Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад гурван өдрийн айлчлал хийгээд буцсан билээ.
Тэрээр айлчлалын сүүлийн өдрөө буюу энэ сарын 25-нд "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг дэмжих хүсэлт тавьсан нь ийнхүү тус улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хүрээнд албажиж, хэрэгжихэд бэлэн болоод байна.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БНХАУ-ын талаас Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-г дагалдан манай улсад ирсэн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, Худалдааны яамны туслах сайд Ли Ченган, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо.
Төслийн ёслолын үйл ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр“Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, дэвшилтэт техник, технологи бүхий цэвэрлэх байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар айлчлалын үеэр харилцан тохиролцсоны үр дүнд энэхүү хөрөнгө оруулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газар түргэн хугацаанд шийдэн санхүүжүүлж, өнөөдөр нээлтээ хийж буйд талархаж байна. Энэхүү байгууламж шинээр баригдснаар цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улсын хүн амын тэн хагас болох 1.5 сая оршин суугчдын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, найрсаг хамтын ажиллагаа цаашид улам бэхжин дэлгэрч хөгжихөд нэг шинэ хуудсыг нээлээ” гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хоёр орны харилцааг илтгэх үйл явдлын түүхэн мөчийг гэрчилж байгаадаа баяртай байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоёр талын харилцаанд үлгэр жишээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын иргэдэд маш чухал ач холбогдолтой болохыг бид мэдэрч байна. Бид байгаль орчныг хамгаалахад шаардлагатай олон улсын стандартад нийцүүлэн шинэ цэвэрлэх байгууламжид дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Хоёр улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ. Бидний хамтын ажиллагааны үр шимийг зөвхөн Улаанбаатар хотын иргэд бус, Монголын нийт ард иргэд хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон энэхүү төслийн нийт өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд Хятадын тал 95 хувийг гаргах бол Монгол Улс 5 хувийг нь 2019 оны Төсвийн төсөлд тусгаж, гаргахаар төлөвлөжээ. Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барих бөгөад 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар зорьж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах аж. Түүнчлэн цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоо гаргажээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Хятадын талаас өөрсдөө гурван компанийг сонгон шалгаруулсан. Тэр гурван компанид Хятадын Экзим банк хөрөнгийн үнэлгээ хийж байгаа. Үүний дараа Худалдааны яам нь манайд нэрсийг ирүүлэх бөгөөд бид Тендерийн тухай хуулийн дагуу нэг компанийг нь сонгон шалгаруулна. Шалгарсан хятад компани манайхаас 4-5 компанийг туслан гүйцэтгэгчээр өөрсдөө шалгаруулах юм. Бидний зүгээс тендер зарлахдаа 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгөх гэсэн нөхцөлийг тавьж байгаа” хэмээн нэмэлт мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Бүтээн байгуулалтын ажлыг хавар газар гэсэх үеэс эхлүүлэх хүлээлттэй байна. “Бүтээн байгуулалт эхэлсэн тохиолдолд 1.6 жилийн хугацаанд дуусах тооцоотой бөгөөд Улаанбаатар хотын ойрын ирээдүйн бүх хэрэгцээг хангах цэвэрлэх байгууламж босох юм. Бид мөн хуучин цэвэрлэх байгууламжийнхаа техник, технологийг ч сайжруулахыг зорьж байгаа” хэмээн төслийн нээлтэд оролцох үеэрээ онцоллоо.
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 2 )
Гомо Мөнхөө ах хүнтэй сууж, эхнэр авах болоогүй юм байх даа.