Ажнайн Д.Бат-Эрдэнэ: “Ямар ч дорой буурай Монгол хүний эрх ашиг гадны баян хүний эрх мэдлээс өндөр байх ёстой”

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Төрийн наадмын азарганы түрүүг авсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн өнгөрсөн жил Монголын Морин Спорт Уяачдын Холбооны  дээд шагнал "Молор эрдэнэ" одонгоор шагнуулах үеэрээ тус холбооны дэргэдэх “Дэлхийн Морьтон” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-Бага нас, нутаг ус, говь нутгийн тухай гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлвэл ямар вэ?
-Миний өвөг дээдсийн нутаг бол Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Одоо хүн бүхний яриад байгаа Таван толгой бол миний дээдчүүлийн нутаг ус. Өвөлжөө, хаваржаа нь одоо ч байж л байна. Дээдчүүл маань хурдан хурц морьтой, хурдтай хүмүүс байсан. Өвөөд маань аймгийн наадамд гурван удаа түрүүлсэн хурдан бор морь байсан юм. Би өвөөгийнхөө өвөр дээр эрхэлж өссөн хүүхэд л дээ. Намайг өвөртөлж унтахдаа морь их ярьдаг байсан. Сайн морины тухай үлгэр домог шиг л яриа сонсож өссөн дөө.
 

-Бага насанд тохиолдсон үйл явдал, тийм нэг агшин хором үе үе дурайтал бодогдож санагддаг даа. Таны хувьд тийм үе их тохиодог уу?
-Намайг багад зуны орой манайхан гэрийнхээ гадаа суугаад  бөөндөө  цайлдаг  байв. Гурилтай  шөл идэнгээ хөгшчүүл сайхан яриа өрнүүлнэ. Тэр яриа хөөрөө, говь нутгийн минь зуны тийм нэг сайхан орой үе үе бодогдож, сэтгэлд   дурайтал тодордог юм шүү. Эмээгийн борцтой цай бас бодогдоно оо.

-Багадаа хурдны морь унаж байв уу?
-Үгүй   ээ.   Би   бол   өөрөө   морин   дээр   өсөөгүй. Өвөөгийн маань тэр сайхан яриа хөөрөө, бага насны ой тойнд үлдсэн тэр гоё сэтгэгдлүүд яван явсаар намайг хурдан морьтой холбосон болов уу.

-Сургууль соёлын мөр хөөгөөд нутгаасаа гарсан уу?
-Тийм ээ. Өмнөговь аймагтаа арваа төгсөөд Орос улсад суралцахаар явсан. Философийн чиглэлээр суралцаж, төгсөж ирээд багшилж байгаад 1991 онд хувийн компаниа байгуулсан. Компанийнхаа 20 жилийн ойг энэ намар тэмдэглэнэ дээ.

-Хүлэг морьтой холбоотой тэр сайхан нэрийг яаж олсон бэ. "Ажнай" гэдэг сайхан нэрийг хэрхэн оноосон түүхийг бас сонсьё гэж бодлоо?

-Өвөөгийнхөө ярьж байсан ярианаас улбаалаад л энэ нэрийг сонгосон юм. Багадаа сонссон, үзсэн харсан бүхэн хүний ой тойнд их тод үлддэг шүү дээ. "Ажнай" гэдэг тэр сайхан нэрний тэрхүү мөн чанар, утга агуулгатай нь дүйцэхүйц авч явахыг боддог доо. 

-Хэдэн оноос хурдан морьтой холбогдож, хэзээнээс өөрийн морины тоосыг харж эхлэв дээ?
-1999 оноос л эхтэй юм даа. Адуу судлаач Цэгмид гуайтай би аймгийнхаа Манлай, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций зэрэг сумдаар нэг явсан юм. Шанхайн хэцийн хурдан адууны цөм нутгаар явж Цэгмид гуай тийнхүү судалгаа хийсэн юм. Цэгмид гуай долоон удаа явсан. Шанхайн хэцийн адуунд хулангийн хольц байна уу гэдгийг Цэгмид гуай судалсан юм. Тэр явалтын үеэр говь нутгийнхаа улс олон, уул усыг баярлуулах нэг сайхан наадам хийе гэсэн санаа надад төрсөн юм. Тэгээд "Говь шанхын хурд" наадмыг санаачлан зохион байгуулсан даа. 1999 оны зун анхны наадмаа хийсэн. Тэрнээс хойш дөрвөн жил тутамд тогтмол хийж байна. Уяачид, морь сонирхогч хэн бүхний хүсэн хүлээдэг үйл явдлын нэг болсон.  Энэ зун дөрөв дэх удаагаа зохион байгуулна.

