БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид болон салбар зөвлөлийн дарга нарыг өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон манай улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид хүлээн авч уулзсан билээ.
Уулзалтын дараагаар Монгол-Солонгосын сэтгүүлчид, зочид төлөөлөгчид “Улаанбаатар” хотын Олон Улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан бөгөөд зочдыг нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог, Төлөвлөлт хариусан менежер н.Жамбалсүрэн, Хүний нөөцийн менежер н.Энхжаргал нарын албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар МСНЭ-тэй үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцааны шинэ түвшинд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.
Улаанбаатар хотын Олон Улсын шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт 2013 оноос эхэлсэн бөгөөд одоогоор 98 хувийн биелэлттэйгээр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлдэж байгаа аж. 2006 онд Ерөнхий сайд асан М.Энхболд Япон улсад айлчлал хийж, Ази Европыг холбосон нисэх буудал байгуулах санаагаа илэрхийлснийг Японы Ерөнхий сайд Коизүми 2007 онд Монгол Улсад айлчлах үеэрээ хүлээн авчээ. Ийн төслийн ажил 2008 онд судалгааны ажлаар эхэлсэн байна. Зээлийн ерөнхий захиалагч Зам тээврийн яам, Ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын “Чиёода Түншлэл”, хамтран гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си Энд Ти” ХХК, зөвлөхөөр Азуса Секкей ажиллаж байна хэмээн танилцууллаа.
Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх онгоцны буудалд 65,8 тэрбум иений хөрөнгө оруулалт хийгджээ.
2013 оноос хойш тус нисэх онгоцны буудалд нийтдээ 57 хүний бүрэлдэхүүнтэй, 13 акт бүхий 355 гарын үсэгтэй улсын комисс ажиллажээ. Улсын комисс ажиллах явцад 1278 зөрчил дутагдал гарч, залруулах үйл ажлын гүйцэтгэл 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 70 хувьтай явж байна гэв. Мөн энэ дашрамд сонирхуулахад, шинэ нисэх буудал руу Улаанбаатар хотоос 32,2 км-ийн хурдны замын бүтээн байгуулалт хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 66,6 хувьтай явж байгаа аж.
Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудалтай танилцсаны дараагаар Монгол-Солонгосын сэтгүүлчид МGLRADIO FM 102.1, FM 88.3 радиогоор зочиллоо.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ENERGE USTDAGGUI USIIG DAHIN DAHIN URVALD ORUULDAG TEHNOLOG BUTEEH SHAARDLAGATAI YUM