Монголын хамгийн залуу хөрөнгө оруулагч хүүтэй бид хөрөнгийн зах зээл болон түүний үзэл бодол ирээдүйн зорилгын талаар хуваалцлаа.
Өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө товч танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Батмагнай гэдэг МУИС-ийн Бизнесийн II-р түвшиний оюутан. “МУИС Старт Ап” клубыг үүсгэн байгуулан одоогоор тэргүүнээр ажиллаж байгаа.
“МУИС Старт Ап” клубынхаа талаар мэдээлэл өгнө үү?
-Манай клуб 2017 оны сүүлчээр байгуулагдсан сургуулийнхаа хамгийн отгон клуб. Би анх оюутан болоод сургуулийнхаа хэд хэдэн клубд элсэж байсан. Гэхдээ тэр дунд миний сонирхолд нийцэхүйц үйл ажиллагаа явуулдаг клуб байгаагүй. Тиймээс би “Яагаад өөрөө бий болгож болохгүй гэж” хэмээн бодоод уг клубээ байгуулахаар шийдсэн. Үүний хамгийн том шалтгаан гэвэл оюутан залуус зөвхөн хичээлээс хангалттай хэрэгтэй зүйлсийг авч чадахгүй. Жишээ нь хичээлийн хажуугаар танилын хүрээгээ тэлэх, ирээдүйд хэрэг болох чухал чадваруудыг олж аваасай гэсэн бодолтой нээсэн. Одоогоор манай клуб 40 орчим гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Ямар чиглэлийн үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-Клубын нэрийг харахад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг мэт боловч клуб гэдэг нь утгаараа сайн дурын үндсэн дээр нэгдсэн залуучууд байдаг. Тиймээс илүү хувь хүний хөгжилрүү чиглэсэнүйл ажиллагааг явуулж, хоорондоо хамтран ажиллах сонирхолтой ирээдүйд бизнесээр амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй залуусыг нэгтгэх зорилготой юм. Энэ хичээлийн жилд бид ерөнхий суурь ойлголт болох бизнесээ хэрхэн удирдах, хэрхэнөөрийн бизнесээ бий болгох, санхүүжилтээ хаанаас хэрхэн олж авах талаар мэдлэгийг олж авсан. Цаашдаа бид өөрсдийн бизнесийн санаагаа төсөл болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаас гадна өөр сургуулиудад салбарлан нээж академи болгон өргөжүүлэхээр зорьж байгаа.
Клубын үйл ажиллагааг дэмжин ажилладаг хүн бий юу?
-Сургуулийн клубуудыг ихэвчлэн багш нар зохион байгуулж удирдан авч явдаг. Манайд бол тийм зүйл байхгүй бид бүхнийг өөрсдийн хэлбэрээр ямар нэгэн уламжлалт зүйлд баригдахгүйгээр хийхийг хичээдэг. Харин шууд бус хэлбэрээр бидэнд зөвөлгөө өгч, зааж чиглүүлдэг хүмүүс бий. Тухайлбал Монголын инновацийн газрын цахим хэлтсийн дарга Батхуяг ах биднийг дуудаж уулзан үнэтэй зөвлөгөө өгсөн мөн Ард секюритиз бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж гишүүдийг маань дадлагажигч ажилтанаар авч ажилуулдаг байгаа. Мөн мэдээж миний гэр бүл тэр дундаа нагац ах маань намайг хамгийн ихээр дэмждэг байсан нь надад болон бидний ажилд маш их эрч хүч өгдөг эдгээр хүмүүстэй энэ боломжийг ашиглаад баярласнаа илэрхийлье.
Клубээ байгуулахаас өмнө өөр үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан уу?
-Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байсан. Тодруулбал ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүдэд зориулж анхандаа өөрийн мөнгөөр өмнөх төгсөгчдийнхөө номнуудыг худалдан авч хандивладаг байсан. Энэ үйл ажиллагааг маань олон хүн дэмжин сайн дураар ном хандивлаж эхэлсэн. Үүнээс хойш илүү өргөжин тэлж ”ТББ”байгуулахаар болсон.Цугларсан номнуудыг төгсөх ангийнханд хэрэгтэй номыг нь тараан өгчмөн“ЭЕШ-даа хэрхэн бэлдэх вэ?” сэдэвт сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Цаашид уг ”ТББ”-ын үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн, цар хүрээгээ өргөтгөх зорилт тавин ажиллаж байна.
