Тэмдэглэл: Дэлхийн эдийн засгийг тэргүүлэх ХЯТАД ЖОР-1

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

БНХАУ-ын “Өөрчлөлт, шинэчлэлт-40 жил”, “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд урд хөрш маань ямархуу хэмжээнд хөгжиж, ойр тойрны муж нутаг, тосгод, хошуудаа хэрхэн ядуурлаас ангижруулж, өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого явуулж буйтай танилцахаар Монголын 20 сэтгүүлчтэй сурвалжлагын баг энэ сарын 5-нд аяны дөрөө жийв.


Улаанбаатар хотоос галт тэргээр хоног болж очдог Замын-Үүдэд буусан зургаадугаар сарын 6-ны өглөө миний хувьд ербусын догдлолоор дүүрэн байв. Анх удаа урд хөршрүүгээ хилийн дээс алхаж буй учир хөршийнхөө хөгжлийг нүдээр харна гэдэг аз завшаан билээ. Нэг биш нэлээд хэдэн өдрийг зөвхөн өөрчлөлт, шинэчлэлтэй танилцаж өнгөрүүлнэ гэдэг эргээд бид юутай ирэх бол гэсэн асуултын тэмдэгтэй эхэлсэн юм. Нөгөө талаараа БНХАУ-тай мөнхийн хөрш манай улсын эрт, эдүгээгийн түүх үргэлж холбоотой байдаг билээ. 1267 онд Хубилай хаан Монголын нийслэлийг Хархорум хотоос одоогийн Бээжингийн баруун хойд тал Жунду буюу Дайду хот руу нүүлгэсэн байдаг. Ийн нийслэлээ нүүлгэж, Их Монгол Улсыг Юань хэмээн нэрийджээ. Эндээс эхлээд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал хүртэл бидний түүх хамт бичигдсэн байдаг. Тэгэхээр хөршийн нутгаараа аялана гэдэг нэг талаараа эх нутгийнхаа эрт цагийн түүхтэй бага ч болов нүдээр, биеэр танилцана гэсэн үг юм.

“Эрээн-Хөххот” орох 490 км миний хувьд өөрчлөлт, шинэчлэл байлаа”


Монгол, Хятадын хил давсны дараагаар бид Эрээнээс ӨМӨЗО-ы төв Хөххот орохоор автобусандаа сууцгаав. Энэ хооронд Замын-Үүд, Эрээн хот хоёрын газар, тэнгэр шиг ялгааг бодсоор л явав. Замын-Үүд өртөө нь Монгол улс, БНХАУ-г холбосон төмөр замын цорын ганц боомт юм. 2004 онд "Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" бий болгосон бөгөөд 900 га талбайг эзэлдэг. Гэхдээ эдийн засгийн чөлөөт бүс гэх нэршилдээ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Харин олон нийтийн ярьдгаар БНХАУ зөвхөн Монголчуудад зориулж нэгэн хот босгосон нь Эрээн ажээ. Тэнгэр, газар шиг ялгааны тухайд тусад нь нэгэн бэсрэг нийтлэл болгон оруулахаар төлөвлөв.

Эрээнээс Хөххот хүртэл 490 км битүү хучилттай замаар таван цаг орчим явсаар хүрэв. Цонхоор хэсэг эргэн тойрноо ажиглаж явсаар 100 илүү км замыг унтаад өнгөрүүлчихжээ. Гэвч аанай л өнөөх зам дагуух өргөн их мод байсаар л байв. Энэ арай бүх л бүтэн 490 км зам үргэлжлэх юм биш байгаа даа гэж бодогдсон ч нэг л санаанд багтахгүй байв. Гэхдээ Эрээнээс Хөххот хүртэл нэг км, нэг метр ч алгасалгүй мод тарьсан байлаа. Эргэн тойронд нь ямар ч тосгон, хүн амьтан байхгүй байхад энэ их модыг хэн арчилж, ургуулаад байдаг байна аа гэж өөрийн эрхгүй бодогдов. Мэдээж 1,3 тэрбум хүн амтай,  дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10 их наяд ам.доллартай тэнцдэг орны хувьд 9.6 сая км2 нутаг дэвсгэрээ бүхэлд нь ойжуулсан ч чадах л байх. Хөрш улс маань модоо тарьж, арчилж, ургуулж байхад бид ууланд ургасан модоо хотод авчирч “оршуулсаар” л байна. Мөн Бээжин хот утаагүй болсны нэгэн шалтгаан нь их хэмжээгээр мод тарьж, ургуулсантай холбоотой гэдгийг энд дурдах нь илүүц биз ээ.

“Өөрчлөлт, шинэчлэлт”-ийн бодлого өнөө цагийн Хятад орныг бий болгосон нь”


БНХАУ-ын энэ цагийн үсрэнгүй хөгжил ердөө 40 жилд л бий болжээ. 1949 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улс 1978 оноос эдийн засгийг чөлөөлж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлжээ. Хувийн өмчийг зөвшөөрч, иргэдийнхээ бизнес эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэв. Хятадад ихээр байгаа ажиллах хүчийг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулалт их орсон бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд хамгийн хямд зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэв. Тиймдээ ч  одоо 3.9 их наяд $ бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд тэргүүлж байгаа аж. Үүнийгээ тэд “нээлттэй хаалганы бодлого” хэмээн нэрийддэг.

Мөн “Өөрчлөлт, шинэчлэлт”-ийн бодлого, “Нэг бүс, нэг зам”-ын тухай энд цухас дурдъя.

“Өөрчлөлт, шинэчлэлт”-ийн эхлэл буюу Дэн Сяопин


XX зууны түүхэнд нэрээ үлдээсэн, дэлхийн түүхэнд бичигдэх Хятад хүмүүсийн дотор Дэн Сяопины нэр нэлээд дээгүүрт ордог. Учир нь Сун Ятсень, Чан Кайши, Мао Зэдун, Жоу Эньлай, Лю Шаоци нарын дараа Дэн Сяопины нэр бичигдэж буй юм. Магадгүй түүний эхлүүлсэн бодлого хүрээгээ тэлж, үр ашгаа өгөх бүрийд нэр хүнд нь улам өсөх биз ээ. Яагаад энэхүү тэмдэглэлдээ Хятадын удирдагчид дотроос онцолж Дэн Сяопины тухай өгүүлж буй нь их учиртай. Тэр бол БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлүүлсэн, ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт Гуравдугаар бүгд хурлыг сэдсэн гол хүн. Тэрээр “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн томъёоллоороо хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, хүмүүсийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг асуудлыг дэвшүүлсэн билээ. Ийн Хятадад хамгийн либерал хэлбэрийн шинэчлэл явуулснаар нийгмийн бухимдал, тэсрэлтийг намжааж, сүйрлээс сэрэмжилж чадсан гэдэг.

Өнөө цагийн Хятад улсын бодолого, нүүр царай бүгд түүний эхлүүлсэн шинэчлэл, өөрчлөлтийн үр юм шүү дээ. Одоо БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 он гэхэд нийт хүн амаа ядуурлаас гаргахаар эрчимтэй бодлого явуулж байгаа аж.  

“Яа Бао Лү” худалдааны төв


Манай сэтгүүлчдийн сурвалжлагын баг Хөххотод буусныхаа дараагаар баруун, зүүн болон хоёр хуваагдаж, Хятадын сэтгүүлчдийн багтай тус, тус нэгдэцгээв. Ийн Монгол, Хятадын хамтарсан сурвалжлагын зүүн зүгийн багийнхан “Одон” телевиз дээрх нээлтийн дараагаас Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаанцав хотын Жининь дүүрэгт байрлах “Яа Бао Лү” худалдааны төвийг зорив.


Бидний хувьд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд нээлтэй хийсэн цагаас нь тус худалдааны төвтэй эчнээ танил болцгоосон билээ. Бээжин хотын төвлөрлийг багасгахын тулд том захуудыг нүүлгэж эхэлсний нэг нь арьсан болон үслэг эдлэлийн худалдаагаар тэргүүлэгч “Яа Бао Лү” худалдааны төв байжээ.


2012 оноос бүтээн байгуулалт нь эхэлсэн тус худалдааны төв биднийг очиход аль хэдийн дийлэнх барилгуудаа ашиглалтад оруулсан байв. Нийт 130,000 м.кв талбайтай бөгөөд энд голчлон арьс ноолуур, үслэг эдлэл, арьсан хувцас, өвлийн хувцас, цүнх, түүхий арьс, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалах боломжтой аж. Нэг үгээр хэлбэл, Хятадаас гадна Монгол, Орос, Украйн, Турк, Казахстан гээд дэлхийн 20-оод улс энд наймаа арилжаагаа хийх төвлөрсөн бүстэй болжээ. Энэ нь худалдаачид өөрийн бүтээгдэхүүнээ зөвхөн Хятадын зах зээлд бус Зүүн Азийн болон Европын улс орнуудад худалдаалах том боломж олгож буйгаараа маш онцлогтой аж. Мэдээж энэ бол 2013 онд “Шин Жиньпин” даргын санаачилсан “Нэг бүс, Нэг зам” бодлогын үр шим юм.

Яа Бао Лү худалдааны төвд охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон зөөлөн, торгомсог, хөнгөн, дээд зэргийн чанарлаг булган шубнууд ёстой л төрөл төрлөөрөө байсан нь манай багийнхний сонирхлыг ихэд татав.

Энэхүү худалдааны төвд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар хүмүүс ирэхээс гадна үслэг болон нэхий, савхин эдлэл авахаар манай хойд хөршөөс маш олон үйлчлүүлэгчид ирдэг аж. Мөн тус худалдааны төвийг зорих иргэдэд үйлчлэх автобус Хөххотоос үнэгүй явдаг тухай бидэнд дуулгасан юм. Тэгэхээр энэхүү худалдааны төвөөс дээд зэрэглэлийн үслэг эдлэлийг зах зээлээс арай бага үнээр авах боломжтой ажээ. Үнийн хувьд богино булган шуб монгол мөнгөөр 1,5-2 сая төгрөг байгаа бол урт булган шуб дээд тал нь 20 сая хүртэл үнэтэй гэнэ. Булган шубыг чанараар нь сортолдог учир үнийн хувьд ийн ялгаатай байдаг ажээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпины “Нэг бүс, нэг зам” нэртэй АГУУ төлөвлөгөө


Эрт цагт Хятад орон наймаа арилжааны төв бүс байжээ. Энэ нь ч түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Битүү хучилттай зам, онгоц, төмөр зам гэж байгаагүй тэр балар цагт түмэн бээр, мянган хоногийг туулан нэг нэгэнтэйгээ хэрэгтэй зүйлээ наймаалцахаар цуглардаг байсан гэхээр итгэхэд бэрх ч үнэн билээ. Тиймээс одоогоос 2000 жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах зорилготой энэхүү төсөл хэрэгжиж эхлээд таван оныг үджээ. Шинэ Торгоны замын эдийн засгийн бүс нь хуурай замаар Азийг Европ, Ойрхи  Дорнодтой, далайн замаар Азийг Зүүн Африк, Европтой холбох аж. Зөвхөн хуурай замын чиглэл нь л гэхэд Шанхайгаас Берлин хүртэл 12 мянган км урт байх гэнэ. Харин усан зам нь Хятадаас Энэтхэгийн далайгаар дамжин Африкийн зүүн эрэг, цаашлаад Газар дундын тэнгис хүрэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 4,4 тэрбум хүн амтай, 21 их наяд.ам долларын бараа эргэлттэй шинэ эдийн засгийн бүс бий болгох ажээ. Тиймээс л үүнийг Ши Жиньпиний агуу төлөвлөгөө хэмээн нэрлэх болсон байна.


Энэхүү тэмдэглэл маань дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсгээ ийн жаргаая. БНХАУ-ын “Өөрчлөлт, шинэчлэл”-ийн бодлого хэрэгжсэний 40 жил, “Нэг бүс, нэг зам” төсөл санаачилсны таван жилийн ойн хүрээнд юуг хэрхэн бүтээж, юу хийхээр тэмүүлж буй тухай энэхүү дөрвөн нийтлэлээрээ харуулахыг зорих болно.

 

Б.Энх-Уянга

Гэрэл зургийг Хятадын "Синьхуа" крилл сайтын сэтгүүлч С.Уяхан

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.58) 2018 оны 06 сарын 20

hytaduudiin yriad baigaa shine haalganii bodlogiig Mongoliin neg negdliin darga zohiocon um bilee tuhain ued Mongol ulc cotsialict oron baican bolohoor ene canaachlaga amjilt oloogui harin hytaduud huulbarlaj abcAN UM BN LEE

0  |  0
zochin(103.57.94.18) 2018 оны 06 сарын 20

TSAINII ZAM N ODOOGIIN UBTZ IIN SHUGAM YUM

0  |  0
Top