Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг “ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Нэг үгээр хэлбэл, тухайн өдөр л манай улс төдийгүй дэлхийд хэчнээн хүн ДОХ-ын халдвар тээж, нас барсныг зарладаг. Гэвч хүн төрөлхтнийг цаг мөч тутам чимээгүй устгасаар байгаа энэхүү эдгэршгүй өвчнийг ердөө л жилийн ганцхан өдөр яриад өнгөрөх нь алс хэтдээ дэгдэх том аюулын эхлэл ч байж мэднэ.
ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байдаг. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлал хомсдлын вирус буюу ХДХВ-г нээжээ. Түүнээс хойш дэлхий дээр ХДХВ-ийн халдвар тээгч 36,7 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.
Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор нас барсан 5 тохиолдол бүртгэгджээ.
Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна. Харин цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. 2016 онд ХДХВ-ийн халдвартай 7 жирэмсэн эх хянагдаж байсан бол 2017 онд 9 жирэмсэн эх хянагдаж байгаа аж.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байгаа ба, үүнээс 18.6 хувийг эмэгтэй, 81.1 хувийг эмэргтэйчүүд эзэлж байгаа ба үүний 78.7% нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд ажээ. 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийсэн байна.
Манай улс тун саяхан ГУРВАН САЯ дахь иргэний баяраа тэмдэглэсэн. Ийм цөөхөн хүн амтай оронд ДОХ-ын тохиолдол жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь 9 дүүрэг, 21 аймагт ХДХВ-ийн вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломж байгаач иргэд төдийлөн шинжилгээ өгдөггүй байна. Энэ нь ХДХВ тээгчдийг илрүүлэхэд саад болдог хэмээн албаныхан онцолдог билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн “2030 он гэхэд ДОХ-ын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилтыг дэлхийн хэмжээний манлайлагчид дэвшүүллээ. Иргэний нийгмийн болон олон хамтрагч талуудын оролцоо, шургуу хөдөлмөрийн ачаар хүнийг ялгаварладаг, гутаан доромжилсон өнгө аястай хууль тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх ажлаа цаашид бид үргэлжлүүлэх болно. Ахиц хурдан гарч байна. Гэвч эдгээр ололт хэврэг хэвээр байна. Өнөөдөр 35 сая ХДХВ-ын халдвартай хүн амьдарч байгаагийн 19 сая нь халдвартай эсэхээ мэдэхгүй байгаа. Түлхүү анхаарах ёстой хүн амын зарим бүлэгт үйлчилгээ хүрэхгүй хэвээр байна. Гурван хүүхэд тутмын хоёр нь вирусын эсрэг шаардлагатай эмчилгээнд орж чадаагүй байна. ХДХВ-ын халдварын тархалт ихтэй олон оронд залуу эмэгтэйчүүд халдварт илүү өртөж байна.
Уг халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол, шийтгэдэг хууль эрх зүйн орчин нь Зүүн Европ, Төв Ази болон Ойрхи Дорнодын улс орнуудад ДОХ-ын тархалт өссөөр байгаагийн гол шалтгаан болж байна. Олон нийтийн тогтолцоо, хамтрагч байгууллагуудын зүгээс явуулж буй чухал үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг ихэнх тохиолдолд дутагдаж байна. Бид хэнийг ч орхих ёсгүй” гэсэн юм.
Тэгэхээр 2030 оноос нааш ДОХ-ын вирус тээгчдийг бүрэн эмчлэх боломжгүй гэдэг нь ноён Бан Ги Мүүний хэлсэн үгнээс харагдаж байна.
Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг үнэ төлбөргүй 84 төв ажилладаг. Иргэдийн хувьд жилд нэг удаа шинжилгээнд зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр эрсдэлээс өөрийгөө хамгаалах томоохон алхам гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Өнөөдөр уг шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хувьд жирэмсэн эмэгтэйчүүд болон гадны орнуудад сурч, хөдөлмөрлөхөөр явах гэж байгаа иргэд, төрийн албан хаагчид хамрагдаж байгаа нь зорилтод түвшинд хүрэхгүй, асуудлын гол болж байгаа аж.Энэ өвчний 70 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй, нуугдмал шатанд байдаг учираас халдвар тээгч гэдгээ мэдээгүй маш олон хүн байх магадлалтай юм байна. Тухайлбал, 10 гаруй жилийн дараа өөрийгөө халдвар тээгч гэдгээ мэдсэн тохиолдол гарч байсан бол орон нутагт ийм өвчтэй гэдгээ мэдсэн ч ам дамжсан хүмүүсийн ярианаас айхдаа эмчилгээнд хамрагдаж чадахгүй явсаар үргүйдэлд хүрсэн тохиолдол цөөнгүй гарч байсан гунигт түүх бий.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ДОХ-ын халдварыг 20 насандаа аваад тэр даруйд эмчилгээнд хамрагдсан хүний наслалт 70 хүрдэг. Харин эмчилгээнд хамрагдаагүй бол 42 насална гэсэн албан тоо бий. Тиймээс шинжилгээнд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ учирч болох аюулаас хамгаалж байгааг ухамсарлах нь зүйтэй юм.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )