ШХАБ-д элсэх талаар хэн юу хэлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ 18 дахь дээд хэмжээний уулзалт энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шандунь мужийн Циндао хотод болно. Үүнээс өмнө  манай улс тус байгууллагын гишүүн болох шийдвэр гаргах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар судлаачид болон улс төрчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Засгийн газар ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэдгийг дуулгасан. Харин Монголын Геополитикийн Хүрээлэнгийн захирал, Элчин сайд, доктор Ж.Чойнхор, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад гишүүнээр элсэх үү, байх уу? гэсэн асуудлаар байр сууриа ийн илэрхийлжээ. 


Уншигчийн цагийг барахгүйн тулд шуудхан, товчхон өгүүлье.

1. Гишүүнээр элсэхийн эерэг тал

- Евразийн бүс нутгийн ихэнх газрыг хамран байгаа энэ холбооны гол дунд нь зоосны нүх мэт Монгол л ганцаараа үлдэхгүй юм даа. Энэ нь геополитикийн сонгомол утгаар авч үзвэл чухал үзүүлэлт.
- Үндэсний Аюулгүй Байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд өнгөцхөн харвал сүрхий нийцэх мэт.
- Хоёр их хөршийн зан авир улам л эерэг найрсаг болно байх.
- Тэдний хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон төслүүдэд далайцтай оролцох байх.
- Хожмын өдөр энэ байгууллагын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, уялдуулан зохицуулдаг механизмтай болоход манай улс гадна нь хоцорчихгүй байх талтай.
- Манай улсын урд хойд хил орчмоор засаг захиргаагүй мэт аашилж байгаа өөрсдийн иргэдийн бурангуй үйл ажиллагааг хоёр хөрш маань эрхбиш цагдаж журамлах байлгүй.
- ШХАБ-ын гишүүн ямарваа орны зүгээс манай орны эсрэг хүчээр түрэмгийлэх магадлал үндсэндээ үгүй болно.

2. Гишүүнээр элсэхийн сөрөг тал

- Бие даасан гадаад бодлого явуулж байгаа одоогийн боломж хумигдана. 
- ШХАБ-ын дүрэм журам, гишүүн орнуудын уялдуулан зохицуулсан гадаад бодлого, үйл ажиллагааны чиг шугамыг юуны л өмнө чухалчлан анхаарч дагаж мөрдөх хэрэгтэй болно.
- Хүчирхэг хоёр хөршийн дээгүүр даваад манай оронд түрэмгийлэх бодит аюул занал нэгэнт байхгүй байхад ШХАБ-ын гишүүн болж Гуравдахь хөрш гэж тодорхойлсон орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааны бодлогод хий дэмий л сүүдэр тусгах болно.
- Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаанд гарч буй шинэ шинэ өнгө аяс, стандарт бус, уламжлалт сэтгэлгээнээс хэтийдсэн гэнэтийн хэрэг явдал өрнөх тохиолдолд манай улс өөрийн гэсэн өвөрмөц байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болно.

- Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнээс хэтэрч бидэнд туслах боломж бүхий сан хараахан байгуулаагүй, яригдаад байгаа томоохон төслүүд нь ШХАБ-ын хаа хүрээнд жигдрээгүй байгаа болохоор одоохондоо бидний мөрөөдөл хоосон горьдлогоос хэтрэхгүй.

3. Дүгнэлт санал

- Одоогийн байгаа ажиглагчийн статус ямар боловч ойрын жилүүдэд хангалттай гэж үзэж байна. ШХАБ-д ажиглагчийнхаа түвшинг ахиулж бүрэн хэмжээнд гишүүнээр элсэхийг бид өөрсдөө яараад байх шалтаг байхгүй л гэж бодогдож байна. Яаруулаад байгаа шалтгаан байгаа бол Монголын маань хувь заяанд алс хэтдээ ямар үр дагавартай байж болохыг чамбай дэнслэн байж шийдвэр гаргууштай байна. Энэ мэт эгзэгтэй тохиолдолд урдаа бариад байх тун ч эвтэйхэн бамбай бол албан ёсоор тунхаглаваас зохилтой Төвийг сахих бодлого л байх болно доо гэж бас бодогдном.
- Манай улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил хязгаарын маргаан, шийдэгдээгүй асуудал байхгүй тул энэ талаар ШХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх зүйл үгүй билээ. Энэ байгууллага анх үүссэн нөхцөл шалтгаан нь юуны өмнө анхны гишүүн 5 орон хил хязгаарын асуудлаа зохицуулахыг зорьсон хэрэг байв.
- ШХАБ нь бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд орчин цагийн олон улсын байгууллагын стандартад хүрэхээр ахиж хөгжих шатандаа яваа байгууллага тул нэг хэсэгтээ харзнаж ажиглаж байх нь дээр гэж бодож байна.

- Геополитикийн асуудал гэгч нь хийсвэр ч юм шиг, бидэнд хүртээлгүй хол ч юм шиг санагдаж болох л юм. Зарим нэг судлаач бүр байчихаад геополитик нь бага оронд хүртээлгүй, том гүрнүүдийн л бодлого юм шиг бичсэн нь ч бий. Гэвч нэг л өдөр хоолой дээр тулаад ирдэг ярвигтай асуудал гэдгийг бусдын гашуун туршлага, ердөө л өнгөрсөн зуунд бидний монголчуудад тохиож байсан туйлын хүнд бэрх цаг үеүд, бас энд тэндэхийн хэрэг явдлын өнөө цагийн өрнөлт аяндаа харуулаад байна биш үү. Харин ч жижиг орон гэдэг бол томцуултай зиндаархах гэсэндээ бус хэрэгтэй мөчид амиа хоохойлох арга замыг цаг ямагт эрэлхийлж олчихоод " дайнаа ирэхээр дариа нухахгүй " шиг байвал л болох нь тэр шүү дээ.

- Хэн нэгнийг дагаж гүйхгүй, хэлүүлж дөрлүүлэхгүй, өнөө маргаашийн ашиг унацыг бодохгүй, " өөрөө өөртөө зөв " гэдэг өвгөдийнхөө мэргэн үгийг даган, алс хэтийн бодлоготой байж, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольсон ухаалаг, баатарлаг монгол эрсийн эр зориг, эрхэмлэн захисан гэрээсийг санан санан туйлын хариуцлагатайгаар тунгаан байж эл асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байнаа.

 

 

Эх сурвалж:Choinkhor Jalbuu

Бэлтгэсэн: Д.Түвшин


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.59) 2018 оны 06 сарын 04

гишүүн болж бүх дэлхийтэй муудалцаад яахав тэр ажиглагч билүү тэрүүгээрэй байж байсан нь өлзийтэй байлгүйдээ.дэлхийн бүх мөнгө бүх технологи тэгээд ирээдүй хөгжил тэр ад үзээд байгаа баруунд чинь л байгаа шүү дээ.жинхэнэ гишүүн болж тэнэгтвэл орос хятад хоёроор яаж амьдрах хаана бааж шээхээсээ эхлээд заалгаад сууна гэсэн үг.орос нь мөнгө байхгүй юм чинь биднийг жинхэнэ утгаар нь хятадад найр тавиад өгчихнө.ШХАБ гэдэг чинь гол зорилго нь америкийг эсэргүүцхээр байгуулсан юм шүү дээ.

0  |  0
Olloo(66.181.187.57) 2018 оны 06 сарын 04

Teneg buh Genco bagahan shig tenegteerei

0  |  0
Top