Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж буй. Энэ удаагийн мэдээллийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Болормаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон энэ онд хийх ажлынхаа талаар товч танилцууллаа.
Сүхбаатар дүүрэг нь 140 мянган хүн амтай, 20 хороотой, 20.8 мянган га газар нутагтай. Тус дүүрэг “Иргэдийн оролцоотой Сүхбаатар дүүрэг”, “Боловсролд ээлтэй Сүхбаатар дүүрэг”, “Амьдрахад таатай Сүхбаатар дүүрэг”, “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг”, “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” гэсэн таван зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. “Иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт оффис”-ийг ажиллуулж байна. Дүүргийн холбогдох албан тушаалтнууд хороодод ажиллаж, иргэдийг санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ газар дээр нь шийдвэрлэж болох асуудалд хариу өгч ажилладаг. Иргэдээс хог цэвэрлэгээ, камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг асуудлаар санал хүсэлт их тавьдаг. Иргэдийн зарим санал хүсэлтийг төсөвт суулган энэ жилийн эхнээс ажил хэрэг болгоод явж байгаа” хэмээн Д.Болормаа дарга тодотгож байв.
Өнгөрсөн онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 149-р цэцэрлэгт урлаг заал бүхий 2 бүлэгтэй өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 бүлэг бүхий 248-р цэцэрлэг шинээр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 135, 166-р цэцэрлэгт тус бүр 2, 24 дүгээр цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах төсөв санхүүгийн асуудлыг дүүргээс шийдвэрлэсэн. Эдгээр нэмэлт бүлгүүдэд нийт 150 гаруй хүүхэд шинээр элссэн байна. Энэ онд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэхээр улс, нийслэлийн төсөвт тусгагдсан. 54 дүгээр цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй өргөтгөлийг барилгыг буулгаж, шинээр 150 хүүхдийн ортой өргөтгөл баригдана. 10 дугаар хороонд байрлах 24 дүгээр цэцэрлэгийг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана. Дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байгаа 71 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөл барихаар төсөв нь тусгагдсан байгаа.
Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ 24 цагийн турш камерын хяналттай болжээ. Дүүргийн хэмжээнд хог хаягдал ихээр төвлөрдөг 25 байршлыг сонгож, камерын хяналт бүхий нэгдсэн удирдлагын төвийг байгуулсан байна. Үүний үр дүнд тээвэрлэгч байгууллага нь батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэггүй, хог тээвэрлэлтийн рейс хангалтгүй, төвлөрсөн хогийн цэгт хогоо хаядаггүй гэх мэт зөрчлийг илрүүлжээ. Мөн ачааны машинаар хог асгасан 2 зөрчил, гэмт хэргийн шинжтэй автомашины бүтээлэг, айлын цонхоор орж хулгай хийсэн 6 үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15-20 хорооны 39 байршилд 1180 ширхэг гэрэлтүүлгийг шинээр тавьсан. Энэ жил үлдсэн хэсэгт гэрэлтүүлэг хийгдэнэ. Ингэснээр Сүхбаатар дүүрэг бүрэн гэрэлтүүлэгтэй болно гэдгийг дүүргийн Засаг дарга хэлж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )