Ж.Энхбаяр: Монгол улсын ”Цахим бодлого”-ыг тодорхойлоход хамтран, дэмжиж ажиллахыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн загварыг ашиглан, Монгол Улсын эдийн засагт шинэ гарц боломжийг бий болгох ажлыг төрөөс дэмжихээр “Цахим бодлогын түр хороо”  байгуулах санаачилга Ж.Энхбаяр гишүүн гаргажээ. Энэхүү түр хороо баялаг бүтээх, төрийн үйлчилгээг ил тод болгох, мөн төрийн албыг цомхон чадварлаг шуурхай байх арга замыг эрхлэн хариуцна. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг цахим шилжилтийн явцад тулгарах асуудлуудыг шийдвэрлэх үүрэг хүлээх юм.


Сүүлийн үед БНСУ, Япон, Эстони, Гүрж, ОХУ, БНХАУ, Израйль зэрэг олон улс цахим технологи ашиглан , төрийн үйлчилгээний аливаа дарамт, хүнд суртал, авилгыг устгаж, иргэдийнхээ төрд итгэх итгэл үнэмшлийг бэхжүүлсэн сайн жишээг бэлхнээ харж байна. Тиймээс эдийн засаг, улс төр, нийгэм соёлын бүхий л асуудлыг хүртээмжтэй, шуурхай, шударгаар шийдэн, нэмүү өртөг шингэсэн, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг шинээр боловсруулж, баялаг бүтээх шилдэг санаануудыг мөн энэхүү түр хороо хариуцан дэмжиж үйл ажиллагаандаа тусгах юм байна. Монголчууд газар зүйн байршлаас үл хамааран, дэлхийн зах зээлд шинэ санаагаа нэвтрүүлэх, ашиг орлого олж, хөгжлийн шинэ түвшинд хүрэх замыг боловсруулах чиг үүрэг бүхий Цахим бодлогын түр хороо нийгэмд бий болгох эерэг өөрчлөлтүүдээ дараах байдлаар төлөвлөжээ.



Юун түрүүн мэдээллийн технологийн хөгжлийг судалж, хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлно. Мөн цахим шилжилт хийх арга зам, хөрөнгө оруулалт эрэлхийлж, дотоодын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэх асуудлыг судлах юм. Хамгийн гол нь төрийн ажил үйлчилгээг цахимжуулж, цомхон чадварлаг баг ил тод, шуурхай, шударгаар иргэдэд хүргэдэг болсноор төрөөс үүдсэн нийгмийн стрессийг багасгах санал боловсруулна. Үүний тулд парламентын бүтцийн байгууллага буюу түр хороог байгуулж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон, иргэдэд чиглэсэн, бодит үр дүн гарахуйц санал санаачилга гаргах ажээ. Ийнхүү цахимжсан төр, гаргасан хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавихад ч ахиц гаргах нь тодорхой.
Нийгэмд гарч буй эерэг өөрчлөлт, хөгжлийн шинэ чиг хандлагыг дэмжихийн тулд Мэргэжлийн холбоод болох Монголын Програм хамгамж үйлдвэрлэгчдийн холбоо/MOSA/, нийт програмистууд, мэдээллийн технологийн чиглэлээр ажилдаг эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, дэлхий дахинаа мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа Монгол залуучууд та бүхнийг Монгол улсын "Цахим бодлого"-ыг тодорхойлоход хамтран, дэмжиж ажиллахыг уриалж байна гэж эрхэм гишүүн хэллээ.

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.43.138) 2018 оны 04 сарын 13

Маш зөв.Цахим бодлогын асуудал улс орны тусгаар тогтнол,аюулгүй байдалтай салшгүй асуудал нэгэнт болсон.Энэ чиглэлээр хийх зүйл маш их байна.Монгол энэ асуудалд хангалтгүй анхаарч байгаа.

0  |  0
Top