Шинэ цагийн “Сталин”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Тэрээр Агуу удирдагч хэмээн нэрлэгдэж, өөрийн улс орноо оцон шувуутай Хойд Солонгос болгон хувиргажээ.

Тэр бол Туркменистан улсын Ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязов юм. Тэр өөрийгөө Туркменбаши /бүх турмменчуудын Эцэг/, мөн Акбар Седар /Агуу удирдагч/ хэмээн нэрлэжээ. Тэр өөрийнхөө алтан баримлыг улс орон даяар байрлуулж, бүжгэн жүжиг, дуурь, циркийн үзүүлбэрийг хориглосноор бараг л Хойд Солонгос шиг хаалттай орон болж хувирсан юм.

Туркменистаны хамгийн баян хүн

Тэрхүү орой Туркменистаны ерөнхийлөгчийн хүү Мурад Ниязовт нэг л таагүй эхэлжээ. Тэрээр найзын хамт Испанийн нийслэл Мадрид дахь нэгэн казинод тоглож байж. Тэнд архи дарс гол мөрөн мэт урсаж, залуу эр мөдхөн хожил өөр рүү нь эргэх болов уу хэмээн найдаж байсан боловч тэгсэнгүй. Ингээд ганцхан шөнийн дотор 12 сая доллар алдчихав.

Дараахан нь энэ түүх Туркийн нийслэл Анкарад давтагдсан байна. Тэнд бүр ч илүү ихийг буюу 20 саяыг тавиад туучихжээ. Тэднийг ийш тийш алга болчих вий гээд хорионд оруулсан байна. Эцэст нь, энэ бүх өр ширийг барагдуулах ажил уламжлал ёсоор эцэг Сапармурат Ниязовт тулгарч, тэрээр хүүгийнхээ мөрийтэй  тоглоомонд алдсан мөнгийг казиногийн дансанд тэр дор нь шилжүүлсэн аж.

“Энэ хүн амьд ахуй цагтаа олон хүний үхсэнийхээ дараа хүртдэг алдар гавьяаг олж авч чадсан. Орчин цагийн дэлхий ертөнц дээрх хэмжээгүй эрхт удирдагчдын хамгийн тод жишээ нь Сапармурат. Дарангуйлагчийн өөрийгөө тахин шүтүүлэх байдал хэний ч мөрөөдөлд багтахааргүй тийм өндөрт хүрсэн. Тус улсын нийслэл Ашхабад хотноо түүний зарлигаар өөрийнх нь 50 метр өндөр алтан хөшөө сүндэрлэн босчээ. Бүхий л мөнгөн дэвсгэртүүд, шуудангийн маркууд, зурагт хуудсууд дээр түүний хөрөг заларч байв. Тэрээр өөрийнхөө нэрийг хот, гудамж талбайд бэлэглэж, түүний захиалгаар Францад “Туркменбаши” хэмээх үнэртэй ус үйлдвэрлэгдэж эхэлжээ” хэмээн Германы Sueddeutsche Zeitung сонинд өгүүлсэн байна.

Энэ эрхэм гоё чамин эдлэлд маш дуртай учраас түүнийг хаа явсан газар нь эдгээр зүйлс дагалдаж явдаг байж. Тэнгэрт хадсан үнэтэй костюмууд, үнэт эрдэнийн чулуутай том том бөгж сэлт гэх мэт. Түүний баялаг цуглуулга дотор 19 каратын өвөрмөц өнгөтэй даймонд байсан нь төрийн тэргүүний онцгой бахдлыг төрүүлдэг байж.


Ниязов дорно зүгийн хэв маягаар баригдсан, алтадмал цагаан гантиг ордонд амьдардаг байсан бөгөөд өрөөнүүд нь үнэтэй сортын мод, гантигаар тусгаарлагджээ. Ерөнхийлөгчийн ордны доторх хашааг 7,5 гектар талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурууд чимэглэн, гарааш дотор нь өндөр үнээр худалдаж авсан хэдэн арван лимузин байдаг байж.

