Манай улсын хөгжлийн салшгүй хэсэг уул, уурхайн салбар болох нь өдөр ирэх тутам тод томруун болсоор байна. Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаггүй аймаг гэж үгүй болжээ. Энэ нь эдийн засагт нааштай үр дүн авчирч байгаа хэдий ч нөгөө талаар байгаль орчны сүйтгэл, орон нутгийн иргэдэд тухайн компаниас ямар ч ашиг тус байхгүй тухай гомдол хаа сайгүй хөврөх болсон.
Харин Өмнөговь аймагт бол байдал өөр байна. Нэгэн цагт "Говьд хүн болж төрөхөөр хангайд буга болж төрсөн нь дээр" гэсэн сөргүү утгатай үг байсан. Өдгөө эсрэгээрээ эргэсэн нь говь нутгийн газрын доорхи баялагтай салшгүй холбоотой. Түүнээс улбаалсан "Өмнөговийн иргэн байх нь яав" хэмээсэн халаглал сонсогддог болов. Учир нь Өмнийн говьд амьдрал буцалж, хөгжил цэцэглэлт явагдахын хэрээр хүн зоны орлого нэмэгдэж бүтээн байгуулалт өрнөж байна. Монголд байтугай дэлхийд алдартай “Оюутолгой”-н зэс-алтны орд, “Тавантолгой”-н нүүрсний ордоос эхлээд Цагаан суварга, Хармагтайн ордууд тус аймагт оршдог. Нүүрсний Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит “Эрдэнэс-Монгол”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иуд өмнөговьчуудын амьдралд нэмэр болж, өмнийн говийн хөгжилд хөрөнгө оруулж байна.
Ялангуяа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нутгийнхаа иргэдэд ээлтэй байгууллага болоод уджээ. Аливаа зүйл урсгалаараа явдаггүй. Бүтэц, зохион байгуулалт, сайн менежмент, багийн тоглолт сайн үр дүн авчирдаг. Өөрөөр хэлбэл, "Тавантолгой" компанийн сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилт ололтууд нь тус компанийн удирдлагын багтай холбоотой нь мэдээж. “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг тус аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр даргалж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж, дэд захирал Батсайхан нарын гүйцэтгэл, зөв, ухаалаг бодлого ч зохих нөлөөгөө үзүүлж байгаа аж. Тэд аймаг орон нутагтаа элэгтэй хандаж, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа нь "Тавантолгой" компани өнгөрсөн жилд 141 тэрбум төгрөгийн ашиг олж, үүний дийлэнх хувийг аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулж буй шийдлээс нь танигдаж байна.
Уурхайн үйл ажиллагаа ямар байх нь компанийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ихээхэн хамааралтай. Компанийн өнгө төрхөөс эхлээд нутаг орны хөгжлийн гэгээ харагдана. 17 үе давхарга бүхий 190 сая тонн нүүрсний нөөцтэй “Таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, менежмент хэдий сайн байна, төдий хэмжээгээр Өмнөговьчуудад ашигтай, амьдралд нь тустай, хөгжилд нь нэмэртэй. Өмнөговьд юу байна, баялаг л байна гээд хаа хамаагүй хүссэн бүхэнд нь тусгай зөвшөөрөл өгөөд байвал өмнийн говийг там болгож, хамаг баялгийг нь цөмөөд хоосон газар үлдээж мэднэ. Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иас хэд дахин том цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани Өмнөговь аймагт цөөнгүй. Харин төрөлх нутгийнх нь иргэдийн амьдралд хэр зэрэг тус дэмтэй байдаг юм бол доо гэсэн бодол төрнө. Өөрөөр хэлбэл, Р.Сэддорж, С.Мөнхбаяр, Батсайхан нарын хамтын хүчээр удирдаж байгаа “Тавантолгой” ХК-иас илүү хөрөнгө оруулалтыг нутаг орондоо хийж буй компани хэд вэ гэдэг асуулт хариулт нэхнэ. Энэ гурван эрхэм Тавантолгой ХК-ийг эвийн хүчээр авч явахын зэрэгцээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын удирдлагуудтай гар, сэтгэл нийлж, залуу хүмүүсийн эрч хүчээр хамтарч ажиллаж байна. Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд аймгийнхаа иргэдийн нүүрсний хөнгөлөлтөд 7.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ийм аймаг хаана ч байхгүй. Энэ бүх хөрөнгө оруулалтыг удирдлагын багийн нарийн тооцоо, судалгаатай ажиллагаа, эв нэгдлийн хүчээр л хийнэ. Дээр өгүүлсэн, 7.1 тэрбум төгрөг бол зөвхөн нүүрсний хөнгөлөлт.
2018 оныг Өмнөговь аймаг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарласан. Үүнийг “Тавантолгой” ХК-ийн удирдлагын баг гар өргөн дэмжжээ. 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Авто зам, гэрэлтүүлэг, орчны тохижилт, сургууль, цэцэрлэг барих гээд олон ажил бий. Уг хөрөнгө оруулалтын 60 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлэхээр тооцоолсон аж. Манай, танай нам гэхгүйгээр нутаг усныхаа төлөө эвлэлдэн ажиллах чухал гэдгийг “Тавантолгой” ХК-ийн удирдлага, Өмнөговь аймгийн удирдлагууд харуулж байх шиг. Эдийн засгийн хямралтай хүндхэн жилүүдэд “Тавантолгой” ХК сайн менежмент, эвтэй удирдлагын багийн хамт олны үр дүнд ямар нэгэн эрсдэл үүрэлгүй гарсан гэдэг. Үүнийгээ дагаад өмнөговьчууд ч ажраагүй биз ээ.
Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн. 2017 онд 450 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улсад 165 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ компанийн хувьцааны ханш 2017 оны нэгдүгээр сараас хойш 7-8 дахин өссөн амжилтыг үзүүлж, Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны хамгийн өсөлттэй хувьцаагаар шалгарсан. Өмнөговиос өөр иргэддээ хувьцааны хишиг хүртээдэг аймаг алга. Улс нь иргэн бүртээ 1072 хувьцаагаа “амь оруулж” өгч чадахгүй байгаа өнөө үед энэ нь сайн жишиг юм. "Тавантолгой" ХК-ийн нэг ширхэг хувьцааны үнэлгээ одоогоор 12 мянга 800 төгрөг хүрээд байгаа бөгөөд 500 сая гаруй хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг ажээ. 2016 оны ногдол ашиг 25 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагтаа өгсөн. Энэ нь Өмнөговь аймагт 2017 онд хийгдсэн бүх бүтээн байгуулалтад үр өгөөжөө өгсөн гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн оны хувьцааны ногдол 2018 онд Өмнөговь аймагт өрнөх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт болж орж ирэх нь ээ. Жижиг буюу орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлага, аймаг орон нутгийн залуу удирдлагууд намаараа талцахгүй зөвхөн нутаг, ард түмнээ гэвэл хэрхэн хөрөнгөжиж, элдэв шуналгүйгээр зүтгэж, зөв менежментээр ажиллавал хэрхэн мөнгө олж, бүтээн байгуулалт өрнүүлж болдгийн үлгэр жишээг харуулсаар байна.
А.Эрдэнэ