20- ны өдөр МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор Улсын дээд сургуулийн хичээлийн байрны барилгыг 1943 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн 1944 оны есдүгээр сарын нэгний наана дуусгаж, хичээл эхлэхэд бэлэн болгохыг Дотоод яамны харьяа Барилгын хэрэг эрхлэх газарт даалгаж, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар тэр шуурхай тогтоол дээр гарын үсгээ зурснаар шинэ байр тун хурдан хугацаанд баригдсан түүхтэй. 1944 оны нэгдүгээр сарын 4-ний 12 цагт хичээлийн байрыг барих ёслолд багш оюутнууд оролцож Ерөнхий сайд Х.Чойбалсан, АГ- ийн яамны сайд Т.Машлай нарын удирдах хүмүүс одоогийн МУИС- ийн нэгдүгээр байрны баруун хойд өнцгийн суурин доор цай, хадаг, дурсгалын бичиг булж, анхны чулуу тавих ёслол гүйцэтгэв. 1947 оны сүүлчээр МУИС-ийн хичээлийн төв байшин бүрэн баригдаж дууслаа. Олон цагаан баганатай, бөмбөгөр шилэн цамхагтай их сургуулийн төв байр нь нийслэл хотын чимэг болон сүндэрлэн боссон түүх ийм ажгуу. Бүүр саяхан 2001 онд тэр түүхт байшин дээр дурсгалын самбар хаджээ. “Энэ байшинд 1942 онд МУИС байгуулагдсан” гэсэн бичиг бий. Тэр байшинд анхны 93 оюутан хичээллэж эхэлсэн. Доод давхарт нь номын сан, биологийн ба малын анатомийн лаборатори, дээд давхрын хоёр том танхимд химийн болон физикийн төхөөрөмжүүдийг байрлуулжээ. 1942 оны аравдугаар сарын 5-нд хичээл сургуулийн нээлтийг хийсэн ажээ.

АНХДАГЧДЫН ТУХАЙ ЯРЬЯ


Орос хэл сайн мэдэх, Зөвлөлтөд буюу дотоодод Орос сургууль, техникум төгссөн зургаан хүнийг тусгай хөтөлбөрөөр бие даалган сургаж гурван жил хагасаар сургах болов. Оюутан Дашжамц, Даваасүрэн нарыг органик бус химээр, оюутан Цэрэн, Цэвэлмаа нарыг физикээр Цэвэгмидийг биологиор гурван жилийн хугацаагаар, Цэдэвийг зоо техникийн бие даасан сургалтанд гурван жилээр шилжүүлэн сургасан нь тэд ууган оюутан болсон хэрэг. Анхны төгсөлтийн талаар товч ярья. 1946 оны зургадугаар сард Ленин клубт анхны төгсөлтийн ёслолын хурал болов. Анагаах ухааны факультет: Ч.Долгор, Р.Нямаа, Б.Рагчаа, Б.Лодон, Ц.Долгор, Ч.Долгор, Ц.Ишханд, Г.Дорж, Б.Цэрэнлхам, Цэдэвмаа, Гомбогарам, А.Дарь, Дамдинсүрэн. Мал эмнэлгийн факультет: Балжинням, Бямбаа, Сосорбарам, Шинжээ, Ядмаа, Яринпэл, Тойвгоо, Ширбазар, Ишээ, Сампил, Сэнгээ, Жамьянжав, Магалжав, Норов. Физик математикийн факультет: Аюушжав, Банзар, Батаа, Батжаргал, Дамдил, Дашиймаа, Дондог, Дугармаа, Жигжиддорж, Нинжбадгар, Пүрэв, Рэгзэдмаа, Содном, Цэдэнжав, Цэрэндагва, Цэрэнжав, Шаарийбуу эдгээр нь ууган төгсөгчид байв. Одоо анхны багш нарын тухай өгүүлье. МУИС-ийг анх төгссөн дээд боловсролтой 35 мэргэжилтэн тус тусын яаманд шилжин очиж албан ажлын томилолт авчээ. Ректорын 1946 оны долдугаар сарын 5-ны 84 дүгээр тушаалыг энд сийрүүлбэл: Анхдугаар төгсөлтөөр онц сайн шалгагдаж улмаар тус сургуульд багшлахаар үлдэж буй оюутан Сандагийн Сосорбарам, Пунцагийн Шинжээ, Ганжийн Аюушжав, Бараагийн Батжаргал, Намсрайн Ишээ, Санжийн Дашмаа, Раднаагийн Жигжиддорж, Намсрайн Содном нарыг энэ долдугаар сарын 1-нээс тус сургуулийн кафедруудад үүрэг бүхийгээр томилж, сар бүрийн 600 төгрөгийн цалин олгож байхыг нябо Цэндэд даалгасугай. Ректор Б.Ширэндэв. Дээрх анхны багш нараас гадна хавсран ажиллаж байсан Монгол багш нар нэлээд байлаа. ШУХ-ийн архивд ажилтай Дэндэв, МАХН-ын ТХ-ны ажилтан Ш.Лувсанвандан, Ч.Лодойдамба, Гадаад яамны орлогч сайд Н.Лхамсүрэн, Улсын хэвлэлийн дарга Б.Ренчин, Шинэ хүчний дээд сургуулийн багш Чимэд, Цэрэндаш, Дотоод яамны сайд Цэдэв нар цагийн багшаар хавсран ажиллаж байжээ. Мөн Зөвлөлтийн мэргэжилтэн нэлээд багш ажилласан байх юм. Эдгээр хүмүүсээс хожим нь нэр алдар нь түгж, Монголынхоо өмнө хүндтэй гавьяа байгуулсан суутнууд олон төрж гарсан нь МУИС-ийн нэгэн том бахархал бүлгээ.

УУГАН РЕКТОР Т.МАШЛАЙ

Гэгээрлийн яамны залуу сайд Т.Машлайд МУИС байгуулах үүрэг оногдсон тул зөвлөх А.В.Русоковтой хамтарч тэр эрхэм ажлыг шаламгай агаад амжилттай биелүүлжээ. Т.Машлай нь 1915 онд Увс аймагт төрсөн. 1937 онд МАХН-д элссэн нэгэн юм. Тэрээр бага дунд сургууль, Эрхүүгийн Монгол курс, ЗХУ-ын Хиагтын багшийн сургууль төгссөн орос хэл сайтай, бусад эрдэм ухаанд нэлээд боловсорсон хүн байлаа. Монголын соёл боловсролын түүхнээ түүчээлэн зүтгэж, ихийг бүтээсэн шилдэг хүн байв. МУИС-ийг бие сэтгэл, эрдэм зүтгэлээрээ байгуулалцсан том гавьяатан юм. Хожим сурган хүмүүжүүлэх ухааны доцент дэд эрдэмтэн болсон Машлайн тухай энэ өгүүлэлд дурдах нь зүйн хэрэг билээ. Гэгээрлийн Яамны сайд, МАХН-ын Төв Хорооны Хэлтсийн эрхлэгч, УБДС-ийн ректор болон дипломат алба хашиж явжээ. Элсэлтийг бүрдүүлэх гэдэг хамгийн хэцүү ажлын нэг байсан бөгөөд түүнийг гартаа авч богино хугацаанд эрчимтэй ажилласны үрээр Монголын түүхэн дэх шинжлэх ухааны их сургууль үүдээ нээж хичээлийн хэвийн дэглэмээр эхэлсэн билээ. МУИС-ийн анхны проректор нь ХАА-н ухааны кандидат, доцент Кудряшов байв. Тэр хоёр чухам л гар нийлэн ажиллажээ. Зөвлөлтөөс ирсэн багш нарыг ажилд томилон цалин хэрэгсэл олгох зэрэг бүх асуудлыг түүний тушаалаар гүйцэтгэж байв.

