НМХГ: Сургууль, цэцэрлэгүүдэд БАГШ хангалтгүй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн 265 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад нийт 175 зөрчил илрүүлж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 албан тушаалтанд 2.4 сая төгрөгийн торгууль ногдуулж ажиллажээ.

Мөн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгаа 20 сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, 84, 26, 146, 228, 152 сургуулиуд багтжээ. Мөн 9-р сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд бэлэн болоогүй цэцэрлэгүүд байна. Үүнд:

-Багануурын 138-р цэцэрлэг,

-Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг,

-Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг,

-Баянгол дүүргийн 47-р сургууль 164-р цэцэрлэг,

-Баянзүрх дүүргийн 126, 53-р сургууль, 146-р цэцэрлэг,

-Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18-р цэцэрлэг /2018 оны наймдугаар сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, хоёр цаг тутамд насосоор шавхаж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/,

-Сонгинохайрхан дүүргийн 127-р цэцэрлэг.

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаагүй Гэрэлт-Ирээдүй, Олонлог ЭГЗИ, MIU, Номч нахиа, Русский лицей сургуулиуд байсан аж.  Нийт илэрсэн зөрчлөөс хамгийн ихийг багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг байна гэсэн зөрчил эзэлжээ.

Түүнчлэн биеийн тамирын талбай, хими физикийн мэргэжлийн кабинет байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, галын аюулгүй байдлыг хангаагүй 138-р цэцэрлэг, "Гурван хөгжил", "Мөндөө", "Бригадын жаалууд", "Содон эрдэнэ", "Мянган буян" зэрэг  сургууль, цэцэрлэгүүд байна. Багшлах боловсон хүчин хангагдаагүй 227, 127, 63, 152, 120, 95, 146, 228, 176  зэрэг цэцэрлэгүүд багтжээ.

Хоёрдугаар шатны шалгалтыг ирэх 9-р сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах ба уг шалгалтад, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа болон үдийн цай, ном сурах бичгийн үйлчилгээг хамруулах аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top