ХААН Галерей энэ оны ээлжит үзэсгэлэн болох уран бүтээлч Б.Болормаагийн “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэнг 08-р сарын 09-ний өдрөөс эхлэн та бүхэнд толилуулж байна.
Зураач Б.Болормаа нь 2014 онд Бельгид “Gros Art” үзэсгэлэн, 2016 онд Тайваньд “Her presence in colours” үзэсгэлэн болон Солонгос улсад олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнд оролцож, хилийн чанадад Монголын уран зургийн дээжийг толилуулж байсан авьяаслаг уран бүтээлч билээ. Мөн эх орондоо өөрийн бие даасан “Далд”, “Хотын төрх 1”, “Хотын төрх 2”, “Минимал Арт” зэрэг үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байсан юм.
Хүн бүр төсөөлөн бодох чадвартай хэдий ч гагцхүү уран бүтээлч хүнд тэрхүү төсөөллийг дүрслэн буулгах авьяас билэг заяасан байдаг билээ. Орчлон ертөнцийн олон төрлийн өнгө будаг, хэлбэр дүрсийг өөрийн төсөөллөөр харж, дүрслэгдэхүүнээр илэрхийлэн буулгадаг нь зураач хүний онцлог юм. Тэгвэл уран бүтээлч Б.Болормаа нь “CODE 1” үзэсгэлэнгээрээ ямарваа нэгэн хэлбэр дүрст баригдалгүй, байгалийн далд хүч, хүмүүн бидний оршихуйн цаг хугацаа, ертөнцийн шүтэн барилдлага, эгэл байдал зэргийг гурван хэмжээст дүрс, өнгө будгийн зохиомжоор хослуулан харуулахыг зорьжээ.
Амралтын болон ажлын өдөр гэр бүл найз нөхдийн хамт хотын өмнө зүгт орших Наадам центрт зочлонгоо ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд саатан 8-р сарын 30-ний өдрийг дуустал үргэлжлэх зураач Б.Болормаагийн “CODE 1” үзэсгэлэнг үзэж, оюуны таашаал авахыг урьж байна. Эрхэм та бүхэн ажлын өдрүүдэд 10:00-19:00, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ХААН Галерейд гарч буй үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтойг дуулгая.
Сэтгэгдэл ( 0 )