Мансууруулах бодис хэрэглэх залуусын тоо өссөөр...
Сүүлийн жилүүдэд манай оронд цагаан тахал гэгдэх хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн тархах болсон. Хар тамхийг Манжийн дарлалд байх үед Монголчуудыг дарлах, номхруулах, үндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт тариалж эхэлжээ. Ховд аймагт хар тамхины төрлийн “олс” хэмээх ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хүртэл ургадаг байсан гэдэг. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бөгөөд илүү хортой нь юм. Нөхөн үржихүйн, үнэрлэх, амтлах шинж чанаруудыг алдагдуулдаг бодис. Хар тамхины төрөл болох ”Cannabis” ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болдог гэх судалгаа ч байдаг ажээ.
Хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү гэнэ. Ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг бөгөөд өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог байна. Манай улсад мансууруулах бодис, хар тамхины хэрэглэгч 2002 онд 170 хэрэглэгч бүртгэгдсэн бол өдгөө 560 хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог. Ингэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Дийлэнх нь 19-35 насны залуус. 2014 онд нийслэлийн хэмжээнд хар тамхитай холбоотой хэргээр 21 хүнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авсан удаатай. Урд хөршөөс мансууруулах бодис зөөвөрлөдөг, тээвэрлэдэг бүлгүүдийг цагдаагийнхан илрүүлэн баривчилсан.Чинээлэгдүү, боломжийн амьдралтай залуучууд хар тамхийг хэрэглэх нь элбэг гэдэг. Мансууруулах бодисонд донтож эмчлүүлэгчдийн тоо 2016 онд 30-40 хувиар өссөн байна. Монгол залуучуудын хэрэглээд байгаа бодисууд сэргээшийн төрлийнх гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн зарим сурагч нийн газ үнэрлэж амь насаа алдсан тохиолдол ч гарч байв. Энэ бүхнээс сэрэмжлэхэд хууль хяналтынхнаас гадна эцэг, эхчүүдийн хараа хяналт чухал. Саяхнаас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан, зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Олсны төрлийн ургамал түүдэг, ургадаг аймгуудыг онцолсон нь санамсаргүй зүйл биш. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи ажээ. Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа нь энэ юм. 2018 онд багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс , үлдсэн аймгийн цагдаагийн газруудад энэ төрлийн тоног төхөөрөмжийг хүргүүлэх ажээ. Харин хар тамхины хэрэглээ, хяналтаас алдахгүй байж чадах уу. Хар тамхи хэрэглэж байсан Б-гийн ярианаас товчлон хүргэе. Би анх гурван жилийн өмнө найзынхаа санал болгосноор “мөс” хэрэглэж үзсэн. Түүнээс хойш сарын дараа дахиж татсан. Эхлээд сардаа нэг удаа дараа нь долоо хоногт нэг удаа болсон. Бүр болиод хоногтоо нэг удаа татахыг хичээсэн. Гэвч миний хүссэнээр болоогүй. Хар тамхи хэрэглэснээс хойш би маш хурдан турсан. Бараг нүднээс гарсан. Хүмүүс хар тамхи татсан хүмүүсийг мансуурч, биеэ хянах чадваргүй болдог гэж ойлгодог. “Мөс” бол тийм биш, эсрэгээрээ. Геройн, морфин энэ тэр бол мансууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй бол “мөс” сэргээш гэсэн үг. Бид ямар нэг зүйлээс таашаал авдаг шүү дээ. Хоол идэж, ажлаа бүтээсний дараах мэдрэмж. Тархинд тэр мэдрэмжийг ялгаруулдаг бодисын хэмжээг “мөс” ихэсгэчихдэг. Хүний биед байгаа бүх чадал тэнхээ, нөөцийг шавхаад гаргачихдаг гэж ойлгож болно. Унтаж, ядрахаа мэдэхгүй. Хоол ч идэхгүй хэд хоногоор явна. Би хувьдаа гурав хоног унтахгүй, хоол идэхгүй явж үзсэн. Бүр тав хоног унтаагүй, хооллоогүй яваа нэгэнтэй ч таарсан. Тэр хий зүйл харж, өөртэйгөө ярьж эхэлсэн гэсэн" хэмээн ярьжээ.
Өмнөд хөршид хар тамхи хэрэглэдэг 2.5 сая хүн бий
Монголчууд өмнөд хөршид очиж хар тамхи санаатай, санамсаргүй байдлаар тээвэрлэн баривчлагдаж шоронд орсон, цаазын ял сонссон тохиолдол бий. 2016 онд БНХАУ-ын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчид 2 сая 505 мянга орчим болж энэ тоо өмнөх оноос 6.8 хувиар өсчээ. Үүнээс бараг 60 хувийг 18-35 насныхан эзэлдэг байна. Эдгээр иргэний нэг сая 515 мянга буюу 60 хувь нь химийн нийлмэл мансууруулах бодис, 955 мянга буюу 38.1 хувь нь опиум, 35 мянга буюу 1.4 хувь нь гашиш, кокаин хэрэглэдэг аж. 2016 онд шинээр хэрэглэгчдийн тоо 445 мянга хүрч, химийн нийлмэл мансууруулах бодис хэрэглэгчид 81 хувь, героин гэх мэт бодис хэрэглэгчид 15.8 хувь, гашиш, кокаин хэрэглэгч 3.2 хувь байгаа аж. Манай улстай хил залгаа Өвөрмонголд гар аргаар хийсэн кокаин, өсвөр насны залуучууд ханиад томууны эсрэг хэрэглэдэг “Ке те ин” хэмээх эмийн уусмалыг хэрэглэх болсон нь анхаарал татаж байна. БНХАУ-д сэтгэц мэдрэлд нөлөөлөх шинэ бодис үйлдвэрлэх явдал их байгаа ба үйлдвэрлэх газар, бүс нутаг нь улам өргөжжээ.
2016 онд энэ төрлийн бодис үйлдвэрлэсэн 583 гэмт хэргийг илрүүлж, үйлдвэрийн 438 уурхай, голомтыг устгажээ. Хятадын цагдаагийн байгууллага нэг тонноос дээш хэмжээтэй мансууруулах бодисын 33 хэрэг, 100 кг-аас дээш хэмжээтэй мансууруулах бодисын 78 хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. 2017 онд Хятад улс гадаадын иргэд холбогдсон мансууруулах бодисын 1481 гэмт хэргийг илрүүлж, сэжигтэн 1876 гадаадын иргэнийг баривчлан, 6.6 тонн героин хураан авчээ.
БНХАУ-д хар тамхитай хэрхэн тэмцэж байна вэ?
“Алтан гурвалжин”, “Алтан шинэ сар”-ын бүс нутгийн мансууруулах бодисын хууль бус эргэлтийн хэмжээ өссөн байна. БНХАУ, Бирм, Лаосын мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх байгууллагуудын хамтарсан судалгаагаар 2015-2016 оны ургац ид авч буй үеийн байдлаар Бирмийн хойд бүс нутгийн намуу цэцгийн тариалангийн талбай 665 мянган га-д хүрсэн нь өмнөх жилийнхээс 3.7 хувиар өсч, 600 гаруй тонн хар тамхи, 60 гаруй тонн героин үйлдвэрлэх боломжтой болсон байна. “Алтан гурвалжин”-ы бүс нутгийн героин, мөсөн хэлбэрт мансууруулах бодисын хэмжээ Хятадын дотоод дахь хэмжээнээс 95.2 хувиар их байгаа аж. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, Афганистаны мансууруулах бодистой тэмцэх байгууллагын хамтран гаргасан судалгааны мэдэгдэлд дурдсанаар 2016 онд Афганистаны намуу цэцгийн тариалангийн талбай гурван сая 150 мянган га-д хүрч, 4800 гаруй тонн хар тамхи, 500 тонн героин үйлдвэрлэх боломжтой болж байна. 2016 онд Хятад улс “Алтан шинэ сар”-ын героин хил давуулсан 22 гэмт хэргийг илрүүлж, 24 кг героин хураан авчээ.
Өмнөд Америкаас Хятад руу кокаин оруулах гэмт хэрэг ихэвчлэн Хятадын Гуан Дун, Хонконгоор дамждаг аж.Африк, Өмнөд Америк, Хонконгийн иргэд буухиа шуудангаар бараа илгээх, зорчигчийн гар тээшинд хавчуулах зэрэг хэлбэрээр Гуан Дун, Хонконгт кокаин оруулахыг оролдсоор байдаг гэнэ. 2016 оны сүүлээр Хятад, Лаос, Бирм, Тайланд, Камбож, Вьетнам улсад “Аюулгүй гарц” нэртэй хамтарсан ажиллагаа явуулснаар энэ төрлийн 6476 гэмт хэргийг илрүүлж, 9927 сэжигтнийг баривчлан, 12.7 тонн мансууруулах бодис хураан авч байсан ажээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 2 )
Unen gavyatai hun shuu harangiin lhagva
ХАР ТАМХИ МОНГОЛД АВЧИРСАН ХАРАНГЫН ЛХАГВАСҮРЭНДЭЭ ГАВЬЯАТ ХАЙРЛАДАГ ТӨРТЭЙ БИЛЭЭ БИД!