14-тэйдээ гэрлэж, 16-тайдаа цэргийн дарга болсон Чан Кайшигийн түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Генералиссимус Чан Кайши Чжэнзян мужид баян худалдаачны гэр бүлд 1887 онд төрж 14 настайдаа эхийнхээ шаардлагаар гэрлэсэн ч 1903 онд 16 настайдаа Фынхуа тойрогт бага сургууль, 1905 оноос Дорнод Чжэнзяны сургуульд суралцаж төгссөний дараа цэргийн мэргэжил эзэмшихээр шийдэв.
Япон орж цэргийн академид элсэх гэсэн боловч Хятадын цэргийн яамны томилолтгүй учир орж чадсангүй ч Шанхай хотын нууц ертөнцийн хаан Чэнь Цзимэйтэй танилцсан нь түүний хойшдын улс төрийн үйл ажиллагаанд их нөлөө үзүүлжээ.
1906 онд эх орондоо Баотяны цэргийн академид элсэж сурлагын амжилтаараа тодорч Японд цэргийн боловсролоо үргэлжлүүлжээ. Гурван жил суралцаж сургуулиа төгсөөд хээрийн их бууны хороонд алба хааж байхдаа Сунь Ятсений байгуулсан Хятадын хувьсгалт холбооны гишүүнээр элсэж хувьсгалын үйлсэд үнэнч байхаа тангараглажээ.
1911 онд Шанхай хотод ирэхэд хятад орон даяар Цинь угсааны хаадын эсрэг тэмцэл ид өрнөж байлаа. Тэр үед голдуу хулсаар зэвсэглэсэн босогчдын багийн ахлагч Чан Кайши байлдааны анхны даалгавраа авч Манжийн хааны Чжэцзян муж хариуцсан амбан захирагчийн Ханжчоу хот дахь өргөөг дайрч амбан захирагчийг баривчилжээ.
Нууц саятан Чэнь Цзимэй Хятадын томоохон хотын амбан захирагчаар томилогдож түүний анд Чан Кайши цэргийн хорооны захирагч болжээ. Тэр үед хувийн цэргийн анги байгуулж, түүндээ "Ногоонтнууд" нэртэй нууц байгууллагын зарим дээрэмчинг авчээ.
1911 оны 12 дугаар сард бослого гарсан мужуудын төлөөлөгчдийн бага хурлаас Сунь Ят Сенийг Хятадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр өргөмжилж, Үндэсний нам Гоминданы нам байгуулах болсноо зарлажээ. Шинэ ерөнхийлөгчийн дотнын анд саятан Чэнь Цзимей улс төрийн шинэ хүчний удирдагч болов. Тус оронд хаант ёсыг сэргэхийг эрмэлзэж байгаа Юань Ши Кайгийн дэглэмийн эсрэг гоминданчууд зэвсэгт тэмцэлд босов.
Шанхай хотын томоохон санхүүч Чжан Цзинцзян Японд цэргийн боловсрол эзэмшсэн, залуу офицер Чан Кайшийг сонирхож түүнийг үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд татан оролцуулж тус хотын санхүүгийн хүчирхэг ертөнцөд татан оруулжээ.
Сунь Ят Сен Бээжин дэх албан ёсны засгийн газрыг сөргүүлэн тус улсын өмнөд хэсэгт 1921 оны тавдугаар сард Кантоны бүгд найрамдах улсыг байгуулж Дотоод явдлын яамны сайдаар Чэнь Цзюнминийг томилсон ч цаадахь нь баян хүмүүүсийн дэмжлэг авч ерөнхийлөгчийн албан тушаалд санаархаж 1922 оны долоодугаар сард халдлага хийв. Сунь Ят Сен "Юнфень" байлдааны хөлөг онгоцоор Кантон хотоос (өнөөгийн Гуандун мужийн Гуанчжоу хот) зугтаахад Чан Кайши хамт явж гоминданы армийн штабын даргаар томилогджээ.
