Зуны эхэн сартай зуузай холбож эхэлсэн нэг асуудал бол цалин нэмэгдүүлэх тухай суулт юм. Шинэхэн мэдээлэл сөхвөл өнөөдөр Үйлдвэрсний эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй нөхөд уг суултад нэгдэхээ илэрхийлснээр талбай дээр гараад иржээ. Алба хаагчдын ажил хаялт нь нийгэмд халдварлах магадлалтайгаас гадна зарим нэг улстөрчид ч хувийн тоглолт хийгээд эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан нь ийн хэлэхэд хүргэж байгаа юм. Цалин нэмэгдүүлэх туйлын зөв гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Цалин нэмэх шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Гэхдээ аливаа зүйлд хөндөж болохгүй утга учир гэж бий. Нөгөө талаар улстөрчид хувийн тоглолт хийх нь тийм ч таатай зүйл биш. Учир нь хэдхэн сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, Засгийн газрын танхимд багтаж байсан С.Бямбацогт ийнхүү асуулга тавьж байгаад намынх нь нөхөд болон иргэд олон нийт гайхаж байна.
Яагаад гэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан даруйд ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирсэн. Ингэснээр тэд ойрын хугацаанд цалин тэтгэвэр нэмэх ямар ч боломжгүй. Аяндаа эдийн засаг сайжрахаар бага багаар нэмэх тухай ярьж суусан. Гэтэл “цалин тэтгэвэр нэмэх боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улс орны хөгжил дэвшилд хүн амын боловсрол, эрүүл мэнд, амар тайван аюулгүй байдал чухал үүрэгтэй билээ...” гээд Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ”...иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч....” тусгасан бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд боловсролын салбар, цагдаагийн байгууллагын үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд эмч, багш, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээсэн асуулга тавьсан байх юм.
Үүнийг улстөрчийн хувийнхаа карьерийг өсгөх гэсэн арга ядсан ажиллагаа гэхээс өөрөөр хэлэх үг харагдахгүй байна. Өнөөдөр эдийн засаг бага зэргийн өсөлттэй уул уурхайгаас бага ч атугай хөрөнгө төвлөрч байгаа нь сайн хэрэг. Валютын ханшийн өсөлтийг буулгаад сүйд болоогүй ч хазаарлаж зогсоож чадсан, монгол төгрөгийн худалдан авах чадварт ч өсөлт бий болсон статистик байна. Тиймээс энэ бүхнийг бэхжүүлсний дараа цалин нэмэх эсэх тухай асуудал яригдах ёстой байсан ч ийнхүү дөнгөж хөл дээрээ тэнцэж ядан буй эдийн засгаа буцаагаад дараад авч мэдэхээр харагдана. Энэ зөвхөн хувийн эрх ашгийн төлөө хөөцөлдсөн дээрх улстөрчдийн балаг гэж хэлж болохоор.
Бодит байдлаас харвал өнөө маргаашгүй цалин нэмэх боломж бол тун хомс байгаа. Тэгэхээр энэ асуудал нь зөвхөн улстөрчдийн карьераа өсгөх асуудал болчихоод байна уу даа.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
хэрвээ Төрийн Албыан хаагчидынхаа Цалинг нэмхэд Өргөн хэрэглээны барааны үнэ өсөх учраас Нийгмийн Эмзэг давхарга болох Тэтгэврийн хөгшжүүл, Хөгжилийн бэрхшээлтэй , Өрх толгойлсон Эхчүүдын Тэтгэвэр тэтгэмжийг мөн адил нэмэх хэрэгтэй,