Төрийн баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдэж, тал талдаа бэлтгэл ажил хангагдаж буй цаг дор Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланг зорилоо. “Хүүхдийн вант” улс хэмээн нэрлэгдэх энэ айлд очих болсон нь тодорхой шалтгаантай. “Найрамдал” зусланд Төрийн баяр наадмыг анх удаа Хүүхдийн хүндэтгэлийн концертоор нээх Шадар сайдын тушаал гарч, энэ дагуу Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 500 хүүхдийн концертын бэлтгэл ажилтай танилцахаар зорьсон нь энэ.
Монгол Төрийн баяр наадмыг Хүүхдийн концертоор нээх санаа нь гэнэтхэн, сэтгэлийн хөөрлөөр гарчихсан шийдвэр биш аж. Өнгөрөгч хавар буюу дөрөвдүгээр сард Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, тус шийдвэр гарсан байна. Тиймээс энэ шийдвэрийн дагуу 21 аймаг нийслэлийн дүүргүүдэд Урлагийн их наадмыг зохион байгуулж, мэргэжлийн урлагийн багийнхан шүүн тунгааснаар Төрийн баяр наадмын хүндэтгэлийн концертод орох 500 хүүхдийг шилсэн аж. Тодотгож хэлбэл, Төрийн наадмын нээлтэд Монгол Улсын шилэгдмэл 500 хүүхдийн авьяас билгийг нэгэн дор, нэгэн тайзан дээрээс үзэх боломж бас нээгдэж байна гэсэн үг.
Эртнээс алдартай “Найрамдал” зуслангийн “Хараацай” театрт найрал дууны хүүхдүүд тайз дүүргэн бэлтгэл хийж байгаагаар ороход нэгэн хөг эгшгийн гайхамшгийг мэдрэх бөгөөд энэ олон хүүхэд дунд ирээдүйн урлагийн сод одууд байгаадаа гэсэн бодол төрж явлаа. Найрал дуунд 60 гаруй хүүхэд зогсож байгааг концертын найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар дуулгана лээ.
“Хараацай” театрын доод давхарт ёстой л нэг эгшиг эгшгийн найрал гэгч болж байгаа нь найрал хөгжмийн багийнхан бэлтгэл сургууиа хийж байгаа нь энэ аж. Энд бүхий л хөгжмийн зэмсэгийг чадварлаг эзэмшсэн 50 гаруй авьяаслаг багачууд удирдаач багшийн дохио зангаан дор нэг хүн шиг тоглож байгааг харахад долдугаар сарын 9-ний өдрийн концертын өнгө харагдана. Найрал хөгжим гэснээс Хүүхдийн концертын хөтөлбөрт дан үлээвэр найрал хөгжмийн 50 гаруй хүүхэд бас бэлтгэл хийж байгаа юм билээ.
Эндээс дээш өгсөөд Спорт цогцолборт очихоор нас насны 140 хүүхэд дэглээч багшийн удирдлаган дор аанай л нэгэн хүн шиг хөдөлгөөн хийж байгааг харахад бахархмаар. Өвөр эгнээнд байх бага насны хүүхдүүд, дунд эгнээнд байх дунд ангийн хүүхдүүд, арын эгнээнд байх ахлах ангийн гэсэн 140 хүүхэд хөдөлгөөн алдахгүй хөдөлж байгаа нь бас л айсуй концертын өнгө донжийг илтгэнэ.
Үүнээс гадна ардын язгуур урлаг, уртын дуу, бие биелгээ, циркийн үзүүлбэр, орчин цагийн сонгодог гээд бүхий л урлагийн төрлийг багтаасан энэ концерт Монгол Төрийн баяр наадмыг эхлүүлэн долдугаар сарын 9-ний өдөр тоглоно.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс анх удаа шийдвэр гаргаж ирээдүй хойчоороо баяр наадмаа эхлүүлж байгаа нь өсөн дэвжих билгэдэл бүхий бөгөөд үүнээс гадна даяаршиж буй өнөө цагт ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэсний зан заншил, уламжлалт соёл урлагийг өвлүүлэх, тэднээр дамжуулан дэлхий дахинаа Монгол Улсаа сурталчилах, үндэсний дархлааг баталгаажуулах гээд олон зорилгын дор энэхүү ажлыг эхлүүлсэн биз ээ.
Баяр наадам гэхээр хурдан морь эр бяртай бөхчүүд, цэц мэргэн харваачид гээд байнга дурсдаг ч баяр наадмыг дуу хууртай, гүн хүндэтгэлтэй болгож өгдөг урлагийнхныг тэгтлээ дурсдаг билүү гэсэн бодол хэнд ч төрөх байх. Тэгвэл энэ жилийн баяр наадмын нээлт бүр ч өвөрмөц болох нь дамжиггүй.
Ингээд Хүүхдийн концертын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хөтөлбөр, үйл ажиллагааны албаны дарга Л.Гантулга нараас дараах зүйлсийг тодрууллаа.
Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар:Монгол төрийн наадмыг хүүхдийн концертоор эхлүүлж байгаа нь түүхэн явдал юм
-Монгол Төрийн баяр наадмыг анх удаа Хүүхдийн концертоор нээх гэж байна. Тэгэхээр та концертын Ерөнхий найруулагчийн хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ жил анх удаа Шадар сайд Ө.Энхтүвшингийн шийдвэрээр Монгол Улсын Төрийн баяр наадмыг хүүхдийн бүрэн хэмжээний концертоор нээхээр болж, энэ сарын 1-нээс бэлтгэл ажилдаа гараад байна. Өнгөрөгч хавар Шадар сайдын шийдвэр гарсан дагуу БСШУСЯ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай хамтран Хүүхдийн ардын урлагийн наадмыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулаад энэ наадмаас шалгарсан монголын биет бөгөөд биет бус өвийг тээж яваа авьяаслаг, сэтгэгч 500 хүүхдээс бүрдсэн концертыг долдугаар сарын 9-ний өдөр тоглуулна. Энэ бол бахархмаар зүйл шүү.
-Ямар учраас ийм шийдвэр гаргах болов?
-Энэ бол манай Төрийн бодлого нь энэ жилээс их зөв явж байна гэж харж болохоор. Яагаад гэхээр аливаа улс орны ирээдүйн бүтээн байгуулалт, ирээдүйн соёл урлаг, урлахуйн ухааныг мөнхөд бадрааж явах нь хүүхдүүд юм. Тийм ч учраас монгол наадмаа хүүхдийн концертоор эхлүүлж байгаа нь утга учир бүхий зүйл бөгөөд маш бахархууштай. Өнөөдөр Хүүхдийн байгууллага, Хүүхдийн төлөө Төрийн бус байгууллагууд хамтраад олон талт ажлыг зохион байгуулдаг. Үүний нэгэн ажил нь монголчууд бид үр удмаараа дамжуулан дэлхий дахинаа монголын урлагийг, урлагаар дамжуулан үндэстнээ сурталчилж чадаж байна.
-Хүүхдийн концертын онцлог нь юу байна вэ?
-Манай концертын онцлог гэвэл ардын уламжлалт урлаг дээр тулгуурлан, орчин үеийн болон сонгодог урлагийн гээд бүхий л төрлийг багтаасан бүрэн хэмжээний концерт байх юм. Манай хүүхдүүд авьяастай чадвартай юм, багш нар нь ч авьяастай чадвартайг би энэ 500 хүүхдээс харж сууна.
-Даяаршиж байгаа үед үндэсний уламжлалт урлагаар үндэснийхээ баяр наадмыг эхлүүлэх Төрийн бодлого байв уу. Ийм чиглэл өгсөн үү?
-Энэ жил нэг сайхан үйл явдал болж байгаа. Миний хувьд “Найрамдал” зуслантай хамтран 25 жил хүүхдийн уран бүтээл хийлээ. “Монгол туургатны урлагийн наадам”, “Дэлхийн хүүхдүүдийн урлагийн наадам”-ыг хамтран зохион байгуулдаг. Тэгэхээр “Найрамдал” зусланд ирсэн гадны хүүхдүүд бидний энэ урлагийн наадмаар дамжуулан Монгол Улс гэдэг нь ийм урлаг соёлтой, ийм үндэсний зан заншилтай улс байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон нь амжилттай болсоор ирсэн. Ингэснээр даяаршлын эрин үед монгол хүүхдүүд Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилж, мөн монгол хүүхдүүд гадаадад олон улсын зусланд очоод Монгол Улсаа үндэсний язгуур урлаг, үндэсний гэсэн бүхнээ дамжуулан сурталчилж байгаа юм. Энэ жил “Найрамдал” зуслангийн 40 насны ой тохиож байна, энэ ч утгаараа Монгол Улсын Төр, Хүүхдийн байгууллага хамтраад Төрийн баяр наадмыг хүүхдийн концертоор эхлүүлж байгаа нь түүхэн үйл явдал юм.
-Олон хүүхдийг эмхлэн цэгцлэх амаргүй байх. Ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?
-Хүүхдүүд маань авьяастай чадвартай, багш нар нь хичээл зүтгэлтэй болохоор бэлтгэл ажлын явцад гараад байх хүндрэл алга гэхэд болно. Нөгөө талаар “Найрамдал” зуслангийн удирдлагууд ч бидний ая тухыг хангахыг хичээн ажиллаж байна. Харин нэг бэрхшээл тулгараад байгаа. Бид нар Соёлын төв өргөөнд 7,8-ны өдөр бэлтгэл сургуулилтаа хийгээд 9-ний өдөр тоглоно гэсэн саналаа удирдах хүмүүст эрт өгчихөөд байхад бидний саналыг хүлээн авсангүй. Засгийн газраас, Баяр наадмын комисс нь Хүүхдийн хүндэтгэлийн концертоор баяр наадмаа эхлүүлнэ гээд хөтөлбөрт оруулж бүх талаар дэмжээд байхад ийм явдал болсон. Би найруулагчийн хувьд ихэд эмзэглэж байна. Мэргэжлйин урлагийн байгууллагууд баяр наадмын урлагийн тоглолтын бэлтгэл ажлыг 45 хоногийн өмнө эхлүүлсэн шүү дээ. Гэтэл хүүхдүүд, тэр тусмаа хүндэтгэлийн концертоор баяр наадмаа нээх гэж байгаа хүүхдүүд энэ сарын 1-нээс бэлтгэлдээ гарч байгаа зэргийг ч ойлгох учиртай байлаа. Ердөө долоохон хоног бэлдэнэ гэсэн үг. Гэтэл бидний хүсэлтийг зөвшөөрөхгүй, мэргэжлийн урлагийн байгууллагууд хүүхдийнхээ өмнүүр дайрч байгааг ойлгох юм алга.
-Ойлголцолд хүрээгүй хэрэг үү. Уг нь Баяр наадмын комисс зөвшөөрчихсөн байхад асуудалгүй баймаар юм?
-Энэ бол маш сонин асуудал шүү. Үүнээс үүдээд нэг зүйлийг хэлэхэд манай салбарын үе үеийн сайд дарга, хэлтсийн удирдлагууд, алба хаагч, мэргэжилтнүүд, өөрсдөө урлагаа ойлгохгүй байна. Тэр тусмаа даяаршиж буй энэ үед үндэсний уламжлалт урлагаа бүр ч ойлгохгүй, ойшоохгүй юм. Өнөөдөр бие биелэгээ хийдэг, ардын язгуур урлагаар хичээллэдэг хүүхэд ховордож байгаа ч бид хүрээг тэлэх тал дээр анхаарах ёстой. Хэдийгээр дэмжлэггүй, тодорхой бодлоггүй яваа ч үндсэний соёлын өвийг тээгч үе үеийн хүмүүс болон хүүхдүүд байсаар байгаад баярлаж явдаг. Бид өнөөдөр энэ алдаагаа засч үндэсний дархлаа болсон уламжлалт урлаг соёлоо дээдэлж хөгжүүлэхгүй бол утгаа алдана. Үүнийг эрхэмсэг ноёд түшмэдүүд маань ойлгоосой гэж хүсэх байна даа.
Хөтөлбөр үйл ажиллагаа хариуцсан дарга Л.Гантулга:Хүүхдийн концерт, наадмыг Ерөнхийлөгч Х.Баттулга ивээлдээ аваасай
-“Найрамдал” зусланд анх удаа Төрийн баяр наадмын үйл ажиллагааг хүндэтгэлийн концертоор нээх 500 хүүхэд бэлтгэл хийж байна. Бэлтгэл ажлын талаар?
-Энэ жил Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн 40 жилийн ой тохиож байгааг юуны өмнө дуулгах ёстой. Ийм ч учраас анх удаа Монгол Төрийн баяр наадмыг хүүхдийн концертоор долдугаар сарын 9-нд нээх сайхан үйл явдал тохиолоо. Энд тал талаас зүгээр нэг хүүхдүүд цуглуулаагүй, 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан шилдгийн шилдэг 500 хүүхэд цуглачихаад бэлтгэлээ базааж байна. Хамтран зохион байгуулагчаар “Найрамдал” зуслан оролцож, н.Отгонбат дэд захирал, найруулагчаар ажиллаж байгаа С.Сүхбаатар багш, Арга зүйч Тунгалаг нар энэ тоглолтод ач холбогдол өгөн ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Үүнээс гадна орон нутгаас ирсэн мэргэжлийн урлагийнхан, багш нар ч маш сайн ажиллаж байгаа.
-Хөтөлбөр удирдаж байгаа хүний хувьд асуухад тоглолт хэр цэгцэрч байх шиг байна?
-Манай 40 жилийн түүхтэй “Найрамдал” зуслан концертын бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч, бүхий л талаар дэмжиж, аль болох ая тухыг хангахыг хичээн ажиллаж байгаа. Үүнээс гадна нэг зүйлийг дурдаж хэлэхэд бид наймдугаар сард “Мөнгөн хараацай” урлагийн их наадам зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ бэлтгэл ажил бол бидэнд ирэх их наадмын суурь болж байгаагаараа бас онцлогтой. “Мөнгөн хараацай” нь ӨМӨЗО, ОХУ, Буриад гэх мэт улсуудаас хүүхдүүд ирж оролцдог томоохон наадам юм.
-Анхны бүх зүйлд бэрхшээл байдаг. Цаашид ямар ажил зохион байгуулвал дээр гэж харж байна вэ?
-Бэрхшээл гэхээсээ илүүтэй хэлэх зүйл байна. Хүүхдийн концерт, наадам маань цаашид Монгол Төрийн баяр наадмын уламжлал болоод явчих юм бол монгол хүүхдүүдийн концертыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирэх болно. Энэ нь Монгол үндэстнээ сурталчилаад зогсохгүй улс орны эдийн засагт ч таатай нөлөө үзүүлнэ. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч аливаа зүйлийг ивээл дороо авдаг даа, тэгэхээр энэ Хүүхдийн концерт, наадмыг Ерөнхийлөгч Х.Баттулга ивээл дороо авчихвал Монгол Улсын нэр хүнд мөн их өснө дөө гэж боддог.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Huuhduud kontsert toglohod zarim humuus yagaad durguitsene ve. Idej uuhdaa bus huuhduud unen setgeleesee yum hiideg ucir uund.
Ter buzar batulgaar yahiim boon dolginuur