Монгол эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө хүчирхийлэлд амьдардаг

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 15

  Дахин тэвчихгүй

 Нийгэмд өдөр бүр хүчирхийллийн тухай хар бараан мэдээ түгэх боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлэн, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Охины аав олон хоног, сар сэтгэлийн зовлонтой явсаар сэтгэцийн эмгэгтэй болсон тухай мэдээлсэн. Сэжигтний нэгнийх нь өвөө хохирогчийн ээжийг “Та нар яаж ч чадахгүй би 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн” гэж салаавч үзүүлэн дарамталсан. 13 настай охиныг архи уусны улмаас хордож нас барсан тухай дүгнэлт хүртэл гаргуулсан гээд энэ хэрэг багагүй дуулиан дагуулж, иргэдийг бухимдууллаа. Замын-Үүд суманд аавтай нь архи уусан зочид буудлын эзэн ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчирхийлж нийгмийг цочирдуулсан.  Энэ мэдээлэл  гарснаас хойш О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нарын 6-7 залуу ээж сайн дураараа нэгдэн   хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриалж 10-аадхан хоногийн дотор 400 мянган дэмжигчтэй болсон. Тэд “Дахин тэвчихгүй” хүчирхийллийн эсрэг жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахад олон арван ээж, аавууд залуучууд нэгдсэн нь хүчирхийлэл манай нийгэмд ямар байгааг илэрхийлсэн нэг хэлбэр байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг “ДАХИН ТЭВЧИХГҮЙ”  гэж хэлэх хүсэлтэй хэдэн арван, ээж, хүүхдүүд байгаа. Тэдний хувь тавилан яах вэ. Хүчирхийллийг ойр дотны хамаатан садан нь голчлон үйлддэг нь тодорхой болсон зүйл.

Цаазын ял хүчирхийллийг бууруулна, бууруулахгүй

Ерөнхийлөгч бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтнийг цаазлах саналыг судлах ажлын хэсэг гаргасан. Судалгаа хийлгэсэн, хэлэлцүүлэг  өрнүүлсэн. Иргэд янз бүрээр хүлээж авсан. Насаар нь хорих хэрэгтэй гэх нь байхад цаазлахыг хүсэгчид цөөнгүй. Зарим судлаач “Цаазын ял сэргээснээр гэмт хэргийн хүчирхийллийн тоо буурахгүй” гэдэг. Улс төрчид ч Монгол Улс цаазын ялгүй орон болсон учраас  сэргээх боломжгүй  гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Цаазын ялгүй учраас дээд тал нь хүчирхийлэгчид 25 жилийн ял оноохоор байна.  Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэг Э.Ванданваанчигт Баянзүрх дүүргийн шүүхээс 18 жилийн хорих ял оноожээ. Хойд эцэг 18 жилийн дараа шоронгоос гараад ирэх бол таван настай охин насан  туршдаа айдастай, сэтгэлийн шархтай явна шүү дээ. Шүүх хуулийн хүрээнд шийдсэн. Цаазлах биш хүчирхийлэгчийг тайган болгох, 50, 80, 100 жилийн хорих ялаар шийтгэдэг байх санал ч зарим иргэнээс гарсаар.

           Гурван өрх тутмын нэгэнд нь хүчирхийлэл үйлдэгддэг

Ийм судалгааг олон улсын байгууллагаас 2017 онд гаргаж байжээ. Гурван өрх тутмын нэгд нь хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Мэдээж, хохирогчдын 90 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эхнэр, нөхөр салахад хамгийн их хохирдог  нь хүүхэд. Монгол эмэгтэйчүүдийн 30 хувь нь амьдралынхаа туршид  нөхрийнхөө хүчирхийлэлд байдаг гэнэ. Уг нь манай улсад Арабын зарим орон шиг дайн дажин, Африкийн орнууд шиг  өлсгөлөн, өвчин тахал гараад байдаггүй.  Үүнийг ч олон улсын судалгаа нотолдог.  Энэ судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн 53 хувь нь нийгмээ ажиллаж, амьдрахад  аюулгүй,тайван гэсэн бол 47 хувь нь нийгмээ аюултай гэжээ.  Жорж Тауны Их сургуулиас Эмэгтэйчүүд, энх тайван аюулгүй байдлын индексийг  танилцуулахад 183 орноос манай улс 39 дүгээр байрт жагсжээ. Энэ жагсаалтыг Сингапур улс тэргүүлдэг гэнэ. Манайд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх хангагддаг гэсэн үг. Гэтэл ийм тайван оронд яагаад хүчирхийлэл үйлдэгдээд байна вэ. Ядуурал, ажилгүйдэл, архидалттай л холбогдоно. 

 

Хүчирхийлэл үйлдэж байгааг мэдээлээгүй бол 240 мянган төгрөгөөр торгуулна

Хөрш айлд нөхөр нь эхнэр, хүүхдээ зоддог бол хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан цагаас хойш цагдаагийн байгууллагад энэ төрлийн дуудлага ирэх нь эрс нэмэгдсэн байна. 2018 он гараад өнөөг хүртэл  7399 дуудлага  иржээ. Өмнөх оных мөн үетэй харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт гэнэ. Иргэд үүргээ ухамсарлах, эрх зүйн мэдлэг нь нэмэгдсэнтэй холбож ч тайлбарлаж болохоор.  Нийслэлийн Цагдаагийн газрын Хохирогч түр хамгаалах байраар  2017 онд  1378 иргэн үйлчлүүлсэн бөгөөд  89 нь дахин хүчирхийлэлд өртсөн иргэд байжээ. Зарим дүүргийн цагдаагийн байгууллага, аймгуудад хохирогчийг хамгаалах байрууд бий болж буй нь сайн хэрэг. Байртай гээд хохирогч аюулгүй гэсэн үг биш. Хэдэн жилийн өмнөөс хамгаалах байрнаас гарч явсан эмэгтэйг нөхөр нь отож байгаад хутгалж хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч байлаа. Болгоомжлол илүүдэхгүй.

Өмнөд Африкт гурван минут тутамд нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөг

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд хамгийн өртдөг эхний 10-т ямар улс орнууд жагсдаг  бол. Африк тивдээ хөгжилтэй орны тоонд тэргүүлэх  хэмжээнд байдаг, Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан Өмнөд Африкийн Бүгд найрамдах энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ улсад бага насны хүүхэд хүчирхийлэх явдал бараг энгийн үзэгдэл шиг болсон бололтой. Гурван минут тутамд нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Тус улсын насанд хүрсэн дөрвөн эрэгтэй тутмын нэг нь, 11-ээс дээш настай хүүхдүүдийн 62 хувь нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд ордог  гэсэн судалгаа гарсан байдаг аж.  Бэлгийн хүчирхийлэлд өртөх охид, бүсгүйчүүдийн нас жил ирэх тусам залуужсаар зургаан настай охин хүчирхийлэлд өртсөн байх бөгөөд Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын  халдвар авах  эрсдэл ч нэмэгдсэн байх юм.

Энэтхэгт найман  настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн

Удаад нь Африкийн тивийн Чад улс гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их гардаг хэмээн бичигджээ. Энэтхэг, Зимбабаев, АНУ, Их Британи бичигдэж байна. Тус улсад бүлэглэл хүчирхийлэл хийсэн залууст цаазын ял оноож байсан.  Гэвч жилд хүчирхийлэл 300 хувиар нэмэгддэг гэнэ. Хамгийн сүүлд найман сартай хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарчээ.  Их Британид 200 эрэгтэй тутмын нэг нь хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтон байдаг бол 20 хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг ажээ.

Ардчиллаар үлгэрлэгч, хөгжлөөрөө тэргүүлэгч Америкт ч хүчирхийлэл бий

Дэлхийд ардчиллын өлгийн нутаг, хөгжлөөрөө тэргүүлэгч, дайн байлдаан хийдгээрээ “Дэлхийн цагдаа” хэмээн нэрлэгдсэн АНУ хүүхдийн хүчирхийллээр дэлхийн эхний 10 улсын жагсаалтад багтсан нь хачирхалтай санагдаж байж ч мэдэх юм. Тус улсад нэг жил мэндэлсэн хүүхдүүдийн 500 мянга нь 18 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг улсыг Чад тэргүүлж байна

Мөн гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг  10 улс орныг ч нэрлэсэн байна. Энэ жагсаалтыг Африк тивийн Чад улс тэргүүлжээ. Эл улсад эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, хулгайлах,  бие эрхтнийг зэрэмдэглэх хэрэг их үйлдэгддэг учраас жагсаалтыг тэргүүлсэн бололтой. Бас нэг хүчин зүйл нь эмэгтэй хүн бол эрчүүдийн өмч гэх  уламжлалт гэмээр үзэгдэл нь хүчирхийллийн эх үүсвэр  байж мэдэх нь.  Удаад нь Афганистан, Конго, Судан, Гватемаль, Мали, Сомали, Энэтхэг, Пакистан, Ирак бичигдсэн байх юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (112.72.14.73) 2018 оны 04 сарын 16

Хүчирхийлэл байсаар байх болно

0  |  0
Top