-Анхны наадамд өөрийн морио уралдуулав уу?
-Тийм ээ. Залуу хүн чинь юм болгон дээр л түрүүлчих юмсан гэж боддог, яаруу байдаг юм байна. Их уяач Данзаннямын Даваахүү ахтайгаа танилцлаа. Даваахүү ахад хэллээ. "Би өвөөдөө зориулж, ийм нэг наадам хийхээр болж байгаа. Та энэ наадамд түрүүлэх азарга олж өг" гэлээ. Даваахүү ах хэлж байна. "Түрүүлэх азарга олно гэдэг ч их хэцүү дээ. Ийм сайхан нэртэй наадам санаж сэдсэн хүүтэй уулзаж байна. Ах нь хичээе" гэсэн. Ах тэгээд Хэнтий, Сүхбаатар, Дорнодоор сар гаруй явсан. Тэгээд Дорнодод ийм нэг азарга байна, авах уу гэж асууж байна. Ав аа л гэлээ. Тэгээд миний шөвгөр хул азаргыг олж ирсэн юм. Их ах өөрөө уяж сойсон.Бид Даваахүү ахыгаа "Их ах" гэж авгайлан хүндэлдэг юм.

-Шөвгөр хул азарга тань тэгээд түрүүлсэн үү?
-Айрагдсан. Азарга эргээд манай азарга тасраад явчихсан юм. Даваа ах машины урд суучихаад малгайгаа тэвэрчихсэн "Жамбагын хүрэн ирчихгүй л бол хоёулаа түрүүлнэ дээ" гээд өөрөө бол эргэж ч харж чадахгүй байгаа. Барианд таван км орчим ойртох үед "Ирж байна уу?" гэж асуугаад ах өөрөө эргэж харж чадахгүй яваа. Ахын хэлснээр Жамбагын хүрэн ч ирсэн. Шөвгөр тэгээд айрагдсан. Хөдөө хээр, говийн ганц айлаас өөр айл амьтангүй тийм газар бид их сайхан зохион байгуулсан даа, "Говь шанхын наадам"-аа. Зуугийн мотор хэд хэдийг тавиад шон татаад...Хамт олонтойгоо, нутгийн олонтойгоо нийлээд сайхан наадам хийсэн.

-Нутгийн олон түмэн ч их баярласан биз?
-Нутгийн өвгөд хөгшид бүр их баярласан. "Нутгийнхаа уул ус, лус савдгийг баярлууллаа" гээд зориуд ирж баяр хүргэж байсан. Олон сайхан уяачид, олон ч хурдан хүлгээ авч очсон доо. Анхны тэр уралдаанаас олон ч хүн Манлай уяачийн болзлоо хангаж байсан санагдана.

-Та Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр хоёр чудаа сонгогдон ажилласан Энэ албыг хашиж байхдаа юунд голчлон анхаарч, төвлөрч ажилласан бэ?
-Би энэ хариуцлагатай чухал алба ажлыг найман жил хашсан юм. Их хариуцлагатай, бас буянтай ажил. Монгол наадам гэдэг өргөн цар хүрээтэй үйл явдал шүү дээ. Уяачдын эв нэгдэл улам бүр батжиж, морины үнэ цэнэ өсч, бүх аймагт салбар зөвлөлтэй болж өргөжин тэлсэн. Хамгийн их эв нэгдэлтэй, том сайхан холбоо шүү дээ, манай холбоо чинь. Монгол наадмыг бид 2003 онд хуультай болгосон. Уяачдад цол зэргийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог болов. Уяачдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж их нэмэгдсэн дээ. Миний үед уяачдын холбоо 33 тэргүүлэгчтэй байсан юм. Тэр бүх тэргүүлэгчид хамтраад ажил үйлсээ явуулна. Холбооны нарийн бичгийн дарга А.Баярмагнай ах гол ажлыг нугалдаг байлаа.