ДЭЭДИЙН ИХ БАЯЛАГ

МУИС анх байгуулагдахад физик, хими, математик, биологи зэрэг байгалийн шинжлэх ухааны холбогдол бүхий сурах бичиг монгол хэл дээр байсангүй. Хичээлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгэн адил мэргэжлийн зуу зуун ном хойноос ирж байлаа. Москвагийн Ломоносовын нэрэмжит Их сургууль, Лениний нэрэмжит Багшийн дээд сургууль, Москвагийн Хөдөө аж ахуйн академи зэрэг сургуулиудаас олон нэрийн сурах бичиг ирж байв. Энэ бүхэн нь тус сургуулийн номын сангийн эх суурь болж, эрдэм оюуны өглөг түгээж эхэлсэн түүхтэй. Их сургуулийн хоёрдугаар байр баригдаж дуусахад номын сан нь тийшээ нүүж оржээ. Тэр байр нь талбай арвинтай, номын фонд уншлагын танхим сайтай байв. 1965-1981 он хүртэл Г.Жамц эрхлэгчээр нь ажиллав. Тэр хүн номын сангийн анхны дээд мэргэжилтэн байлаа. Даариймаа, Очирваань, Дулам, Цэрэндолгор, Саранцэцэг нар номын сангийн нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Нэн удалгүй дүрс болон дуу бичлэгийн соронзон хальсны аргаар залгамжлагдсан одоогийн интернет хэмээх дэлхийг сүлжиж ороосон мэдлэгийн сүлжээнд номын сан шилжив. Энэ бол аугаа их дэвшил юмаа. МУИС-ийн төв номын сангаас гадна факультет салбарууд, зарим тэнхимд мэргэжлийн номын цуглуулга бий болжээ. Мөн ЮНЕСКО-гоос тус сургуулийн номын санд салбар нээх санал тавьж элдэв төрлийн номуудыг ирүүлэх болсон нь гадаад хэлний мэдлэг, мэдээллийг дэлгэрүүлэхэд үлэмж тус болжээ. Их сургуулийн номын сан хөгжлийнхөө явцад өөрийн нөөцөөс ХААИС, АУИС, ШУТИС болон бусад сургуулиудын номын санг таслан байгуулсан нь тэдгээрийн салбарласан сангууд, сургалт, эрдмийн үнэт ном зохиолыг агуулсан хосгүй сайхан мэдлэгийн сан хөмрөг болсон ажгуу. Эдүгээ үед тус сургуулийн номын сан арвин их фондтой, чухам л эрдэм мэдлэгийг түгээгч дээдийн их баялаг болон арвижжээ.

“УЧЁНЫЕ ЗАПИСКИ”-ГААС ЭХЭЛСЭН ЗАМНАЛ

Учёные Записки” гэдэг анхны эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаар 1946 онд орос хэл дээр гарсан нь эрдэм шинжилгээний ууган ном байлаа. Тэр цагт МУИС-д эрдмийн зэрэг цолтой 30-аад багш ажиллаж байлаа. Түүх сөхвөөс тэдний нэр дурайж байнам. Химийн шинжлэх ухааны доктор профессор Каштанов, Хэлбичгийн доктор С.И.Абакумав, математикч доцент И.Б.Вейцман, физикч доцент Я.А.Туровский, химич доцент Хромов, механикч доцент С.М.Попов, анатомич доцент В.Н.Топольский, зоологич доцент А.Г.Банников, ботаникч доцент А.А.Юнатов зэрэг нэрт эрдэмтэд байв. Тэд нар өөрсдөө эрдэм шинжилгээний ажил хийж, оюутнуудыг удирдан эрдмийн дугуйлан хурал хийлгэн, тэднийг шинжлэх ухааны ажлын дөртэй болгон зуучилж байлаа. “Учёные Записки” сэтгүүлээс сонирхуулъя. - Маршал Чойбалсанд хүргэх үг - Юнатов “Монгол улсын ургамлын бүрээс” - Скалон “Монгол нутаг дахь Дагуурын цохорын амьдралыг ажигласан нь” - Кудряшов “Монгол морь” - Юнатов “Монгол дахь Заг модны тухай” - Дубинский “Булчингийн артерийн лугшилт ба динамикийг судлахад Клиник дахь осциллограф аргын ач холбогдол - Вейцман “Натурал тооны системээр дугаарласан олонлогийг тоолж болох тухай - Клюева “Монголын аман зохиол дахь яруу найргийн дүрслэлийг ангилах нь” Дээрх сэдвүүдээс харахад шинжлэх ухааны олон төрөл зүйлээс бүрдсэн нь илэрхий юм. Ийнхүү эрдэм судлалын том алхам эхэлсэн болой. Хойшдоо энэхүү уламжлал он оноор хөгжин дэвжсээр өнөөдөр гэхэд олон зуун хүн эрдэмтэн судлаачид болсон нь МУИС-ийн ач буян юмаа.

