Д.Отгонсүрэн: Музейг ”амьтай” байлгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 26

 Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өв Чойжин ламын сүм музейг зорьж очлоо. Хаалгаар нь оруут хашаа нь цэмцийхийн зэрэгцээ цаанаа л нэг ариун дагшин, амар амгалан орчин угтсаныг нуух юун.

Өнөө жил үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ой нь тохиож байгаа уг сүм музейн хамт олны ажил ид өрнөж байхтай зэрэгцээд захирал Д.Отгонсүрэнтэй нь уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө Чойжин ламын сүм музейн түүхт 110 жилийн ойн баярын мэндийг танд болон танай хамт олонд хүргэе.

-Баярлалаа.  Тэгш ойгоо тохиолдуулаад бид олон ажлыг төлөвлөж, хийж хэрэгжүүлээд явж байна. Түүний нэг болох томоохон арга хэмжээнүүдийн нэг бол “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүд Чойжин лам хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн түүхэнд холбогдох гэрэл зургуудаас гадна ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэлх цаг хугацааны Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт зэргийг харуулснаараа үнэ цэнэтэй юм.  Энэхүү үзэсгэлэн маань 6 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 09:00-18:00 цагт “Nophei Art” галерейн үзэсгэлэнгийн танхимд /BlueMon Centre 1 давхар/ дэлгэгдэж байгааг дуулгахад таатай байна.

- Ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа гэлээ. Хийж хэрэгжүүлсэн болон хийх гэж байгаа ажлаасаа дурдвал...?

 - Чойжин ламын сүм музей өнгөрсөн 110 жилийн түүхэнд юу хийж бүтээж ирсэн юм, ямар түүхтэй, ямар үнэ цэнэтэй газар юм гэдгийг олон нийтэд таниулан суртачлах зорилгоор энэ жилийнхээ бүх ажлыг түүхт ойн хүрээндээ зохион байгуулж байгаагаараа онцлог. Нэгдүгээрт, бид “Бүтээлч хүүхдүүд” гэсэн сайхан арга хэмжээг жил болгон хийж байна. Гол зорилго нь Монголынхоо ирээдүй хойч болсон хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд чиглэж байгаа. Орчин үед  боловсрол гэдэг зөвхөн хичээл номоор хязгаарлагдахгүй урлагийг ойлгож мэдэх чадвар чухалд тооцогдох болсон. Тиймдээ ч өнөө цагт өндөр бловсролтой хүний хэмжүүрийг урлаг ойлгох чадвартай холбон тайлбарлаж ч байна шүү дээ. Ийм ч үүднээс манай сүм музейн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг онцгойлон авч “Бүтээлч хүүхдүүд” аяндаа хамруулдаг байгаа. Өнгөрсөн  хугацаанд сонсголын бэрхшээлтэй эцэг, эхтэй хүүхдүүдийг /100 гаруй/ сонгож оролцууллаа. Мөн дауны хам шинжтэй  хүүхдүүдийг үйл ажиллагаандаа оролцууллаа. Түүнчлэн Сарнай гээд фэйсбүүк, мэдээллийн сүлжээгээр олон нийт таньдаг болсон сайхан сэтгэлт бүсгүйн хүүхдүүдийг хамрууллаа. Энэ жил бид Сүхбаатар дүүргийн Халамжийн төвтэй хамтран тус төвийн 300 гаруй хүүхдүүдийг  “Бүтээлч хүүхдүүд” аяндаа оролцууллаа. Аянд оролцсон хүүхдүүд маань манай музейтэй тэнилцаж, зураг зурж, дуу дуулж,  баримлын шавраар бүтээл хийж, уран бичлэгийн аргаас суралцах гээд маш олон зүйлийг суралцдаг байгаа. Зөвхөн суралцаад зогсохгүй бидний зүгээс хүүхдүүдийн дунд уралдаант тэмцээн зохион байгуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг нь шалгаруулж, мөн хүүхэд болгонд бэлэг өгдөг байгаа.

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей-н зураг.

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей-н зураг.

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей-н зураг.

 "Бүтээлч хүүхдүүд" аяны үеэр...2018.06.01

-Танай сүм цогцолбор дээр маш чухал судалгааны ажлыг эрдэмтэд хийж хэрэгжүүлсэн гэж дуулсан. Энэ талаараа яриач?

-Тиймээ, жил бүрийн 5 дугаар сарын 18-нд Олон Улсын музейн өдөр гэж тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музейн эрсдлийн нөлөөллийн судалгааг амжилттай хийсэн байгаа. Энэ бол Монгол Улсад тэр дундаа соёл урлагийн салбарт анх хийгдсэн  судалгаа гэдгээрээ онцлог. Энэ судалгаагаар Чойжин ламын сүм музейд хэдэн төрлийн эрсдэл байна гэдгийг судалсан. Эрдэмтэн судлаачид маань эрсдэлүүдийг тодорхойлох явцад манай энэ музейд есөн төрлийн эрсдэл байна гэдэг нь тогтоогдсон.

Үүнд, музейн цогцолборын элэгдэл, агаарын чанар, тоосжилт, хадгалалт хамгаалалт, нийгмийн орчин нөхцөл, барилга байгууламжид уур амьсгалын нөлөөлөл, геологи, геодези, байрзүйн зураглал гээд нарийн  судалгааг ШУТИС, МУИС-ийн мэргэшсэн эрдэмтэд чиглэл чиглэлээрээ судалсан нь онцлог болсон.

Мөн энэ судалгааны явцад маш сонирхолтой үр дүнгүүд гарсан. Жишээ нь, манай энэ хашаанд ургаж байгаа ургамлууд дотор Монгол Улсын “Улаан номонд орсон ургамал  ургаж байгаа нь тогтоогдсон. Мөн судалгааны явцад манай сүмийн яг энэ доод хэсэгт цэвдэг байна гэж гарч ирсэн. Түүхээрээ бол энэ сүм цогцолборыг цэвдэгтэй газар сонгож  барьсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэр нь ийнхүү шинжлэх ухаанаар  нотлогдоод байна. Яг л Чойжинламын сүм музейн доод хэсэгт цэвдэг байна. Гэтэл яг манай хажуу талын барилга байгууламжид тийм зүйл байхгүй байгаа нь газарзүйн байрлалын хувьд асар үнэ цэнэтэйг илтгэж байгаа юм. Мөн Чойжинламын сүм музейн хойно, урд өндөр барилга барьж болохгүй. Агаарын солилцоо шууд  явагдах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Манай сүм музейн хувьд төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй объект гэдгээрээ их онцлог. Тиймээс ч бид өвлийн улиралд халаагуур тавьж ажлаа явуулдаг, уух усаа хашаан доторх гүний худагнаасаа авдаг. Гэтэл саяны судалгааны үр дүнд бидний ууж байсан ус маань нефтийн агууламжтай гээд гараад ирэх жишээтэй. Энэ мэтчилэн эрдэмтдийн хийсэн энэ удаагийн судалгаа асар их шинэ нээлтийг илрүүлсэн байгаа. Хоёр жилийн нөр их хөдөлмөрийг шингээсэн энэхүү судалгааг  Монголын Урлагийн зөвлөл, түүх дурсгалын үнэт өвийг хайрлан хамгаалагч Австралийн иргэн Рожер Перри гэдэг буянтай хүний дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлээд, эмхэтгэн боловсруулаад товхимол гаргаад байна.

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей-н зураг.

- Гадны улсын хувь хүн, байгууллагууд манай түүх соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах, хадгалж үлдэх тал дээр асар их дэмжлэг үзүүлж байгаа харагддаг. Харин манай төр засгаас энэ тал дээр хэр санаачлагатай ажилладаг вэ?

 -Би 2010 оны 2 дугаар сард Чойжинламын сүм музейн захирлаар томилогдсон..Энэ хугацаанд манай музейд хэрэгжсэн, хэрэгжиж байгаа 10 гаруй  төслийн дийлэнх хөрөнгө оруулагч нь гадныхан байдаг. Төр засгийн зүгээс  түүхийн үнэт өв, дурсгалт газраа хайрлан хамгаалъя гэсэн бодол мэдээж байгаа л байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас шалтгаалаад энэ тал дээр дорвитой хөрөнгө оруулалт, ажил хийгдэхгүй л яваад байгаа.

Хэлмэгдүүлэлтийн үед 1000 гаруй сүм хийд устаж үгүй болсон байдаг

-Мэдээж 110 жилийн нүүрийг үзчихээд байгаа танай музейд засаж янзлах, сэлбэж сайжруулах ажил их л байдаг байх...

-Тэгэлгүй яахав. Түүхэндээ манай сүм музейд 1940, 1960-аад онуудад томоохон сэргээн засварлалт хийгдэж байсан юм билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл дорвитой засварын ажил хийгдээгүй. Сүм цогцолбор дээр байрлуулсан баримлууд дээрээс унаж орж ирэх, элэгдсэн дээврээс нь бороо орох бүр наад захын асуудал болсон. Манайх БСШСЯ-ны харъяа, төсвийн байгууллага. Бид яамандаа энэ бүхнийг  уламжлах үүрэгтэй. Энэ жил асуудлыг маань шийдэх байх гэж хүлээж байгаа. Мэдээж бид асуудлыг яаманд уламжлаад зүгээр хүлээж суудаггүй. Өөрсдийнхөө бүхий л нөхцөл боломжоор сүм цогцолбороо өөд нь дээш нь татах тал дээр анхаарч, эрвийх дэрвийхээрээ ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд хашаа хороогоо сэргээж янзлах, цэцэрлэгжилтийн төсөл хэрэгжүүлэх гээд өөрсдөө хийж чадах бүх ажлыг санаачилж ирсэн. Ямар сайндаа л бороо орох, дусаал гоожихоос сэргийлж, манай хамт олон сэтгэлээрээ зах яваад хамгийн зузаан гялгар уут аваад сүм цогцолборынхоо дээврүүдийг бүтээх жишээтэй.

 Энд нэг зүйлийг хэлэхэд,  бид түүхийн үнэт барилга байгууламж өвийг  шууд сэргээн засах үүрэг байхгүй. Энийг түүх соёлын өвийг сэргээн засварлах эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй сэргээн засах компани хийдэг.

Хуучин бол “Сэргээн засах газар” гэж байдаг байсан. Энэ газар маань 1985 онд татан буугдсанаас хойш одоо  уран барилга байгууламжийг засдаг газар, судалдаг хүн бараг байхгүй болсон. Энэ маш том асуудал. Энэ салбарт бодлогын төвшинд дээр дурдсан асуудал дээр арга хэмжээ авах цаг нь болсон.

-Танай сүм музей жилдээ 30 мянга гаруй үзэгч үйлчлүүлэгчдэд үйлчилдэг гэж сонссон. Ачаалал их биз. Нийтдээ хэдэн ажилтантай вэ?

-Манайх нийт 20 ажилтантай. Жилдээ 30 мянга орчим үзэгч  үйлчлүүлэгчдэд үйлчилдэг. Гадаад дотоодын жуулчдын хөлд их дарагдана. Учир нь манай сүм музейн туулсан түүх хийгээд объектын онцлог, барилга байгууламж, хадгалагдаж буй үзмэрүүд нь өөрөө асар сонин содон. Жишээ нь, манай сүм музейн цогцолбор нь одоо хэр нь төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй объект. Өөрөөр хэлбэл, 110 жилийн өмнөх тэр төрхөнд, түүхэнд та хэд минь ороод ирсэн байна гэж ойлгож болно шүү.

-Нэг зүйл их гайхалтай санагдаж байна. Хотын төвд хүний нүдэнд хамгийн ил тод оршиж байсан хэрнээ хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Чойжинламын сүм музей хэрхэн үлдсэн нь их сонин?

- Тиймээ. Манай сүм музей хэлмэгдүүлэлтийн он жилийг хэрхэн давж туулсан бэ гэдэг нь одоо хэр нь асуулт байдаг. Өнөөг хүртэл энэ асуудлыг эрдэмтэн судлаачид судалж байгаа.

Тухайн үед буюу хэлмэгдүүлэлтийн үед 1000 гаруй сүм хийд устаж үгүй болсон байдаг.  Гэтэл энэ хотын төвд нүдэн дээр нь байгаа сүм хийд усгагдчихаагүй нь сонин байгаа биз. Энэ тухай судлаад үзэхээр тухайн үед Оросын уран барималч  Василив  гэдэг мэргэжилтэн ирээд Чойжинламын сүм музейг маань нурааж устгалгүй, үзэсгэлэн, судалгааны чиглэлээр авч үлдэх нь зөв гэж тодорхойлсон байдаг юм билээ. Мэдээж тухайн үеийн манай улсын эрдэмтэн доктор, мэргэдүүд энэ сүмийг авч үлдэхийн тулд их ухаантай шийдвэр гаргаж, хичээл зүтгэл үзүүлж байсан гэдэг. Анх энэ сүм маань 1900 онд баригдсан байдаг. Гэвч учир битүүлгээр шатсан түүхтэй.  Ингээд  “Чойжин ламын сүм” цогцолборыг Төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд дахин бүтээн байгуулжээ.. Тус сүм нь өнөөг хүртэл дөрвөн төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсаар сайн цагийн эхтэй учран золгосон билээ. Үе үеийн лам хувраг, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хичээл зүтгэл, эрдэм ухааны ачаар Чойжин ламын сүм цогцолбор, бурхан тахилууд нь харьцангүй бүрэн бүтнээрээ үлдэж чадсан юм. 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд шилжүүлснээр музей болох эхлэл нь тавигдсан түүхтэй. Шашны нэгэн сүм бус эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалттай газар болгон өөрчилсөн нь үнэхээр мэргэн ухаан байгаа биз.

-Тийм шүү. Тухайн үед тийм мэргэн ухаан сийлээгүй бол өнөөдөр бидэнд ийм сайхан түүхэн дурсгалт цогцолбор үлдэхгүй байлаа. Өдгөө танай сүм музейд ямар, ямар ховор үзмэрүүд хадгалагдаж байна. Заримаас нь дурдвал...

-Өнөөдөр Чойжин ламын сүм музей нь уран барилгын арван таван цогцолборт Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийц тэргүүтэй Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн 6000 гаруй үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Мөн бид сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эрчимжүүлж, “Чойжин ламын сүм музей 1900-2016 он” баримт бичгийн эмхэтгэл, “Монголын урлаг”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, эх дагина Сүрэнхорлоо”, “Хосгүй үнэт бүтээлүүд”, “Цам” зэрэг 10 гаруй бүтээлийг эрхлэн хэвлүүлж, үзэгч, уншигчдын хүртээл болгосон билээ. Дээрхи судалгааны явцад музейн түүхэнд холбогдох хуучны ховор гэрэл зургууд архивын сан хөмрөг болон хувь хүмүүсийн цуглуулгад цөөнгүй байсан нь энэхүү цомгийг эрхлэн хэвлүүлэх санааг төрүүлсэн юм. Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 Музейг байнгын идэвхитэй үйл ажиллагаагаар "баяжуулах" хэрэгтэй

-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ярилаа. Их содон сонсогдож байна?

-Сүүлийн үед бүтээлч үйлдвэрлэл чухал байна. Тэр дундаа Соёлын бүтээлч үйлдвэрлэл их чухлаар яригдах болсон. Энэ менежментийг өөрийн удирдаж байгаа Чойжинламын сүм музейдээ хэрэгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхи чармайлт гарган ажиллаж байна. Энэ чармайлтын маань нэг илрэл бол манай музей дээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” арга хэмжээ маань юм.

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей-н зураг.

-Энэ салбарт “Шөнийн музей”-н арга хэмжээ харьцангуй шинэлэг зүйл гэж ойлгож болох болов уу. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг бусад музейд лав нэвтрээгүй санагдаж байна?

-Нэг талаараа тэгэж ойлгож болно. Монголд ганцхан манай сүм музей дээр л энэ арга хэмжээ зохион байгуулагддаг. Би Германд сурч байхдаа тус улсын “Шөнийн музей”-г анх үзчихээд үнэхээр сайхан санагдсан. Ард түмэн нь “Шөнийн музей”-гээ хүсэн хүлээдэг, музейнхээ гадаа нь налайгаад л зүлгэн дээр тааваараа амрангаа бэлдэж ирсэн идэж уух юмаа зооглоод тухтай гэж жигтэйхэн. Дээрээс нь музейн үзмэрийг шөнө үзүүүлэхэд зориулан бэлдсэн гэрэлтүүлэг зэрэг нь үнэхээр сүрдмээр, тэрхүү үзмэрийг хүний сэтгэлд илүү хоногшиход онцгой нөлөөлж байгаа санагдсан.  Ингээд би Чойжинламын сүм музейн захирлаар томилогдож ирээд “Шөнийн музей”-г зохион байгуулснаас хойш жил бүр уламжлал болгон хийж өнөөг хүрлээ. Мэдээж жилээс жилд туршлагжиж, илүү өргөн хүрээнд, илүү шинэлэг байдлаар зохион байгуулахыг эрмэлзэж ирсэн. Энэ жилийн хувьд “Colors of Mongolia” нэртэйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байна.

-“Шөнийн музей” дэлхийн хэчнээн оронд зохион байгуулагддаг вэ. Музейн салбарын энэ сайхан жишиг арга хэмжээг Монголынхоо хөрсөнд буулгаж, уламжлал болгон зохион байгуулж байгаа та болон танай хамт олонд нийт монголчуудынхаа өмнөөс “Баярлалаа” гэж хэлье? 

-Баярлалаа. “Шөнийн музей”-г анх ХБНГУ-д 1997 оноос хойш  зохион байгуулж ирсэн түүхтэй. Соёлын сенатар Валкар Хакер гэдэг хүн анх санаачилж, зохион байгуулж байсан гэдэг. Германд өнгөрсөн онд  20 жилийн ой нь болсон. Манай музейн хувьд найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид дэлхий ертөнцөөс 21 жилийн хойно бус бас ч гэж 12 жилийн хойно “Шөнийн музей” гэдэг үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн нь  олзуурхууштай шүү/Инээв/. Мэдээж дэлхийн музейн салбарын түүхэнд  Чойжинламын сүм музей гэдэг утгаараа бус Монгол Улсад “Шөнийн музей” зохион байгуулагддаг  гэж  дуурсагдахаараа  сайхан юм даа.

Өнөөгийн байдлаар дэлхийн 80 гаруй томоохон музейд ийм үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. 

-Энэ жилийн “Шөнийн музей”-нхээ хөтөлбөрөөс сонирхуулаач. Хэднээс хэдний хооронд зохион байгуулах гэж байгаа вэ? 

.- Ер нь  сүүлийн жилүүдэд музейг амьтай байлгах, шинэ техник технологийг музейд нэвтрүүлэх тал дээр их анхаардаг болсон. Музей гэдэг хүн ирэхээр л үйлчилчихээд бусад үед зүгээр сууж байж болохгүй. Байнга идэвхитэй үйл ажиллагаа явуулж, санаачилгатай ажиллаж, үзэгчдийг өөртөө татах нь чухал. Тиймээс ч манай хамт олон  “Шөнийн музей” арга хэмжээ зохион байгуулахдаа урлаг соёлын  оддыг хамруулж, томоохон тайз засаж, музейг маань зориод ирсэн үзэгчдээ сэтгэл хангалуун байлгах бүхий л боломжийг эрэлхийлдэг байгаа. Урьд жилүүдийн зарим зүйлээс дурдвал, “Хөсөгтөн” хамтлагтай хамтраад маш сайхан урлагийн тоглолтыг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочдоо хөнгөн зуушаар дайлж байлаа. Өнгөрсөн жил л  гэхэд Улаанбаатар чуулгынхантайгаа хамтарч, урлагийн сайхан тоглолт бэлдлээ. Энэ жилийн хувьд хийлч Ч.Дэлгэрцэцэг тэргүүтэй урлаг соёлын олон оддыг хамруулсан урлагийн тоглолтыг зохион байгуулахын зэрэгцээ сүм музейнхээ үзмэрүүдийг өвөрмөц байдлаар олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Нэмж хэлэхэд, манай музей чинь шашны догшин бурхадуудтай болохоор ч тэрүү, шөнө тэдний сүр хүч нь үнэхээр сүрлэг, бүр л их сэтгэгдэл  төрүүлдгээрээ онцлог. “Шөнийн музей”-г зорин ирэхийг хүссэн хүн бүхэнд манай сүм музейн хаалга нээлттэй байгаа шүү. Та бүхэн ирэх долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд манай музейг зориод ирээрэй.

-Уучлаарай, иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахад асар их хүч, хөрөнгө мөнгө шаарддаг шүү дээ. Нууц биш бол санхүүжилтээ хэрхэн буй болгодог вэ. Төсөвт байгууллагын музейд иймэрхүү ажлыг зохион байгуулах санхүүгийн чадамж бага л юм шиг санагдаж байна?

-Ний нуугүй хэлэхэд, таны наад ярьж байгаа асуудал чинь үнэхээр үнэн. Манайх шиг 20-хон ажилтантай төсвөөс санхүүждэг байгууллагад бол иймэрхүү арга хэмжээг зохион байгуулна гэдэг үнэхээр ахадсан ажил. Гэхдээ бидний хувьд /музейн хамт олон/ бөөн сэтгэл л байдаг. Тэр ч үүднээсээ төсвөөс мөнгө авахгүйгээр хөлийнхөө хурдаар гүйж, хамтран ажиллах, ивээн тэтгэх байгууллагууд олж зохион байгуулдаг байгаа. Гэхдээ  төслийг чинь 100 хувь дэмждэг хүн байдаггүй.  Жишээ нь, тийм зүйлийн чинь тэдэн хувийг хийж өгье гэдэг ч юмуу ерөнхийдөө санхүүгийн бүрэн дэмжлэг гэхээсээ илүүтэй өөрсдийн хийж чадах зүйлээрээ хувь хүн байгууллагууд тусалдаг байгаа. Соёлын өвийг дэмжигч, биднийг үргэлж дэмждэг тэдгээр албан байгууллагууддаа үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Жишээ нь, манай хөрш байгууллагууд биднийг үргэлж дэмжсээр ирсэн. "Silk road", "Ард" санхүүгийн нэгдэл, "Занаду майнс", түрүүн нэрийг нь дурдсан Рожер Перри гэх зэрэг маш олон байгууллага, хувь хүмүүс бидний үйл ажиллагааг байнга дэмжсээр ирсэн. Соёлын биет болон биет бус өвийг хайрлан хамгаална гэдэг бидний үр хойчдоо үлдээх хамгийн нандин чухал зүйл юм. Монголчууд бид тэр өв соёлоороо  бусад улс үндэстнүүдээс ялгарч, МОНГОЛ гэсэн дархлааг тогтооно шүү дээ. Тиймээс л бид "Шөнийн музей" арга хэмжээг зохион байгуулж, соёлын биет болон биет бус өвийг нэг дор цогцлоож, олон түмэнд ойлгуулан таниулахыг эрмэлздэг байгаа.

Нийслэлийн Улаанбаатар Чуулга-н зураг.

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(122.201.21.234) 2018 оны 07 сарын 05

sahal bat erdene iin ehner yumuu ooroo

0  |  0
Top