1990-ээд оны эхэн үе нийгмийн өөрчлөлт, амаргүй цаг үед Зундуйн Дорж хэмээх эрхэм гал, цогтой тэмцэгчийн дүрээр тодорсон. Хил дамнасан малын хулгай, ер нь мал хулгайлах гэмт хэрэг газар авч байлаа. Увс, Хөвсгөл, Завхан зэрэг аймгийн ОХУ-ын Туватай хиллэдэг нутгийн малчид үйлээ үздэг байв. Хил хязгаар эзгүйдэж эхэлсэн.
Гаднаас нь түгжээд, буудаж сүрдүүлээд хотыг нь харлуулж үлдээсэн, бас хилчдийн амь насанд хүрсэн тохиолдол ч гарсан. Зах хязгаар нутаг эзгүйрч хулгайд малаа алдсан, алдахаас айсан малчид нутгийнхаа гүн рүү нүүж эхэлжээ. Ийм цагт З.Дорж Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж, “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа хагацвал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй” гэсэн алдарт уриа үгээ хэлж, малын хулгайтай тэмцэж, Монголын Үндэсний Олон Нийтийн радиогоор нэвтрүүлгүүд нь явж хэсэг зууртаа доргиосон тэмцэгч байсан. Түүний Душманд буудуулсан нь шүлэг хэрхэн бүтсэн талаар олон жилийн өмнө өөрөө дурссан байдаг. Дайн дажинтай холбоотой, гэмгүй нэгнийг хэрхэн хэрцгийгээр хөнөөж байгаа аймшигт үйл явдлуудтай холбоотой.
Афганистанд Душманд буудуулсан нь
1987 онд томилолт авсан З.Дорж Афганистаны нийслэл Кабулд зочилж, түүнчлэн дайны хөлд нэрвэгдсэн хот, тосгод, газар тариалангийн газраар орж сурвалжилж явжээ. Тухайн үеийн Кабул дахь Монголын Элчин сайдын яамны ажилтантай монгол айлд зочлоод гарахдаа Зөвлөлтийн танк десантаар буулгадаг, шөнийн 22.00 цагаас хойш хөл хорио тогтоодог үеэр зориуд зам гажиж З.Дорж, О.Дамбийням нар давчуу ,гудамжаар явж байгаад душмануудтай тааралдан хоёр удаа буудуулж, амь наана зугтаан өнөөх айлдаа буцаж очжээ.
Тэр үед л З.Дорж Душманд буудуулсан нь шүлгээ бичсэн байна. Мөн душмануудын хэрцгий авирлалын тухайд ч өгүүлсэн байдаг. Дайны үеийн бодит байдал, шашин хоорондын мөргөлдөөнөөс үүдсэн хоёр ч баримтат киног Монгол сурвалжлагчид үзүүлжээ. Нэг нь цэргийн дарга нөхөртэй эмч бүсгүйн тухай. Тэр залуухан эмч өстөн дайсан душмануудыг, шархадсан орос цэргүүдийг ялгаварлан гадуурхахгүй адилхан эмчилж эдгээж байжээ. Гэтэл нэгэн шөнө түүний эмчилж байсан шархадсан душманууд эмч бүсгүйг гэртээ харих замаас нь олзолж, Кабул хотоос холгүй модноос хүлж, түлээний хөрөөгөөр хөндлөн хөрөөдөж хөнөөжээ. Орос бүсгүй бие давхар байсан гэдэг. З.Дорж “Давхар биетэй орос бүсгүйг душманууд түлээний хөрөөгөөр хөндлөн хөрөөдөж буй нь харахаас нүд хальтрам боловч бодит үнэнийг чимэг хачиргүйгээр үзүүлсэн байдаг” гэж бичин үлдээжээ.
Болор цомын тайзан дээр Душманд буудуулсан нь
1990 оны эхэн, дунд үеийн “Болор цом”-ууд гал, цогтой найрагч олонтой жинхэнэ үгэн тулаан болдог байсан. О.Дашбалбар, Д.Цоодол, Д.Төрбат нар ид гялалзсан. З.Дорж тэдний нэг. Болор цомын үеэр З.Дорж алдарт “Душманд буудуулсан нь” шүлгээ уншиж байгаад тайзны урд хөгжимчид суудаг хэсэг рүү уначихсан юм билээ. Хөтлөгч СГЗ Ж.Бямбаа байсан гэсэн санагдана. Хүүе, манай Дорж хаачив.Душманд буудуулсан уу гэж асуух зуурт Дорж гуай тайзны араар тойрон гарч ирээд шүлгээ гал цогтойгоор үргэлжлүүлэн уншжээ. Гавьяат багш агсан П.Рэнжин энэ тухай хуучилж байсан юм. Нэг хэсэгтээ Монголынхоо мал сүргийг хулгай, хулгайчаас хамгаалахын төлөө уйгагүй зүтгэж явсан З.Доржийн тухай цухас дурдахад ийм ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Tur tumnii hair hundetgeliig daalgui arhind gun gunzgii orj delguuriin kasschin ohiniig heleh helehguigeer doromjilj nuurluu ni nulimaj baisniig uuriin nudeer harj blaa.