НАМСРАЙН СОДНОМ ГЭГЧ ХЭН БЭ?

Оюунлиг, эрдэм ажилд шалгарсан олон шилдэг хүмүүсээр МУИС энэхүү 75 жилд удирдуулан, алтан жолоогоо бариулсаар иржээ. Хамгийн олон жил буюу 20-иод жил ректороор ажилласан нь Содном академич бүлгээ. Тэрбээр лаборант, туслах багш, багш, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хичээл ангийн эрхлэгч, орлогч захирал, ректор гээд удирдах бүх дамжлагыг туулсаар өсгүүр замын оргилд гарсан хүн юмаа. Түүний амьдралын олон жил МУИС-тай амин холбоотой, сургуулийн дэвшил хөгжил ч олон талаар Содном гуайн их зүтгэл өгөөмөр сэтгэлтэй холбоотой байсныг энд өгүүлэвч үл багтмуу. Энэ сайхан буянтан МУИС-ийн ууган төгсөгч төдийгүй дэлхийд данстай манлай физикч тэрбээр Дубна дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтад хоёронтоо томилогдон дэд Захирлын өндөр алба хашиж байв. ШУА-ийн ерөнхийлөгч, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны дарга зэрэг гадаад дотоодын нэр хүндтэй байгууллагуудад удирдах ажилд томилогдох бүрийдээ ноогдсон албаа нэр төртэй хашиж ирсэн шинэ Монголын шилдэг хүмүүний нэгэн болой. Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Батсүрэн ийн бичжээ. “Гаднаа сүртэй хэрнээ дотроо зөөлөн нэгэн бол Содном багш. Сургуулиа их бодно оо, Яавал дэлхийн жишигт хүргэж хөгжүүлэх вэ гэх мэтээр ярина. Лут хүн байсан юм. Содном багшийн дараа академич О.Шагдарсүрэн захирлаар ирж билээ. Олон жил хамт ажилласан Содном захирлаа үгүйлэх...” гэх мэтээр дурсан хуучилжээ. Намсрайн Содном бол 1923 онд Завхан аймгийн Жавхлант сумын Чигэстэйн голын хөвөөнд төрсөн хүн. Улаанбаатарт үлгэр жишээ бага сургууль, МУИС-ийн тоо физикийн анги, Москвагийн УИС- ийн аспирантур төгссөн. Н.Содном боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 60 гаруй жил ажилласны дотор МУИС-ийн ректороор 2 удаа томилогдож 17 жил, Дубна дахь Олон улсын цөмийн шинжилгээний институтэд дэд захирлаар 3 удаа улиран сонгогдож асан асар их нэр хүндтэй хүн байжээ. Тэрбээр цөмийн физик, түүний аргыг УААА-д нэвтрүүлэх чиглэлээр эрдмийн ажил хийж 100 орчим бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвисан хүн. МУИС-ийн ууган оюутан, онц төгсөгч, аспирант, эрдэмтэн, Эрдмийн Зөвлөлийн гишүүн асан энэ аугаа хүний нэр МУИС- ийн түүхнээ манлайд нь орчимд алтан үсгээр бичигдэн мөнхөрчээ. Содном бол Их сургууль шигээ их хүн байжээ.

