“Дамдинбишрэлт” сангийн ивээл дор өсвөрийн харваачид цэц сорилоо

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

Монголын Шагайн  харвааны холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээн Егүзэр хутагт Дамдинбишрэлт сангийн ивээл дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Залуу хойч үедээ үндэсний уламжлалт наадгайг өвлүүлж үлдээх зорилгын дор анх 2003 онд зохион байгуулж байсан Өсвөрийн харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, энэ жилийн тэмцээнд найман аймгийн  14 багийн 5-16 насны 108 өсвөр үеийн харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн тэмцээнд оролцож буй хүүхдүүд 5-8, 9-12, 13-16 гэсэн гурван ангилалд сум тавьж өрсөлдсөн юм.

Арван тав дахь удаагийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны салхийг хагалж, Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр үг хэлсэн. Аливаа уралдаан тэмцээн, үйл ажиллагааны хоймрыг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Батбаатар тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөснийг уухайн дуу араас нь түрж байв. Мөн энэ үеэр тус тэмцээнийг ивээн тэтгэгч “Дамдинбишрэлт” сангаас оролцогч хүүхэд тус бүрт гарын бэлэг, мөнгөн шагнал гардуулах ажлыг зохион байгуулсан нь оролцогч хүүхдүүдийн урмыг сэргээсэн явдал болсон.

Уухайн дуу, асрын хойморт Шагайн харвааны холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр, Дэд Ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн М.Нямаа, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үлэмж дархан мэргэн Д.Басхүү болон бусад Шагайн харвааны зүтгэлтнүүд суудал эзэлснээр өсвөрийн харваачид сум тавьж эхэлсэн.

Хэдийгээр гарын бүл, хурууны бяд суугаагүй ч насны ангиллаар өөрсдийн тохирох зай, тохойд сум тавьсан харваач хүүхдүүдийн оноо мэргэн байгааг тэмцээний эхний сумнаас л харж болно. Үүнээс гадна хүүхдийн шингэн хоолойгоор уухайн дуу хадаан нэгнээ омогшуулж, үндэсний хувцасаар ижилсэн, уламжлалт дэг жаягаа мөрдөж байгаа зэрэг нь үзэгч олны анхаарлыг татаж байв. Тэр тусмаа үндэсний уламжлал, соёлоос хэт алсарсан суурин иргэншлийн иргэдийг гайхширахад хүргэж байгааг анзаарч сууснаа нуух юун.  

Ийнхүү зуны дунд сарын илчит наран Дорно зүгт байх үед эхэлсэн тэмцээн үдшийн цагаан гэгээнд түүчээлэн ирэхэд шувтаргын дөрвөн багийн дунд өрсөлдөөн болов. Шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Дэрэн сум, Орхон аймаг болон Хэнтий аймгийн хоёр багууд дунд тун сонирхолтой өрсөлдөөн өрнөв. Ингээд эцсийн дүн гарахад н.Мөнгөншагай ахлагчтай Дундговь аймгийн Дэрэн сумын баг тэргүүлж, алтан медалийн эзэд болж, удаах байрт н.Цогтбилэг ахлагчтай Хэнтий аймгийн баг, гуравдугаар байрт н.Орхон ахлагтай Орхон аймгийн баг шалгарч, мөнгө хүрэл медалийн эзэд болов. Харин шөвгийн дөрөвт үлдээд байсан Хэнтий аймгаас ирсэн хоёр багийн нэг болох н.Ууганбаатар ахлагчтай баг шөвгөрч медалийн оосроос атгаад алдлаа.


Үүний дараа шагайн харвааны нэгэн сонирхолтой хэсэг болох цуваа харваа болов. Үдшийн цагаан гэгээнд эхэлсэн цуваа харвааны дүн гарах болоход 20 суманд 20 оносон гурван харваач, 20 сумнаас 19 оносон долоон хүүхэд байсан гэхээр өсвөрийн харваачдын оноо мэргэн, ухаан хурц байгааг харж болно. Тодотгож хэлбэл, харваачдын ур чадвар жилээс жилд өсч, өрсөлдөөн их байгааг харуулсан хэрэг. Тиймдээ ч цуваа харвааны аварга тодрох хугацаа сунаж, суманд уралдах, халз харвах зэргээр сум тавьсаар байгаад шөнө дөл болоход 5-8 насны ангилалд Дорноговь аймгийн Айраг сумын харваач Э.Энхтөр,  9-12 насны ангилалд Дундговь аймгийн Дэрэн сумын харваач О.Насанбат, 13-16 насны ангилалд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харваач н.Баярмагнай нар тэргүүлж, хурсан олныг баясгалаа.

Ийнхүү өглөөний ургах нарнаас үдшийн бүрий дамжуулан шөнө дундад өндөрлөсөн Өсвөрийн харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж, багаараа болон цуваанд тэргүүлсэн харваачид нүд дүүрэн баяртай, шалгарч чадаагүй идэр харваачид маань ёстой л өнөөх “Хойтон жилийн наадам хол байна даа” гэдэгчлэн алдаа оноондоо дүгнэлт хийсээр буцсан юм.

Ийнхүү ялимгүй аз, оноо дутсан харваачид дунд энэ жилийн тэмцээнд Архангай аймгийн Улаан-Өндөр сумаас ирж оролцсон хамгийн бага буюу таван настай хүү Б.Мөнхбаяр цуваа харваанд хүрэл медалийн төлөө өрсөлдөөд балчирдсан уу яасан медальд хүрч чадсангүй. Гэвч “Гэртээ харьж сайн харваж бэлдэж байгаад хойтон ирж түрүүлнэ” хэмээн хэлнэ билээ.

Дашрамд дурдахад “тэмцээнд оролцогч өсвөрийн харваачдын дагаж мөрдөж буй дэг жаяг, бусадтай харилцах харьцаанаас эхлээд бүхий л зүйл нь хэвшмэл, бүр эртнээс хэрэгжүүлж дадсан зүйл мэт харагдаж байна. Энэ олон цагаар бага насны хүүхэд ямар тэвчээртэй сууж чадаж байна вэ. Бид нар хүүхдээ ганц цаг хичээл хийлгээд суулгах гэж үйлээ үздэг шүү дээ” гэх эцэг эхийн төлөөлөл ч байв. Үүнээс харвал Монголын Шагайн харвааны холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүд, ахмад харваачид үндэсний наадгайгаа хөгжүүлэх үйлсийг сайн дэлгэрүүлээд зогсохгүй, уламжлалт хэлбэрээр нь хадгалж маргаашдаа хүргэхийг зорин ажиллаж байгаагийн нэгэн жишээ гэлтэй. Шагайн харваа нь өөрөө эр хүний тоглоом төдийгүй, хүнийг тэсвэр тэвчээртэй, багаар ажиллах чадвартай болгодог, үндэсний уламжлалаа дээдэлдэг гээд олон давуу талыг хүүхдэд суулгаж өгдөг туйлын онцлогтой билээ. Ингээд Өсвөрийн харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Шагайн харвааны холбооны зарим удирдлагууд болон тэргүүлсэн харваач хүүхдүүд, эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

Монголын Шагайн харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр

Бидний залгамж халаа болсон өсвөрийн харваачдын хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Тиймээс Монголын Шагайн харвааны холбоо ч чамгүй анхаарч ирсэн бөгөөд цаашид ч шагайн наадгайг дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн олон жилд Шагайн харвааны холбооны дэд тэргүүн, Үлэмж дархан мэргэн М.Нямаагийн тэргүүлэн ажилладаг “Дамдинбишрэлт” сан ивээн тэтгэн явуулж ирсэн. Тиймээс М.Нямаа ахдаа болон түүний гэргий н.Сүрэнхорлоо эгчдээ Шагайн харвааны холбооны зүгээс болон тэмцээнд оролцож буй өсвөрийн харваачид, шагайн харвааг дэмжигч бүхний өмнөөс халуун талархал илэрхийлж байна.   


Монголын Шагайн харвааны холбооны Дэд Ерөнхийлөгч,“Дамдинбишрэлт” сангийн тэргүүн, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн М.Нямаа

Монголын уламжлалт шагайн наадгай нь хөгжин өргөжихийн хэрээр гадаадын олон оронд салбараа нээжээ. Тэгэхээр манай холбоо монгол үндэсний дархлаа болсон шагайн наадгайг залуу хойч үедээ уламжлалт хэлбэрээр өвлүүлж үлдээх, даяаршлын шуурганд үндэсний соёлоо авч үлдэх зорилгын дор хөгжүүлж ирсэн гэхэд болно. Шагайн харваа нь уламжлалт наадгай хэдий ч спорт тал руугаа илүү хөгжиж байгааг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх байх. Харин миний хувьд уламжлалаа хадгалсан шинэчлэл, хөгжлийг зөв гэж боддог. Тиймээс “Дамдинбишрэлт” сангаас олон жилийн турш Өсвөрийн харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэн явууллаа. Өсвөрийн харваачдын ур чадвар сайжирч, шагайн харвааны дэг ёсыг ч сайн мэддэг болж хүрээгээ тэлсээр байна. Манай сангаас зөвхөн өсвөр үеийн харваачид ч гэхгүй Шагайн харвааны холбооноос явуулж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжихийг хичээж ирсэн бөгөөд Ахмадуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг ч ивээн тэтгэдэг юм.

Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Үлэмж дархан мэргэн Д.Басхүү

Үндэсний уламжлалт наадгайг хүүхэд залуучууддаа өвлүүлэх үүднээс 2003 оноос анх зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ Улсын аваргад гурав ба түүнээс дээш түрүүлсэн хүүхдэд “Өсөх идэр харваач” цол олгох замаар цуваа харваагаар өрсөлдөж ирсэн. Одоо улам бүр өргөжөөд багаараа оролцдог болсон. Шагайн харвааны холбооны IV Их хурлаас шийдвэр гарч, тулгаж харвадаг байсан бол өрж харвадаг болсон нь ч өсвөр үеийн харваачдын тоог нэмсэн. Анх Дундговиос тав, Дорноговиос зургаа долоо, Өмнөговиос гурав, хотоос дөрөв тав гэх мэт цөөн тооны хүүхэд ирж оролцдог байсан. Гэтэл жилээс жилд өсөн нэмэгдсээр энэ жил гэхэд найман аймгийн 14 багийн 108 харваач оролцож байх жишээтэй. Өсвөрийн харваачдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс Улсын мэргэн, Гарамгай мэргэн, Дархан мэргэн, Үлэмж дархан мэргэн, Спортын мастерууд гэх мэт алдартай мэргэн харваачид төрөн гарсан гэхээр Өсвөрийн харваачдын тэмцээний чанар чансааг харуулах байх.

Таван настай харваач Б.Мөнхбаяр хүүгийн ээж Л.Болормаа

Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр хүүгээ хөтлөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас ирлээ. Миний бага хүү Баянмөнхийн Мөнхбаяр таван настай тэмцээнд оролцож байгаа учраас хамгийн бага нь байна. Ах нь Б.Дэлгэрбаяр энэ жил зургаадугаар ангид сурдаг, дүүтэйгээ хамт энэ тэмцээнд оролцож байгаа. Б.Мөнхбаяр маань дөрвөн настайгаасаа эхлэн харваж эхэлсэн. Аав нь шагай харвадаг, нөхрийн маань аав ч харвадаг хүн байсан. Манайх дөрвөн бандитай, сумандаа, аймагтаа гээд аливаа шагайн харвааны уралдаан тэмцээн болоход манай нөхөр дөрвөн хүүтэйгээ нэг баг болоод тоглодог. Гэр бүлээрээ л шагай харвадаг даа. Өнгөрсөн жил аймгийн баяр наадмаар хүү Б.Дэлгэрбаяр маань цуваа харваанд томчуудтай өрсөлдөөд гуравдугаар байранд орсон бол энэ жил аймгийнхаа Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байна.

Э.Энхтөр 5-8 насны ангилалд түрүүлсэн. Дорноговь аймгийн Айраг сумын харваач

Намайг Э.Энхтөр гэдэг, Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангид сурдаг, багшийг Эрдэнэсүрэн гэдэг. Таван настайгаасаа шагай харваж эхэлсэн, Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Гэртээ хариад сайн бэлдэж байгаад ирэх жилийн наадамд энэ амжилтаа батлана. Манай багш л намайг байнга харваж байхыг зөвлөж байдаг.

н.Баярмагнай 13-16 насны ангилалд түрүүлсэн. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харваач

Намайг н.Баярмагнай гэдэг, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас ирсэн, энэ жил есдүгээр ангид дэвшин суралцана. Би гурван жилийн өмнөөс шагай харваж эхэлсэн, өнгөрсөн жилийн Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж, багаараа дөрөвдүгээр байранд шалгарсан. Энэ жил манай баг бас л дөрөвт орчихлоо. Ирэх жил багаараа сайн бэлдэж байгаад амжилтаа ахиулж медаль авна гэж манай багийнхан ярьсан. Өвөө маань шагай харвадаг хүн, харин миний багшийг Чинбат гэдэг, хамт ирсэн байгаа.

О.Насанбат 9-12 насны ангилалд түрүүлсэн. Дундговь аймгийн Дэрэн сумын харваач

Би Дундговь аймгийн Дэрэн сумаас ирсэн О.Насанбат гэдэг хүүхэд байна, энэ жил дөрөвдүгээр ангид орно. Урьд өмнө Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож багаараа хоёрдугаар байранд шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж түрүүллээ. Өөрөө ч энэ жилийн тэмцээний цуваа харваанд түрүүлж хос алтан медаль авсандаа маш их баяртай байна. Надад Жамъян, Дагвабаяр гээд сайн харваач багш нар бий.  


С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.108) 2018 оны 06 сарын 19

hvvhedee shagai harbaand surgamaar l sanagdchihlaa

0  |  0
Top