“Нүүдэлчин монгол” наадам Хүй долоон худагт эхлээд буй. Соёлын биет бус өвийн их наадам болон Үндэсний спортын VI их наадмыг нэгтгэсэн “Нүүдэлчин монгол” наадмыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын анхан шатны шалгаруулалтыг сум, дүүрэг, аймаг нийслэлийн хэмжээнд явуулсан байна. Анхан шатнаас шалгарсан соёлын биет бус өвийг тээгч авьяастнууд болон үндэсний спортын тамирчид Хүй долоон худаг, Хүй мандалын дэнжид таван өдрийн турш өөрсдийн авьяас билэг, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Энэ үеэр үндэсний соёлын өвийг сурталчлах уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болно. Тодруулбал уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт болохоос гадна 100 гаруй төрлийн өвийг сурталчлан үзүүлж байгаа ажээ. “Нүүдэлчин монгол” наадмын нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. Ардын бүжиг, уртын дуугаар салхи хагалж, урлаг, спортын алдартнуудын төлөөлөл төрийн далбаагаа мандуулан, “Монгол наадам” цогцолборын их тулганы галыг бадрааснаар “Нүүдэлчин монгол” наадам ёслол төгөлдөр эхлэв. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зарим аймаг, дүүргийн гэр отгуудаар зочилж эх орны өнцөг булан бүрээс ирсэн соёлын өв тээгчдийн бүтээлтэй танилцсаны зэрэгцээ халх, буриад, урианхай сурын зурхай, шагай харвааны талбайд зочилсон юм. Энэ үеэр салбарын сайдаас “Нүүдэлчин монгол” наадмын онцлог, ач холбогдлын талаар тодрууллаа.
-“Нүүдэлчин монгол” наадамд хэчнээн хүн оролцож байна вэ?
-Үндсэндээ арав гаруй жил завсарлаад байсан соёлын биет бус өвийн наадмаа энэ жил ийнхүү сэргээн хийж байна. Мөн үндэсний спортын VI их наадмаа ч хамтатган зохион байгуулж байгаа нь улам өргөн дэлгэр агуулгатай болгож байгаа. Хүн төрөлхтөн даяаршиж байгаа энэ цаг үед дэлхийн улс орнууд соёлын биет бус өвөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэн түүгээрээ дамжуулан тухайн улсынхаа онцлогийг хүн төрөлхтөнд таниулж байна. Тиймээс бид бий биелгээ, хөөмий, тууль, морин хуурь гэх мэт ардын урлагийг тээж түгээж яваа өв тээгчдийг энэ наадамдаа оролцуулж байгаа нь хамгийн чухал үр дүн юм. Монгол Улсын 21 аймгаас ахмад, дунд, залуу үеийнхны төлөөлөл болсон соёлын биет бус өв тээгчид, ардын авьяастнууд энэ наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн. Тодруулж хэлбэл, “Нүүдэлчин монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид оролцож байна.
-Монголын өнцөг булан бүрт суугаа ястан угсаатны соёлын өвийг нэг дороос харж болно гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Залуу хойч үедээ уламжлан өвлүүлэхгүй бол зарим нэг соёлын биет бус өв маань мартагдахад хүрч байна. Туулийг л гэхэд ганцхан Ховд аймгийн Дуут сумын ардын авьяастнууд өвлөн авч ирсэн. Одоогийн залуус тууль сурахгүй байгаа. Хөөмий ч ялгаагүй. Энэ наадмын ач холбогдол нь соёлын биет бус өвийг тээгчид хувь хүмүүс хоорондоо танилцаж, нэг нэгнээсээ суралцахаас гадна аймгууд бусдаасаа суралцан соёлын өвөө солилцох боломжийг олгож байгаа. Дундговийн ардын авьяастнууд тууль, хөөмий сурах гэх мэт ийм бүтээлч хандлага бий болох боломжтой. Соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгө гаргаж энэхүү “Нүүдэлчин монгол” наадмыг цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
наадмаа болиочээ. усны аюул нүүрлэж байна. Отгонбаярын буруу бодлогоор хөгжих гэж байгаа боловсрол чинь хэцүү боллоо. Та ч засаж чадахгүй л дээ. Багш бэлгэх ажлын чинь чанар 40 хувь гэж байхад та наадамдаад л ийм төрийн хүн шүүдээ
Tsogzolmaa boliochee naad nair naadmaa oor hiih yu alga u tosviin munguur gara holoo ugasj hanahgui bnu
Засгийн газар болиочээ???? 8 сарын 1-ээс хойш элдэв наадам хийхгүй гэсэн, яасан бэ???????????????
ЦАЙВАР ЦЭНХЭР ДЭЭЛТ ЭР, НОГООН ДЭЭЛТ ЭМ 2 МОНГОЛ БАЙЖ МАГАДГҮЙ
baahan er em hyataduud deel umsuud zogschihson SONIN HARAGDAJ BN SHUU