Морин хуураар дамжуулан Монголчуудын түүх соёл хийгээд оюун сэтгэлгээний гайхамшигт өвийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах үйлсэд хүчин зүтгэж яваа залуу уран бүтээлч Морин хуурын чуулгын концертмейстер, удирдаач Нанзаддоржийн Жигжиддоржтой ярилцлаа.
-Улсын Филармонийн “Морин хуурын чуулга” удахгүй Эрдэнэт хотод “Шилмэл бүтээлийн дээжис” тоглолтоо хүргэх гэж байна. Яагаад Эрдэнэт хотыг сонгох болсон бэ?
-Морин хуурын чуулга жил бүр хөдөө орон нутгуудад тоглолт хийх зорилго тавьдаг. 2017 онд Дорноговь аймагт тоглосон. Мөн өнгөрсөн зун Өмнөговь аймгийн “Гурван тэмээ” жуулчны баазад тоглолтоо хийлээ. Энэ удаа Эрдэнэтэд хийх болсон шалтгаан нь саяхан Эрдэнэт хотын тухай дууны уралдаан болсон. Тэндээс шалгарсан дуунуудыг морин хуурын чуулгын Оркестратай 5-р сарын 12 нд тоглохоор бэлтгэлээ эхэлчихсэн байна. Мөн энэ далимд 13-ны өдөр нь “Уурхайчин” соёлын ордонд Морин хуурын чуулгын “Шилмэл бүтээлийн дээжис”тоглолтыг зохион байгуулахаар болсон. Өмнө 2014 онд очиж тоглож байсан бол дөрвөн жилийн дараа дахин тоглох гэж байна. Энэ тоглолтыг Улсын Филармоноос зохион байгуулж байгаа юм.
- Тоглолтын онцлог нь юу байх бол?
-Филормоны дуучид оролцож байгаа гэдэг утгаараа онцлогтой. Дуучин С.Баттулга, МУГЖ Б.Мөнхбаатар, МУГЖ С.Эрдэнэцэцэг, СТА Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү гэсэн дуучид ая дуугаа өргөнө. Мөн Эрдэнэтийн театраас дуучид оролцоно. Нөгөөтээгүүр үзэгчдийн сонсох дуртай Монгол аялгуу, Сэтгэлийн эгшиг зэрэг бүтээлүүдийг тоглох юм. Хөдөө орон нутагт тоглож байгаагүй сүүлийн үед хийгдсэн шинэлэг уран бүтээлүүдийг багтаая гэж бодож байна. Тухайлбал Жанцанноров гуайн “Бяцхан дууль” зэрэг орон нутагт тоглогдож байгаагүй бүтээлүүдийг эгшиглүүлнэ. Дуу ч мөн ялгаагүй “Цэнхэрийн голоор нутагтай” зэрэг алдартай бүтээлүүд дуулагдана.
-Морин хуурын чуулгын сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач ээ?
-2017 онд Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиосон. Аравдугаар сард ойгоо амжилттай тэмдэглэсэн. Энэ жилийн томоохон уран бүтээл гэвэл дөрөвдүгээр сарын 16-нд хөгжмийн зохиолч Алтангэрэлийн “Tango suit” хэмээх томоохон уран бүтээлийн ард гарлаа. Мөн хэдхэн хоногийн өмнө киноны хөгжмийн шилмэл бүтээлүүдээ толилуулаад байна. Энэ жил уламжлалт тоглолтууд хийхээс гадна өмнө нь хийж байсан тоглолтуудаасаа түүвэрлэн “Шилдэг бүтээлүүд” гэсэн маягаар тоглолтууд хийгдэнэ. Энэ тоглолтын дараа долоо дугаар сард “Монголын сайхан орон” тоглолт болно. Дэлхийн морин хуурын холбоо гэж байгууллага байдаг. Тэргүүн нь Бат-Эрдэнэ гэж хүн бий. Тус холбооноос дөрвөн жилд нэг удаа морин хуурын наадам симпозиумыг зохион байгуулдаг. Энэ жил долоо дугаар сарын эхээр Монголд болно. Дэлхийн олон орноос морин хуурчид ирнэ. Мөн орон нутгаас хуурчдыг урьж оролцуулах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох юм.
-Морин хуурын чуулга 25 нас хүрчээ. Энэ хугацааны ололт амжилтыг та хэрхэн харж байна вэ?
-Үндэсний урлагаа дэлхийн маш олон оронд сурталчилж чадсан. Мэдээж хуурчдын ур чадвар дээшилсэн, урын санд жил бүр шинэчлэл хийдэг учраас баяжсан байна. Үзэгч сонсогчид бүгд мэддэг болсон. Ингээд ярих юм бол хийсэн бүтээсэн зүйл маш их бий.
-Морин хуурчдад төгсөөд ажлын байр хомс байдаг учраас урагшаа /Өвөр монгол/ явж мэргэжлээрээ ажиллах нь их байдаг юм билээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Янз бүрээр л ярьдаг. Өөрсдийнхөө юмыг урагшаа явж заалаа гэх яриа байж л байдаг. Миний хувьд тэрийг айхтар хорьж хаагаад байх шаардлагагүй гэж үздэг. Аливаа юм дэлгэрч хөгжиж л байвал сайн биз дээ. Хамгийн гол нт бид өөрсдөө Монголдоо морин хуурынхаа бодлогыг зөв барьж явах хэрэгтэй. Би илүү гэгээлэгээр харж байна. Нэг үеэ бодвол гадаадын олон орны том сургуулиудад хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн манай үеийн чадвартай залуучууд ар, араасаа төгсөөд ирж байна. Нөгөө талаар хөгжим сонсдог, ойлгодог үзэгчид сонсогчид ч илүү олон болж байгаа.
-Та Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн олон оронд, нэр хүнтэй тайзан дээр тоглож байсан. Ер нь морин хуурыг хөгжмийг аль орны сонсогчид илүү мэдэрч хүлээж авч байгаа ажиглагддаг вэ?
-Гадныхан морин хуурын аялгууг гүн гүнзгий мэдэрч хүлээн авдаг. Гэхдээ Япончууд монгол хөгжмийг арай өөр, илүү ойлгож уярч хүлээж аваад байх шиг санагддаг юм. Азичууд болохоор ч тэр юм уу, дээр нь японы ардын дуунууд манайхтай их төстэй байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 3 )
Завханы Эрдэнэхайрханаас мундаг залуучууд төрөөд байна даа, яруу найрагч О.Цэнд-аюуш, Өндөр гэгээнд тоглосон жүжигчин Лхагавдорж, авьяслаг монголчуудад дэд байр эзэлсэн ёочинчин Бархүү, бест сонгст түрүүлсэн Жавхлантөгс, бүгд ЭРДЭНЭХАЙРХАНЫХ байгаа нь байгалийн сайхнааас болдог бх
amjilt chusei
Жигжиддорж мундаг залуу! Амжилт хvсье!