Хөрөнгийн зах зээлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-12 насандаа анх сонирхож эхэлсэн. Анх ээж маань “Хувьцааны цагаан толгой ” гэдэг ном авч өгсөн нь хожим намайг энэхүү гайхалтай салбарыг судлах эхлэл минь болж өгсөн. Энэхүү ном надад үнэхээр сонирхолтой санагдсан учраас 2 цагтуншиж байсан санагдана. Үүнээс хойш хөрөнгийн зах зээлийн талаар сонирхон бие даан судалж эхэлсэн. Тухайн үед арилжаанд орно гэхэд миний нас бага байсан учир бие даан шийдвэр гаргах боломжгүй байсан. Тиймээс энэ хугацаанд хэрхэн арилжаанд орох гэх мэтийнолон төрлийн мэдээлэл цуглуулж олон хүмүүстэй уулзан зөвөлгөө авч байсан нь хөрөнгийн зах зээлийг гүнзрүүлэн судлах шалтгаан нь болж өгсөн. Мөн цаашид хэрхэн ажиллах талаар чиг баримжааг олгосон гэж би боддог. Би 17 нас хүрээд арилжаанд орж эхлээд Монголын томоохон компаниуд болох АПУ, Говь, Сүү ХК-ийн хувьцааг худалдан авч байлаа. Тухайн үед энэ нь нэгдүгээрт надад туршлага болох байсан хоёрт гэвэл эрсдэл багатай байсан. Учир нь жижиг өндөр өсөлттэй компаниуд ашиг нь их байх боломжтой боловч түүнийгээ дагаад эрсдэл их байдаг ер нь хөрөнгийн зах зээлд ажилладаг хүмүүс ашиг их бол эрсдэл их гэдэг үгийг амны уншлага болгох хэрэгтэй. Тиймээс анхны хөрөнгө оруулалт болохоор томоохон компаниудад хөрөнгө оруулая гэж бодсон.
Анх хөрөнгийн зах зээлд орж эхлэхэд наснаас тань өөр ямар асуудалууд тулгарч байсан бэ?
-Энэ тухайд манай монголчуудын зан чанар бага зэрэг асуудал болж байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр юманд их хайхрамжгүй ханддаг, судалгаа хийлгүйгээр бусдын үгийг дагаж эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийдэг. Би ч мөн адил ийм алдааг гаргаж байсан. Мөн хүмүүст хөрөнгийн зах зээлийн талаар тайлбарлахад намайг сүлжээний бизнес, луйвар хийж байна гэх мэтээр хүлээж авдаг байлаа. Нөгөө талаар бага наснаасаа мөнгөний шуналтай болж байна гэж олон хүмүүс дургүйцдэг байсан. Мөнгө хүний амьдралд чухал өнөөдөр Монголд мөнгө олохын тулд үр хүүхдээ хаяад холын оронд хүмүүс ажиллаж байна шүү дээ. Гэхдээ миний хувьд мөнгө гэдэг зүйлийг амьдралынхаа эцсийн зорилгоо болговол дэндүү том алдаа. Тиймээс мөнгө бол мөрөөдөл бус мөрөөдөлдөө хүрэх гол хөшүүрэг нь байх болно.
Судалгааны аргуудаасаа хуваалцаач?
-Анхдагч суурь судалгаа болон техникийн судалгаа гэх мэт аргууд байдаг. Аль ч зах зээл дээр хамгийн чухал нь суурь судалгаануудаа сайн хийдэг байх хэрэгтэй. Энэ нь маш энгийнээс эхэлдэг.Жишээ ньдэлгүүр дээр бараа нь хэр их зарагдаж байна, тухайн компаний орлого хэр байна мөн санхүүгийн үнэлгээ, удирдлагын бүтэц зохион байгуулалтыг хамгийн эхэнд харах шаардлагатай. Энэ бол энгийн суурь судалгаа юм. Гол нь үнэн бодитой мэдээлэл дээр анализ хийж чаддаг байх нь чухал юм.
Алдагдал хүлээж байсан уу?
-Мэдээж алдагдал хүлээх тохиолдол гарч байсан. Жишээ нь АПУ ХК дээр анх оруулж байсан хөрөнгийнхөө 40 гаран хувийг одоогоор алдаад байгаа. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн бас нэгэн дүрэм байдаг нь зараагүй бол алдаагүй гэсэн үг. Ирээдүйд өснө гэдэгт итгэлтэй байгаа учраас хувьцаагаа зараагүй байгаа. Хэрвээ яг одоо зарсан тохиолдолд бодитоор алдагдал хүлээх болно.
Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсан талаараа яриач?
-Одоогоор миний сургалтанд мянга гаруй хүн суусан байгаа. Үүний 90 хувьд нь үнэ төлбөргүй заасан. Төлбөртэй явуулсан сургалтуудын хувьд бусад агуулга ижил сургалттай харьцуулахад 5-6 дахин хямд үнэтэйгээр зохион байгуулсан. Монголын насанд хүрсэн нийт хүн амын ердөө 15 хувь нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй байдаг. Тиймээс цаашдаа энэ сургалтаа үргэлжлүүлэн явуулах бодолтой байна.
Хөрөнгийн зах зээлд орох боломж нь хэр нээлттэй байдаг вэ?
-Хөрөнгийн зах зээл нь маш нээлттэй хүмүүс хоорондын итгэлцэл дээр тогтдог. Тиймээс насанд хүрсэн хүн бүрт нээлттэй. Хэрвээ насанд хүрээгүй бол эцэг эхийн зөвшөөрөлтэй орох боломжтой байдаг. 2017 онд хөрөнгийн зах зээл хамгийн өндөр эрчимжсэн. 2018 онд ч өсөлтөө хадгалсаар байна. Үүнд төрийн зохистой бодлого, хувь хүмүүсийн мэдлэгийн цар хүрээ нэмэгдсэн мөн амжилттай яваа компаниуд хэт өндөр банкны хүүнээс татгалзан хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргах болсон зэрэг хүчин зүйлс нөлөөлж гайхалтай тохироо бүрдсэн. Мэдээж анх хөрөнгийн зах зээлд ороход хэд хэдэн шатуудыг дамжина. Хамгийн эхлээд брокер диллерийн компани дээр очиж данс нээлгэдэг гэхдээ та эхлээд өөрийгөө хувьцааны данстай эсэхийг шалгах хэрэгтэй өмч хувьчлалын үеээр ч юмуу ямар нэгэн байдлаар хүмүүс хувьцааны данс нээлгэж бүүр хувьцаа эзэмшдэгээ ч мартсан үе байдаг харин нөгөөх хувьцаанууд нь өссөнөөр ихээхэн ашигтай болсон түүх олон байдаг. Үүний үнийг ҮЦТТХТ (Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв)-өөс 5000 төгрөг гэж тогтоосон байдаг. Дараа нь та өөрт тань зөвөлгөө хэрэгтэй гэж үзвэл брокероос зөвөлгөө авч болно. Тэгээд өөрийн дансанд хувьцаа авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг байршуулснаар гүйлгээ хийх боломжтой. Миний хувьд дадлагажих зорилгоор “Ард секюритиз” дээр брокер хийж байсан. Тэр туршлагаас үзэхэд энгийнээр брокер гэдэг бол банкны теллер гэж хэлж болно. Тиймээс бүх арилжаа брокерийн гараар дамждаг.
Таны бодлоор хөрөнгө оруулагч хүн гэж хэн бэ?
-Хөрөнгө оруулагч хүн хамгийн гол тэвчээртэй байх шаардлагатай. Алдарт хөрөнгө оруулагч Уорэн Эдвард Баффет хэлсэн байдаг“ Үндсэндээ хэн тэвчээр муутай нэгнийх нь хөрөнгө аль тэвчээртэй хүнрүү нь шилждэг зах зээл юм”. Тиймээс нэгдүгээрт та юу ч тохиолдсон бай сэтгэлийн хаттай байх хэрэгтэй дараа нь та юунд хөрөнгө оруулж буйгаа сайн мэддэг байх, мөн та маш сайн судлаач байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Хөрөнгийн зах зээлээс та ямар давуу талуудыг олж авсан бэ?
-Би санхүүч мэргэжлийг сонгон суралцаж байгаа. Үүгээр дамжуулан өөрийн мэргэжилийн талаар илүү эрт таниж мэдсэн. Хийх зүйлсээ эрт тодорхой болгох нь бусдаас түрүүлж амжилтанд хүрэх боломжийг бий болгодог. Түүнчлэн санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Ухаалгаар ажиллаж чадвал нэг сар ажил хийж олох мөнгийг хоёр өдрийн дотор ч олж болдог. Маш их судалгаа хийснээр асар их хэрэгтэй мэдээллийг авч боловсруулж сурдаг гэх мэт олон ашиг тусыг дурдсаар байж болно. Энэхүү мэдлэгээ ашиглаад хичээл дээрээ онц дүн авах үе ч бий.(Инээв)
Хөрөнгийн зах зээлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Монголын хөрөнгийн зах зээл нь үнэхээр потенциал ихтэй салбар хэмээн би үргэлж боддог. 10 жилийн өмнө хөрөнгийн зах зээл,хувьцаа,бонд гэх үг мэдэх хүн маш цөөхөн байсан харин өнөөдөр энэ талаар мэдлэгтэй хүмүүс олон арав дахин нэмэгдсэн байна. Гэхдээ энийг би дөнгөж эхлэл гэж харж байна дараагийн 10 жилд энэхүү салбарыг мэддэг хүмүүс олон мянга дахин нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Хамгийн түрүүнд хөрөнгийн зах зээлдээр эрч хүчтэй мэдлэгтэй чадалтай олон залуус ажиллаж бас бэлтгэгдэж байна. Нөгөө талаар банкууд монополь болж өндөр хүү тогтоож байгаа ,зээл авахад барьцаа хөрөнгө дээрээс нь цаг хугацаа их шаардана гэх мэт асуудлуудаас болж компаниуд уламжлалт санхүүжилтын арга бус өөр аргыг эрж хайж байна. Тэгээд хамгийн тохиромжтой нь хөрөнгийн зах зээл гэдгийг ойлгоцгоож байна. Мөн төрийн зүгээс хууль тогтоомжийг сайжруулж бодлого үзэл баримтлалыг зөв болгох талаар хичээнгүйлэн ажиллаж сайжирч буй нь илт мэдрэгдэж байгаагаас гадна зөв зохистой замаар ашиггүй үргэлж хэл амны бай болдог төрийн өмчит компаниудыг хувьчилж чадвал гайхалтай хурдацтай хөгжих болно хэмээн харж байгаа.
