Хон Хэрээдийн Б.Энхбат: Тархи угаах үйлдвэр

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

Хон хэрээд овогт Б.Энхбат би одоогоос 23 жилийн өмнө буюу 1995 онд ийм нэгэн нийтлэлийг бичиж “Монголын Залуучууд” сонинд хэвлүүлж байжээ. Та бүхэн уг нийтлэлийг энэ цаг дор дахин нэг үзнэ үү?


ХОН ХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТ: ТАРХИ УГААХ ҮЙЛДВЭР

(“МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД” сонин. 1995 он. № 10-д хэвлэгдсэн. Товчлон оруулав.)

    “Чөлөөт хэвлэл”, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” аль ч улсын хувьд эх орондоо хүчирхэг засаглал тогтоох нэг гол тулгуур, ард түмнээ дуртай хэлбэрээрээ залан жолоодох нэгэн гол хүчирхэг хэрэгсэл нь байдаг. Тиймээс ч зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн бүхий л улс оронд “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүд Төрийн хяналтанд, ард түмний мэдэлд байдаг. Жишээ нь өнөөдөр хөгжлөөрөө дэлхийг шуугиулж байгаа Япон улсад гэхэд л аливаа нэгэн харь, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг эх орондоо Төрийн хяналтгүйгээрээ нэвтрүүлэхийг эрс хориглодог.

 
    Яагаад гэвэл тэд “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдийн үйл ажиллагааг “БРЕЙН УОШИНГ ИНДАСТРИ” ( Brain washing industry) буюу Монголоор “ТАРХИ УГААХ ҮЙЛДВЭР” гэдэг. Орчин үед зах зээл бүрэн утгаараа зөв хөгжсөн хүчирхэг улс гүрнүүдийн төр засаг энэхүү “тархи угаах үйлдвэр” хэмээх нэр томьёонд багтах ямарч байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоос цаг ямагт зайлсхийдэг ч тэднийг Төр Засгийн Газрынхаа онцгой хяналтанд байнга байлгаж, аливаа нэгэн “тархи угаах үйлдвэр”-үүдийг ямарч нөхцөлд “үнэн зөв”, “шударга зарчим”-аар л ажиллах ганцхан шаардлагыг л тэдэнд тавьж, энэ шаардлагыг зөрчвөл тэрхүү “тархи угаах үйлдвэр”-ийг хүчээр хааж тараадаг журамтай.
         Яагаад гэвэл орчин үед аливаа нэгэн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэдэг манай гариг дээрх аль ч улс орны хувьд тусгаар тогтнол, эрх чөлөөний нь нэг гол баталгаа, Төрөөс ард түмнээ удирдаж залан жолоодох хүчирхэг нэгэн зэвсэг болж байдаг. Учир нь аль нэгэн улс гүрэнд байгаа элдэв “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдийн хүчээр тухайн орны ард түмнийг яаж ч хуурч, хүмүүсийг янз бүрийн суртал ухуулгын аргаар хаашаа ч эргүүлэн хөдөлгөж болдог. Гэтэл өнөөдөр манай Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдийг буюу “тархи угаах үйлдвэр”-үүдийг Төр Засгийн Газрынхаа хяналтаас гарган зөнд нь хаяж, энэ алдааг нь гадны харь улс гүрнүүд овжин ашиглаж Монгол Улсад “Эн Эч Кей”, “Си Эн Эн” болон бусад янз бүрийн харь улсын далд санхүүжилтээр бий болсон “Кабелийн телевиз”-үүд нэртэй элдэв “тархи угаах үйлдвэр”-үүд олноор байгуулагдаж өмнө нь байсан Орос, Хятад хоёр хөршийн хуучин “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдийн алсын хараатай нууц зорилготой мэдээллүүдийн шүршүүр дээр хүч нэмэн гадны элдэв далд хар хорон санаат суртал нэвтрүүлгүүдийн бөөн бөөн хар үүлүүдийг бидний цөөхөн Монголчуудын толгой дээр хуралдуулах болов. Монголчуудын хувьд хамгийн эмзэг хэсэг нь бидний уураг тархинд орших хүнлэг, итгэмтгий цагаан цайлган сэтгэл маань билээ. Гэтэл хөөрхий ард түмнийхээ энэ тансаг зүйлийг цэвэр байлгаж ард түмнийхээ “ариун тархийг зөв зүйлээр гэгээрүүлэн тэтгэж явах” гол үйлдвэрүүд болох хэвлэл мэдээллийн салбараа Монгол Улсын Төр Засаг өөрсдийн хяналтаасаа алдаж зөнд нь орхисноос “Халуун хөнжил”, “Айдас-Дайдас”, “Шуугиан”, “Монгол таймс”... гэх мэт элдэв гаж зүйл, аллага хүчирхийлэл, садар самуун сурталчлах “тархи угаах үйлдвэр”-үүд олноор бий болон Монголчуудын тархийг хордуулан угааж эхэллээ.


    Өнөөдөр манай Монгол Улсад садар самуун, аллага хүчирхийлэл ихээр сурталчилсан материалтай сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлгүүд замбараагүй болж, тэдгээрийг захын л нэг архичин, янз бүрийн сэтгэцийн хүнд, хөнгөн эмгэгтэй хүмүүс, бага насны хүүхдүүд хаа дуртай газраа хүссэн хэмжээгээрээ үзэж байна.
Энэ болно гэж үү? Аллага хүчирхийлэл, садар самуун явдлыг түгээсэн эдгээр “тархи угаах үйлдвэр”-үүдийн аймшигт хоронд тархи нь хордсон хүмүүс янз бүрийн гэмт хэрэг үйлдэж, аллага, хүчирхийлэл хийх нь эрс ихсэнэ шүү дээ. Үүнд хэн буруутай вэ? Буруутны гэм зэмийн ихэнх хувийг дээрхи “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүд хүлээх учиртай. Тэгэхлээр эдгээр “тархи угаах үйлдвэр”-үүд өөрсдийн нь хийсэн үйлийн үрийг энэ цаг дор хийгээд ирээдүйд хэн амсах болж байгааг одоо эргэж нэг хармаар байна. Учир нь аливаа нэгэн улс гүрний нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй янз бүрийн “тархи угаах үйлдвэр”-үүдийн гаргах эцсийн бүтээгдэхүүнүүд нь тухайн улс орныхоо ард түмний ирээдүйн хувь заяанд асар их нөлөө үзүүлдэг жамтай.


    Аливаа “Чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл” гэгч аль ч улс оронд тухайн улсынхаа шилдэг шударга сэтгүүлч мэрэгжилтэнгүүдийнхээ гарт байж, улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалах үзэл санаанд үйлчилж байх учиртай. Яагаад гэвэл ямарч улс оронд “тархи угаах үйлдвэр”-үүдээ элдэв хар хорон санаат луйварчид, янз бүрийн харь хүмүүсийн гарт өгөх, харь улсын мэдэлд алдах гэдэг хамгийн том сүйрлийн нь эхлэл болдог буй. Гэтэл өнөөдөр Монгол Улсад Төр Засаг нь энэхүү “тархи угаах үйлдвэр”-үүдийг элдэв харь улс, янз бүрийн атхаг хар хорон санаат луйварчин хүмүүсийн мэдэлд ямар ч хараа хяналтгүйгээр шилжүүлэх болсноос болж Монголын сэтгүүлч нарын нэр хүнд ард түмнийхээ дунд асар хурднаар унах боллоо. Ингэснээр Монгол Улсад хэвлэл мэдээллийн шударга тогтолцоо таран бутарч, ард түмний үнэн зөв мэдээ, бодит мэдээлэл авах эрх нь хаагдан улмаар “хэвлэл мэдээллийн салбар”-уудад “анарих байдал” ноёрхож, ирээдүйд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн гаднын улсуудын заавраар, алдар нэр ашиг хонжоонд дөрлүүлсэн хар хорон санаатны шунал хүслээр дөрлүүлэн ажиллах аюулын зам тавигдаж эхэллээ.


   Өнөөдөр Монголд жинхэнэ мэргэжлийн өндөр ур чадвартай, сайн боловсролтой сэтгүүлч нар ард түмнийхээ тархийг үнэн зөв мэдээлэл, бодит баримт материалуудаар цэнэглэх ажлаа ёс төртэй шударгаар хийх аргагүй боллоо. Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчийн ур чадварын илрэл болсон үнэн зөв, бодит баримтанд тулгуурласан нийтлэл, мэдээ гэх зэрэг бичлэгийн төрөл зүйл эргээд уг сэтгүүлчдээ гай тарьж, тэр сэтгүүлчийг захын нэг цагдаа дуудан байцаах айлган сүрдүүлэх гэх боллоо. Эх орон, ард түмнийхээ төлөө шударга үг дуугарсныхаа шанд жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч нар аж амьдралын хүнд байдалд орох нь ердийн үзэгдэл боллоо. Ийнхүү Монгол Төрийн өндөр албанд янз бүрийн аргаар шургалан орж Монгол эх орон, Монголын ард түмнийг хайр найргүй шулан мөлжих шунахай луйварчидийг хамгаалдаг, шударга сэтгүүлчдийг хохироодог үзэгдэл Монголд бий болох зам тавигдаж эхэллээ.
Монгол үндэстэн олон зуун жил оршин тогтнож ирсэн бүхий л цаг үеийн түүхэнд ямарч харь улс Монгол эх орон, газар нутаг, Монголын ард түмнийг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авч байгаагүй... Харин орчин үед Монгол оронд янз бүрийн харь улс гүрнүүд элдэв “тархи угаах үйлдвэр”-үүдийг олноор бий болгож түүгээрээ дамжуулан хүмүүсийг тархийг угааж, аажим аажмаар Монгол Улсыг өөрсдийн эрхшээлдээ оруулж эхэллээ. Энэ цаг дор харь хүмүүс буу зэвсгийн хүчээр биш “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдээр буюу янз бүрийн “тархи угаах үйлдвэр”-үүдээр дамжуулан Монголын газар нутаг, ард түмнийг өөрсдийн мэдэлдээ оруулан боолчлох замаа засаж эхэллээ.
Би бага хүүхэд байхдаа ааваасаа, багш нараасаа “ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН” бол “СЭТГЭХҮЙН НУУЦ ДАЙН” байна гэсэн үгийг олонтоо сонсож, сонсох бүрдээ гайхаж явдаг байж билээ... Гэтэл “дэлхийн гуравдугаар дайн” “Хэвлэл мэдээллийн салбар”-т аль эрт эхэлчхэж. Өнөөдөр манай гариг дээрх хүчирхэг улс гүрнүүдийн хоорондын тэмцлийн ихэнх хэсэг “хэвлэл мэдээллийн талбар” дээр болж байна.
Өнөөдөр олон улсын хэмжээнд ч, Монгол улсын хэмжээнд ч элдэв хар хорон санаат хүмүүс өрсөлдөгч нараа “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-ээр элдвээр гүтгэн доромжилж намнах, устгах сүйрүүлэх их давлагаа ид өрнөж байна. Орчин үед хүмүүс дунд тараагдах элдэв “мэдээллийн орон зай”-д өөрсдийн бузар хүсэл харан хорон санаагаа хэрэгжүүлэх үүднээс өрсөлдөгчийнхөө эсрэг “хийсвэр гүтгэлэг түгээх мэдээллийн дайн”-ыг хэн амжилттай хийнэ тэр ялагч болдог болох нэгэн гаж зам бий болж байна. Ийм цаг үед Монгол Улсын Төр Засгийн Газар өөрсдийн гэх “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-гүй, Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулах бүхий л “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-үүдийг өөрсдийн хараа хяналтаас алдан, тэдгээр “тархи угаах үйлдвэр”-үүдийг нь алдар нэр, алт мөнгө, алба тушаалд шунасан, хөрөнгө мөнгөтэй луйварчид хянаж эхэлнэ гэдэг Монгол Улсын газар нутаг, ард түмэн нь олон өлсгөлөн золбин ноход дунд хамгаалах хүнгүй орь ганцаар хаягдсан нялх хүүхэд шиг болно гэсэн үг бус уу?
Хэвлэл мэдээллийн нарийн мэргэжлийн ажилтан “сэтгүүлч” гэдэг өөрийн гэх өвөрмөц онцлогтой нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүнийг хэлдэг. Тиймээс үзэг цаас нийлүүлэн хэдэн үг бичдэг хүн болгон “сэтгүүлч” биш... Ямартаа л манай дэлхий дээрх хамгийн аюултай мэргэжлийн хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эхэнд “сэтгүүлч”, араас нь “уурхайчин” гэж эрэмбэлдэг байхав. Тэгээд ч “сэтгүүлчийн мэргэжлийг тэмцэгчийн мэргэжил” гэдэг, “үзэг барьсан нэг “сэтгүүлч” буу барьсан мянган цэргээс аюултай” хэмээсэн хэлц үг ч бий. 
Яагаад “сэтгүүлч” хүн ийм өндөр хариуцлага үүрч явдаг юм бэ гэвэл “мэдээлэл бол цаг ямагт аливаа нэгэн хүнд шинэ мэдлэг өгч, тэр мэдлэг нь тухайн хүнийхээ үйл ажилд хэрэглэгдэн амжилт ялалтанд хүрэх үйлд нь тус дэм болж явдаг”-т бүх нууц оршино. Гэтэл элдэв “тархи угаах үйлдвэр”-үүдээр дамжин ард иргэдэд хүргэх мэдээлэл буруу, худлаа байх юм бол асар олон хүн хохирдог.
Иймээс л “ТАРХИ УГААХ ҮЙЛДВЭР” гэж хэрэв зөв үйл ажиллагаа явуулбал хүмүүст хамгийн хэрэгтэй, харин буруу үйл ажиллагаа явуулбал хүмүүст хамгийн аюултай гай учруулдаг нэг тийм зүйл байдаг, эх оронд нь байгаа “тархи угаах үйлдвэр”-үүд нь буруу үйл ажиллага улс, үндэстэн мөхөж сүйрэх замруугаа ордог гэдгийг Хон хэрээдийн Хүү би бээр Монголчууддаа сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичив.
Ээ дээ  Энэ “Тархи угаах үйлдвэр”-үүдийн бүтээгдэхүүнүүдэд болгоомжтой л хандаарай... Монголчуудаа.



zindaa.mn

Хон Хэрээдийн Б.Энхбат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 01

ynen zov hudlaa medeeg shudargaar gargaj ilryylj baidag hychtei chadaltai setgyylchidtei hevlel bolon tv mongold heregtei baina, oros ulsiin toriin tv ni mash yhctei temzej mundaag setgyylchidteigee niilj gadnii uhuulga, huuramch zuiliig ilchilj baigaagiinhaa hychind onoodor hychtei uls bolloo,,,mongoliin tor muu l baina daa

0  |  0
mongol(27.123.214.121) 2018 оны 05 сарын 01

Zaluusiin tarhiig munc ih novshoor duurgej baina

0  |  0
Top