Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч яруу найрагч Д.Цоодолтой ярилцлаа.
-Таныг их Явуугийн алтан шавь нарынх нь нэг гэдэг.Энэ талаар яриагаа эхлэх үү.Явуухуланг агуу их найрагч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.Та яаж яваад энэ их хүний гарынх нь цөөн шавийн нэг болчихов оо?
-1966 онд намайг Төв аймгийн эвлэлийн хороонд зааварлагч хийж байхад Сүрэнжав тэр хоёр хамт очлоо. Би ч хэдэн шүлгээ үзүүлчих санаатай, тэр хоёрын ажил амждаггүй. Сүрэнжавыг муухан танина. Сүрэнжав л их мундаг амьтан цаг бага байна, ирээд хоёр шүлэг унш, илүү хэрэггүй гэнэ. Би ч хоёр шүлэг уншиж өглөө. Гэтэл Явуу багш маань их ойшоож байна. Чи хоосонгүй хүүхэд байна. Над дээр нэг яваад оч. Би “Цог” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичиг гэсэн. Түүнээс хойш их удсан. Ухасхийгээд очих сөгөөгүй байсаар хоёр жилийн дараа хэдэн шүлгээ аваад очлоо доо. Тэгээд нэлээд олон шүлэг Явуугийн өмнөтгөл үгтэй “Цог” сэтгүүлд гаргалаа. Энэ цагаас хойш багш шавь болсон. Төв аймгаас ирээд л багшийн хоолыг идээд хэвтэнэ дээ. Түүнээс хойш бас хоёр жилийн дараа 1970 онд анхны номоо хэвлүүлж байлаа.Үүнийг Явуу багш маань эх барьж авсан. Багш маань надад бусдаас илүү ханддаг байсан. Манай хэдэд хэлэхдээ та нар Цоодолыг уруу татаад архи дарс уулгав аа гэж захих. Харин өнөөх нь аль хэдийн уудгаа уучихдаг, хүнээр заалгах бүү хэл заах маягтай болчихсон л байсан.
-Уран бүтээлчийн жаргал зовлонг та биеэрээ туулсан хүний хувьд охиноо шүлэг бичээд эхлэхэд юу гэж бодов?
-Миний хувьд юу ч бодоогүй. Хуланг шүлэг бичээд эхлэхээр муу ээж нь л их сандарсан даа. Гэрт нэг ажилгүй анхиагүй нөхөр шүлэг яриад байхад ахиад нэг нэмэгдэх нь гэж их сандарсан. Хулан чинь наймдугаар ангиасаа бичиж эхэлсэн.
-Хулан найрагчийг Монгол даяар мэдэх болсон.Та аавын хувд ч тэр, найрагчийн хувиар ч тэр зөвлөгөө өгдөг биз дээ?
-Огт өгч үзээгүй. Тэр ч өөрөө зоргоороо, өөрийнхөөрөө байдаг. Ер нь өөрт оногдсон лайгаа яая гэж байж, хүний лайгаар бас яахав дээ. Миний муу охин чинь их эршүүд хэрнээ хүүхэд шиг амьтан. Анхнаасаа л тэр надад шүлэг үзүүлж байсангүй, би ч үзье гэж байсангүй өнөөдрийг хүрчээ. Тэгээд ч яруу найраг гэдэг чинь хүнд үзүүлэх, заадаг, заалгадаг зүйл биш. Мэргэжил биш.
-Ээжийнх нь сандрах ч аргагүй байхаа.Таны хувьд эрх биш гэр орны ажилд оролцоно биз дээ.Ханийнхаа талаар юу хэлэхсэн бол?
-Гэр орны ажилд үнэхээр муу. Өнгөрсөн хугацаанд амьдралын бүх ачааг муу хань минь үүрч ирсэн. Угааж арчихад Цэвэлмаа, дэлгүүр хоршоо явна мөн л тэр, хүүхдийн хичээл давтуулна мөн л хань минь байсан. Хэрвээ тэр одон тэмдэг өгдөг, шагнадаг эрх надад байдаг бол муу ханьдаа бүгдийг нь авч өгмөөр. Ийм сайн ханьтай байсан даа өдий зэрэгтэй хийж бүтээж ирсэн байх. “Адгийн тэнэг авгайгаа” гэдэг. Миний хувьд бол магтахаас өөр юу хэлэх билээ.
-Таны үед ном хэвлүүлээд их хэмжээний мөнгө авдаг байлаа.Хэдэн төгрөг аваад Юу хийдэг байв?
-Анхны ном цөөн шүлэгтэй бага байсан учраас 2000 мянган төгрөг авсан юм. Тухайн үед ч их мөнгө шүү. Тэгээд л багшийндаа очсон чинь байдаггүй. Тэндээс гараад 2000 мянган төгрөгийнхөө талыг нь найз нартайгаа үрнэ гэсэн бодолтой байсан. Тэгэхэд манай үеийнхэн гээд “авгалдайн шатандаа” яваа хэдэн нөхөр байх. Одоо энэ З.Дорж, С.Оюун, Л.Нямаа, Д.Отгонсүрэн гээд бий. Энэ хэдтэйгээ үзнэ дээ. Би номоо гаргаад шагналынхаа талыг үрэх гэж хотоор 6 хоног тэнэсэн. Тэгээд мөнгөө үзэхэд 1000 цаас ч үрж чадаагүй л байсан. Одоо бодоход бид тэгэж их уудаггүй байжээ. Жаал тэнэж байгаад багшийндаа хүрээд очсон чинь багш анхны номоо гаргаад ингэж их уух чинь буруу гээд миний авч очсноос хоёр татчихаад намайг Төв аймгийн автобусанд суулгаж өгч билээ. Тэгэхэд нь би замдаа Зайсанд буугаад буцаад явж л байлаа. Явууд нэг учир байсан байх. Анхны номоо гаргаад аавдаа ч юм уу очиж чадаагүй нэг л учир байсан. Намайг тэр Дөнгөтдөө номоо аваачиж өг гээд суулгаж билээ.
-Анхны номоо гаргасан хүн гэр орондоо юм аваа даа?
-Их инээдтэй. Нэг трубка, сийрсэн далбигар шляп малгай авсан юм. Амьхандаа Нацагдорж болж байгаа санаа нь тэр, нэг ширээний гэрэл авсан юм даг. Тэгээд л харьсан. Миний анхны номыг гарахад Хулан төрөөд өлгийдөө байсан юм. Аавынхаа анхны номын шагналаар угаалгасан хүүхэд байгаа юм. Бас нэг учир байхаа гэж боддог.
-Танай аавыг хэд хоногоор хэсээд явчихдаг хүн гэж дуулсан юм байна.Бага нас, аавынхаа талаар дурсахгүй юу?
-Манай аав чинь найр хэсээд явчихдаг хүн байсан .Их сайхан үлгэр хэлнэ. Хутагтын “Цаасан шувууны үлгэр”-ээс эхлээд ярина даа. Манай нутагт Бат гэж нэг аварга эр байлаа. Хавар зусландаа буух гээд ачлганы унаанд явсан хүн өвөлжөөндөө буусан хойно нь ирж байхав дээ. Мань хүн өвөлжөөндөө буусан хойно нь ирж явахад эхнэр нь саравчлаад хараад байж, морь биш дээл нь биш, суудал нь ижилхэн байхгүй юу. Нөгөө нохойгы чинь унасан унаа нь гундчихгүй яахав дээ. Батыг байхгүйд нутгийн олон л ачаалаад нүүлгээд байна шүү дээ. Сайхан байж, одоо бол өчнөөн сараар яваад ирэх бүү хэл нэг хоног яваад ирж байгаа нөхрөө ойлгох хүн байна уу үгүй юу.
-Аав чинь таныг яруу найрагч болно гэж бодож байсан болов уу?
-Манай аавын хүсэл бол хүүгээ хэдэн адуутай, уурга барьсан нөхөр морины панз яриад л явж байх тийм хүн болгохыг их хүсч байсан ч тийм болоогүй. Тэр тал, уулс, цагаан гэрүүдийг харж өссөн хүн муу хүн болох учиргүй. Одоо ч цаг өөр болжээ.
-Цаг өөр болж гэснээс хүн чанар, Монгол гэсэн бүхэн алга боллоо гэх юм.Энэ талаар ярихгүй юу?
