Урин цаг наашлахтай зэрэгцэн Монгол Улсын өнцөг булан бүрт их бүтээн байгуулалт өрнөж эхэлдэг. Тэр дундаас өмнөд хязгаараас “ургаж” буй ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын чимээг онцолж байна. Нэг ёсондоо Өмнөговь аймаг Монгол Улсыг хөгжилд түүчээлж, өмнөд хязгаарт өнгө засч байна гэхэд болно. Аймаг орон нутгийн хувьд ч онцлх зүйлс олонтой. Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох эрдэс баялаг, говь нутгийн үзэсгэлэнт бүрдээрээ дэлхийд гайхагддаг. Мөн улсдаа хамгийн том газар нутагтай төдийгүй эдийн засгийн үзүүлэлт, хүн амын амьжиргааны төвшин өрсөлдөх чадвараар 21 аймгийг тэргүүлдэг, улсын төсвөөс татаас авдаггүй гээд олон талаараа манлайлагч. Гэсэн ч тэд амжилтандаа ханаж хойш суухгүйгээр илүү ихийг хийх бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн ажиллаж байна. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг шинэ түвшинд гаргаж, дан ганц хөрөнгө мөнгө гэлтгүй мэдлэг, туршлага, хариуцлагад суурилсан баг бүрдүүлж эхэлжээ.Ганцхан жишээ дурдахад, бусад аймаг, нийслэлээс чадварлаг боловсон хүчнийг өндөр цалин, ажлын таатай орчин нөхцөл амлан урьж ажиллуулж байгааг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байна.
Өмнөговь аймгийн их бүтээн байгуулалтыг сурвалжлахаар очсон бидэнд Засаг даргын хэвшүүлсэн “Өглөөний цай” уулзалт сонирхолтой санагдав. Ажлын өдрүүдэд өглөө бүр салбар бүрийн төлөөллийг урьж, аймаг орон нутгаа хөгжүүлэх санал санаачлагаа ярилцаж, байр сууриа нэгтгэдэг жишиг тогтжээ. Өнгөрсөн хугацаанд 17 салбарын 260 гаруй төлөөллийг хамруулжээ. Шинийг нэвтрүүлсэн бас нэг үйлчилгээ нь “Өмнөговь-И-Оффис систем” буюу төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжин цаасгүй технологи нэвтэрч, мэдээллийн нэгдсэн сантай болж цахим хэлбэрт шилжсэн анхны аймаг болжээ. Одоогоор 15 сум, 22 агентлагт хэрэгжиж байна. Засаг дарга Н.Наранбаатарын баг өнгөрсөн жилийн ажлаа аймгийнхаа иргэдэд тайлагнав. Өмнөговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 280.7 тэрбум төгрөгт хүрч, 2017 онд бүтээн байгуулалтын ажил хийхэд нийтдээ 73 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ 73 тэрбум төгрөгийн 3.2 тэрбум нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдсэн 60 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн болон төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлжээ. Ажлын үзүүлэлтээс цухас дурдвал, нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой, ЕБС-ийн V сургуулийг ашиглалтад оруулсан. Даланзадгад 3.3 км гэрэлтүүлэгтэй автозам, 11 км явган зам, 7000 м.кв зогсоолыг орон нутгийн төсвийн 3.6 тэрбум төгрөгөөр хийжээ.
Олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг 948 сая төгрөгөөр, Ханбогд суманд иж бүрэн лаборатори бүхий малын эрүүл мэндийн төв байгуулсан. Хавцгайт, Радио хорооллыг цахилгааны шугамд холбож 490 өрх цахилгаанд холбогдож, есөн сумын цэвэр, бохир шугамын асуудлыг шийдвэрлэсэн. “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насны 17600 иргэн эрт илрүүлгийн шилжилгээнд хамруулсан гээд олон ажлыг амжуулжээ. Энэ дундаас “Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих бүрэн нөхцөл бүрдлээ” гэдгийг Н.Наранбаатар дарга онцлов.
Өмнөговь аймгийнхан энэ сарын 18-нд их бүтээн байгуулалтаа эхлүүлж УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймгийн удирдлагууд албан ёсоор тууз хайчлав. Энэ өдөр төрийн байгууллагууд иргэдэд нээлттэй, шуурхай нэг цонхны үйлчилгээ үзүүлсэн юм. Төрийн байгууллагуудын нэгдсэн үйлчилгээнд 33 төрийн байгууллага, 24 аж ахуйн нэгж оролцож, 215 үйлчилгээг 11732 иргэнд хүргэж, үүнээс 4026 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байна. “Ажилтай иргэн- Орлоготой өрх “ ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 53 уул уурхайн болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан 599 ажлын байр нээлттэй зарлан 990 иргэнийг бүртгэж, тухайн өдөр 38 иргэнийг шууд ажлын байранд зуучлан батламж гардуулсан юм. Мөн Өмнөговь аймаг улсдаа анх удаа экобусыг ашиглалтад орууллаа. Даланзадгад хотод энэ өдрөөс эхлэн найман экобус иргэдэд үйлчилж эхлэв. Энэ онд Өмнөговьд анх удаа “Их бүтээн байгуулалтын жил” зарлаж 103.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хэдийгээр урьд өмнө байгаагүй их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч 103.8 тэрбум төгрөгөөр хязгаарлахгүй гэнэ. Олон ажил эхлүүлээд орхих биш гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүн гаргахын тулд тал тал тийш хөрөнгө цацах биш эхний ээлжинд эрүүл мэндийн салбар зэрэг аль чухлыгаа дэмжихээр санал нэгдсэнийг аймгийн удирдлагууд онцолж байв. Эрүүл шүд, Эх хүүхдийн эрүүл мэнд, Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийг хэрэгжүүлж, цахим эмнэлэг, зайн оношлогоог шинээр нэвтрүүлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Түүнчлэн эм мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ур чадварыг дээшлүүлж, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх юм байна.
Тухайлбал, наймдугаар багийн өрхийн эмнэлгийн төвийг шинээр барьж, Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багийн төвийг ч шинэчлэхээр болжээ.
Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн 90 га талбайд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ дунд 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга, орчин үеийн үзмэр үзүүлэнгийн стандарт шаардлага хангасан Монгол Улсад жишиг музей барихаар зураг төслийг бэлэн болгоод байгаа гэнэ. Энэ талаар Засаг дарга Н.Наранбаатар “Зургаан тэрбум төгрөгөөр музей барина. Нэг ёсондоо “Батаар”-ыг авчрахаар гэрийг нь бэлдэж байна. Австралиас үлгэр жишээ авч Монголд байхгүй музей байгуулна” гэв.
Түүнчлэн энэ онд Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, XI цэцэрлэгийг түшиглэж урлагийн заалтай 100 хүүхдийн цэцэрлэг, Номгон суманд 320 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ. Уул уурхай дагаж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын суурьшлыг дагаж аймгийг тэлэх бодлого боловсруулсан байна. Ингэхдээ хуучирсан орон сууцнуудыг нурааж I, II, IV, IX орон сууцыг дахин төлөвлөж ахмад настан, төрийн албан хаагчдаа орон сууцжуулна гэв. Малын түүхий эдийг үнэд оруулж ханшийг тогтвортой барихын тулд зориулалтын мал нядалгааны цех бүхий мах боловсруулах үйлдвэрийг 975 сая төгрөгөөр барихаар болжээ. Энэ мэтчилэн Өмнийн говьд Монголыг хөгжилд түүчээлсэн их бүтээн байгуулалт ид өрнөж байна.
С.Уянга
Сэтгэгдэл ( 0 )