БАЗАРЫН ШИРЭНДЭВ

МУИС түүхэн хөгжлийнхөө 75 жилийн хугацаанд Б.Ширэндэв, Д.Цэвэгмид, Ж.Батмөнх, Н.Содном, О.Шагдарсүрэн, Д.Дорж зэрэг дэлхий даянд данстай олон эрдэмтнээр удирдуулж иржээ. Дараах үеийн төгсгөл рүү болоод ирэхлээр Ц.Ганцог, Р.Бат-Эрдэнэ зэрэг гялалзсан залуу эрдэмтэд билээ. Эдгээр удирдагчдын ууган залуурч нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт академич Б.Ширэндэв болой. Энэхүү түүхэн товч тэмдэглэлийг бичиж байхад МУИС-ийн гал голомтыг асаан бадрааж, цаашид хөгжин дэгжих зам мөрийг засалцахад цаглашгүй их гавьяа байгуулсан Т.Машлай, Б.Ширэндэв, Н.Содном нарын тухай товчхон ч болтугай дурдах нь зүйн хэрэг мэт санагдсан тул Ширэндэв гуайн тухай бичиглэн байгаа минь энэ болой. 1920-иод оноос аймшигт хэлмэгдүүлэлтийн хар өдрүүд эхэлснээр ном эрдэмтэй лам нараас аваад олон зуун хутагт хувилгаад хийгээд боловсролтой оюунлаг бүх хүнээ толгой дараалан хядаад дуусчихсан үед МУИС-ийг 93 оюутан, 11 багшийн бүрэлдэхүүнтэй, хүн эмнэлэг, мал эмнэлэг, багшийн гэсэн гурван салбартайгаар нээсэн гэдгийг өмнө нэгэнтээ цухас дурдсан билээ. Ийм хүнд бэрх үед 1944 оны есдүгээр сарын 1-нд Базарын Ширэндэвийг МУИС-ийн захирлаар албан ёсоор тохоон томилжээ. Үүнээс өмнө АГЯ- ны сайд Т.Машлай гуай эл албыг хавсран гүйцэлдүүлж байжээ. Одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын харьяат Хариад овогт Ширэндэв хөдөө мал маллаж, айлд зарагдаж, аян жин тээж жирийн ардын амьдралаар өсөхдөө нутгийн ах нараар ном заалгаж шаггүй номтой нэгэн болсноор номын мөр хөөн Улаанбаатарт оджээ. Түүний эрдмийн их зам ийнхүү эхэлсэн түүхтэй. Ширэндэвийг МУИС-ийн захирлаар очиход бүх багш нар нь орос хүмүүс, монгол мэргэжилтэн гэвэл хожмын алдарт эрдэмтэн Ш.Лувсанвандан, Б.Ренчин хоёр л байв. Тэр хоёр монгол хэл, уран зохиол, Ширэндэв түүх заадаг байв. Ширэндэв МУИС-д арваад жил ажиллахдаа сургалт хүмүүжлийн бүх ажлыг эмхэлж цэгцлэх, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, ном сурах бичгээр хангах, тоног төхөөрөмж цогцлоохоос үүдээд багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх гээд үй олон ажлыг чадамгай зохион байгуулж ном журамд нь оруулжээ. Б.Ширэндэв бол Их сургуулийн захирал, Ардыг гэгээрүүлэх Яамны сайд, Улсын дээд боловсролын хорооны дарга, Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ШУ-ны академийн ерөнхийлөгч зэрэг эх орны хамгийн чухал салбарт түүчээлэн хөдөлмөрлөж явсан Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гарамгай эрдэмтэн юмаа. Ийм хүнээр МУИС нэгэн үе жолоогоо бариулж байсандаа азтай явдал бүлгээ. Дэлхийд данстай цөөхөн эрдэмтний нэг тэрээр Орос, Болгар, Герман Польш, Их Британи зэрэг олон улсын алдартай их сургуулиуд болон ШУА-ийн гишүүн байсан хүн. Эрдэм оюун нь халгиж цалгисан энэ аугаа хүний тухай тун ч олон хүн, шавь нар нь дурсамж хөрөг бичжээ. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Ч.Батсүрэнгийн бичсэн “Анхны захирал Базарын Ширэндэв” хэмээх хөрөг тэмдэглэлээс эшлэн авч энэхүү бичлэгийг толилууллаа.