Агуу удирдагчийн бас нэгэн таашаал нь морьд. Тиймд Ашхабадаас холгүйхэн, түүний зарлигаар морины аж ахуй байгуулсан бөгөөд тэндхийн морьд эгээ л хаан мэт нөхцөлд амьдардаг байжээ. Тэдэнд зориулсан усан сангууд, мал эмнэлгийн төвүүд нь хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд эдгээр морьдоосоо бусад улсын төрийн тэргүүнүүдэд үе үе бэлэглэдэг байсан аж.

Тэрээр Туркменистаны байгалийн хий, нефть, хөвөн даавуу гэх мэт баялгуудыг эгээ л өөрийнх нь хувийн өмч мэт дур зоргоороо захиран зарцуулдаг байсан учраас Европын банкуудад гурван тэрбум гаруй ам.доллар хадгалаад амжжээ.

Дарангуйлагч эрийн гайхалтай шийдвэрүүд

1990-ээд онд улсын ерөнхийлөгч болонгуутаа саруудын нэрийг өөрчилсөн байна. Тэрээр нэгдүгээр сарыг өөрийн хүндэтгэлд зориулан  туркменбаши, дөрөвдүгээр сарыг талийгаач ээжийнхээ дурсгалд зориулан гурбансолтан-эдже гэх мэтчилэн нэрлэх болжээ.


Ниязов 2001 онд “Рухнама” /”Сүнслэг байдал”/ хэмээх түүхэн-философийн ном бичсэн нь тус улсад  Коран судрын дараа орох алдартай бүтээл болсон байна. Түүний үзэж буйгаар, орчин үеийн Евроазийн газар нутаг дээр орших 70 гаруй улс орныг туркменчууд үндэслэсэн гэжээ.

“Би бол та бүхнийг алтан эрин зуунд хөтлөн аваачихын тулд мэндэлсэн Туркмений оюун санаа. Би та нарын аврал... Миний хурц харц бүгдийг харж байна. Хэрэв та нарын үйлдэл үнэнч байвал би бүгдийг харж мэднэ, хэрэв та нар муу муухай зүйлсийг үйлдвэл миний харцнаас нуугдаж чадахгүй...” хэмээн түүний нэгэн шүлэгт өгүүлжээ.

Түүний “Рухнама” номыг тус улсын бүхий л дунд сургуулиуд, их дээд сургуулиудад тусгай хичээл болгон зааж, түүгээр шалгалт авдаг байсан бөгөөд энэ явдал Туркменбашийг нас барснаас хойш зургаан жилийн дараа буюу 2013 онд л хүчингүй болсон байна. Барууны хэвлэлүүд түүнийг хамгийн хүчирхэг дарангуйлагчдын нэг хэмээн тооцож, орчин цагийн “Сталин” хэмээн нэрлэж байсан билээ.

Дашрамд сонирхуулахад:

