110 тэрбумын бондоос өрсөөд Хятадын хоёрхон компани манай хамаг ноолуурыг хамаад явчихлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24


Хаяа дэрлэн аж төрж буй Монгол, Хятад хоёр улс ноолуурын зах зээлийн орон зайд олон жилийн турш өрсөлдөж байна. Өгөө аваа тэнцүү биш яваа нь тун таагүй. Хятадууд хэзээний л манайхны урд гишгэж амждаг. Бүр заримдаа Монголын үндэсний болоод гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэнэ. Гэхдээ ноолуур бол зөвхөн үйлдвэрлэгчид хамаатай асуудал биш. Энэ салбарын цаана олон хүний амьдрал бий. Одоогоор монголд 100 гаруй үйлдвэр, 170 мянган малчин өрх, 800 ченж гэх наймаачид байгаа. Мөн Хятадын наймаачдыг үүнд багтааж болох юм. Тиймээс монголын мал сүргийн тэн хагасыг эзлэх ямаан сүрэг маань стратегийн орд газраас төдийлөн дутахааргүй ач холбогдолтой.
Төр азсгаас ноолуурын үйлдвэрлэлийг дэмжиж байна л гэдэг. Элдэв янзын төсөл хөтөлбөр, зээл тусламж, татварын хөнгөлөлт зэрэг чамлахааргүй арга хэмжээ авсан гэж дарга нар ярьж байгаа. Тэглээ гээд юуг ч өөрчилсөнгүй. Бид ноолуурын бүтээгдэхүүнээ өөрсдөө л брэнд гэж томордог болохоос дэлхий хэмжээнд брэнд гэж цоллуулах хэмжээнд хүрээгүй. Ноолуур маань ширхэг бүдүүнтэй болж байна. Бүтээгдэхүүн нь тэр хэмжээгээр өндөр түвшингийн хэрэглэгчдэд таалагдахгүй байгаа. Арваад жилийн өмнө бид иймэрхүү зовлон тоочоод л сууж байсан. Ноолуурынхаа 80 гаруй хувийг түүхийгээр урагш урсгасан хэвээрээ. Тэгэхээр зах зээлээ хамгаалж, үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого байгаа эсэх нь эргэлзээтэй.
Ноолуурын салбарыг сүүлдээ улс төр болгож хувиргаад байх шинжтэй. Сонгууль дөхөөд ирэхээр энэ салбараар улс төрчид “тоглох” санаатай юм. Санаатай ч юу байхав үнэндээ тоглоод байна. Хятадын ноолуурын акулууд манай хэдэн дарга нарыг далдаас удирдаад ч байгаа юм шиг. Нэгэн хятад нөхөр ямаандаа 30 тэрбум төгрөг өгчих гэсний зоргоор  болов уу гэлтэй тэр жил энэ их мөнгө ёстой “шог” үзэгдэл болж, хайшаа нь бүү мэд, талийж одсон.  Тэгж байтал экспортоор гарч байсан кг ноолуурын 4000 төгрөгийн татварыг цуцалж улсдаа 16 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гашуун түүх хуучраагүй байна.
Засгийн газар энэ салбарыг дэмжиж дотооддоо эцсийн бүтээгдэхүүн хийх зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргасан гэнэ. Үүнийг бас цаагуураа малчдыг дэмжсэн бодлого гэж ойлгож болох талтай. Ирэх онд сонгууль болно. Магадгүй хөдөөгийнхөнд таалагдах гэж ийм шоу хийж буйг ч үгүйсгэх аргагүй юм. Эсвэл ноолуурын хэдэн үйлдвэрүүдийг дэмжих төдий л зүйл байх. Гэвч цагаа олоогүй энэ 110 тэрбумаар үйлдвэрүүд түүхий эдээ энэ жил авч чадахгүй болж байна. Өнгөрсөн жил хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хос гол” билүү дээ, нэгэн компани манай нийт ноолуурын тэн хагасыг хамж аваад явчихсан байсан. Одоо ч мөн тэд олз ашгаа ахиулаад явж байгаа юм байна. Түүнтэй зэрэгцээд “Эм Эн Жи” гэдэг компани монгол ноолуурыг урагш нь зөөж байна. Зарим мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар эдгээр компаниуд бүх ноолуурыг маань хамаад аваад явчихад мэдэх нь ээ. Хятадууд үнэ хаяж авч байгаа тул ноолуурын ханш энэ жил 60 мянгад тулж очлоо. Монголын үйлдвэрүүдэд ноолуурын нийлүүлэлт урьд байгаагүйгээр буурах төлөвтэй болж байна. Өөрөөр хэлбэл, дээрх 110 тэрбум төгрөг яг л өнөөх ямаанд өгдөг 30 тэрбум шиг гал унтахаар хэрэгсэл болоод дуусах нь ээ. Тэгвэл дэлхийн ноолуурын 80 гаруй хувийг хянаж байгаа Хятадууд манайхаас өрсөөд жил бүр ноолуур бэлтгэж, боловсруулдаг компаниуддаа бага хүүтэй их хэмжээний зээл олгочихдог юм билээ. Тэнд жилийн гуравхан хувийн хүүтэй зээл олгож байхад манайд 30 орчим хувийн хүүтэй зээл авах гэж алалцаж байгаа. Ийм тэнцвэргүй өрсөлдөөн дунд ноолуурын салбарынхан дэнжигнэж байна. Энэ жилийн хувьд бондоороо ноолуур авч чадахаа өнгөрлөө. Тэгэхээр 110 тэрбумын бондыг “Говь”, “Буян” зэрэг томоохон компаниуд шархаа нөхөхөд зориулахаас хэтрэхгүй. За яахав, авлаа гэхэд ирэх оны хавар болтол үйлдвэрлэлээ өргөтгөнө, технологио шинэчлэнэ биз. Дараа жил дахиад ийм зээл олдохгүй бол Хятадуудад нам цохиулсан хэвээрээ л байх болно.        

Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top