Чан Кайши маш чухал даалгавар авч Гоминданы Хятад улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд туслалцаа хүсэх зорилгоор 1923 оны наймдугаар сард Москва оржээ. Сталин удирдах тушаалын цэргийн дарга нар бэлтгэх сургууль байгуулахад туслалцаа үзүүлэхээ амлажээ. Кантоны хувьсгалт засгийн газрын цэргийн зөвлөх В.Блюхер Хуанпу арал дээрх Цэргийн тусгай Вампу сургуулийг байгуулах ажлыг удирдаж, сургуулийн захирлаар генерал Чан Кайши томилогдож Кантон хотод гарсан "ирээдүйн барууд"-ын хувьсгалын эсэргүү бослогыг дарахад оролцжээ.
1925 оны гуравдугаар сард Гоминданы ерөнхийлөгч Сунь Ят Сен нас барж эрх мэдлийн төлөө амь өрссөн тэмцэлдээн эхэлж аллага, баривчилгааны дараа нэрт нийтлэлч Ван Цзинвэй Засгийн газрын тэргүүн болж Чан Кайши цэргийн удирдлагыг гартаа авчээ. Тэгээд Чан Кайши төрийн дээд эрх мэдэлд хүрэхэд нь саад болж байгаа коммунистуудыг дийлэхээр шийдэхдээ Вампу цэргийн сургуулийн зарим удирдлага, ҮЭ-ийн удирдагчдыг баривчилж ажил хаялтын хорооны зэвсгийг хурааж Кантон хотод хөл хорих цаг тогтоов. Засгийн газрын тэргүүн Ван Цвинвэйг албан тушаалаас нь буулгаж хамтран зүтгэгч Тань Янкайг томилуулсан ч бараг бүх мэдлийг гартаа төвлөрүүлж чаджээ.
Гэхдээ Кантоны засгийн газар ЗХУ, ХКН-тай холбоогоо шууд тасалж зүрхэлсэнгүй, 1926 оны долоодугаар сарын 1-нд Умардын аялалын тухай тунхаглал гаргаж бараг зуун мянган хүнтэй Үндэсний хувьсгалт армийн командлагчаар Чан Кайшиг томилов. Түүний удирдсан 7 корпусаас бүрдэх арми зөвлөлтийн нисгэгчдийн дэмжлэгтэйгээр Цинь хааны генерал У.Пэйфугийн цэргээс хөрш орших Хунань мужийг чөлөөлж Чанша хотыг булаан авав. Дараа нь милитарист генерал Сунь Чуаньфаны захирсан цэргийг бут ниргэж Наньчан, Цзюцзян, Нанжин зэрэг чухал хотуудыг эзлэв. Чан Кайшигийн удирдсан цэрэг Шанхай хотод дөхөн ирэх үед бослого гарч Цинь улсын цэрэг хотыг орхин зугтаж эхлэв. 1927 оны дөрөвдүгээр сарын 12-нд гоминданы цэргүүд Шанхай хотын япон болон европийн орнуудын армиудын хамгаалалтад байгаагаас бусад хэсгийг хяналтдаа авч коммунист нам, ҮЭ-ийн удирдагчид гээд нийтдээ таван мянга орчим хүний амь насыг хороосон байна.
Чан Кайши удирдсан армийн цэргийн тоо бараг гурван зуун мянгад хүрч 1927 оны хавар гэхэд нийт хоёр зуун сая хүн амтай 7 мужийг чөлөөлөөд байх үед Кантон хотод Ван Цзинвэй ирж тэр үед Уханы гэж нэрлэгдэх болсон Засгийн газрын тэргүүнээр дахин томилогдож Чан Кайшийг Үндэсний хувьсгалт армийн командлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргав. Гэвч тэр үед цэргийн их хүч захирч байсан Чан Кайши "Умардын аялалыг амжилттай дуусгах үүргийг авсан" гэж уг тушаалыг эсэргүүцэв.
ХКН-ын захирамжаар Үндэсний хувьсгалт армийн коммунист дарга нарын мэдэлд байдаг хоёр хороо 1926 оны наймдугаар сарын 1-ний өдөр Наньчан хот дахь гоминданы цэргийн ангиудын зэр зэвсгийг хураасан ч Чан Кайшигийн удирдсан цэргийн давшилтад тэссэнгүй, тэнгисийн зүг ухарч Цзянси мужийн хойд хэсэгт ууланд гарч хоргодож амжсан Жу Дэгийн багаас бусад цэрэг нь тарж бутарчээ. Гэхдээ энэ тулалдаан Хятад оронд 22 жил үргэлжилсэн иргэний дайны эхлэл болсон ажээ. 
Чан Кайши 1927 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төр, засгийн эрх мэдлийг булаан авч Гоминданы Төвийн гүйцэтгэх хорооны дарга, Хятад улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж ерөнхийлөгчийн хувьд өөртөө генералиссимус цол олгожээ. Нийслэлээр Нанжин хотыг сонгож эхнэр Сун Цинменээ Империализмыг эсэргүүцсэн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгуулжээ.
Генералиссимус Чан Кайши милитарист генерал Сунь Чуаньфаны цэргийг бут цохиж 1927 оны долоодугаар сард зөвлөлтийн бүх улс төр болон цэргийн зөвлөхүүдийг нутаг буцааж Хунань мужид Мао Зедуны удирдсан "намрын ургацын бослогыг" найм, есдүгээр саруудад зэвсгийн хүчээр даржээ.
1927 оны наймдугаар сарын 8-ны өдөр гэнэт огцорч Япон явж дараа оны нэгдүгээр сарын 6-ны өдөр буцан иржээ. Энэхүү тактикийн ачаар Гоминданы засгийн газарт гарч болзошгүй байсан хагарлыг урьдчилан сэргийлж чаджээ. Бүх албан тушаалдаа дахин томилогдож эх орноо нэгтгэхийн тулд Умардын аялалыг үргэлжлүүлэхийг тушаав. Шаньси мужийн цэргийн захирагч Ень Сишаний цэргийг нэгтгэснээр цэргийн тоогоо 700 мянгад хүргэж Хаунхэ голыг гаталж 1928 оны зургаадугаар сарын 4-нд Бээжин хотыг гартаа оруулав. Манжуурын зүг ухарсан Умард Хятадын милитаристуудын армийн командлагч маршал Жан Золиний суусан галт тэргийг япончууд Мүгдэн хотын ойролцоо дэлбэлж түүний оронд хүү "залуу маршал" Жан Сюэлян нь томилогдоход гоминданчууд түүнтэй тэр даруй хэлхээ холбоо тогтоов.
1928 онд японтой дайтах нь тодорхой болж тавдугаар сард Цзинани хотын ойролцоо анхны байлдаан болжээ. Чан Кайши 1928 оны намар хоёр сая гаруй хүнтэй армиа удирдаж ХКН-ын цэрэг байрласан "зөвлөлтийн бүс нутаг" руу таван удаа давшилт хийснээс Германы Жанжин штабын даргын албан тушаалаас огцорсон генерал Ганс фон Сектийн удирдсан зөвлөхүүдийн тусламжтайгаар хийсэн тав дахь давшилт нь амжилттай болж Хятадын улаан арми монголын хилийн зүгт ухарчээ.
1931 оны есдүгээр сараас хятад, японы дайн эхэлж япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэсэн байв. 1932 оны нэгдүгээр сарын сүүлчээр японы адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улсыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ.
Генералиссимус Чан Кайши хятадын Улаан армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй.
Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ.
Японтой дайн хийж эхлэх үед Чан Кайши тааруу сургагдсан 1 сая 900 мянган цэрэг, 500 нисэх онгоц, 70 танк, 1 мянга гаруй их буу, хуучирсан 10 байлдааны усан хөлөг, 15 харуулын болон минтээгч завьтай байв. Япончуудын эсрэг тэмцэлд зөвлөлтийн хилийн бүс нутагт 150 мянган хүнтэй партизаны армитай ХКН-ыг Чан Кайши дэмжиж тэднээс 45 мянган партизантай хамтран Наймдугаар аялан байлдах арми байгуулж захирагчаар нь Чжу Дэг томилжээ.
