Нэгэн сэтгүүлчийн: “...та наяад оны тод одуудын нэг шүү дээ” гэсэн утгатай болхидуу тодорхойлолтыг няцааж, “би тэр од, мичид нь биш ээ” хэмээн шулуухан хариулсан энэ эрхэм дуучныг Монгол даяар андахгүй. Монголын дууны урлагт 1980-аад оны үед цахиур хагалан орж ирэхдээ ”үсчин” гэдэг тодорхойлолтыг өвөртөлж явсан гэдэг. Учир нь тэрбээр дуулахаасаа өмнө үсчний мэргэжил эзэмшин, ажиллаж байжээ. Тодруулбал, наймдугаар анги төгсөөд, НААҮ-ний ТМС-д Европ хувцас эсгүүрийн ангид хуваарилагдан, Сэлэнгэ аймгаас нийслэлд ирсэн боловч, “анги дүүрсэн, хүүхэд нэмж авах боломжгүй” гэсэн тайлбар түүнийг угтжээ. Тиймээс” Үсчин, гэрэл зурагчин”-ы ангийг сонгоход хүрсэн байна. Өнөөдөр харин Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх эрхэм цолыг, дуучин хүнд байх ёстой сайхан ёс журамтай нь хамт үүрч явна. Эрдэнэдалайн Бүрнээбаяр хэмээх энэ дуучны дуулсан дуу бүхэн хүний зүрх сэтгэлийн жигүүр болж ирсэн гэлтэй. “Ээж минь”, “Амьдрал аа би чамд хайртай”, “Дэлтэй шувуу”, ” Хайрын хорвоо”, “Ээждээ би очлоо доо”, “Санаанд илхэн хань”... гээд түүний дуулсан, дуулаад түмнийхээ зүрх сэтгэлд шингээсэн дууг жагсаавал уртаас урт жагсаалт гарна.
Ирсэн болбол буцах болдог дэлхий
Энгэрээ түшээд өвгөдминь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөгиймаа
Эхийн хэвлийгээс хүйгээр салав ч
Эх орноосоо амь минь салдаггүй ээ...
Амьдрал аа, амьдрал аа...
Би чамд хайртай! ”Амьдрал аа би чамд хайртай” шүлэг Дан.Нямаа, ая Ё.Сүхбааар хэмээн тунхаглан дуулсан дуунд нь хүн бүхэн хайртай. Саяхан нэгэн бяцхан хүүгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын үеэр энэ дуугаа өргөн барьсан. Түүнийг дуулчихаад, эргэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж, тайзны араар оруулалгүй дахин дуулуулж харагдсан. Гучаад жил дуулсан тэрбээр алтан тайзан дээрээ тийнхүү үнэ цэнтэй гялалзаж байхыг үзээд сэтгэлийн гал бадарснаа нуух юун. Одоо уншигч таны сэтгэлд түүний дуунуудаас эгшиглэж байж мэдэх юм. Тухайлбал,
...Холын газраас бөмбөрөн гүйгээд
Холхи газрын хаяа хүрнэ
Хүннүн үеэс цуутай ажнай
Хүслийн алдрай дэлтэй шувуу... "Дэлтэй шувуу"
Үүрээр тормойх цэцгийн шүүдэр
Хяруулан мөнгөрөх уяхан хорвоо
Үүлэн нүүдэлд сэтгэл жиндээд
Ижийдээ очмоор намрын өглөө... ”Хайрын хорвоо” хэмээн сэтгэл бөмбөрүүлж, уярлаар жигүүрлэн байна уу? Сайхан дуу гэдэг үнэхээр гайхалтай...
Бүрнээбаяр дуучны амьдралын түүх намтар эгэлхэн бас мэр сэр салхитай. 1958 оны наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт Х.Ваанжилын охин болон мэндэлсэн түүнийг өвөө, эмээ нь үрчилж авсанаар Эрдэнэдалайн Бүрнээбаяр гэгдэх болжээ. Айлын ганц охин болж өссөн тэрбээр долоон настайдаа хотод сургуульд орсон ч, найман настайд нь тэднийх Сэлэнгэ аймаг руу шилжин Зэлтэрийн САА-н сургуульд оржээ. Тавдугаар ангиасаа мөн л шилжиж, Шаамарын сургуульд орох гэтэл тэнд зөвхөн бага сургуультай байв. Тиймээс аймгийн төвд Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилд орж, дотуур байрны борог амьдралтай, айлын эрх танхи ганц охин хөл нийлүүлсэн байна. Байрын хүүхдүүд хэдий ээж ааваасаа хол ч бие биедээ ээнэгшин дасаж, нэг айлын хүүхэд шиг болж ижилсдэг билээ.
Ижил дасал болсон найзуудтайгаа тэрбээр голдуу дуу хуур хөгжөөн бяцхан чуулга байгуулан тоглодог байж. Хүүхэд хэдий ч ирээдүйгээ тэр зөгнөж, хүрэх алсаа мэдэж байсан байж болох. Түүнийг гуравдугаар ангид сурч байхад, аав ээж нь мандолин хөгжим авч өгсөн нь хүүхэд насны нь хамгийн баяртай, аз жаргалтай, дурсамжтай мөчүүдийн нэг байсаар ирсэн гэдэг. Мэддэг бүх дуугаа сонсголоороо тоглож сурчихаад, орсон гарсан бүхэнд авьяасаа үзүүлж урмын үгээр мялаалгаж байсан гэхээр багын адтай нэгэн байж. Зүгээр ч нэг хөгжимдөж, дуулаад өнгөрөхгүй айлын өвөө, эмээ нарын уярлын нулимсыг бөмбөрүүлж явсан тухайгаа тэрбээр дурсан ярьдаг. Гэвч дунд сургууль төгсөн төгстөлөө урлаг уран сайхан гэж шамдаж хөөцөлдөлгүй, дотуур байрны нэгэн өрөөнд авьяасаа хөгжүүлэн өнгөрөөжээ.
Харин түүний урлагт уруу татагдсан явдал “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчидтэй холбоотой гэдэг. Сэлэнгэ аймагт үсчинээр ажиллаж байсан тэрбээр тус чуулгын уран бүтээлчидтэй дотносон танилцаж, нөхөрлөх болжээ. Улмаар багш нартай нь ч уулзах завшаан тохиосон аж. Тэгсээр нэг удаагийн тоглолтод оролцон тайзнаа гарч дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрч нижгэнэсэн алга ташилтын ард “дахиулья” гэсэн хүсэлтийг үзэгчдээс хүлээн авсан гэнэ. Эл явдал түүнд урам өгч, зүрх сэтгэлд нь “дуу дуулж болох юм байна” гэсэн сэдлийг төрүүлжээ. 1978 онд тус аймагт Цэргийн ансамбль, Хилийн цэргийн ансамблийн уран бүтээлчид дараалан очиж тоглосон нь түүнийг “заавал цэргийн уран бүтээлч болно” гэж эргэлт буцалтгүйгээр шийдэхэд хүргэсэн байна. Гэхдээ тэрбээр үсчиний ажилдаа дуртай байсан тухайгаа дурдсан нь бий. Намхан нуруутай учраас үс засахад амруу үс орох зэрэг бэрхшээл тулгарч байсан гэдэг. Цовоо цолгиун, шавилхан “үсчин” Бүрнээбаяр алдар нэрнийхээ өмнө “дуучин” гэдэг овгийг олж авахаар тэр үеэс шантралгүй хөөцөлдсөн аж. Шууд л Хилийн цэргийн ансамблийн уран бүтээлчидтэй уулзан өөрийн хүсэлтээ хэлж, түүний хүсэл мөрөөдөл дээрх явдлаас яг жилийн дараа биелэлээ олсон байна.
1979 онд тус чуулга Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон өргөжихөд, “Дагалдан дуучин”-ны орон тоон дээр өндөр босгыг нь алхан оржээ. 1980 онд тэрбээр жинхэнэ цэргийн албан хаагч болж ахлах түрүүч цолтойгоор улиран ажиллажээ. Тус чуулгад тасралтгүй 27 жил зүтгэсэн түүнийг Улсын маань дархан хилийн “ширхэг чулуу нь хүртэл танина” бизээ. Цэргийн уран бүтээлч байна гэдэг тэр дундаа Хилийн цэргийн уран бүтээлчийн амьдрал гэдэг торгон хилийн тойрог зурвас даган өрнөдөг жамтай. Жилийн дөрвөн улиралд дархан хилээ тойрч, дөнгөж татагдан очсон хөөрхөн бор цэргүүдээс эхлээд офицер ахлагч нар, тэдний ар гэрийнхэнд уран бүтээлээ толилуулж, сэтгэл оюуных нь цангааг тайлах нь үүрэг тэднийх.
Халуунд нь халж хүйтэнд хөрж, цэргийн хүний ёсоор хатуужсан Эрдэнэдалайн Бүрнээбаяр дуучны энгэрт “Онц хилчин”-ий эгэл мөртөө нандин одонгоос эхлээд МУГЖ-ний эрхэм цол тэмдэг гялалзан буй. Энэ бол мэдээж түүний авьяас хөдөлмөрийн үр шим юм. Түүний хувийн амьддралын талаар цухас дурдвал, гавьяат маань охин хүү хоёрынхоо гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж амьдралын их харгуйд дөтлүүлсэн билээ. Храин өөрөө, “Би одоо ганцаараа амьдарч байгаа. Ер нь уран бүтээлчид ялангуяа бидний үеийнхний хувьд гэр бүлдээ анхаарал хандуулах нь бага байсан болоод ч тэр үү, бусад янз бүрийн хүчин зүйл, шалтгаанаас үүдэн гэр бүл салж байгаа нь нэлээд харагддаг. Миний хувьд Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчин хүнтэй найман жил хамт амьдарсан ч одоо сайхан харилцаатай найзууд болсон.”хэмээн хувийн амьдралынхаа талаар нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа дурджээ. Төр түүнийг дахин үнсвэл Монголын ард түмэн талархана уу, гэхээс буруутгахгүй бизээ. Түүний дуулсан “Ээж минь” ая Н.Жанцанноров, үг Д.Рэнцэндорж хэмээх сайхан дууг сонсоход нулимс аяндаа бөмбөрч, сэтгэл уярлаар хальдаг билээ л... ...Алагхан хорвоод
Хүн дахин төрдөгсөн бол
Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө
Дх: Эх үрийн энэрэлт дуугаа
Ээж минь та аялаад
Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө
Алагхан хорвоод
Хүн дахин залууждаг бол
Хүүгээ өсгөхдөө
Ээж минь та дахин залуужаадаа
Хүүтэйгээ эрхлэн тоглоод
Ээж минь та мишээгээд
Хүж дэлхийгээ баясгаад залуужаадаа
Алагхан хорвоод
Хүн дахин төрдөгсөн бол
Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө
Дх: Эх үрийн энэрэлт дуугаа
Ээж минь та аялаад
Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө
Эх үрийн энэрэлт дуугаа
Ээж минь та аялаад
Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө
Энгүй их хайраа ээж минь та өргөөдөө...
Ийм нэгэн гэгээн дууны нь шүлгээр энэхүү бичвэрээ өндөрлөе.
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Маш сайн дуучин даа. Хүүхэд байхаасаа л дуунуудыг нь сонсох дуртай байлаа. Сэтгүүлч нь ч сайхан бичсэн байна, сайхан хөрөг уншлаа, баярлалаа
Sain duuchin saixan emegtei duunuudiig ni sonsox durtai
mundag duuchin chuu ,urgelj sain sainchaniig chusee