-Монгол юм ч алга боллоо доо. Бүх л хүн гадагшаа тэмүүлж байна. Явсан нь эргэж ирэхгүй байна. Болж өгвөл Монголоо муулж байна. Энэ сайхан хөх тэнгэр, уул тал, эрдэс баялагийн заяа гомдох вий л гэж айх юм. Мөнгөний ханш уналаа, юм алга боллоо гээд сандрах юм. Энэ чинь цаг зуурын л юм. Харин энэ Монгол сэтгэхүйгээ алдчих юм бол хаанаас олж авах вэ. Хүүхдүүдийн хүмүүжил гэж сүрхий доголдолтой зүйл бий боллоо. Бидний багад хонь хурга нийлүүлэх төдийд л захын нэг өвгөн ирээд л хонго ураад өгнө шүү дээ. Хүүхдийг Монгол хэлээ сураагүй байхад нь гадаад хэл мөнгөөр зодоод сургах болжээ. Үндэсний гэсэн бүхэн гээгдэх талдаа явж байна.Энэ бол аюул. Би энэ тухай ерээд онд нэг шүлэг бичээд “Мөнгөн цом дээр уншиж байлаа. Энэ бол миний бухимдал юм.
-Тэр шүлгээ хэлээч?
-“Цантай хөтөл даваагүй айлын маань хар хүү
Цагаан хараа хуваасан эх орны маань голлоо
Цайлган хайлган ээжий хөдсөнхөн өлгийгөө
Цагийг цаглан тахисан утаатай бурханаа
Цайгы нь амсаад морддог тайны гэр шиг орхилоо
Ямар юм сайхан бэ дур сайхаан
Явах хүний олмыг чангалтугай” гээд л буулгаж гарсан.
-Шүлгээ төгсгөхгүй юм уу?
-“Сүмбэр мөнгөн үүлс минь оройгоороо тонгойж
Сүмэн ханхлах салхиараа энэ хүүг тариндаж нэг үлээ
Сүүн эжийгээ чамласан үр билээ энэ хүү
Сүнсийг нь чинь харин бүү тоож хүлээ” Энэ бол найрагчийн үндэсний эрх ашгаа бодсон бухимдал.
-Өнөөдөр даяаршил гээд ярьж байна.Манай уран зохиол ч бужигнаантай л байх юм.Таны хувьд хэлэх зүйл?
-Даяаршлийн эринд бид Монгол юмтайгаа, Монгол уран зохиолтойгоо л очих ёстой. Дэлхийн хэмжээний наадамд бусдыг хуулчихсан гар хоосон очиж болохгүй. Манайд муухан орчуулга их байна. Ихийг мэдэх гээд өнөө “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэдэг шиг л юм болжээ. Түдэв гуай их ухаантай хүн дээ. Нэг удаа за нөхдүүдээ барууны юмыг харж байхад XXI зуунд бодит үнэн баримтат зохиол үнэд орно шүү гээд зөнч шиг хачин юм ярьж байсан. Одоо тийм л болж байна. Манай хэсэг хүмүүс хийсвэрлэх гээд л худлаа юм их бичих юм. Одоо ч зохиолчдын эвлэлд яасан ч амархан элсдэг болсон юм. Яасан ч амархан шагнал авдаг болсон юм нэг л биш ээ. Юуг нь гаднаас хайгаад байгаа юм бэ. Монгол юмаа л бич л дээ. Тэр гурил будаагаа л авдаг юм байгаа биз. Тэр авьяас, билэг цэцийг хаанаас ч хайх хэрэггүй.
-Та ингэхэд Зохиолчдын хэдэн тоот батлахтай вэ. Таны үед Зохиолчдын эвлэлийн босгыг ямар шалгуураар давдаг байв?
-Надад байгаа хамгийн үнэтэй бичиг баримт бол зохиолчдын эвлэлийн 126 тоот батлах юм. Бидний үед босго үнэхээр өндөр байсан шүү. Би хойно Горький төгсч ирээд Зохиолчдын эвлэлийн хороонд Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгэхэд Б.Догмид хийдгээ хийгээд эхэлчихсэн мундаг амьтан. З.Дашзэвэг түүврээ гаргаад олны танил болчихсон. Лха.Дарьсүрэн “Онцгой эрх”-ээ биччихсэн ийм үедээ эвлэлд элсэх гэж бөөн юм болж байсныг санаж байна. Манай Догмидыг архи уудаг гээд авдаггүй. Би л гүйсээр байгаад элсүүлж билээ. Энэ чинь бүр хожуу наяад оны сүүлчээр шүү.
