”Хүн худалдаалах гэмт хэрэг ба Хүний эрх” лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

2018 оны 06 сарын 19

Та бүхнийг хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд урьж байна. Лекц "Хүн худалдаалах гэмт хэрэг ба Хүний эрх” сэдвээр 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Илтгэгч зочноор Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүнГэлэгийн ГАНБАЯСГАХ оролцоно.

  Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар зохион байгуулдаг уг арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй, төлбөргүй бөгөөд оролцохыг хүсвэл 51-262752 дугаарын утсаар, эсвэл z.badmaarag@mn-nhrc.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

 ХҮН ХУДАЛДААЛАХ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ МӨН ҮҮ, ЯАГААД ?

...Нэг л өдөр энэ бүх зүйл дуусч, гэртээ харина, эх орондоо очно, гэмт хэрэгтнүүдийг шийтгүүлнэ гэсэн итгэлээр зовлон бүхнийг даван тэмцэж ирсэн миний буруу бололтой. Хэчнээн сайхнаар мөрөөдөж, маш их доромжлол, тэсэхүйеэ бэрх дарамтлал, хамгаалалтгүй бэлгийн харьцаа… хар тамхитай тураадаг эм…зодуур нүдүүрийг даван, хоног тоолон зүүдлэн байж ирсэн маань буруу байсан гэж үү? Хүн бүрийн үл итгэсэн харц, асуулт, буруутгасан харьцаа, мөнгөний хомсдол, эрүүл мэнд... 
Энэ бүхний эцэст би яах ёстой юм бэ? Тэд дахиад л олон охидын амьдралаар тоглож, тэр ч бүү хэл, гэр бүлийнхнийг минь заналхийлж байна. Амьд явах хэрэг байна уу? Надад туслаач!..

...Таны ажиллаж, амьдарч буй орчин аюултай санагдаж, таны өөрийгөө зовоож ажиллаж олсон мөнгө өөр хүний халаасанд орж, таны юу хийх, хэзээ амрах, ажиллах, хэнтэй уулзах, хаашаа явах, юу хийхийг зааж, амьдралыг чинь хэн нэгэн бүрэн хяналтдаа авсан байвал Та яах вэ?..
Энэ удаагийн лекцийн зочин илтгэгч нь сүүлийн 20 гаруй жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж, манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд гар бие оролцон тасралтгүй ажиллаж, зүтгэж яваа нэгэн юм. 

Тэрбээр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай үндэсний хөтөлбөр, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хохирогчийг хамгаалах байрны стандарт, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх стандарт зэрэг бодлогын бичиг баримт бичиг, мэргэжлийн бүлгүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага, бие даасан болон тусгайлсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай иргэний нийгмийн зүтгэлтэн бөгөөд АНУ-ын Төрийн Департментаас 2010 онд "Орчин үеийн боолчлолыг халахад гавъяа байгуулсан баатар” шагналыг түүнд олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top