Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагсдаг байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг Ататуркийн нэрэмжит 5-р сургууль дээр зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 300 гаруй багш оролцоно. Энэхүү сургалт нь багш, сурган хүмүүжүүлэгчээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох чухал ач холбогдолтой юм.
-ШҮДНИЙ ӨВЧЛӨЛ АЮУЛ ДАГУУЛЖ БАЙНА-
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар
-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар туссан нэг асуудал нь ЕБС- сурч байгаа хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах юм. Судалгааны дүнгээс харахад ЕБС-ийн сурагчдын дунд шүд цоорох өвчин маш өндөр тархалттай байна. Судалгаагаар 87-95 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхдэд 5-8 шүд эмчлэх шаардлагатай гэсэн дүн гарсан. Энэ нь үнэхээр аюул дагуулж байна. Цоорхой шүд олон өвчний үүр уурхай болдог. Тэгэхээр бид эрүүл иргэнийг бэлтгэхийг тулд зайлшгүй энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Гэхдээ энэ зөвхөн эмч нарын ажил биш сургууль, эцэг эх, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч хийж, хэрэгжүүлэх ажил. Үүний дагуу НЗДТГ-аас зохион байгуулж нийслэлийн төрийн өмчит сургуулиудын 1-5 дугаар ангийн багш нарыг тухайн сурагчиддаа хичээл заах гарын авлага бэлдсэн. Мөн нийслэлийн бага ангид хичээл зааж байгаа 4000 гаруй багш нарт сурагчид болон эцэг эхчүүдэд хүрч ажиллах сургалтыг зохион байгуулж байна.
-Сургалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Өсвөр үед нь өөрийнхөө эрүүл мэндэд хандах хандлагыг нь өөрчлөөд тодорхой мэдлэг олгох юм бол цаашдаа маш том хөрөнгө оруулалт болно гэж харж байна. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. Шүд цооролтын тархалт 87-95 хувьтай байгаа нь үндсэндээ бага насны хүүхдүүдийн 10 орчим хувь нь л эрүүл шүдтэй байна гэсэн үг. Гэтэл Японд бол эсрэгээрээ 10 орчим хувь нь шүд цоорох өвчнөөр өвчилдөг. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, аль аль тал нь хариуцлагатай хандаач ээ гэж уриалж байна.
-Шүд цоорох гол шалтгаанууд юу байдаг вэ?
-Олон хүчин зүйл байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ шүдээ зөв угаахыг зааж өгөхгүй байна. Цэцэрлэгт байхаас нь эхлээд шүдээ хэрхэн зөв угаах вэ гэдгийг заах ёстой. Дээр нь хооллолт их чухал. Жишээ нь орой чихэр идээд унтахад тэр хүүхдийн аманд шөнөжингөө шүдийг гэмтээх процесс явагдаж байдаг. Манай эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж байна гээд чихэртэй ундаа их өгч байна. Энэ бол шүдний гол дайсан. Энэ сургалтаар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох юм.
49 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Золжаргал
Өнөөдрийн сургалт маш үр өгөөжтэй болж байна. Би өөрөө бага насны хүүхэдтэй. Тиймээс одооноос эхлээд хүүхдийнхээ шүдийг багаас нь эхэлж арчилж, анхаарал хандуулах ёстой юм байна гэдгийг анхаарч сууна. Хэдийгээр сургуулийн эмч бий ч гэсэн хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаггүй. Багш нар өдөр өдөрт нь зөвлөөд явдаг. Тиймээс мэргэжлийн эмч нар ирээд эцэг эхчүүдэд тусгайлан сургалт явуулбал илүү үр өгөөжтэй юм болов уу. Хүн бүр мэддэг боловч хэвшүүлдэггүй зүйлүүдийн талаар сургалт явагдаж байна. Тухайлбал шүдээ зөв угаах, хоол хүнс хэрэглэхдээ аль болох хатуу зүйл идүүлж бай гэдэг ч юмуу бид үүнийг мэддэг хэрнээ дадал болгодоггүй шүү дээ.
-23 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Нанжид
-Өмнө сонсож байгаагүй мэдээллийг олж авч байна. Эмчийн зөвлөсний дагуу эхлээд өөрийнхөө хүүхдийг ажиглаж байгаад дараа нь сайн мэддэг болсныхоо дараа ангийнхаа хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд нь хэвшүүлэх зөвлөмжүүд их байна. Нэг үеэ бодвол эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд маш их анхаарал хандуулдаг болсон. Бид ч мөн энэ талаар байнга л зааж зөвлөж байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан. Энэ ажлын хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, бусад хамтрагч байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүний нэг нь “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалт юм. Одоогоор сургалтанд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 79 ЕБС-ийн 1-5-р ангийн 2,400 гаруй багшийг хамруулаад байгаа бөгөөд энэ сардаа багтан Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 2,000 гаруй багшийг хамруулахаар төлөвлөжээ.
Д.Амартүвшин
Сэтгэгдэл ( 0 )