ТӨГСГӨЛ БОЛГОН ӨГҮҮЛЭХ НЬ

МУИС-ийн ихэнх үеийнх нь буюу 2010- аад оныг хүртэлх үеийн хураангуй түүхийг дээр өгүүллээ. Захирал Р.Бат- Эрдэнэ ойрмог бичсэн нэгэн томоохон судалгаа-тайландаа сургуулиа шинэ мэдлэг бий болгохоос гадна нийгмийн баялаг бүтээж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах гол түүчээ нь болж байна хэмээн онцолсныг дурдаад хэтийн зорилтдоо хүрэхийн тулд стратегийн дөрвөн чиглэлээ тодорхойлжээ. Түүнийг товчлон өгүүлбээс 21 дүгээр дууны их сургуулийн маань зорилго чиглэл хэтийн төлөв тодроод ирэх бус уу.

Үүнд:

1. Судалгааны хамрах хүрээг өргөжүүлж түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ.

2. Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэнэ.

3. Нийгэмд мэдлэгээр манлайлж нийгмийн хөгжлийн түүчээ байна.

4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэжээ.

МУИС нь стратегийн шинэ төлөвлөгөөгөө боловсруулан, баримтлах зарчмаа энэхүү 75 жилийнхээ ойн босгон дээр машид сайхан тодорхойлоод байгаа аж. Тэгээд ч Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд багтаж орно хэмээн уриа зорилт тавин урагшилж яваа хэрэг.

Эдүгээ сургуулийнхаа эрхэм зорилгыг ийн тодорхойлоод байна.

“Энэхүү алсын харааны хүрээнд МУИС нь ШУ-ны үндсэн салбаруудыг хамарсан чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт судалгааны ажлыг тогвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болно” гэжээ.

МУИС-ийн түүхэн замнал хийгээд хэтийн төлөвийн тухай энэхүү нийтлэл өгүүлэл үүгээр жаргаж байна.

Түүхийнхээ 75 жилийн урт хугацаанд аугаа их Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв, Н.Содном, Д.Цэгмид, Т.Галсан, Д.Төмөртогоо, С.Төмөрбат, Д.Бадгаагаас эхлээд төрийн шагналтнууд, эрдмийн цолтнууд, хөдөлмөрийн баатар, Ардын цолтон, Улсын гавьяат цолтон багш, эмч, малын гавьяат эмч, зоотехникч, хуульч, соёлын гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчин, зохиолчид, тамирчид, барилгачин, бүрэн эрхт элчин, докторууд зэрэг хэдэн мянган мэргэдийг төрүүлж, Улс Монголынхоо мандал бадралын төлөө үлэмжхэн гавьяа байгуулснаараа МУИС бол манай хөгжлийн түүчээ болон хөгжиж байнам.

Энэ сургуулийн тухай тус сургуулийн ууган оюутны нэг МУСГЗ Ж.Бадраагийн “Их сургууль” хэмээх сайхан дууны хоёр бадгаар энэхүү тэмдэглэлийг өндөрлөе.

Тунгалаг болор дуулгатай

Хайрхан уул шиг сүндэрлэсэн

Тунамал гэрэл чуулгатай

Хаа чиг сүр жавхлант Их сургууль минь

Дээд эрдмийн гайхамшгаар

Дүүлэн цойлох суу

Дээж эрдэнийн чандманиар

Дүүрэн гийлгэх цуу

Түүх түүхээрээ үлддэг болохоор түүнийг завсарлаж үл болмой. Тэр л жамыг дагаж МУИС-ийн тухай гарсан арваад бүтээл цоморлигуудаас эмхлэн дээжилж энэхүү дурсамжийг бичиглэв.

2017 оны 9 дүгээр сарын 10

Улаанбаатар хот

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
molor erdene(103.212.116.64) 2024 оны 04 сарын 11

TETGEVERT N GARGAJ TUUH BOLGO

2  |  0
Top