Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа

2018 оны 03 сарын 26

“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагаас БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт орчин үеийн стандарт бүхий Хүүхдийн амбулаторийн барилгыг   барьж, ашиглалтад оруулсан.

  

Мөн өнгөрөгч 2017 оны аравдугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг”-ийг ашиглалтад оруулаад байгаа юм. Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа энэхүү төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нийтдээ таван дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьсан бөгөөд 2022 онд төслийн ажлаа дүгнэх ажээ.

Тэгвэл уг төслийн хүрээнд өнөөдөр Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж өгчээ. Энэхүү арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ үеэр “Улаанбаатар хот эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадна тохижилтыг эрчимтэй хийж байна. Тухайлбал, Налайх дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэгт  өнгөрсөн онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засварын ажил хийсэн. Хоёр ч авто замын шинэчлэлийг хийж дуусгасан. Энэ онд нэгдсэн эмнэлгийг мэс заслын тасагтай болгож иж бүрэн тохижуулах, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэнэ. Ойролцоогоор 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орсноос хойш 1684 хүүхэд үйлчлүүлж, 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Энэ талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.БайгальӨвөл томуу, томуу төст өвчний үед ганц ч хүүхдийг газраар хэвтүүлж эмчлээгүй. Орны хүрэлцээ сайн байсан. Тоног төхөөрөмжийн хувьд мэс заслын, цусны төвийн болон нярай хүүхэд эмчлэх, оношлох тоног төхөөрөмжүүд ирсэн байна. Налайх дүүрэгт анх удаа цусны шинжилгээний төвтэй боллоо” хэмээн онцлон хэлсэн юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top