”Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдэвт уулзалтын талаар мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт Монгол Улсад анх удаа 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтын ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, зохион байгуулалтын талаар Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн нар мэдээлэл хийлээ.

2017 оны 5 дугаар сард Африкийн Этиоп Улсад болсон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 7 дугаар хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд оролцох үеэрээ 2018 онд болох ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах санал тавьсны дагуу ДДМААХ-өөс манай улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж.

 "Рэд рок" ресортод 5 өдрийн турш үргэлжлэх 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top