-Таны хувьд яаж элсэв?
-Намайг Явуу, Жан.Шагдар хоёр дааж авсан юм. Эвлэлд элсэхэд хоёр зохиолч дааж авдаг, батлан даалт гаргадаг байсан. Хурал болох гэтэл Шагдар их лазан учраас ирээгүй, Л.Түдэв гуай Явуу хоёр батлан дааж, 1975 оны есөн сарын 26-нд эвлэлд элсэж байлаа. Тэгэхэд Л.Түдэв гуай Цоодол Бүрэнгийн таанын айрганд толгойгоо шаачихаад алга болсон, гэхдээ яахав цаашид бичнэ болно гээд элсүүлсэн гэдэг.
-Одоо хоёулаа таны бага насруу яриагаа хандуулах уу?
-Бага нас маань тухайн үеийн хүүхдүүдийн жишгээр хөдөө өнгөрсөн. Төв аймагт долоодугаар анги төгсөөд хотод ирээд нэг дэлгүүрт ачигч хийсэн юм. Улаанбаатар Налайх хоёрын дунд нүүрс зөөгөөд явна. Орос, Монгол жолооч гээд хамаагүй явна. Гараа сарвайтал нүүрс ачиж зогсоход Монгол жолооч нар бол хөдлөхгүй шүү. Харин Орос жолооч нар бол гар амраагаад хэдэн хүрз нүүрс шидээд өгнө. Энэ үед би 16-тай байлаа. Тэгтэл социалист өмч дээр насанд хүрээгүй хүн байж болохгүй гээд ажлаас халчихлаа. Энэ хугацаанд аваарт орно ядрана зүдрэнэ гээд бүх л зүйлийг үзэж явсан даа. Тэгээд л Бүрэндээ очоод малаа маллаад нэг жил болоод Төв аймагт эвлэлийн төв хорооны зааварлагчаар ажилласан. Юугаа ч заадаг юм. Одоо бодохоор ичээд байдаг юм.
-Тухайн үед чинь бичиг үсэгт гайгүй бол энэ зэргийн албыг хашина биз дээ. Хэдийд Улаанбаатарт ороод ирэв ээ?
-Бичиг үсгийн чадвартай гээд л ажиллаж байхгүй юу. Түүнээс биш ямар юм байхав дээ. Үүний дараа аймгийн сонинд нэг хэсэг ажиллаад оюутан болсон. Гуравдугаар курсийн оюутан хотод шилжиж ирэх гээд болдоггүй. Тухайн цагт оюутан хүнийг шилжүүлдэггүй байжээ. Тэгээд Эрдэнэ баавайд хэлсэн чинь тэр амархан манай дүү яаманд ажилладаг гэж байна. Тэгээд л Явуу багш тэр хоёртой Шадивланд очоод хоёр хончихлоо доо. Хот руу явах болоход Явуу нэлээд бие нь муу үлдлээ. Бас учир байсан байх аа. Тэгээд л Эрдэнэ гуай дүү дээрээ ороод их ууртай гарч ирсэн. Энэ муусайн юмнууд алба хашихаараа хүнээ байх юмаа гээд л тэр үед юм чанга байсан даа. Үүнээс хойш хот руу нэг их удаагүй ирсэн. Би өдөр тутмын гээд сонинуудад 20 гаруй жил ажилласан байна лээ.
-Ингэхэд алтан үеийнхэнтэйгээ дарвина биз?
-С.Эрдэнэ баавай, Ц.Гайтав, Явуу гээд бүгд л орж гардаг дотно. Гэхдээ эдэнтэйгээ нөхөрлөж дарвиж явсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Бид тэднийхээ дэргэд дуугаа намсгана. Тэд чинь уух тусам улам цэмцгэр болно, уух тусам уншиж бичдэг тийм мундаг улс байсан.
-Яруу найрагчид бор дарсаар дөрөө чангалж, онгодоо орлоо гэж байдаг. Таны хувьд ч балгаж байгаа таардаг л даа?
-Архи дарс ууж онгод орлоо гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Миний хувьд балгана. Хоорондоо уулзаад ярьж суугаад сайхан шүү дээ. Тэр жил П.Бадарч бид хоёр хотоор нэг тэнэж балгалаа сайхан шүү. Тэгээд салахдаа
“Ярьж суудаг
Пунцагийн Бадарч
Яруу найрагч нь эрдэнэ
Пунцэнгийн Бадарч
Ялдам дууч нь уяхан
Хун цэнгийн Бадарч
Яаж ийм бурхан
Дэн дун явж болдог” юм гэж бичээд харьцгаасан. Муу Бадарчийг надаас өөр хэн ингэж магтах билээ дээ.
-Та дээр үеийнхнээ ярьсан чинь П.Бадарч, Д.Уранхай нарыг дурсаагүй нь ямар учиртай юм бэ?
-Манай П.Бадарч, Д.Урианхай, Ш.Сүрэнжав, Д.Батбаяр эд чинь нэг үеийн боловч биднээс арай түрүүлээд юманд хүрчихсэн байсан юм. Тэр том зохиолчидтой хэл үгээ олчихдог тийм болчихсон байсан хэрэг. Манай энэ хэд чинь 1940 оны хавьд бид болохоор 44, 45 онынхон байхгүй юу.
-Залуу цагт ид хийж бүтээх нь мэдээж. Тэгэхээр өдий насны өндөрлөгөөс эргээд харахад дутуу хийсэн зүйл олон л байдаг байх даа?
-Байлгүй яахав. Дандаа дутуу хийж явжээ. Гэхдээ өөрийгөө нэг цайруулах юм байна. Манай бусад нөхөд яруу найргаа тойрон эргэлдээд яваад байсан бол миний хувьд дандаа улсын ажил хийж, олдсон өчүүхэн цагт нь уран бүтээлээ хийж явжээ. Хэрэв тэр цаг хугацаагаа уран бүтээлдээ зориулсан бол аштай юу гэж бодох үе бий. Бидний үед амралт ховор. Тэгэхээр миний ихэнх шүлэг бүтэн сайн өдөр бичигдсэн байдаг. Би нэг их цаг хугацаанд захирагдаж бичээд байдаггүй. Хэзээ боломж байна. Тэр цагтаа л бичдэг.
-Тэгвэл цаг зав гаргаж бүтээсэн бүтээл байж таарна. Үүнийг амьдралынхаа хаагуур зохицуулав?
-1981 онд Намын төв хорооны тушаалаар нийгмийн ухааны академид суралцаж, эрдмийн ажил хийхээр Москва руу явах боллоо. Би ч өөдтэй эрдэмтэн болохгүйн зэрэгцээ өөдтэй дарга болохгүй учраас Горькийн сургуулийн дээд курст явсан юм. Манай сургууль чинь их амар. Хичээлдээ дуртай цагтаа сууна, сонгож үзнэ, ядахад л дүн тавиад байдаггүй. Тэнд би хоёр жил болохдоо Чеховыг их нухлаа. Бас бус уншсан, тэгээд л өрөөгөө дотроос нь түгжээд бичдэг байсан. Тэнд “Он жил” номоо бичсэн дээ. Энэ бол миний цаг заваа гаргаж бичсэн бүтээл болох байх. Судлаачид ч тиймэрхүү хандлагтай зүйл ярьдаг. Гэхдээ миний насан туршдаа бичсэн бүх бүтээл маань бүгд л намайг зовоож төрсөн юм шүү. Хүүхэд эхээс унахдаа эжийгээ ямар нэгэн хэмжээгээр зовоож өвтгөж байж унадаг. Түүн шиг л юм.
-Таныг утга зохиолын хүрээнийнхэн ноён нуруутай гэдэг. Нөхөрлөлийн талаар ямар бодолтой явна?
-Ах нь их бага гэлтгүй нөхөрлөж, юу таарснаа өмсч, юу таарснаа идэж ууж ирсэн. Хэнтэй ч нөхөрлөнө шүү. Хэнд ч нэгэн зангаараа явжээ. “Миний муусайн найз нар” гэдэг чинь энэ шүү дээ.