Хүмүүсийн ихээхэн асуудаг Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөөч?
-Хамгийн түрүүнд 1072 ширхэг хувьцааг одоогийн байдлаар зарж борлуулж болохгүйг хэлэх нь зүйтэй байх. Та заавал хувьцааны данс нээлгэснээр л энэхүү хувьцааг эзэмших эрхтэй. Эрдэнэс таван толгой компани нь төрийн өмчит компани бөгөөд ард иргэддээ тухайн компанийн нийт 20% ийг нь тараана гэсэн ч одоог хүртэл хөрөнгийн зах зээл дээр гарч чадахгүй маргаан дагуулсаар байсан. Харин саяхан улсын их хурлын хаврын чуулганаар энэхүү асуудлыг шийдэж,гадаад дотоодын хөрөнгийн биржид нээлттэй гарган улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр санхүүжилт босгохыг үүрэг болгосны дагуу уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайд 180 хоногт багтаан шийдвэрлэхээр ажиллана гэж ам өгсөнөөс гадна эдийн засгийн байнгын хорооны дарга Дамба-очир гишүүн хүртэл удахгүй шийдвэрлэхээр шаргуу ажиллаж байгаа гэснээр энэхүү олон жил яригдсан асуудал цэгцрэх нь үү хэмээх чухал хүлээлт үүсэн нилээн найдлага тавьж байгаа.
Таны цаашдын зорилго юу вэ?
-Мэдээж амьдралын зорилго бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Харин дунд хугацаанд бол сургуулиа амжилттай төгсөж түүний дараа Америкт сурах зорилготой байгаа. Учир нь Америк бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс дээрээс нь санхүүгийн чиглэлээр ч бас сургуулиуд нь дэлхийд тэргүүлдэг. Тиймээс би Америкт сурахаар шийдээд байгаа төгсөж ирээд өөрийн бизнесээ эхлүүлнэ дээ. Харин ойрын зорилго маань клубээ илүү өргөтгөж IELTS болон HSK ийн оноо авах юм. Бас чадах чинээгээрээ олон хүмүүст мэддэг зүйлсээ заамаар байна. Үеийнхээ залууст хандаж амжилтанд хүрэх гэж тэмүүлэхийн түрүүнд зөв хүн болж төлөвших хэрэгтэй гэж хэлмээр байна.
Ярилцлагынхаа төгсгөлд үеийнхээ залууст хандаж үг хэлнэ үү?
-Миний хамгийн их боддог зүйлс бол манай залуус өөрсдийн эрхийг сайн мэддэг ч үүрэг хариуцлагаа ухамсарладгүй юм шиг санагддаг. Өнөөдөр тэр хүн дураараа наргиж цэнгэж юу хийх эрх нь байгаа ч заавал ямар нэгэн хариуцлагатай байдаг. Жишээлбэл өнөөдөр олон охид тамхи татаж харагддагт би эмзэглэдэг. Тэр хүн хэдий эрх байгаа ч ирээдүйд эх хүн болох үүргээ ухамсарлаагүй байгаа юм.Мөн залуус маань ямар нэгэн үйлдэл хийхдээ гарах үр дагавруудыг нь бодолцох хэрэгтэй бөгөөд ямар ч үр дагавар гарсан өөрөө эзэн болоод даагаад сурах л хэрэгтэй гэж хэлмээр байна.
Ярилцсан: Б.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл ( 10 )
Одоо ч жижиг томгүй цэцэрхдэг болж дээ
Zuv huu
БАХАРХАЖ байна
Ene huni fb haygig ogj bolohu?
Амжилт хүсье. Мөрөөдлөө заавал биелүүлээрэй!
ysn mundag hvv we baharhaj bn, iim nasan deeree ih zviliig vzej bvteej ywaa tsaashdaa ilvv ihiig higeerei amjilt hvsiy
Amjilt2.mundag huu shuu