2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд 57 гишүүн оролцсноос 51 гишүүн дэмжиж 89.5 хувиар хуулийн төслийг дэмжив.
Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны байдлаар манай улсад бүртгэлтэй 155065 аж ахуйн нэгжээс 78585 нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаардаг. Энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байгаа аж.
Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40628 ажлын байр шинээр бий болж, 25417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.
Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газраас удаа дараа авч хэрэгжүүлж ирсэн байна.
Гэвч улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн учраас нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон. Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )