Хөлгүй их найр наадмын цаг шилээ харуулах тун дөхөж, өвс тэжээл хадлан бэлтгэх, суурин газрын дулаан хангамж, зам харилцаа гээд үй олон ажил хүлээж байна. Үүнээс дутахгүй хамгийн том ажил бол сургууль цэцэрлэгийн байрны хүрэлцээ, сургалтын хөтөлбөрт тусгагдаж буй өөрчлөлт шинэчлэл юм. Үнэнийг хэлэхэд бид ая тухаа бодож дулаан өвөлжих, гэдэс цатгалан байхаа тунгааж мал сүргээ ая тухтай он давуулах тухай яриад дээрх асуудлыг орхигдуулдаг тал бий.
Монгол Улсын ирээдүй хойчийг бэлтгэх энэ үйлсэд салбар яамнаас эхлээд хаа хаанаа сайтар анхаарах нь зүйн ёсны хэрэг биз ээ. Бидэнд байгаа мэдээллээр бол энэ жил тийм ч олон сургууль цэцэрлэг нэмэгдсэнгүй бололтой. Харин Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэл хийгээгүй ч хөгжүүлж сайжруулсан зүйл олон байгааг албаны хүмүүс ярьж байна.
Өнөөдөр эдийн засгийн байдал сайжирч байгаа боловч Монгол Улсын “Мөнгөний авдар” тийм ч дүүрэн биш байгаа. Өөрөөр хэлбэл, бид дулаан өвөлжихөд анхаараад ирээдүй хойчийнхоо сурах таатай орчин, сургалтын хөтөлбөрт дутуу хандах эдийн засгийн нөхцөл бодитоор бий. Уг нь бид ямар ч цаг үед энэ салбартаа илүү хандаж, байгаагаа тэмтэрч байх учиртай. Өнөөдөр бид боловсролын салбарт хэр хэмжээгээр анхаарал хандуулж, хэдий хэмжээний хөрөнгө хүч хаяж байгаагаар маргаашийн Монгол Улсын хөгжил, ажил үйлсийн өнгө төрх тодорхойлогдоно.
Албан мэдээлэл сөхвөл 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сүүлийн 15 жилийн хугацаанд ойр ойрхон гурван удаагийн шинэчлэл хийсэн байна. Гэвч шинэ тутам хөтөлбөрүүдтэй уялдуулан өөрчлөх шинэчлэх шаардлага байгааг салбарын мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.
Ямартай ч 2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулаад БСШУСЯ-наас бэлтгэл ажлуудыг хангаж байгааг албаны хүмүүс дуулгаж байна. Мэдээжийн хэрэг хангах үүрэг хүлээсэн байгууллага нь дээрх яам учраас энэ бол өдөр тутмынх нь ажил. Харин орчин цагтай хөл нийлүүлсэн, нөгөө талд даяаршлын энэ эрин цагт уламжлал шинэчлэлийг хослуулсан ямар хичээл нэмэгдэх, ямар цаг гаргаж өгөв гэхээр юу ч алга байна.
2018-2019 оны хичээлийн шинэ жилийн сургалтын төлөвлөгөөнд нэмэгдэж буй зүйл гэвэл Эрүүл мэндийн хичээлийн цаг нэмэгдэхээр тусгасан байна. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш, урьд өмнө нь эрүүл мэндийн хичээл орж л байсан.
Харин нэг авууштай зүйл гэвэл Ерөнхий боловсролын сургууль дахь Хүүхэд хамгааллын бодлого, Ерөнхий боловсролын сургуулийн орчны стандарт, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах” зэрэг журмууд батлагдсан гэнэ. Гэхдээ энэ тухайд Боловсролын хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад, Хууль зүйн яам, Сангийн яаманд хүргүүлсэн аж. Эдгээр үзэл баримтлал батлагдвал 2018 оны УИХ-ын намрын чуулганаар Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих бэлтгэл ажлаа хангана гэхээр бас л хол сонсогдож байгаа юм.
Уг нь энэ бодлого төлөвлөлтийг эрт боловсруулаад Хаврын чуулганаар амжиж оруулах учиртай ч бас л цаг алдаж байгаа хэрэг. Тэгэхээр хадлан тэжээл, зам харилцаа гээд боловсролоо орхигдуулахгүй байх тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )