ШХАБ бол Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн Олон Улсын байгууллага юм. “Шанхайн тавын” 1996-97 онд гарын үсэг зурсан, хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм. Харин 2001 онд ШХАБ хэмээн нэрлэх болсон байна. ШХАБ-ын гол зорилго нь бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдлыг хангаж, терроризм, хэт даврагчидтай тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүчний түншлэл болон соёлын салбарт хамтран ажиллах явдал гэж үзэж болно. Харин тэргүүлэх чиглэлд нь тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын чиглэлүүд багтжээ.
Манай улс энэ байгууллагын хамгийн анхны ажиглагч орон болж 2004 онд нэгдсэн байдаг. 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элссэн байна. Нэг үгээр хэлбэл, манай улс энэхүү байгууллагын үйл ажиллагаа, чиглэл, зорилгыг хамгийн сайн мэдэх удаан хугацааны хамтагч нь гэсэн үг юм. ШХАБ-ын үйл ажиллагааг дэлхий нийт сүүлийн жилүүдэд маш ихээр сонирхох болсон. Энэ нь жил бүр зохиогддог тус байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдааныг сурвалжлах сэтгүүлчдийн тоо улам нэмэгдэж байгаагаас харж болно.
“Монголыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх хоёр хөршийн цуцашгүй бодлого”
Удаан хугацааны турш ажиглагчаар явсан манай орныг үндсэн гишүүн болгох тухай яриа 2014 оноос эхлэлтэй. Энэхүү ярианы эх сурвалжууд манай мөнхийн хоёр хөршөөс эхлэлтэй гэдгийг сануулах нь илүүц биз. 2014 оны Душанбегийн хурал эхлэхээс өмнө ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан мэдээнд Монгол Улсыг энэ жил гишүүнээр элсэнэ гэсэн өгүүлбэр байв.
Тус хуралдааны өмнөх өдөр болсон Монгол-ОХУ-БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын үеэр ч хөрш орны тэргүүд Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орон болохыг дэмжихээ илэрхийлж байв. Харин үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монголд ажиглагчийн статус хангалттай” хэмээн хариулсан байдаг. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ШХАБ нь үйл ажиллагааныхаа эдийн засгийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой байгаагаа тэмдэглэе” хэмээжээ.
Тус онд Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүн болох өргөдлөө албан ёсоор өгч, 2015 онд тус байгууллагын гишүүн орнуудын лидерүүд тухайн орнуудыг гишүүнээр хүлээн авах ажиллагааг эхлүүлэв. Бүрэн эрхэт гишүүн болох, ажиглагч орон байх хоёрын ялгаа асар их гэдгийг энд дахин сануулах нь зүйтэй байх.
“Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад ШХАБ-д элсэхийг дэмжих болов”
ШХАБ нь ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн газар нутгийг эзэлж, Евроазийн эх газрын 61 хувийг эзэлж буй дэлхийн нөлөө бүхий эвсэл билээ. Дэлхийн хүн ам 2014 онд 7.26 тэрбум болсныг Дэлхийн банк мэдээлсэн. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам нь 1.57 тэрбум, ажиглагчдын хүн амыг нэмэхэд 3.17 тэрбум болж байна. Гишүүн орнуудын ДНБ-ний нийлбэр нь 12.5 их наяд ам.доллар болсон байна. (харьцуулахад: АНУ-17.42 их наяд, Европын холбоо-18.47 их наяд ам.доллар) Дэлхийн ДНБ-ий худалдан авах чадварын үзүүлэлт 2016 онд 108.7 их наяд ам.долларт хүрэв. Үүний 20.24 хувь буюу 22 их наяд ам.доллар нь ШХАБ-д ногддог байна.
Шанхайн байгууллагын гол тулгуур болох Хятад, Орос хоёр улсын үйл аажиллагааны чиглэл, зорилго өөр өөр гэдэг нь сүүлийн жилүүдэд илт ажиглагдах болов. БНХАУ ШХАБ-ыг Азийн бүс нутагт эдийн засгийн чиглэлээр тулгуур болгох сонирхолтой байгаа. Тиймдээ ч 10 жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан Хятадын өнөөдрийн хөрөнгө оруулалт 84 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Харин ОХУ-ын хувьд тус байгууллагыг улс төрийн “зэмсэг” болгон ашиглах илт сонирхолтой байна хэмээн ажиглагчид үзэж буй.
Манай улсын хувьд том том төслүүдээ хөдөлгөх, дэд бүтцээ хөгжүүлэх, төмөр зам, цахилгаан станцаас эхлээд барих, шийдэх ёстой асуудал олон байгаа ч хөрөнгө мөнгөгүйн зовлон дийлчихсэн байгаа энэ үед ШХАБ-д элсэх нь тохиромжтой хэмээн ерөнхийлөгч Х.Баттулга үзэж буй. Тэрээр “ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно” хэмээсэн. Тэгэхээр тэрээр эрх барьж буй хугацаандаа ШХАБ-д элсэх магадлал тун өндөр байгаа юм.
“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ШХАБ-т элсэхийг яагаад дэмждэггүй байв”
ШХАБ-ын тэргүүдийн жил бүрийн уулзалт дээр Монголыг жинхэнэ гишүүн болох тухай асуудал хөндөгддөг байв. Хамгийн удаан ажиглагч явсан манай орон ШХАБ-ын гишүүнээр элсээгүй нь шууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бодлоготой хамааралтай байсан гэдэг. 2014 онд Душанбед болсон хуралдаанаар ШХАБ-т элсэхгүй, ажиглагч байх нь бидэнд хангалттай гэж байсан үгээ 2017 онд Астанад болсон хуралдаанаар ч мөн давтав. Тэрбээр өөрийн санаагаа “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлон хэлсэн байдаг. Тэрбээр Астанад болсон хуралдаанд оролцож үг хэлэхдээ хоёр зүйлийг онцолсон юм. Юун түрүүнд, гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал.
Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний дэд бүтцийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байгаа гэдгийг онцлоод, Монгол орны нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг уриалж байв.
“ШХАБ-д элсэхэд ганц л ХУРУУ дутуу”
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын тухай сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахдаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.
Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.
Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.
Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай” гэв. Тэгэхээр бид ирэх 2019 онд болох хуралдаанаар ШХАБ-ын гишүүн болчихсон байх магадлал асар өндөр байгаа юм.
Үр дүн нь ямар байхыг мэдээж цаг хугацаа харуулна. Нэгэнт элссэн бол буцааж болдоггүй хуультай. Манай хотын удирдлагуудын өнөөдөр гаргаад маргааш буцаачихдаг дүрэм биш шүү дээ, ШХАБ-т элсэх.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
ОХУ-ын жилийн ДНБ, АНУ-ын Нью Ёорк хотын жилийн ДНБ-ээс бага. ШХА-ны жилийн төсөв 12 тэрбумаараа байгаа, 84 чинь төлөвлөж байгаа эд. Хятадууд угаасаа хэрхэн ”шилний цаанаас зайрмаг долоолгох”оо мэднэ. Угаасаа энэх ШХАБ-ын хөрөнгийн 80 хувийг хяьадууд дааж байгаа. Энд элсэн юм бол бид тэднээс хүссэн хүсээгүй хараат болно. Оросын яаж л бол яаж дарамтлахаа хятадууд мэддэг болсон, сурсан. Оросууд биднийг луугийн аманд хийхээр шулуудсан нь гарцаагүй яг Каспоров тэр жил хэлсэн шиг...
Z ENHBOLDIIN YARILTSLAGIIG UNSH
Баттулга ингэж хэргээр 3 улсын бүх харилцааг ШХАБ д наалдуулж тархи угаах шаардлага байна уу? 3 улсын төрийн тэргүүний ээлжит уулзалтаар гол асуудлаар ярилцдаггүй хэрэг үү? Мухар төмөр замд 600 тэрбумыг үхмэл хөрөнгө болгож хаяад жил бүр хүүд нь 60 тэрбумыг төлж буй улс Хятадын 30 тэрбумаас хувь хүртэх гэж ШХАБ д орох хэрэг үү? Мал зарахаасаа малаа эрүүлжүүлэх нь чухал биш үү? Эрүүл мах байвал ШХАБ тай ШХАБ гүй авах газар байж л байгаа
Долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй . Барын аманд өөрсдөө гүйгээд орчих бий дээ