-Таны “Миний муу сайн найз нар” уран бүтээлийн чинь цэнгүүн дээр ёстой л их бага гэлтгүй цугларсан байна лээ?
-Б.Лхагвасүрэн хүний цэнгүүнд байтугай өөрийнхдөө ч очдог юм уу үгүй юм уу мэдэхгүй. Харин минийх дээр ирээд хэлэхдээ “Цоодолын цэнгүүн дээр ирэхгүй бол Бүрэнгийн их уулс гомдоно” гэж хэлж байсан. Бүгд ирсэн дээ.
-Утга зохиолтой холбогдож, төр, түмэндээ данстай томоохон уран бүтээлч болно гэдэг ховор заяа. Яаж яваад энэ айлд ороод ирэв?
-Энэ бол бурханы хувь зохиол. Тэр заасан замаар л явж ирсэн. Анх би Политехниккумд автын механикийн анги аваад ирсэн. Эхний өдөр суугаад л больсон. Багш нар маань эрэгтэй хүүхдэд маш гоё анги шүү дээ.Миний хүү ахиад нэг бодоод үз, ээж ааваасаа асуу гээд л зөвлөж байсан.Зөрөөд л явчихсан.Мөн нийгмийн ухааны академи гээд боломжууд байсан.Алийг нь ч сонгоогүйг бодоход би тэр заасан замаар л яваад байсан хэрэг дээ.Энэ бол тухайн цагт ховор боломжийн нэг байсан.
-Таныг хойно сурч байхад манайхнаас хэн байв?
-Би бол ганцаараа очсон. Тэнд харин манай О.Дашбалбар, Ц.Энхбат, Ц.Нямаа, Ж.Сарантуяа, Д.Намсрай нар сурч байсан. Тэнд шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан даа. П.Лувсансцэрэн “Ус шиг цэнхэр”-ээ, С.Пүрэв “Азын цэнхэр “уулс”-аа гээд бүгд богц дүүрэн ирсэн дээ. Манай Намсрай маазраад явах энэ муу Пүрэв юугаа хуулсан юм бол “Азын цэнхэр уулс”-аа бичсэн гээд байгаа юм. Би л болохгүй байна гээд явна. Тэр үед зохиолчдын хороо хавиар Дооров маазраад явна. Хойно “Түнтүизм” гэж нэг урсгал чиглэл гарчээ гээд хойно төгсч ирсэн хүмүүсээс асуугаад явна. Сургууль төгсөөд ирсэн улс нэрлэхээд янз бүрийн л юм хэлнэ. Тэгээд Ч.Лхамсүрэн гуайгаас өнөөх чинь асууж дээ. Та ер нь хамгийн сүүлд сургууль төгссөн хүн. Үүнийг мэдэх ёстой доо гэхэд хэнмэдэхэв ээ би их хичээл тасалдаг байсан. Тэр хойгуур л заагаа биз гэсэн байгаа юм. Лхамсүрэн гуай өөрөө ийм сайхан хүн дээ. Тэр ямар юмных нь урсгал байхав, мань Дооров л нохойтож байхгүй юу. Би хэрэв тэр үед байсан бол нэг юм хэлж доог болох байсан биз.
-Та “Болор цом”-д гурав түрүүлсэн хүн. Энэ наадмын талаар янз бүрийн л юм ярих юм. Таны хувьд?
-Энэ их хэрэгтэй наадам. Ард түмэн, уран бүтээлч хоёрыг уулзуулж байгаа ганц баяр шүү дээ. Үүнийг муулж байгаа уран бүтээлч бол “Болор цом”-д тэнцэх шүлэг бичээгүй л байхгүй юу. Үнэхээр үүнээс сайн, сайхан наадам олдоогүй л байна ш дээ. Хэрвээ илүүг олж хараад байгаа юм бол түүнийгээ хий л дээ. Тийм үү.
С.Ууганбаяр
www,zindaa,mn
Сэтгэгдэл ( 2 )
Saihan hun shu mundag
Oilgoj unshix gej mash ix zovloo Tsoodol guai emx zambaargyi yarisan yum yy setgyylch ni oligtoi yariltslaga bichij chadaagyi yum yy