-Та өнгөрөгч бар жилд ММСУХ-ны дээд шагнал "Молор эрдэнэ"-ийн эзэн боллоо. Их хүлэгч Хардэл жанжин бэйс Пүрэвжав ноёны дараа хүртсэн хоёр дахь хүн боллоо. Энэ одонгоор шагнуулж байх тэр мөчид танд ямар сэтгэгдэл төрж байсан бол?
-Энэ шагнал бол онцгой шагнал. Гэхдээ би энэ шагналыг өөрөө авна гэж огт бодож, төсөөлж байгаагүй. Намайг ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед энэ шагналыг бий болгосон юм. Монголын морин уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, морины зүтгэлтэнд олгодог энэ шагналыг Хардэл жанжин бэйст нэхэн олгосон, одоо тэр одон шагнал нь Төв музейд байгаа юм. Миний огт бодож төсөөлж байгаагүй энэ одонгоор шагнуулахдаа би маш их догдолсон. Надаас өмнө авах олон уяач, морины зүтгэлтэн байсан ч холбооны бүх тэргүүлэгч санал нэгтэй баталж, надад өгсөн байна. Монголын морины төлөө их том хариуцлага оноож байна гэж ойлгож хүлээж авсан. "Молор эрдэнэ" одонгоор намайг шагнахдаа надтай хамт ажиллаж байсан 33 тэргүүлэгчийн хамтын хөдөлмөрийг, морин уралдааны төлөө санхүүгийн тал дээр гар татаагүй "Ажнай"-н хамт олныг, миний өвөөг давхар шагналаа гэж ойлгосон. Монгол наадам, Монголын морин уралдааны энэ их өв соёл бол Монгол улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Монгол морь бол монголчуудын эв нэгдлийн билэг тэмдэг.

-Нээрэн ч монголчуудын үүх түүх, туулсан зам мөр морьтой холбоотой. Монголчуудын нэг том бахархал юм даа?
-Монголчуудыг морьгүйгээр, эрийн гурван наадамгүйгээр төсөөлөөд үз дээ. Хачин юм болно биз дээ. Наадмын өглөө морио мордуулж байгаа монгол эр хүн ямар том байдаг билээ. Оюун сэтгэлгээний тусгаар тогтнолыг тэндээс л харж болно. Дэлхий дээр Монголоос өөр улс үндэстэн байхгүй юм шиг тийм том байдаг, жирийн нэг малчин монгол. Энэ бол үндэсний бахархал. Цөөхөн монголчууд бид морьтнуудаас суралцах зүйл их байна. Уяачдын холбоон дээр ямар нэг нам эвсэл ярьсан, талцсан юм огт гардаггүй. Ах дүү, нас хүйс, нам эвсэл ер хамаардаггүй. Монгол морь бол хүч чадлын, хүсэл мөрөөдлийн, эв нэгдлийн билэгдэл гэдэг нь эндээс их тод харагддаг.

-Анх "Говъ шанх"-д азаргаа айрагдуулснаас хойш улс, бүсээс олон айраг, түрүү авсан байх. Сэтгэл хөдөлгөсөн олон сайхан наадам, уралдаан олныг үзсэн байж таарна. Тэднээсээ нэг сайхан дурсамж дэлгэнэ үү?
-Тийм ээ, олон айраг, түрүү хүртсэн. Тэр дундаа азарганы айраг, түрүү нэлээд бий. Улсын наадмаас азарганы гурван ч айраг, бүсийн уралдаанаас мөн төдий тооны айраг авсан байх жишээний. Дундговийн 60 жилийн ойн наадамд "Хулан хээр"
азаргатайгаа очсон юм, би. Энэ азарга Жанчив ахаас надад ирсэн байсан. Жааяа ах, Даваахүү ах бид бүгд хамтдаа очсон. Азарга эргээд "Хулан хээр"-ийн ард бусад азарганууд зогсоо юм шиг үлдсэн. Бүр бараагүй хол тасраад явчихсан юм. Бид замд тугтай машинаа зогсоогоод, азаргаа тойруулаад... Арын азаргануудаа хүлээхгүй бол тугтай машин азарга хоёр маань бараагүй тасраад, бусад нь буруу замаар явчихаж мэднэ гэсэндээ тэр. Тэгж нэг наадсан санаанд их тод байна.

-Өмнөговь аймаг хурдтай болж байх шиг байна. Өнгөрсөн жил чансаа өндөр есөн азарганы нэгд Намдагийн Хүрлээгийн халзан азарга орж байсныг санаж байна. Энэ жилийн "Говь шанхын хурд" бас л өтгөн сайхан болно байх?
-Хурдтай болж байнаа. 2003, 2007 оны "Говь шанх"-д Өмнөговь айраг, түрүү цөөтэй байсан. Манай нутгийн залуучууд газар газрын хурд авч ирээд, үржлийн ажил хийгээд, жүчээ бариад...хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Одоо бол айргийн таван морио гадагшаа тийм ч амархан алдаад байхааргүй болсон. Нутагтаа юм хийхэд нутгийнхан маань маш сайхан хүлээж авдаг. Анх "Говь шанхын хурд"-ыг хийж байх үед өөрсдөө л бор зүрхээрээ явж хийж байсан. Одоо бол ивээн тэтгэгчид ч олон болсон. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэгчлэн нутаг усаа баярлуулахын  хэрээр  буянаа хайрлаж, тогтоодог юм байна. Одоо Таван толгой тэр хавь бол дэлхийн анхаарлын төв болчихлоо.
 

-Монголын их говь, тэр тусмаа таны ээж, аавын нутаг Таван толгой дэлхийн баячуудын хорхойг хүргэсэн газар орон болж хувирлаа. Монголын говийн ирээдүйг хэрхэн харж, таамаглаж байна вэ. "Монгол 999" компанийн ТУЗ-ийн даргын хувьд бодож болгоож буй зүйл их байгаа нь мэдээж?
-Хамгийн гол юм бол монголчууд бид өөрсдөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Оюу толгой, Таван толгой үгүйгээр монголчууд бид болоод л байсан. Сонгуулийн амлалт гэх мэт богино хугацааны юмнаас болоод бид ач гучаа хүний нутагт үлдээчих вий дээ гэсэн эмзэглэл төрдөг. Хойч үе маань гадны хүнээс зүгээр л нэг цалин авсан, хөлсний ажилчид болчих вий. Энэ бол Монголын өмч, монгол хүний хөрөнгө байх ёстой гэж би боддог. Ямар ч ядуу зүдүү, дорой буурай монгол хүний эрх ашиг, гадны баян хүний эрх мэдлээс өндөр байх ёстой. Хэрвээ бид асуудлыг ойлголцож чадахгүй бол энэ бүгдийг ойлгох дараагийн үед үлдээх хэрэгтэй.


-Тэдгээр ордыг одоохон эзэмшье гээд яарч сандраад байх хэрэггүй гэж үзэх гээд байна аа даа, та?
-Би өнөөдөр "Таван толгой" ХК-ийн багахан хэсгийг эзэмшиж байна. Хамгийн өндөр татварыг бид л төлдөг, бүхий л ашиг нь монгол хүнд, орон нутагт л ирдэг. Надад багахан хувь нь л ирдэг. Бид, Монголын компаниуд  гадныхнаас дутахгүй чадалтай. Эхлээд үндэсний компаниуддаа санал болгох хэрэгтэй. Цөөхөн монголчууд сайхан ярилцаад асуудлаа шийдэх хэрэгтэй. Үүх түүх ч тийм л байсан. Цаашид ч тийм байна гэдэгт итгэж байна. "Монгол 999"-д 2000 компани бүртгэлтэй. Монголынхоо төлөө нээлттэй оролцсон үйл явдал болсон. Бид энэ том ордыг юм болгох ёстой. Тэрнээс биш сонгууль боллоо, мөнгө хэрэг болоод байна гээд зүгээр самраад хаячихаж огт болохгүй. Тэгэх юм бол хүний идэш л болно.


-Монгол наадам бол Монголын тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж та дээр хэлсэн. Үүнийг улам бүр суурьшиж, даяаршиж байгаа энэ цагт хэрхэн урт удаанаар хадгалж чадах бол?
-Монгол наадмыг аль болох "Ардын наадам" гэдгээр нь байлгах хэрэгтэй. Ардын наадам бол эв нэгдлийн баталгаа, тусгаар тогтнолын баталгаа. Ямар ч жирийн уяач оролцож чаддаг, наадмаа бүрдүүлж чаддаг тэр уламжлалаараа л явах нь зөв. Гадны морьд хэтэрхий ихээр орж ирээд л, зөвхөн мөнгөтэй хүмүүсийн наадам болчихвол бас утгаа алдана. Нөгөө монгол морьдоо уяж, сойдог эрдэм ухаан, нөгөө сайхан бахархал нимгэрэхэд хүрнэ. Ялангуяа, хил хязгаар нутагт аль болох олон адуутай байж, олон наадам, уралдаан болж байвал л сайн. Тэгж гэмээнэ монгол бахархал бий болно, нарийн нандин өв соёлоо хадгалж уламжилсаар байх болно.

Эх сурвалж: “Дэлхийн Морьтон” сэтгүүл
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Top