Б.СОЛОНГО
Түрүүч нь Өөрчлөгдсөн 40 жилийг Өвөрмонголоос сурвалжиллаа-1
“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилд бий болсон бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнтэй танилцсан сурвалжлагаа үргэлжлүүлэн хүргэж байна.
ХАЛУУН ОРНЫ УРГАМЛУУДЫГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖЭЭ
Хөх хотын Хөдөө аж ахуйн хүрээлэн сурагчид болон жуулчдад зориулсан танилцах аялалыг зохион байгуулдаг.
Өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд цогцоороо хөгжсөн салбар бол хөдөө аж ахуй, газар тариалан. Энэ салбар нь зөвхөн хүн амын хүнсний хэрэгцээнээс хальж, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд түлхүү хөгжиж байгааг аяллын үеэр танилцсан олон төслөөс харж болохоор байв. Тэдний нэг болох Хөх хотын хөдөө аж ахуйн хүрээлэнд бид очив. Нийт 12 га талбайтай шувууны үүр хэлбэртэй асар том хүлэмжийг 2012 онд байгуулж, одоогийн байдлаар 6700 төрлийн жимс, ургамлыг нутагшуулаад байна. Усан үзэм, манго, анар, гадил гээд бүх төрлийн жимс, Япон улсын мандарваагаас эхлээд бүх төрлийн цэцэг, ногоог энд ургуулж чаджээ. Түүнчлэн халуун оронд ургадаг 57 төрлийн ургамлыг нутагшуулсан байв. Энэ жил 150 кг жинтэй аварга том амтат гуаг хураан авч Өвөрмонголын хэмжээнд II байр эзэлсэн байна. Энэ том хүлэмжийг бүхэлд нь ердөө 12 хүн хариуцаж арчилж торддог нь технологийн дэвшилтэй салшгүй холбоотой. Тухайлбал, хөрсгүйгээр ургуулах, усаар биш уураар чийгшүүлэх гэх мэт сонин содон технологийг ашиглаж байсан юм. Хөдөө аж ахуйн хүрээлэнд 160 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор ашиг хүртэж эхлээгүй байгаа гэсэн юм. Гэхдээ санхүүгийн ашиг олно гэхээс илүү туршлага солилцох, тариаланчдад зааж өгөх, сурагчдад үзүүлж таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр нийгмийн сайн сайханд тулгуурласан олон талын зорилтот үйл ажиллагаа явуулдаг юм байна.
ТАВАН САЯ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГТЭЙ И ЛИ ГРУПП
И Ли группийн нэг саалийн үнээ өдөрт 32 литр, жилд 9-12 тонн сүү өгдөг гэв.
И Ли сүүний үйлдвэрийн түүхэн музейн үзмэрээс.
Гудамжны зайрмагны худалдаанаас гараагаа эхэлсэн 60 гаруй жилийн түүхтэй И Ли группийн үйл ажиллагааг бид сонирхлоо. Хөх хотод байрлах тус групп нь Хятад улсын сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч нэгж. Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний найман компанийн нэгд жагссан цорын ганц аж ахуйн нэгж болжээ. Одоогийн байдлаар сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын 600 гаруй хотод таван сая гаруй борлуулалтын цэгээр дамжуулан худалдаалж байна. Саалийн үнээгээ тэжээх өвсөө өөрсдөө тарьж ургуулахаас эхлээд идэш тэжээл бэлтгэх, өсгөх, саах, үйлдвэрлэх, бүтээгдэхүүн болгох, баталгаажуулах, хэрэглэгчдэд хүргэх бүхий л шат дамжлагыг цогцоор нь гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, малчдын талбай, үйлдвэрүүд, ажилчдын дотуур байр, сургууль, музей, лабораторитой цогцолбор хотхоныг байгуулж чаджээ. Шингэн сүүний үйлдвэр нь өдөрт 2000 тоннын хүчин чадалтай. Америк, Канадаас авчран нутагшуулж, эндээ өсгөн үржүүлж байгаа саалийн нэг үнээнээс өдөрт 32 литр, жилд 9-12 тонн сүү авдаг. Дэлхийн хамгийн шилдэг технологиудыг энд ашиглаж байгаа бөгөөд үйлдвэрүүдэд нь хүний оролцоо огт байхгүй. Жишээ нь үнээ саах машин нь 15 минутад 96 үнээ саачихдаг. Нэг үнээнээс 8-12 жил сааль авдаг ба өдөрт гурван удаа сааж, жилд 60 хоног амраадаг гэлээ. И Ли группийн бүтээгдэхүүнүүдийг ямар ч химийн орц найрлагагүйгээр зургаан сар хүртэл хадгалж болдгоороо онцлог юм байна. Тус группийн орлого нь 2017 онд 68 тэрбум юаньд хүрчээ. Ийнхүү бидний Хөх хотод хийсэн аялал дуусч нийтлэлийн эхэнд хүргэсэн “Хун галуу” хэмээх алдарт дууны нутаг болох Баяннуур хотыг зорин хөдөллөө.
НАРАНЦЭЦГИЙН ӨЛГИЙ НУТАГ Ү ЮАНЬ
Баяннуур хотын Ү Юань суурин нь хөдөө аж ахуйн хөгжил, тэр дундаа наранцэцэг, эрдэнэшиш, гурилаараа алдартай.
Баяннуур хот нь гурилаараа алдартай. Хөдөө аж ахуйн хөгжил, органик, эрүүл хүнсийг брэнд болгосон нутаг юм байна. Тус хотын иргэд, аж ахуй нэгжүүд сүүлийн жилүүдэд Улаан сухай нуур орчмын бүс нутагт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, байгалийн унаган төрхийг сэргээхээр ажиллаж байгааг бидэнд дуулгав. Улаан сухай нуур нь Баяннуур хотын Урады өмнөд хошууны хил дагуу Хөх хот, Бугат, Ордос гурвын уулзварт байрладаг. Хятадын найман том цэнгэг нуурын нэг бөгөөд 300 км квадрат талбайтай, “Тал нутгийн гэрэлт сувд” нэртэй. Дэлхийн хэмжээнд тачир тал нутаг болон цөлжсөн газарт маш ховор байдаг олон талын ашигтай нуур бол Улаан сухай аж. Энэ тухай сонсон явсаар Баяннуур хотын хөдөө аж ахуйн хөгжлийн төв болсон Ү Юаньд бид ирлээ. Энэ сууринг ганцхан наранцэцгээр нь тодорхойлоход хангалттай байв. Учир нь Хятадын наранцэцэгийн долооны нэг хувийг зөвхөн энэ газраас хангадаг. Наранцэцгийн самар, тосны үнийг энд л тодорхойлдог аж. Сууриндаа 300 мянга, хөдөө нутагтаа 200 мянган хүн амьдран суудаг. Уур амьсгалын хувьд газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой ба ихэвчлэн буудай, эрдэнэшиш, наранцэцэг, хаш, амтат гуаг бусад ногоо, жимсийн хамт тариалдаг гэнэ. Эрдэм шинжилгээний чиглэлээр түлхүү хөгжүүлсэн хүлэмжин хүрээлэн зөвхөн энэ сууринд 138 байдаг. Эдгээр хүрээлэн нь ургамал, ногооны тоо хэмжээнд биш чанарт түлхүү анхаарч судалгаа, шинжилгээ хийн, туршлага хуваалцдаг ажээ. Газар тариалангаас гадна мал аж ахуйн салбар нь маш сайн хөгжсөн. 500 мянган хүн амтай хэрнээ 5.5 сая малтай, махны чиглэлийн хонийг түлхүү өсгөн үржүүлдэг аж. Газар тариалангаас үлдсэн өвсний иш үндсээр малаа тэжээх зэргээр хоёр салбар нь харилцан бие биедээ туслан авч явдаг гэлээ. Цахим ертөнцөөр дэлхий нийтээрээ холбогдсон өнөөгийн нийгэмд тохирсон нэгэн байгууллага энд үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө аж ахуй эрхэлдэг компаниудын бүтээгдэхүүнүүдийг онлайнаар зарж борлуулах төв энд байна. Харьяалалтай 226 компанийнхаа бүтээгдэхүүний зураг авалт, сурталчилгаа, захиалга, савлагаа, хүргэлт хийх бүх үйлчилгээг энд үзүүлдэг. Энэ төв нь төрийн мэдэлд үйл ажиллагаа явуулах бөгөөд нутгийнхаа шилдгээр шалгарсан дээрх компаниудад ямар ч үнэ төлбөргүйгээр дээрх үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог. Аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн ажил болж чаддаг байна.
Аяллын зурган сурвалжлага болон дүрст мэдээллийг www.polit.mn цахим хуудсаас дэлгэрэнгүй унших боломжтой. Баяннуур хотод байрлах Хятадын 10 үзэсгэлэнт тосгоны нэг Фү чан болон таван сартай хурга нь 50 кг жинтэй болж, нэг килограмм мах нь 200-500 мянган төгрөгөөр худалдаалагддаг “Ба мэй” үүлдрийн хонины талаар дараагийн нийтлэлээс уншаарай.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 3 )
bid shig suuliin 30 jild dooshoo orson uls ene delxiid ugui dee luivarchin udirdagchtai
ene bol hugjil bish . tonon deeremdelt unglun zasalt . mongoliig odoo l zub zamru ni oruulj tonuulchid deeremchidee tseerlvvlj . shiitgehgvi bol yaguvur mongol shig bolno . mongon bol bayan ard tvmen
гуч дөчин жилийн өмнө нэг өнгийн нэг загварын хувцас мантуу давстай байцаа идэж байсан ард түмэн одоо өөр болжээ манайх гучин жилд яаж доошоо орсон байна архинд гүнзгий орсон хойч үетэй ихэнх нь хулгайч дээр доргүй луйварчин зарим айл өрх картын хүнс авдаг дөчөөд хувь нь гадаадаас сорчилж олж ирсэн хуучин хувцас өмсдөг зуун хувь актлагдсан машин унадаг хүн амын далан хувь нь ажилгүй ямар их хувь заяагаар агуа их удирдагч нартай болвоо бид