БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гю Сон Монголын сэтгүүлчдийн үйл ажиллагааг сайшаан магтав

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 26

МСНЭ-ийн урилгаар манай улсад долоо хоногийн ажлын айлчлалаар ирээд буй БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гю Сон тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн үзэсгэлэнт сайхан байгалиар аялах зуураа орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзалт хийжээ.

Төлөөлөгчид “DSB” телевиз, Миний нутаг 101.5 радиогийн байранд зочилж, монгол инженерийн гараар бүтсэн кран, тв промпт, шууд дамжуулалтын төхөөрөмж зэргийг үзэж сонирхсон байна. Дашрамд дуулгахад, Чон Гю Сон Ерөнхийлөгчид монголын сэтгүүлчдийн үйл ажиллагаа, хичээл зүтгэл маш их таалагдаж байгааг дуулгаад , инженер, техникчдийн хийсэн тоног төхөөрөмжийг харан гайхаж, бахархаж байгаагаа тайлбарлагчаараа дамжуулан уламжилжээ.

БНСУ-ыг Азийн бар хэмээн нэрийддэг. Учир нь сүүлийн жилүүдэд тус улс хурдацтайгаар хөгжиж, дэлхийн бүхий л салбарт бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэх болжээ. Үүнд тус улсын сэтгүүлзүйн салбарынхан болон сэтгүүлчид Олон Улсад өөрийн улсаа эерэг, сайнаар сурталчласны тодорхой үр дүн хэмээсэн юм.  

Өдгөө 50 гаруй сая хүн амтай, 10 гаруй мянган сэтгүүлзүйн салбарын мэргэжилтэнтэй орны Сэтгүүлчдийн Холбооны төлөөлөл ийн манай улсад айлчилж буй нь туршлага солилцох, сэтгүүлчдээ мэргэшүүлэхээс эхлээд  хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд авчрах олон сайн талтай хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр уулзалтын үеэр онцолж байлаа. МСНЭ БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоотой хамтын харилцаа тогтоогоод таван жил орчим болж байгаа ч Чон Гю Сон Ерөнхийлөгч манай улсад дөрөв дэх удаагаа ирж байгаа гэнэ. Тэрээр ирэх бүртээ сэтгэл өндөр буцдаг тухай тайлбарлагч нь онцоллоо.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top