Хонхны баяраа тэмдэглэж яваад хорвоог орхисон залуус

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Дэгж дэрвэсэн хаврын үзэгдлүүдтэй зэрэгцээд төгсөлтийн баярын сүүлчийн хонх цангинаж эхэллээ. Нууцхан гуниг, нулимстай инээд, дуу хуур, дурсамж хосолсон оюутны сүүлийн хаврынхаа төгсөлтийн баярт бэлдэцгээсэн залуусын "цуваа" хаа сайгүй... Өмсөх хувцас, зүүх гоёлоо бэлдэхтэй зэрэгцээд ууж идэж, наргиж цэнгэх, бас болоогүй дурсамжийн цомог гээд бэлдэж зэхэх зүйл олон. Мэдээж хөнжлийнхөө хэрээр гэдэг шиг
мөнгөлөг оюутнуудын хувьд хэдэн сая төгрөгийг төгсөлтийн баярт зарцуулах тухайгаа ярьж байгаа бол бор амьдралтай оюутнууд боломжийнхоо хэрээр бэлтгэлээ базааж байна. 
Их дээд сургууль болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн тоо жилд дунджаар 54 мянга гэж тооцвол 54 тэрбум төгрөгийг зөвхөн хаврын төгсөлтийн баярт зарцуулж байгаа гэсэн дүн мэдээ ч дуулдаж байна. Өөрөөр хэлбэл, ийм өндөр өртгөөр хонхныхоо баярыг тэмдэглэж байна, оюутнууд. 

Хонхныхоо баяраар харамсах зүйл битгий хий

Сар болгоныхоо 70 мянган төгрөгөөр зад наргидаг оюутнуудын хувьд төгсөлтийн баяраараа нохойн толгой гурав харагдтал уудаг нь худлаа биш. Хонхны баяраар эрүүлжүүлэхийн ачаалалд эрс нэмэгддэг гэнэ лээ. Иймдээ хаврын хаварт ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал хийж, архидан согтууралт гэмт хэргээс сэрэмжтэй байхыг ч анхааруулдаг. Ямар сайндаа л "Хонхны баяраа лонхны баяр бүү болгооч" гэсэн уриалга хүртэл гаргах вэ дээ. Хамгийн харамсалтай нь "Лонхны баяр" тэмдэглэсэн залуучууд учир битүүлгээр амиа алдсан цөөнгүй тохиолдол гардаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд л гэхэд, Их засаг их сургуулийнхан хонхны баяраа тэмдэглэж, улмаар зугаалгаар явж амралтын газарт очсон байдаг.

Энэ үеэр тус сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн төгсөх дамжааны 23 настай эмэгтэй оюутан учир битүүлгээр амь .насаа алдсан тохиолдол гарч байв. Тухайн оюутан ямар шалтгаанаар амь насаа алдсан гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагынхан ажиллаж талийгаач эмэгтэйн биед гаднын шарх сорви байгаагүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гаргасан байдаг.

Дахин нэг жишээ. 2016 оны өдийд нэгэн их сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн гурав хоног зугаалах үед нэг оюутан мөн л учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарч байв. Талийгаачийн биед ямар ч шарх сорви байгаагүй тул золгүй байдлаар амиа алдсан гэж үзэж хэргийг хаасан аж.

Энэ мэтээр хонхны гэх тодотголтой “Лонх”’-ны баярын уршгаар амьдралд хөл тавьж буй хориодхон настай залуус амь насаа алдсаар байх уу. Хүн хэлэхээс нааш гэдэг. Сэрэмж болгоомж хэзээд илүүдэхгүйг санаж, хонхны баяраа тэмдэглэхдээ архи согтууруулах ундаанаас татгалзахыг залуустаа уриалж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu