10 догшин сахиусын тухай та хэр мэдэх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 01

Э
Шашныг хамгаалагч 10 догшин сахиусын тухай хүн бүр сонссон хэдий ч яг чухам ямар учиртай сахиус байдаг тухайд нарийн мэдэхгүй. Тэгвэл энэхүү “10 хангал сахиус”-ын тухай мэдээллийг хүргэж байна.


1. Очирваан
ь

 Арван хангалын нэг Буддын шашны нууц увидасын хаан гэж алдаршсан. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулан, догшин гурван мэлмийтэй, баруун мутартаа 5 үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж, хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар бадарсан их галын дунд бадамлянхуа наран дэвсгэр дээр оршино. Монгол айл өрхөд ихэвчлэн Очирваань бурхан байдаг нь ихэд өргөн дэлгэрч, шүтдэгийн шинж билэ

2. Жамсран 
 
Жамсран бурханы дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн, хөмсөгнөөс нь оч бадран, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн, баруун мутартаа зэс илд барин огторгуйд далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум сум өлгөж, дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж соёо шүдийг сэрийлгэн, зүүн хөлөөрөө адууны үхдэл дээр, баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр тус тус гишгэн заларна. Эл бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан бөгөөд Богдын зарлигаар 1911 онд Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран бурхан нь Чойжин сахиусууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас Монголын Богд дээдсүүдийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн болгон залсан түүхтэй.
 
3. Жигжид
 
Оюун билгийн бурхан Манзушрийн догшин дүр Жигжидийг шарын шашны ёсонд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг заншилтай аж. Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий нүгэлтний толгойгоор эрхи хийн лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт наран дэвсгэр дээр өөрийн дагина /юүм/ Доржсолонма хэмээх цэнхэр өнгөт /баруун мутартаа гавал барьсан/ нүцгэн эмийг барьж зогсоно. Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан гэдгийг илэрхийлж 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэйгээр дүрслэдэг.
 
4. Гомбо 
Гэлүгвагийн /Шарын/ шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсиг бурханы догшин дүр нь цүдгэр ходоодтой, сэрийсэн дөрвөн соёотой, гурван улаан мэлмийтэй, сахал, үс, хөмсөгнөөс нь гал мэт оч бадарч, баруун гурван мутартаа хохимойн эрхи, очирт дигүг, дамар, зүүн гурван мутартаа цуст тодов, очирт сэрээ, цалам барьсан, хорт могойгоор үсээ зангидан, тэргүүн, хүзүү, бэлхүүсэндээ хорт могойгоор чимсэн, зааны арьсан нөмрөг нөмөрч, 50 нүгэлтний нойтон толгойгоор эрхи хэлхэн лагшиндаа өлгөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун рөлөө дотогш нугалсан, орой дээрээ Мижодба бурханг залсан, улан доороо Ганеш бурханг гишгэн, бадарсан их галын дунд наран мандалт лянхуа сэнтийн дээр зогсоно. Эл бурханыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай. Гомбо нь зургаа, арван зургаа мутартайгаар дүрслэдэгээс манай оронд зургаа мутартай дүр нь өргөн дэлгэр тархсан байдаг.
 
5. Лхам
 
Шашныг хамгаалагч арван хангалд доторх цорын ганц эм дүртэй сахиус Лхам нь урлагийн бурхан Янжинлхамын догшин дүр юм. Төвдийн зон олныг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нь эцгээ дуурайсан муу үйлстэн болсон учир лхам тэр үрээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан домогтой. Тэрээр баруун мутартаа сэрээ барин огторгуйд ихэд далайн, зүүндээ гавал барин энгэрт авсан, амаа ихэд ангайн, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслангаар, зүүн сонороо могойгоор чимсэн, барын арьсан хормогч өмсөн, хонгор халзан луус унан, их цусан далайг, галт хар шуурган дундуур гатлаж буй байдлаар залардаг ажээ. монголчуудын дунд “Лхам сахиус” гэх нэрээр ихэд алдаршсан байдаг. Учир нь Лхам нь оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг. Мянган бурханыг ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн эгшинд л 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд нь элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг. Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж замбуу тивийг битүүний шөнө эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг нь хонгор халзан луусны унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар руу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг. Лхамын зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум (Долоон үе болгож, энэ тарнийг урин уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увидастай

6. Шалши
 
Арван хангалын нэг Шалши нь Дэмчог бурханаас хувилж гарсан, шашныг хамгаалагч номын сахиус бөгөөд догшин 4-н тэргүүнтэй, тэргүүн бүр улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь харагдсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээш боссон, тус бүрдээ таван хохимой толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрхин зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барын арьсан хормогч өмсөн, зах хязгааргүй хоосон агаарын дунд, хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр хэвтсэн тэрсүүт дээр зогсон заларна.

7. Намсрай  
 
Хоёр мутрын баруунаа эрдэнийн жанцан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана тус тус барин, хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилан сууж, эмнаас эмнаас нь эрдэнийн хур бууц, элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн байна. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.
8. Чойжоо
 
Шашныг хамгаалагч хангал бурхадын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжал нь Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч сахиусын лагшингийн өнгө хар бараан, гурван ертөнцийг цоо ширтэх чадал бүхий хурц мэлмийтэй, амаа ихэд ангайн, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларсан.хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн үхэр тэргүүнтэй, цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүрээр оршино. Ариун цагаан 10 буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай.
 
9. Гонгор
 
Шашныг хамгаалагч бурхадын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Зургаан мутарт, баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод хоёр мутартаа дагинасыг дуудах гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрдээ “Ганеш” хэмээх заан толгойтой бурхадыг гишгэсэн байдаг нь түүнийг бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлж байгаа аж. Гонгор бурхныг шүтсэнээр баян болдог гэж ярьдаг. Гонгор бурхныг урин залж өргөл хүндлэл үзүүлэхдээ бас түүний нөхөр сэлт буюу найз бурхадад нь ч өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай. Монголчуудын дунд Баян Гонгор хэмээн алдаршсан бурхан юм. Гонгор бурхны биеийн дүр нь догшин ширүүн боловч инээвхийлэн мишээсэн царайтай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галын дунд орших бадамлянхуа наран дэвсгэр заларна. Авралын 6 мутартай.

10. Цамба
 
Биеийн зүс саран мэт цагаан. Гурван мэлмий, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Цамба бурханыг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун мутартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн мутартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮНЖЙНДУЛАМ(66.181.161.15) 2022 оны 12 сарын 02

Маш ондор

1  |  1
Top