Милитарист Япон улс Хятадын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулахад 240-300 мянга орчим хүнтэй 12 дивиз, 1300 орчим танк, 1 мянга орчим танк, хуягт тээвэрлэгч, 1,5 мянган их буу гаргаж тэнгисийн цэргийн тодорхой хүчээр дэмжүүлж генерал С.Хатаг командлагчаар нь томилжээ.
Японы арми эрчтэй давшиж Бээжин хот, Хаунхэ мөрний хойд хэсгийн нутгийг эзлэв. Нанжиний Засгийн газар ЗХУ-д хандаж 1937 оны наймдугаар сарын 21-нд харилцан үл довтлолцох тухай гэрээ байгуулснаар зевлөлтийн тусламж ирж 1939 оны хоёрдугаар сар гэхэд Хятадад зөвлөлтийн 3665 цэргийн мэргэжилтэн байлдааны ажиллагаанд оролцож байлаа.
1937 оны 12 дугаар сард Шанхайгаас давшсан японы цэрэг Гоминданы нийслэл Нанжин хотыг эзлэж ширүүн тулалдаанд хятадын арми бараг бүх танк, нисэх онгоцоо алдаж Чан Кайши нийслэлээ Ханькоу хотод нүүлгэн шилжүүлэв. Тэрбээр цэргийн хүчээ сэлбэж 1939 оны дунд үе гэхэд гурван саяд хүргэж Тайэрчжуаны ойролцоо болсон байлдаанд дайсанд их хохирол учруулжээ. Гэвч япончууд сөрөг дайралт хийж Ханькоу хотыг булаан авч Чан Кайши нийслэлээ Чунцин хот руу нүүлгэв.
Номхон далайд болж байсан байлдааны ажиллагааны шалтгаанаар япончууд Хятад дахь байлдааны ажиллагааг намжаажээ. Гэвч 1945 оны эхээр өргөн давшилт хийсэн ч хятадын цэрэг Чандэ, Чжэнзян голуудын орчим зогсоож чаджээ.
1945 оны таваас наймдугаар саруудад гоминданы командлал сөрөг давшилтад орж Кантон хотын ойролцоо японы зуун мянга орчим хүнтэй бүлэглэлийг бүслэв. Наймдугаар сарын 8-нд ЗХУ Японд дайн зарлаж Квантуны армийг бут ниргэж буулган авав.
Хятад дахь иргэний дайн наймдугаар сараас дахин өрнөж Квантуны армиас олзолсон зэр зэвсгийг зөвлөлтийн армиас шилжүүлэн авсан ХКН-ын улаан арми улс орныхоо умард дорнод хэсгийн өргөн уудам нутгийг чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлж 1948 оны 11 сар гэхэд Манжуурыг мэдэлдээ авч чадав. АНУ Гоминданы Засгийн газрыг Мао Зедуний толгойлсон ХКН-тай эвлэрүүлэх гэж оролдоод бүтэлгүйтэв.
ХКН-ын цэрэг давшсаар гоминданы цэрэг аргагүй тул ухарч Чан Кайши 1949 оны нэгдүгээр сард Хятадын улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч удалгүй түүний удирдсан гоминданы дэглэм нуран унажээ.
Чан Кайши мөн оны 12 дугаар сард үнэнч цэргүүдээ дагуулан Тайваны арал, далайн эргийн Цюэмоу, Дачэнь, Мацу арлуудад ирж сууршив. Коммунист дэглэм Тайваньд халдсан тохиолдолд Америкийн тэнгисийн цэргийн Долоодугаар флот түүнийг хамгаалах болно гэж Вашингтон албан ёсоор мэдэгджээ.
1949 оны есдүгээр сарын 21-нд Бээжинд БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Тайваны арал дээр ерөнхийлөгч, генералиссимус Чан Кайшигийн толгойлсон Гоминданы хятад улс байгуулагдаж дэлхийн газрын зураг дээр хоёр Хятад улс бий болжээ.
Чан Кайши 1975 оны 04 сарын 05-нд нас барсан юм.

 

С.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2018 оны 04 сарын 09

mgliin tusgaar togtnoliig huleen zovchoorohgui baisan lagaig yundni bichij baidgiin

0  |  0
Top