  • Улсын нийслэл болон их дээд сургуулиудаас бусад газар дахь номын сангуудыг хаах тушаал гаргасан.
    • "Хөдөөгийнхөн тэртэй тэргүй уншиж чаддаггүй"
  • Балетын тоглолтыг хориглосон.
    • "Хунт нуур" бүжгэн жүжгийн эрэгтэй бүжигчдийн хувцас нь таалагдаагүй аж.
  • Нийслэлээс бусад нутгийн эмнэлгүүдийг хаав.
    • "Сайн эмч нар нийслэлд бий. Өвчтөнүүд нийслэлд хүрч ирэхэд болно"
  • Эмэгтэйчүүдийг алтан шүд хийлгэхийг хориглосон.
    • Эмэгтэйчүүдэд зохидоггүй хэмээн.
  • Засгийн газрын бүх сайд, орон нутгийн удирдлага, армийн офицеруудад шинэ Мерседес-Бенц машин тараасан.
    • Өмнөх жил нь тараасан бенцийг орлогчдоо өгөхөд болно хэмээн лүндэн буулгасан аж.
  • Концерт, телевиз төдийгүй хуримын ёслол зэрэг арга хэмжээнд фонограмм тавьж амаа хөдөлгөхийг хориглосон.
    • Ниязовын "Дуу хөгжмийн хөгжилд сөрөг нөлөөтэй" хэмээх үзлээс болсон.
  • Залуучуудыг сахал тавихыг хориглов.
    • Ерөнхийлөгчид таалагдаагүй.
  • Ниязовын бүтээл "Рухнама" (Ruhnama) хэмээх ном нь ард түмний заавал унших ёстой ном болж Коран судрын адил үнэлэгдэх болсон.
    • Сурах бичиг болгон ашиглагддаг.
  • Туркмены нийслэлд 50 метр болгонд Ниязов ерөнхийлөгчийн хөшөө баримал бий.
  • Түүний төрөлх тосгон болон нийслэлийг холбосон 15 км урттай, 6 эгнээ бүхий хурдны зам бий. Гэвч ашиглагддаггүй.
  • Ниязов хиймэл үс зүүдгийг хэвлэлээр мэдээлэх нь хориотой байлаа.
  • Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 2006 оны " Дэлхийн мэдээллийн эрх чөлөөний жагсаалт"-д Туркмен улс хэвлэлийн эрх чөлөөг боогдуулдгаараа дэлхийд 2-т бичигджээ.
    • Кабелийн телевизүүдийг хааж, Оросын телевизүүдийг цензурдаж гаргадаг аж.
  • Туркмен улсад тамхи татах нь хориотой.
    • Ерөнхийлөгч маань эрүүл мэндийн байдлаас болж тамхи татах нь хориглогдсон учраас.
  • 8-р сарын 2 дахь Ням гаригийг амтат гуаны өдөр болгосон.
    • Ниязов амтат гуанд тун дуртай аж.
  • Телевизийн нэвтрүүлэгчдийг нүүрээ будахыг хориглосон.
    • Ниязовын "Эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй юм" хэмээх эгдүүцлээс үүдэлтэй.
  • Ниязовын нэртэй брэнд тус улсад алдартай.
    • Сүү, сүүн бүтээгдэхүүн зэргээс эхлэн архи, хувцас хүртэл бий.

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.22.143) 2018 оны 06 сарын 05

galzuu amitan bjee

0  |  0
oo(99.67.164.183) 2018 оны 06 сарын 04

laitai ain

0  |  0
neriig n martchihaj(122.201.24.98) 2018 оны 06 сарын 04

Mongolchuud bol delkhiin bukh uls ornii ekh mon bi uuniig batalna. Bi bol chingisiin doloo dakhi ueiin khun taij baina.

0  |  0
222(202.70.46.18) 2018 оны 06 сарын 04

ТУРКМЕНБАШИ БУЮУ ТҮРЮК ҮНДЭСТНИЙ ЭЦЭГ ХЭМЭЭХ ЭНЭ ЭРХЭМ ҮХЭЭД 10 ЖИЛ БОЛЖ БНА. СЭТГҮҮЛЧ ТА ҮХЭЭД 10 ЖИЛ БОЛСОН ХҮНИЙГ АМЬД БАЙГАА ЮМ ШИГ ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛИОЧ...ЭСВЭЛ ӨӨРӨӨ ҮҮНИЙГ МЭДЭЭГҮЙ ХЭРЭГҮҮ,,,

0  |  0
кк(66.181.160.41) 2018 оны 06 сарын 04

Сталин өөртөө юу ч наагаагүй үхэхдээ өөрийн гэх хөрөнгөгүй л байсан юм шүү. Черчиллийн хэлснээр Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч цөмийн зэвсэгтэй болгож үлдээсэн.

0  |  0
аааа(202.131.243.190) 2018 оны 06 сарын 04

зүгээр сайхан тансагладаг гар байсан байна

0  |  0
аааа(202.131.243.190) 2018 оны 06 сарын 04

Сталин шиг гэчжээ, тийм олон хүн алсиймуу,

0  |  0
элбэг л гэсэн үг(43.242.243.175) 2018 оны 06 сарын 04

Элбэгээ шиг л гар бна

0  |  0
шаа шаа(66.181.160.91) 2018 оны 06 сарын 04

духлаа,духлаа

0  |  0
иргэн(103.29.146.5) 2018 оны 06 сарын 04

Ийм ганц хүнтэй байхад зүгээр .м бна ядаж л нэрийг нь тогтооно 76аар нь яаж тогтоох вэдээ

0  |  0
Монгол(202.179.26.159) 2018 оны 06 сарын 04

Энэ нөхөр сая саяаар нь шаадаг байхад манай хулгайч нар тэрбумаар нь хусдан шүү дээ.

0  |  0
Top